Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч П.Болормаа,

          Шүүгдэгч Д.Даваа, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигин овогт Дансрангийн Даваад холбогдох 201626010192 дугаартай, 188/2017/0082/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 84-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Дансрангийн Даваа /РД:УП94072013/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

          Д.Даваа нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд  шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Содон” хорооллын 103 дугаар байрны 2 давхарт байрлах иргэн Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн “Тод оймс” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалж нэвтрэн 98 ширхэг оймс хулгайлж бусдад нийт 294,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар Үүнд:

  

          Шүүгдэгч Д.Даваагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 84-10 тоотод байрлах гэртээ байж байхад найз Мөнхбаатар утсаар залгаад “Найз нь хөдөөнөөс ирлээ уулзаж ганц хоёр архи уух уу” гэхээр нь би “За за одоо гэрээсээ гарлаа” гэж хэлээд хөх өнгийн куртик, хүрэн бор өнгийн даавуун өмдтэй гэрээсээ гараад хангайн 84 дүгээр гудамжны хажуу талын гудамжинд байрлах “Намуун” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд Мөнхбаатар, Шинэбаяр нартай уулзсан болохоор “Намуун” нэртэй хүнсний дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.7 литрийн 2 ширхэг архи худалдаж аваад гудамжинд гадаа хувааж уусан. Би архи хувааж уугаад их согтсон байдалтай байсан, хэсэг хугацааны дараа ганцаараа гудамжинд сэрсэн. Гадаа их хүйтэн байсан болохоор дулаан газар орох санаатай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хороолол 103 дугаар байрны орцонд ороод дээшээ 2 давхарт нь гарахад үйлчилгээний урт коридор байхаар нь алхаад явж байсан чинь “Тод оймс” гэсэн бичигтэй шилэн хаалгатай үйлчилгээний дэлгүүр  байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоороо 2 тийшээ дайваад байсан тэгээд шалан дээр нь хальтираад унасан. Шалан дээрээс босч ирээд “Тод оймс” нэртэй оймсны дэлгүүрийн шилэн хаалгыг биеэрээ мөргөсөн чинь шилэн хаалга хагарсан. Шилэн хаалгыг хагалаад дотогш орсон чинь ширээний дотор талд их хэмжээний оймс байсан. Би “Тод оймс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 2 ширхэг торонд дүүртэл нь оймс хийсэн. Дэлгүүрийн хяналтын камер ажиллаж байхаар нь камерных нь утаснуудыг салгаж унтраагаад хулгайлсан 2 тор оймсоо аваад дэлгүүрээс гараад явж байсан чинь урдаас “Содон” хорооллын харуул хамгаалалтын ажилтан нэг залуу хүрч ирээд намайг бариад авсан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн шалтгаан гээд байх зүйл байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. …Тэр оймснуудыг худалдан борлуулсан асуудал байхгүй …би хяналтын камер, хаалганы шилний хохирлын мөнгө болох 430,000 төгрөгийг бэлнээр өгсөн, цагдаагийн байгууллагад оймсыг нь буцаагаад өгсөн болохоор надад одоо төлөх ямар нэгэн хохирол байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний хэргийг хамгийн хөнгөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна, дахин би гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 х /

 

            Хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… орой 20 цагийн орчимд дэлгүүрийнхээ хаалгыг цоожлоод явсан. 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний гар утас руу Оюумаа гэх “Содон” хорооллын конторын ажилтан залгаад “Танай дэлгүүрт хулгайч орсон, бид нар хүнийг нь бариад байж байна, цагдаад дуудлага өгчихсөн, та одоо хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би шууд өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын 103 дугаар байрны 2 давхарт байрлах “Тод оймс” ХХК-ний салбар дээрээ ирсэн. Хойд талын шилэн хаалга хагарсан байдалтай байсан, хаалганы хажуу талд 2 цагаан өнгийн гялгар торонд тэмээний ноосон оймснуудыг авч явахаар бэлдээд тавьсан байдалтай байсан. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт үзлэг хийгээд хулгайлсан гэх хоёр тортой оймснуудыг надад хүлээлгэн өгсөн.  Дэлгүүрийн худалдаж байсан оймснууд эмх замбараагүй байдалтай мөнгөний хайрцаг газар шалан дээр унасан байдалтай байсан. Дэлгүүрийн бүх эд хөрөнгө миний өөрийн эзэмшлийн хөрөнгө байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20 цагт ажил тарахдаа дэлгүүрийн хаалганы баруун, зүүн талд байрлах 2 ширхэг камер, кассны дээд талд байрлах 2 ширхэг хяналтын камерыг ажиллуулаад явсан. Хулгайч орсны дараа хяналтын камераа шалгахад 23 цагаас хойшхи бичлэг байхгүй устсан, хяналтын камерын Н264 Digital Video Recorder төхөөрөмж буюу хяналтын камерийг ажиллуулдаг төхөөрөмж эвдэрсэн дахин засуулах боломжгүй болсон байсан. Тэмээний ноосон 98 ширхэг оймс тус бүрийн үнэ 3000 төгрөг. Би оймсоо цагдаагийн албан хаагч нараас бүрэн бүтэн хүлээж авсан. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 х/,

         

          Гэрч О.Болд-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө би “Содон” хорооллын урд талд байрлах “Сансар” супермаркетын гадна төв хаалгыг хаагаад явж байсан чинь оператор Оюумаа миний гар утас руу залгаад “ шил хагарах чимээ гараад байна хулгай орсон бололтой шалгаад үз” гэж хэлэхээр нь би “Содон” хорооллын урд талын хаалгаар ороод 2 давхарт гарч “Тод оймс” нэртэй дэлгүүрийн хажууд очсон шилэн хаалга нь хагарсан байдалтай хулгайч эд зүйл хулгайлаад гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/,

 

          Гэрч Д.Оюумаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би “Хай спийд групп” ХХК-д операторын ажил хийдэг. 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд оффистоо байж байсан чинь шил хагарах чимээ гараад байсан. Тэгэхээр нь хамгаалалтын ажилтан Болд-Эрдэнэ-н гар утас руу залгаад “манай үйлчилгээний дэлгүүрт хулгайч орчих шиг боллоо та очоод үзээдэх” гэж хэлсэн. “Тод оймс" нэртэй дэлгүүр нь манай оффистой ойрхон байдаг юм тэгээд л шилэн хаалга нь хагарч байгаа чимээ сонсогдоод л мэдсэн. Манай хамгаалалтын ажилтан Болд-Эрдэнэ хулгайчийг барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/,    

         

          Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 х/

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-15 х/

          Фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Д.Даваа бусдын эзэмшлийн эд хөрөнгө болох дэлгүүрийн шилэн хаалгыг мөрлөж нэвтрэн орсон нь хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Д.Даваа урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 х/-аар тогтоогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон 98 ширхэг оймсыг буцаан өгсөн, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн байрны цонхны шил, камер зэргийг эвдэлж гэмтээсний төлбөр 430,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60-61, 76 х/, нэхэмжлэлийн баримт /хх-ийн 65 х/, хохирогч Б.Мөнхцэцэгийн төлбөрөө бүрэн авсан талаарх бичгээр гаргасан баримт /хх-ийн 67 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзсэн болно.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа шүүгдэгч Д.Даваа оймснуудаа өөрийн мэдэлд аваад захиран зарцуулах боломж гараагүй байхдаа баригдсан тул  бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

          Үүнд: Шүүгдэгч Д.Даваагийн “... Би “Тод оймс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 2 ширхэг торонд дүүртэл нь оймс хийсэн. Дэлгүүрийн хяналтын камер ажиллаж байхаар нь камерных нь утаснуудыг салгаж унтраагаад хулгайлсан 2 тор оймсоо аваад дэлгүүрээс гараад явж байсан  ...” /хх-ийн 43-45 х /

         

           Гэрч О.Болд-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө би “Содон” хорооллын урд талд байрлах “Сансар” супермаркетын гадна төв хаалгыг хаагаад явж байсан чинь оператор Оюумаа миний гар утас руу залгаад “ шил хагарах чимээ гараад байна хулгай орсон бололтой шалгаад үз” гэж хэлэхээр нь би “Содон” хорооллын урд талын хаалгаар ороод 2 давхарт гарч “Тод оймс” нэртэй дэлгүүрийн хажууд очсон шилэн хаалга нь хагарсан байдалтай хулгайч эд зүйл хулгайлаад гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/ зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Даваа нь 98 ширхэг оймсыг 2 торонд хийгээд аваад гарч яваад шилэн хаалганы гадна талд баригдсан болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байгаагаас үзэхэд хулгайлан авсан эд зүйлээ өөрийн мэдэлд бүрэн шилжүүлэн авсан, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

          Шүүгдэгч Д.Даваа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанараар их биш, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Боржигин овогт Дансрангийн Давааг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Давааг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Даваад оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Даваад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлыг 724,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Даваад оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Даваад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ