Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар  2023/ШЦТ/113

 

 

 

 

 

2023           ...         ...                                  .../.../...

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Д.З

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

            Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...20-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., боловсрол, мэргэжилгүй, ... эрхэлдэг, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдаж 0,6 грамм алтны агууламжтай металл олборлосны улмаас нийт 0,12 м2 талбай эвдрэлд орж хөрсөнд 13,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн .... сумын ... чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдаж 0,6 грамм алтны агууламжтай металл олборлосны улмаас нийт 0,12 м2 талбай эвдрэлд орж хөрсөнд 13,520 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 06-09/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-22/, гэрч Ч.Н-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Ц.Т-ын мэдүүлэг /хх-ийн 33-34/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Р-ын мэдүүлэг /хх-ийн 53/,... ХХК-ийн хөрөнгө, үнэлгээний тайлан /хх-мйн 61-63/, Байгаль орчны хяналтын үнэлгээчний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-79/, шүүгдэгч Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-99/, гэрч Н.Т, Ж.Э нарын мэдүүлэг /хх-ийн 105-107, 110-112/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч байгууллагад хохирол төлж барагдуулсан нь ХААН банкны шилжүүлэгийн баримт /хх-ийн 143/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,6 граммын шар өнгөтэй 3 ширхэг металл, “...” гэсэн бичигтэй металл хайгч төхөөрөмж 1 ширхэг, ногоон өнгийн чихэвч 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-ийг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,6 граммын шар өнгөтэй 3 ширхэг металл, “GPZ 700” гэсэн бичигтэй металл хайгч төхөөрөмж 1 ширхэг, ногоон өнгийн чихэвч 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б