Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 135/шш2020/00668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00036/и

                                      

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... давхарт байрлах, “Б.м” ХХК,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... ХК-ий байранд байрлах, “Б.м.г” ХХК нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... тоотод байрлах “С.х” ХХК-д холбогдох,

 

“С.х ХХК-иас бартерын байр болох Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байрны 121 тоот хаягт байрлах 36,51 мкв талбайтай орон сууцны үнэ болох 67,543,500 төгрөгийг гаргуулах,

Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 135 тоот хаягт байрлах 36,51 мкв талбайтай, орон сууцыг  буцаан гаргуулан нэхэмжлэгч “Б.м.г”ХХК-ний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-д даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Хариуцагчийн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.м” ХХК нь “С.х” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот “бараа материал бэлтгэн нийлүүлэх” гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр худалдагч тал худалдаг тал болох “С.х” ХХК нь 250 ширхэг ком лоткиг дагалдах материалын хамт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн нийлүүлж актаар хүлээлгэн өгөх, худалдан авагч тал болох “Б.м” ХХК нь ком лоткины үнэ 67,500,000 төгрөгийн төлбөрийг ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны 510 дугаар байр, ... тоот хаягт байрлах 36.51 мкв талбайтай 67,543,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартерын нөхцөлөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Худалдагч нь бартерын байрыг хүлээн авахдаа “Б.м.г” ХХК-тай “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан байрны зөрүү 43,500 төгрөгийг тус компанид төлөхөөр тохиролцсон байдаг. Мөн талууд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... дугаартай “10 тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт”-ийг байгуулан гэрээгээр худалдагч тал нь нэмэлт гэрээний хавсралт ...-т заасан бараа материал нийлүүлж угсарч суурилуулах ажлыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, худалдан авагч нь ажлын хөлсөнд 67,543,500 төгрөгийн үнэ бүхий ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 36.51 мкв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон.

“Б.м.г” ХХК нь бартерын 2 орон сууцыг “С.х” ХХК-ий хүсэлтийн дагуу иргэн А.Э, Г.Б нартай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хүлээлгэн өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлсэн билээ.

Гэвч гүйцэтгэгч тал болох “С.х” ХХК нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй болно.

“Б.м” ХХК нь “С.х” ХХК-аас бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болсон нь тодорхой болсон тул “Б.м” ХХК нь гэрээнээс татгалзаж, бартерын байраа шилжүүлэн авах тухай “С.х” ХХК-д мэдэгдсэн билээ.

Гэвч хариуцагч компани нь бартерын 2 орон сууцыг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй, байгууллагыг хохироосоор байх тул нэхэмжлэгч нар нь “С.х” ХХК-аас бартерын 2 орон сууцыг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Б.м.г” ХХК-ий өмчлөл эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

Иймд “Б.м” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2017 оны 07  дугаар сарын 18-ны өдрийн ... тоот нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагч “С.х” ХХК-аас бартерын байр болох ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт 36.51 мкв талбайтай 67,543,500 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хяагт 36.51 мкв талбайтай, 67,543,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан гаргуулан “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн нотлох баримтуудтай танилцаад нэг бартерын байр болох ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууц нь иргэн А.Э-гийн өмчлөлд шилжсэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн ... тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар тухайн байрны үнэ болох 67,543,500 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Иймд “Б.м” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2017 оны 07  дугаар сарын 18-ны өдрийн ... тоот нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагч “С.х” ХХК-аас бартерын байр болох ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт 36.51 мкв талбайтай орон сууцны үнэ болох 67,543,500 төгрөг болон ... тоот хаягт байрлах, 36.51 мкв талбайтай, 67,543,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан гаргуулан “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-д даалгуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Б.м” ХХК, “Б.м.г” ХХК зэргээс үндэслэлгүй байх нэхэмжилж байна. “Б.м” ХХК-ий захирал гэх хүн та манайхаас байр аваад хямд зараад манайд лотки комоор нь 350,000 төгрөгөөр хийж өг. Зах зээл дээр 570,000 төгрөг байгаа. Үнэтэй авах бэлэн мөнгө компанид байхгүй учир та надад туслаач гэж уг ажиллагаа эхэлсэн. Эхний байрыг 37 саяд, дараагийн байрыг 50 саяд гэх зэргээр нийт хүлээлгэж өгөх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр. 1-р байр 6 сард, 2 дугаар байр 8 сард хямдаар зарагдсан. Тэгэхээр нийт 87,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг лоткийг хүлээн авах хугацаа болоход инженер, захирал, нярав нар голж шаардлагыг хангахгүй юм байна гэж манай компанийг хохироосон. Ийм учир 87,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 байрыг Батбаяр гэх захирал хугацаа ойртож байгаа тул хямд зараад ажлаа дуусга би хариуцан гэж хэлж байсан. Эхэлж 150 ширхэг гэж байсан боловч нэмэгдэж 250 ширхэг болж дахин нэг байр нэмэгдэж хямд зарагдсан.

“С.х” ХХК Б групп-д хууран мэхлэгдэж байснаа Х хотхон ... дугаар байр ... тоот байрыг өөрийн ажлаа хурдлуулах учир хямд зар гэж шахаж шаардсан байгаа. Мкв 1,850,000 төгрөгөөр тооцож өгөөд захирал Ц.Б хурдлаач, ажлаа эхлүүл хямд өг, 1,200,000 төгрөгөөр өгөөч, ажлаа эхлүүл зөрүүг би хариуцна гэж зөрүүд хохиролд унагааж байна. Мөн хийгдэх ажил нэмэгдэж дахин нэг байр ав, мөн 1,850,000 төгрөгөөр тооцож зөрүүг Б групп хариуцан хэмээн 47,000,000 төгрөгөөр заруулж Б групп өөрийн ашгаа бодож эхлүүлсэн билээ. Эхний байр 2017 оны 05 дугаар сарын 12-нд гэрээний дуусах хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-нд Дараагийн байр 2017 оны 07 дугаар сарын 19-нд дуусах хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-нд 41 хоног, 48 хоног зэрэг. Сүүлийн байр болох 135, 121 тоот байр зэргийг Б групп худалдаж авсан иргэнд саадгүй нэр дээр нь шилжүүлж өгнө гэснээр дээрх 2 иргэн над руу мөнгө шилжүүлсэн байгаа. ... дүгээр байр 43,812,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. ... тоот байрыг буцаан гэдэг үндэслэлгүй юмаа. Хэрэв буцаахаар шийдвэрлэвэл 3 дагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Өөрсдөө бид шилжүүлнэ гэж байж мөнгийг миний данс руу хийлгэж өөрт ашигтай байдлаар ажлаа эхлүүлсэн юм. Иймд ... байрны 47,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нийт 90,812,000 төгрөгийг төлж барагдуулна. Б групп надаас гуйж байж ажил эхлүүлсэн байгаа. Байрны үнэ 67,543,500 төгрөгийн хийгдэх ажлаа буцааж үнэлж авахдаа 67,500,000 төгрөг манай компаний ашиг нэг талаас 43,500,000 төгрөгийн ашигтай. Б группын захирал Ц.Б дуугай ингээд хийчих Б таны төлөө шатна гэх зэргээр хэлж байсан. Иймд 135 дугаар байрыг буцаан даалгуулах үндэслэлгүй юм. Нийт 90,812,000 төгрөгийг төлөхөд саадгүй. Шүүх бидний хоорондын маргааныг хуулийн хүрээнд зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б.м” ХХК , “Б.м.г” ХХК нар нь хариуцагч С.х ХХК-нд холбогдуулан талуудын хооронд хийгдсэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн нийт 135,087,000 төгрөгийн үнэ бүхий бартерын байр болох Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байрны ... тоот болон ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулж “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-нд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...С.х ХХК нь Б.м ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учир Б.м ХХК нь гэрээнээсээ татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн бартерын байр болох ... дүүрэг ... хороолол, Х хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцны үнэ 67,543,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Учир нь уг орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасны дагуу орон сууцыг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардсан.

  Нэхэмжлэгч “Б.м” ХХК, “Б.м.г” ХХК нар нь мөн дээрх үндэслэлээр гэрээний төлбөрт төлсөн бартерын байр болох Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байрны 135 тоот орон сууцыг хариуцагчаас буцаан гаргуулан, “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-нд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж, өөрчилсөн болно.

 

  Хариуцагч “С.х” ХХК нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. нэхэмжлэгч тал өөрсдөө энэ байрыг бусдад шилжүүлсэн. “Б.м” ХХК-ний захирал нь энэ хоёр байраа хурдан зар, ажил дуусахаар таньд нэмж 2 байр өгнө...гэж хуураад энэ хоёр байрыг хямдхан, бага үнээр заруулсан. Х хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцыг 43,812,000 төгрөгөөр, ... тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр зарж, нийт 93,812,000 төгрөг авсан. Дээрх хоёр орон сууцны зарсан үнэ 93,812,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

“Б.м” ХХК, “С.х” ХХК нар нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... тоот “Бараа материал бэлтгэн нийлүүлэх тухай” гэрээг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ... тоот “10 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт” гэрээг тус тус  байгуулан,

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 тоот “Бараа материал бэлтгэн нийлүүлэх тухай”  гэрээний “... 5.4-т С.х ХХК нь гэрээний дагуу нийт 250 ширхэг чанарын шаардлага хангасан ком лотки дагалдах материалын хамт нийлүүлэх бөгөөд 1 ширхэгийн үнэ нь 270,000 төгрөг бөгөөд нийт ком лотки үнэ 67,500,000 төгрөг байна. НӨАТ-тай үнэ болно.

5.5-т Гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны нийт үнэ 67,500,000 төгрөг байна.

5.6-т...гэрээний 5.4-т заасан төлбөрийг худалдагч тал нь ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр ... тоот 36,51 мкв талбай 67,543,500 төгрөгийн үнэ бүхий бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцов. Худалдагч С.х ХХК нь бартерын байрны зөрүү 43,500 төгрөгийг “Б.м.г” ХХК-нд төлнө.

5.7-д Худалдагч нь Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг “Б.м.г ХХК-тай байгуулна.

Гэрээний хугацаа: Гэрээний дагуу нийлүүлэх нийт 250 ширхэг ком лоткиг дагалдах материалын хамт С.х ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн нийлүүлж актаар “Б.м” ХХК-нд хүлээлгэн өгсөн байхаар” /хх-9-14/

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 тоот “10 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт” гэрээгээр “ хариуцагч С.х ХХК нь дээрх байгуулсан 10 тоот гэрээнд заасан бараа материалыг нийлүүлж угсарч, суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд, гэрээт хугацаанд хийж гүйцэтгэн “Б.м” ХХК-нд хүлээлгэн өгөхөөр, гэрээний нэмэлт ажлын хөлс нь 67,543,500 төгрөг, гэрээний нэмэлтээр хийгдэх ажлын гүйцэтгэх хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх нэхэмжлэгч “Б.м” ХХК-нд актаар хүлээлгэн өгөхөөр...” тус тус тохиролцжээ./ хх-15/

Б.м ХХК, С.х ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч тал буюу Б.м ХХК нь гэрээгээр тохиролцсон үнэ буюу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний үнэ 67,500,000 төгрөг, нийлүүлэх бараа бүтээгдэхүүн угсарч суурилуулах ажлын үнэ 67,543,500 төгрөг, нийт 135,043,500 төгрөгөнд бартераар тус бүрийн үнэ 67,543,500 төгрөгийн үнэтэй,  нийт 135,087,000 төгрөгийн үнэ бүхий ... дүүрэг ... хороо Х хотхоны ... дугаар байрны ... тоот болон ... тоот орон сууцнуудаар гэрээний заасан төлбөрийг урьдчилан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 тоот “Бараа материал бэлтгэн нийлүүлэх тухай” гэрээний 5.7-т зааснаар нэхэмжлэгч “Б.м.г” ХХК нь  хариуцагч “С.х” ХХК-ний хүсэлтийн дагуу иргэн А.Э-тай “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Б.м.г” ХХК нь А.Э-д ...хот ... дүүрэг ... хороо Х хотхоны ... дугаар байрны ... тоот 36.51 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 67,543,500 төгрөгөөр худалдахаар /хх-16-22/,

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Б-тэй “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, уг гэрээгээр “Б.м.г” ХХК нь Г.Б-д ... хот .. дүүрэг 11 дүгээр хороо Х хотхоны ... дугаар байрны ... тоот 36.51 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 67,543,500 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцсон байна. /хх-24-30/

Нэхэмжлэгч “Б.м” ХХК нь дээрх 10, 22 тоот гэрээнд заасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт энэхүү 2 орон сууцаар солилцохоор /бартер/ тохиролцсон тул иргэн Г.Б, А.Э нартай байгуулсан гэрээний үүрэг болох байрны үнийг хариуцагч “С.х” ХХК-д төлөхөөр тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “С.х” ХХК нь нэхэмжлэгч “Б.м” ХХК-тай байгуулсан 10, 22 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан “Б.м” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 тоот “Бараа материал бэлтгэн нийлүүлэх тухай” гэрээний 9.1.1-т “Худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ...тохиолдолд худалдан авагчийн санаачлагаар гэрээг цуцлана”, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “Б.м” ХХК нь дээрх гэрээнүүдээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн тохиолдолд  үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал  шаардлага гаргах эрхтэй байна.

 

Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан бичигт “...дүүргийн ... хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Ц.С-ын өмчлөлд анх бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн А.Э-гийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.

... дүүргийн ... хороо, ... хороолол, Х хотхоны ... байрны ... тоот орон сууц нь өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэжээ. /хх-58-78/

Нэхэмжлэгч “Б.м” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасан үндэслэлээр хариуцагч “С.х” ХХК-аас ... дүүргийн ... хороо, ... хороолол, хангай хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцны үнэ 67,543,500 төгрөгийг гаргуулахыг шаардсан боловч хариуцагч “С.х” ХХК нь “...уг байрыг худалдсан үнэ 43,812,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж маргасан ба энэхүү тайлбартайгаа холбогдуулан Т.А-гийн “ХААН” банкин дахь ... тоот дансны хуулгыг нотлох баримтаар /хх-122-125/ ирүүлсэн болно.

“Б.м” ХХК, “С.х” ХХК нарын хооронд байгуулсан 10 тоот гэрээний 5.6-т  ... дүүргийн ... хороо, ... хороолол, Х хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцны үнийг 67,543,500 төгрөгөөр тооцсон, мөн иргэн А.Э, “Б.м.г” ХХК нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд уг орон сууцны үнийг 67,543,500 төгрөгөөр тохиролцсон, энэхүү иргэний хэргийн маргааны зүйл нь гэрээний үүрэгтэй холбоотой байх тул хариуцагч “С.х” ХХК-аас ...121 тоот орон сууцны үнэ 67,543,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б.м” ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ орон сууцны үнийг 67,543,500 төгрөгөөр тогтоосон ба тухайн орон сууцыг бусдад худалдахдаа гэрээнд заасан үнээс буруулах эрх нь “С.х” ХХК-д өөрт нь байгаа тул хариуцагчийн татгалзлыг нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 36.51 мкв талбайтай,орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч “С.х” ХХК-ий өмчлөл эзэмшилд шилжүүлээгүй, тухайн орон сууц нь бусдын эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан бичиг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Бтэй “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд “Б.м” ХХК, “Б.м” групп ХХК нарын гаргасан ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 36.51 мкв талбайтай, орон сууцыг буцаан гаргуулан “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасныг баримтлан хариуцагч “С.х” ХХК-аас 67,543,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.м” ХХК-нд олгож, “Б.м” ХХК, “Б.м.г” ХХК нарын гаргасан хариуцагчаас ... дүүрэг, ... хороолол, Х хотхоны ... байр, ... тоот хаягт байрлах, 36.51 мкв талбайтай, орон сууцыг буцаан гаргуулан “Б.м.г” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С.х” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С.х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 495,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.м” ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА