Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 135/шш2020/00642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00472/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш улсын С хотод оршин суух Б овогт Д-гийн Э /регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, Т овогт Ч-ын Ц /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Ч.Ц-тай 1994 онд танилцаж, 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 12 дугаар сарын 26-нд Ц.М охин төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 1999 оноос хойш нөхөр маань хардаж, сэрдэж байнга архи ууж гэр орондоо хонохгүй, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зодож, нүдэж дарамталдаг байсан. Миний хувьд охиноо бодож 2005 он хүртэл тэсвэрлэж хамт амьдарсан. 2006 оноос хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй болж одоог хүртэл 2 тусдаа амьдарч байгаа. Энэ хүнээс нэг ч удаа одоог хүртэл ямар нэгэн тусламж, дэмжлэг авч байгаагүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр охиноо өсгөж өдий хүргэсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо өөрийн асрамжиндаа авна. Бага охин Ц.М нь Д.Э-ийн аав, ээж болох өвөө, эмээ дээрээ одоог хүртэл хамт амьдарч байна. Том охин Ц.Н 1996 оны 01 дүгээр сарын 11-нд төрсөн. Одоо Улаанбаатар хотод тусдаа амьдарч байна. Миний эгч Д.Э нь Ш улсын Стокхолм хотод амьдарч байгаа Монголд ирэх боломжгүй” гэв.

 

Хариуцагч Ч.Ц нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.Э-тэй 1994 онд танилцаж, 2 охинтой болсон. Д.Э 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Солонгос руу явсан Д.Э 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, дараа нь 2012 оны 03 дугаар сарын эхээр нэг удаа тус тус ирсэн. Ингэж ирэхэд нь би өвдөж хөнгөн хэлбэрийн харвалт өгсөн байсан. Энэ үед Д.Э хүүхдүүдээ дагуулаад аав ээжрүүгээ явсан. Тэгээд 2013 оны 02 дугаар сард дахиж С руу ажиллахаар явсан байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын эхээр ирсэн байсан. Ингээд ирэхэд нь уулзах гэхэд уулзахгүй байсан. Ингэж байсаар 2016 оны 10 дугаар сард Хөх хотод ажил эрхлэхээр явсан байсан. Түүний дараа Ш Улсад ажил эрхлэхээр явсан. Эвлэрүүлэн зуучлах хугацаа олгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ч.Ц-ад холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч  Ч.Ц нь “...гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээс эвлэрэх хугацаа олгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ч.Ц нар нь 1994 онд танилцаж, тэдний 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 1996 оны 01 дүгээр сарын 11-нд охин Ц.Н, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Ц.М нар төрсөн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна” гэж заажээ.

 

Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлах болсон шалтгаан нь эхнэр Д.Э нь 2006 оноос хойш хугацаанд гадаад улсад ажиллахаар явж, түүнээс хойш 3 удаа хэсэг хугацаагаар ирж хамт амьдарсан ба 2012 оноос хойш гэрлэгчид нь тус тусдаа амьдарч, эхнэр Д.Э нь гадаад улс руу мөн ажиллахаар явсан одоо Ш улсад ажиллаж амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тэдний тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд болох Ц.Н, Ц.М нар нь ээжийнхээ аав, ээж болох өвөө Н.Д, эмээ Д.Д нартай хамт амьдарч байсан ба охин Ц.Н нь насанд хүрсэн тусдаа амьдралтай болсон, охин Ц.М нь одоо 17 настай 6 сартай, “Д.э” турк сургуулийн 12 дугаар ангид суралцдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2-т Эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүргийг хүлээхээр хуульд зохицуулсан байна.

Тусдаа амьдрах хугацаанд нэхэмжлэгч Д.Э нь хүүхдүүдээ анхаарал халамж тавьж, тэднийг тэжээн тэтгэж, туслаж дэмжиж байсан бол хариуцагч Ч.Ц нь хүүхдүүддээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, охин Ц.М-ийн “...манай ээж Д.Э нь Ш улсад ажиллаж амьдарч байгаа. Аав Б.Ц нь Дархан-Уул аймагт амьдардаг. Аав маань надтай ерөөсөө уулздаггүй, утсаар ярихгүй, хааяа нэг чат бичдэг. Би цаашид ээжтэйгээ хамт байхыг хүсэж байна. Би аав, ээждээ хайртай. Гэхдээ ааваасаа холбоо тасраад 4-5 орчим жил болж байна...” гэсэн санал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Ч.Ц нь “...Д.Э хүүхдүүдээ надтай битгий уулз гэж захидаг, эдний талынхан намайг хүүхдүүдтэй минь ерөөсөө уулзуулдаггүй, хүүхдийг гэрт нь цоожилж, хориод хоол унд өгөхгүй, ус өгчихөөд гаднаас нь цоожилж болохгүй...” гэж тэрээр тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар болон охин Ц.М-ийн насны онцлог, энэ талаар бие даан шийдвэр гаргах боломжтой насанд хүрсэн зэрэг байдлаас үзэхэд хариуцагчийн гаргасан дээрх үйл баримт нь тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан.

Гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхэд шүүх гэрлэгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалахаас илүүтэйгээр насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцож байгаа болно.

Гэрлэгчид нь олон жил тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдрах хугацаанд хэн аль нь хамт амьдрах талаар санаачлага гаргаж байгаагүй, тэдний хамтын амьдрал дуусгавар болсноор охин Ц.М-ийн сэтгэл зүй болон зан төлөвшилд нөлөөлөх нөлөөлөл бага, нэхэмжлэгч Д.Э нь гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй, тэрээр Ш улсад ажиллаж амьдардаг, хэзээ Монгол улсад ирэх нь тодорхойгүй учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг бодитоор хэрэгжих боломжгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж Ч.Ц, Д.Э нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар охин Ц.М-ийн дассан орчин, насны онцлог, хүүхдийн санал зэргийг үндэслэн охиныг эх Д.Э-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Д-гийн Э /регистрийн дугаар .../, Т овогт Ч-ын Ц /регистрийн дугаар .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ц.М-ийг эх Д.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.  Нэхэмжлэгч Д.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА