| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0693/З |
| Дугаар | 221/МА2026/0299 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0299
“Улаанбаатар хот дахь ............ аймгийн
нутгийн зөвлөл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Улаанбаатар хот дахь ............. аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд “............. аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0171 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Г
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Л
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0693/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр “Иргэний хуулийн (1994 он) 23 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн (1997 он) 6 дугаар зүйл, 15 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 он) 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, Иргэний хуулийн (2002 он) 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2018 он) 13 дугаар зүйлийн 13.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн (2018 он) 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 9 дүгээр зүйлийн 9.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.М-д холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...1998 онд бүртгүүлсэн гэх “........... аймгийн нутгийн зөвлөл нь улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй тамга тэмдгээ барьж улсын бүртгэлийн хэлтэс дээр ирэхэд 1998 онд байгуулагдсан гэх ямар ч бүртгэл хийгдээгүй, мэдээллийн санд болон архивд байгаа цаасан баримт цахимжсан байдлаар харагддаг хэдий ч тус бүртгэлийн талаар мэдээлэл байгаагүй” гэх улсын бүртгэгчийн тайлбараас харахад хүсэлтийг үндэслэж тамганд зайлшгүй үзлэг хийж маргаан бүхий байгуулагдсан он сарыг тодруулах нь хэрэгт нэн шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчиж хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2 “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нь үүсгэн байгуулагдсантай холбоотой нотлох баримт огт авагдаагүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй болно. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагчийн гэрчилгээ алга болгосон гэх тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэргийн материалд бүртгэсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, бүртгэсэн талаар гэрчилгээ авагдаагүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ талаарх нотлох баримтыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах ажиллагааг гүйцэтгээгүй.
3.3 Анхан шатны шүүх хурлын явцад тамга өөр байгаа талаар нэхэмжлэгчийн зүгээс шинжлэн судлуулахад хоёр тамга байгааг шүүх судалсан хэдий ч тамга дарагдсан албан бичгийг бус зөвхөн тамганы нэрийг харж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гуравдагчаас тамганы талаар урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 1998 оны хуучин тамга байгаа бөгөөд үзлэг хийлгэж болно гэх, шүүх хурлын явцад нэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор байгууллагын тэмдгийг хураалгаж шинэ тамга хийлгэсэн тул ........... аймгийн нутгийн зөвлөл гэсэн тамгыг дарсан гэх тайлбарыг тус тус ирүүлдэг. Харин дээр дурдсанаар хоёр тамга нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гуравдагчийн тайлбартай зөрж байх тул анхан шатны шүүх нягталж үзэхгүй нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
3.4 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй байна. Учир нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, гуравдагчийг дараа нь бүртгэгдсэн болохыг маргааны гол үйл баримтыг шүүх тогтоосон атлаа хариуцагчийн үйлдсэн дүгнэлтэд үндэслэж байгаа нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгааг харуулж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******** регистрийн дугаартай “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж шинээр бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00******* дугаар гэрчилгээ олгожээ.
4. 2025 оны 03 дугар сарын 17-ны өдөр “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нэрээр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр ******* регистрийн дугаартай “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж шинэчилсэн бүртгэлд бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******** дугаар гэрчилгээ олгосон.
5. Гуравдагч этгээд “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-аас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “...ижил нэртэй өөр нэгэн төрийн бус байгууллага шинээр бүртгүүлж, “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь олон нийтэд хоёр ижил нэртэй байгууллага байна гэх төөрөгдөл үүсэж байгаа тул “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын нэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гаргасан байна.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагч Ц.О-ийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ** дүгээр шаардлагуудаар “...оноосон нэрийг давхардуулан бүртгэсэн болох нь тогтоогдож байх тул ******** дугаартай “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын оноосон нэрийг өөрчлөх замаар улсын бүртгэлийн зөрчлийг арилгах” талаар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үүрэг болгожээ.
7. Улмаар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч Н.М-ын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтээр хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ болон “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын хуулийн этгээдүүдийн оноосон нэрийг ижил төсөөтэй байдлаар давхардуулж бүртгэсэн зөрчил тогтоогдсон тул 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” гэсэн оноосон нэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”,
8.1 Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.1-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна”, 3.10-д “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-д зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй”, 3.10.4-д “баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үндэс үеэр төсөөтэй бол” гэж тус тус хуульчлан, журамласан байна.
9. Дээрх хууль, журмаас үзэхэд, Хуулийн этгээдийн оноосон нэр нь түүнийг бусдаас ялган танихын агуулга, ач холбогдлыг илэрхийлэх ба улсын бүртгэлийн байгууллагаас түүнийг баталгаажуулахдаа нэр давхцахгүй байх, холбогдох хууль, журмаар тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг хянасны үндсэн дээр бүртгэл хийх, шинээр үүсгэн байгуулагдаж буй хуулийн этгээдийн мэдүүлж буй оноосон нэр нь улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй бол баталгаажуулж олгохгүй байх талаар тодорхой зохицуулжээ.
10. Хэрэгт авагдсан баримтуудаар, ........... аймгийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар захирамжаар Улаанбаатар хот дахь ........... аймгийн Засаг даргын Тамгын газрын суурин төлөөлөгчийн ажиллах журмыг баталж, Журмын Нэг. Ерөнхий зүйлд “Нутгийн зөвлөл нь цаашид сан, хөдөлгөөний хэлбэрт шилжин Монгол Улсын Хууль зүйн яаманд бүртгэлтэй төрийн бус байгууллага байж, түүний эрх хэмжээ, статусыг хадгална” гэж, ........... аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дүрмийг 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталжээ.
11. Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөлийн 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ** дүгээр албан бичгээр “...зөвлөл нь 1990 оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа бөгөөд цаашид төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллах хүсэлтэй” байгаагаа илэрхийлж, төрийн бус байгууллагаар бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хүсэлт гаргасныг 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэж авсан байна.
12. Улмаар гуравдагч этгээд “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нь (хуучин нэрээр) 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр албан бичгээр “Байгууллагын оноосон нэрийг “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ болгон өөрчлөх, дүрмийг шинэчлэн батлах, хаягийн өөрчлөлт зэргийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, нэр өөрчлөгдсөн тул байгууллагын тэмдгийг хураалгаж, шинээр тамга, тэмдэг хийлгэх хүсэлтийг” гаргасан болох нь гуравдагч этгээдийн хүсэлтүүд болон “Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт”-уудаар нотлогдсон.
13. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/*** дугаар албан бичгээр “...тус байгууллага нь ****** тоот регистрийн дугаартай, “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” нэрээр 1998 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, ******* тоот регистрийн дугаар олгон, оноосон нэрийг “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ болгон өөрчилж бүртгүүлсэн. ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тухайн байгууллагын хувийн хэргийг хүлээн авсан байна” гэж, мөн шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
14. Дээрхээс үзэхэд, цаг хугацааны хувьд гуравдагч этгээд нь анх Хууль зүйн яаманд 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” төрийн бус байгууллага нэрээр бүртгүүлсэн байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оноосон нэрээ “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ гэж өөрчилж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, шинээр тамга тэмдэг авсан, харин нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ыг шинээр улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэж үзэхээр байна.
15. Анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулж, тодруулбал Хууль зүйн яамны 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлтэй холбоотойгоор Иргэний хууль (1994 оны), Төрийн бус байгууллагын тухай хууль (1997 оны), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны), Улсын бүртгэлийн ерөнхий хуулиудын холбогдох, зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
16. Иймд нэхэмжлэгчийн “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын (2024 он) оноосон нэр хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн гуравдагч этгээдийн “........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ нэртэй ижил, төсөөтэй байдлаар давхардуулж бүртгэгдсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлт хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
17. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтыг үндэслэн 1998 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Хууль зүйн яаманд төрийн бус байгууллагаар бүртгүүлж, 2025 онд улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гуравдагч этгээдийг түрүүлж бүртгэгдсэн гэж үзээд, 2024 онд шинээр үүсгэн байгуулагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн ижил, төстэй нэрээр давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох замаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн” гэх дүгнэлт үндэслэлтэй.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Анхан шатны шүүх хурлын явцад тамга өөр байгаа талаар нэхэмжлэгчийн зүгээс шинжлэн судлуулахад хоёр тамга байгааг шүүх судалсан хэдий ч тамга дарагдсан албан бичгийг бус зөвхөн тамганы нэрийг харж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна” гэх давж заалдах гомдол гаргасан.
19. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй байхаар хуульчилсан байх бөгөөд гуравдагч этгээдийн тамга, тэмдэг 1998 оноос хойш хэдэн удаа өөрчлөгдсөн байх нь 2024 онд үүсгэн байгуулагдсан нэхэмжлэгчид хамааралгүй тул уг үндэслэлээр хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Улаанбаатар хот дахь ........... аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА