Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2020/00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00568/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух И овогт Д-ийн Э /утас .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ШШГЕГ-ын харъяа 445-р нээлттэй хорих анги холбогдох,

 

“Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие “Д.н” ББСБ-аас 16,000,000 төгрөгийн зээл авч түүнийгээ төлж чадахгүй явсаар шүүхээр орж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 977 дугаар захирамж гарч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хөрөнгийг маань хураасан. Миний өмчлөлийн гэрчилгээний дугаар ..., эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрчилгээний дугаар ..., нэгж талбарын ... дугаар бүхий 500 мкв талбайтай газрыг, хуулийн дагуу хөндлөнгийн шинжээчээр “К.з” ХХК-аар үнэлүүлсэн байдаг. “К.з” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “...барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг 58,300,000 төгрөг байна...” гэж үнэлсэн. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргасан. Манай байр байрлал сайтайгаас гадна одоогийн бодит ханш нь 75,000,000 төгрөг байгаа. Иймд “К.з” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 

“Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр Дашзэвэгийн Энхтуяагаас 16,958,600 төгрөгийг гаргуулж “Д.н” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох ... аймаг, ... сумын ... баг, ... сургууль Багш нарын байрны зүүн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 90.0 мкв талбайтай хувийн сууц, гэрчилгээний ..., нэгж талбарын ... дугаар бүхий 500 мкв талбайтай газрын хамт 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Д.Э нь 75,000,000 төгрөг, төлбөр авагч “Д.н” ББСБ нь 20,000,000 төгрөгийн саналыг тус тус ирүүлсэн. Талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/001 тоот тогтоолоор “К.з” ХХК-ийг шинжээчээр томилсон.

“К.з” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 58,300,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр авагч “Д.н” ББСБ-д, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Д.Эд тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан.

Хөрөнгийн үнэлгээний “К.з” ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ДУА-ийн ШШГЕГ-ын харъяа 445-р нээлттэй хорих анги холбогдуулан К.з ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.”, 55.5-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э  нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 977 дугаартай захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага 16,958,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, ...хэрвээ төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох гэрчилгээний дугаар ..., эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрчилгээний дугаар ... нэгж талбарын ... дугаар бүхий 500 мкв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Д.Э-гийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... тоотод байрлах 90 мкв талбай бүхий мансардтай Хувийн сууцны байшин /УБД ..., УБГ№.../, 500 мкв талбай бүхийн амины орон сууцны зориулалттай газар  /НТД..., ГД.../  зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/001 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсоны дагуу “К.з” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  Үнэлгээний тайлангаар “...Мансардтай хувийн сууцны байшингийн үнэ 44,900,000 төгрөг, Амины сууцны зориулалттай газрын үнэ 12,000,000 төгрөг, Блокон хашааны үнэ 600,000 төгрөг, Төмөр сараалжин хашааны үнэ 80,000 төгрөг, нийт үнэлгээг 58,300,000 төгрөгөөр  тогтоожээ.

  

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаан дээр гаргасан гомдлын үндэслэлдээ “...миний эзэмшлийн Амины орон сууцны зориулалттай газар байрлал сайтай, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн Шинжээчийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байх боловч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Д.Эгийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “К.з” ХХК-ийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “К.з” ХХК-ийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА