| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/184 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/184
2023.08.23 2023/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н н И д холбогдох эрүүгийн 2339000000278 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Азрагын ам” гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр моторт цахилгаан хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 1.08 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улмаар **** ХЭҮ улсын дугаартай “KIA Bongo-3” маркийн тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэн, ойн экологи эдийн засагт 168.655 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэрэг гарсан гэх ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Азаргын ам” гэх газар руу экологийн асуудал хариуцсан байцаагч, мөн босоо мод огтолсон гэх иргэн н.******* нарын хамт мод бэлтгэсэн гэх газарт но очиж үзсэн. Миний харснаар тухайн газарт 5 ширхэг босоо мод хөрөөдөж унагасан ул мөр бүхий хуурай модны хожуул байсан. ...миний хувьд ******* сумын ойн ангиас гаргасан байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгын үнэлгээг үндэслэн гаргасан хохирлыг барагдуулсан тохиолдолд бичгээр гомдолгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгнө...” гэжээ (хх-ийн 28-29)
Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэй бол миний бие санал нийлэхгүй байна яагаад гэвэл анх авах үедээ шинэ машин байх нь байсан ба худалдаж авснаас хойш 3 жил болсон. Одоо бол хэрэглээд машин маань их муудсан учраас миний машин хямдхан үнэлэгдэх байх гэж бодож байна...” гэжээ (хх-ийн 32-33)
Гэрч Г.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багт хөдөө Н.******* гэх залуугийн хаяанд тэдний малын ажилд тусалж хамт нутгалдаг юм. Би тухайн өдөр Н.******* ад хэлэхдээ “Хөгшин бид хоёр түлээгүй болоод байна. Чи жоохон түлээний мод татаж өгөөч” гэж гуйсан. Тэгээд Н.******* удалгүй түлээний мод буулгаж өгсөн. ...надад мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин байхгүй. Тухайн бэлтгэсэн гэх моднууд нь модны шинэс буюу хар мод байх шиг санагдаж байна. Би сайн мод мэдэхгүй. Тухайн мод нь хуурай мод байсан шиг санагдаж байна. Бэлтгэсэн моднуудыг Н.******* болон манайх хувааж түлээндээ хэрэглэсэн. Н.******* нь манайхтай зэргэлдээ нутагладаг М.******* гийн **** ХЭҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж моднуудыг буулгасан” гэх мэдүүлэг (хх-ийн 42)
“******* -Ой” сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай:
1. Ашиглалтын бүсийн ойн санд хамаарахгүй. Хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ой байсан. Тухайн мод нь хуурай шинэс мод. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 168.655 мянган төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 55-57)
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11)
Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 20)
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 17-18)
Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (хх-ийн 14-16)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тайлан (хх-ийн 62-64, 71-74)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93)
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 102)
Н.******* ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 110)
ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 112)
KIA Bongo-3 маркийн **** ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 70) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн тагтай, моторын таг хэсэгтээ улаан өнгийн тагтай моторт хөрөө 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.******* д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Б овогт Н н И нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Азрагын ам” гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахилгаан моторт хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 1.08 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улмаар **** ХЭҮ улсын дугаартай “Kиа бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэн, ойн экологи эдийн засагт 168.655 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.Болор-Эрдэнийн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэрэг гарсан гэх ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Азаргын ам” гэх газар руу экологийн асуудал хариуцсан байцаагч, мөн босоо мод огтолсон гэх иргэн н.******* нарын хамт мод бэлтгэсэн гэх газарт но очиж үзсэн. Миний харснаар тухайн газарт 5 ширхэг босоо мод хөрөөдөж унагасан ул мөр бүхий хуурай модны хожуул байсан...” гэх, гэрч Г.Батцэнгэлийн “...Н.******* удалгүй түлээний мод буулгаж өгсөн. ...надад мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин байхгүй. Тухайн бэлтгэсэн гэх моднууд нь модны шинэс буюу хар мод байх шиг санагдаж байна. Би сайн мод мэдэхгүй. Тухайн мод нь хуурай мод байсан шиг санагдаж байна. Бэлтгэсэн моднуудыг Н.******* болон манайх хувааж түлээндээ хэрэглэсэн. Н.******* нь манайхтай зэргэлдээ нутагладаг М.******* гийн **** ХЭҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж моднуудыг буулгасан...” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “******* -Ой” сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, прокурорын эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Азрагын ам” гэх газраас босоо 1.08 м3 шинэс модыг тайрч бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 168.655 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Н.******* ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.******* нь ургаж байсан шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь “******* ой” сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Н.******* нь хууль бусаар бэлтгэсэн 1.08 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 168.655 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 505,965 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд шилжүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Н.******* ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11,300,000 төгрөгийн үнэлгээтэй, **** ХЭҮ улсын дугаартай, “Киа бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч М.******* гийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Н.******* аас тээврийн хэрэгслийн үнэ 11,300,000 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураасан 90,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан, цэнхэр өнгийн тагтай, моторын таг хэсэгтээ улаан өнгийн тагтай бензин моторт хөрөөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.******* ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н н И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* ад 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Н.******* аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11,300,000 (арван нэгэн сая гурван зуун мянга) төгрөг, эд мөрийн баримтаар хураасан 90,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн цеп хэсэгтээ цэнхэр өнгийн тагтай, моторын таг хэсэгтээ улаан өнгийн тагтай моторт хөрөөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
5.Шүүгдэгч Н.******* ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 16-13 ХЭҮ улсын дугаартай “Киа бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн М.******* д буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн цеп хэсэгтэй цэнхэр өнгийн тагтай, моторын таг хэсэгтээ улаан өнгийн тагтай бензин моторт хөрөөг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ************ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.******* ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР