Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2020/00554/И |
Дугаар | 135/шш2020/00654 |
Огноо | 2020-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 135/шш2020/00654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00554/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух ... овогт Б-ын Д /утас .../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг ... сум, ... баг, ..., ... тоотод оршин суух Т овогт А-ийн Б /утас .../-д холбогдох,
“3,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Д миний бие А.Бгийн мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-нд 500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн ... тоот данснаас А.Б-гийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй байх тул А.Бгаас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Дгээс мөнгө зээлэх ямар ч шаардлагагүй, дотно харьцаа байхгүй. Утга учрыг ойлгохгүй байна. Б.Д хүнд мөнгө зээлэх боломжтой, нэр хүндтэй, мөнгөтэй хүн биш байх гэж ойлгож байна. Харин Б.Дгийн дансаар дамжуулж түүний төрсөн ах болох Б.П /О гэж гэрийнхэн авгайлж дууддаг/ дансны хуулга дээр О гэж шилжүүлсэн мөнгө орж ирсэн асуудал дээр маргахгүй. Энэ нь ямар учиртай мөнгө /баримт/ вэ гэхээр: О /П/ нь миний төрсөн эмэгтэй дүүтэй хөдөө мал аж ахуйтай Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт байхдаа 2-5 насны 2 хүүхэдтэй байсан. Хүүхдүүдийнхээ эмчилгээ, сувилгаа, асаргаанд зориулан зарцуулж намайг мөнгө болон эд зүйлийг авч явуулаач гээд авдаг байсан. Надад буцааж 2017 оны 12 дугаар сарын 31-нд 500,000, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-нд 500,000 тус тус өгөх ёстой мөнгөө шилжүүлсэн. Эд зүйл болон бэлэн мөнгийг авсан тэр мөнгөө /өр төлбөрөө/ О өөрийнхөө төрсөн дүү Б.Д-гийнхээ дансаар уг мөнгийг шилжүүлсэн. Миний өөрийн мөнгө болно. О надад өр төлбөрөө өгсөн учиртай. О надаас авсан эд зүйлс, мөнгийг гэр орон үр хүүхдүүддээ зарцуулсан. Бид О гэдэг нэрийг нь дуудаж мэдэхээс жинхэнэ нэр нь Б.П нэрээр дуудаж мэддэггүй. Бусад хүмүүс ч мэдэхгүй байхаа. Би Дтэй 4 сарын 21-ний өдөр зах дээр таараад “Чи одоо юун мөнгө төгрөг нэхээд яваад байгаа юм гэсэн чинь” Д надад хамаагүй гээд машинд суугаад явсан.
Б.Дгээс орж ирсэн мөнгөн дээр маргахгүй. Харин зээлсэн асуудал биш юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгөөр О гэдэг нэрээр орж ирсэн. Гэтэл үнэхээр 500,000 төгрөг зээлүүлсэн бол дахин надад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг зээлэхгүй, энэ мөнгө мөн О гэдэг нэрээр орж ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг мөн л О гэж орж ирсэн. Зээл бол зээл гэсэн утгатай байна. О гэдэг нь Б.Дгийн төрсөн ах Б.Пыг авгайлдаг нэр. Б.Д бол Бгийн төрсөн дүү А.Ггийн нөхрийн дүү юм. Ах, дүү нарынхаа дансыг ашигладаг. Төрсөн ахдаа мөнгөө байршуулдаг юм билээ. Учир нь өөрсдөө хөдөө байдаг учраас мөнгөө ах дээр байрлуулдаг байсан. А.Б нь Б.Дтэй нэг их танил биш, айхтар холбоотой биш юм. Харин А.Гг энэ хэрэгт гэрчээр асуулгасан. А.Г Б.Д нарын хооронд 10 гаруй сая төгрөгийн асуудал бий. Энийг цагдаа нар шалгаж байгаа, шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан. Б.Д Б.П нар төрсөн ах дүүсийн холбоотой хүмүүс. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А.Бгаас зээлдүүлсэн 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А.Б нь мөнгө зээлээч гэж хүсэлт гаргасны дагуу түүний эзэмшлийн данс руу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.Б нь 105,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байх тул төлсөн 105,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж үлдэх 2,985,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардлага гаргасан болно.
Хариуцагч А.Б нь “...Б.Дгээс мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг болно.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Дгийн ХААН банкны эзэмшлийн ... тоот дансны хуулгаас /хх-4-6/ үзэхэд нэхэмжлэгч Б.Дгийн эзэмшлийн ... тоот данснаас мобайл банкны үйлчилгээгээр “О” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч А.Бгийн эзэмшлийн ... тоот данс руу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн,
Хариуцагч А.Бгийн ХААН банкны эзэмшлийн ... тоот дансны хуулгаас /хх-18/ үзэхэд хариуцагч Б.Дгийн эзэмшлийн ... тоот данс руу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 105,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Талууд дээрх мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар маргадаггүй боловч харин дээрх мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн талаар болон талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх асуудал дээр маргадаг болно.
Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Б.Д нь миний төрсөн дүү А.Ггийн нөхөр Б.П /О/-ын төрсөн дүү юм. А.Г, Б.П нар нь хөдөө амьдардаг, мал аж ахуйтай ба 2-5 насны хоёр хүүхэдтэй. Б.Дгийн төрсөн ах болох Б.Пыг бид О гэдэг нэрийг нь дуудаж мэдэхээс жинхэнэ нэр Б.П нэрээр дуудаж мэддэггүй. Энэ 3,000,000 төгрөгийг О буюу Б.П нь өөрийн төрсөн дүү Б.Дгийн дансаар дамжуулан над руу шилжүүлсэн. Энэхүү мөнгө нь Б.П /О/, А.Г нарын хүүхдийнхэн эмчилгээ сувилгаа, асаргаа сувилгаанд зарцуулагдаж надаас гарсан мөнгө. Энэ мөнгөө буцааж над руу өгсөн. Тиймээс мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр О гэж бичсэн байгаа. Б.Дгээс би мөнгө зээлж аваагүй...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “...Тухайн үед Б.Дд ах Б.Пынхан мөнгө дансанд нь байсан. А.Б нь мөнгө зээлээч гэхээр нь Б.Д нь ахынхаа мөнгөнөөс шилжүүлж, ах Б.П буюу Огийн мөнгөнөөс шилжүүлж байгаа учраас гүйлгээний утга дээр О гэж бичсэн. Б.Д, А.Б нар нь зээлийн гэрээг амаар тохиролцож хийсэн. Зээлийн гэрээний хугацааг тохиролцоогүй боломжтой болохоороо А.Б нь өгөхөөр тохирсон, зээлсэн 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Б.Д нь мөнгөө авахаар А.Бгаас 2018 оны 10 дугаар сард амаар шаардаж байсан...” гэж тайлбарлаж тус тус маргадаг болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч тал “...хариуцагч А.Бд нийт 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн учир талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан” гэж тайлбарлаж байх боловч банкны дансны гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Өөрөөр хэлбэл зохигч талууд зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зорилгоо илэрхийлсэн эсэх, нэхэмжлэгч Б.Дгээс хариуцагч А.Бгийн данс руу дээрх мөнгийг ямар зорилго, зориулалтаар шилжүүлсэн, хариуцагч А.Б нь дээрх мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн зэргээс үүдэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойлогдоно.
Хэрэгт авагдсан гэрч А.Ггийн “...Манайх 2013 оноос 2019 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт малчин байсан. Энэ хугацаанд буюу хаврын ноолуур, намрын улиралд мал зарсан мөнгөө тус тус Б.Дд хадгалуулдаг байсан. Учир нь манайх хөдөө амьдардаг байсан болохоор банкны карт ашигладаггүй байсан. Б.П бид хоёрын хамтын амьдралын хугацаанд хоёр хүүхэд төрсөн бөгөөд том охин П.Г нь төрөлхийн хоёр түнхний мултралтай төрсөн, бага хүү П.Б нь тархины тик өвчний улмаас байнгын эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай болж эгч А.Бгийнд Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймагт ирж байдаг байсан. Хүү П.Б нь хөхөөр хооллодоггүй угждаг, охин П.Г нь байнга пампарстай байдаг учраас эгч А.Бгаас шаардлагатай үед мөнгө авч хэрэглэдэг байсан. Ингээд эгчээсээ авсан мөнгөө Б.Дд хадгалуулсан мөнгөнөөсөө авч эгчийн данс руу бөөнөөр нь Б.Дгийн данс руу шилжүүлдэг байсан. Эгч А.Бгийн данс болох ... тоот ХААН банкны данс руу Б.Дгийн ... тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус О гэж нэрээр шилжүүлсэн. Дээрх мөнгийг О гэх нэрээр шилжүүлсэн нь Б.Д, манайх хоёр Б.Дгийн картыг дундаа ашигладаг байсан учир гүйлгээнийхээ утгаар мөнгөө зарцуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, тус шүүхэд Б.Пын А.Гд холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлд “...2017 оны намар том үхрүүдээ нядалж, 2018 оны хавар хадам ахад өгч заруулсан. Махны мөнгө 30,000,000 төгрөг манай дүү Б.Дгийн дансанд орсон...” /хх-28/ зэрэг баримтаар хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч А.Б нь дээрх 3,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч А.Г нь хариуцагч А.Бтай садан төрлийн холбоотой учир гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч шүүх гэрчид хуульд заасан журмын дагуу үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авсан тул гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Иймд хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Б.Дгийн өмнө 3,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй, талуудын хооронд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэлээ.
Иймээс нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан хариуцагч А.Бгаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА