| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2022/0104/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/111 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/111
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Ганбаатарын Дархан-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2231000000109 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод туслах машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, төмөр замын 32 айлын байр 03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Бэсүд овогт Ганбаатарын Дархан-Эрдэнэ, /РД:ТА93070113/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 09-с 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй баарны гадна маргааны улмаас иргэн М.Зүмбэрэлийн нүүр тус газар нь гараараа цохиж, өшиглөж, газар чирсний улмаас бие нь баруун дээд үүдэн 1-р шүд дунд хэсгээр хугарсан, баруун өвдгөнд 11x9 см, зүүн өвдгөнд 8х6см хэмжээтэй бор хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дархан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр ачаанд битгий яв гээд байхад нь зөрж яваад тэнд архи уусан, хүн өшиглөсөн миний буруу. ... Цогт-Эрдэнээс уучлалт гуйя...” гэжээ.
2.Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...М.Зүмбэрэл гэх залуу миний эхнэр Бүжинлхамтай хэрүүл маргаан хийсэн тул би М.Зүмбэрэлтэй маргалдсан юм. Зүмбэрэл гэх залуугийн биед үүссэн гэмтлүүд нь надтай маргалдсанаас үүссэн. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас /,
3.Хохирогч М.Зүмбэрэл 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Батзориг, Эрдэнэбат нарын хамт колликтев бааранд орсон тэгээд тэндээ 3-лаа 0.75 литрийн нэг шил архи 3 шил пиво уугаад шөнө 01 цаг өнгөрч байхад баар хаах гэж байна гэхээр нь Батзориг, Эрдэнэбат 3 гарах гэж явж байхад баарны хаалган дээр нэг эмэгтэй хүнтэй маргалдсан яагаад маргалдсан талаар би мэдэхгүй байна манай нэг найз зөрөх гэж байгаад мөргөлдсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр эмэгтэй бид 3 маргалдаж байхад баарын гадна талд зогсож байсан тэр эмэгтэйтэй хамт явж байсан хар куртиктэй залуу нь миний хамар луу гараараа нэг удаа цохисон тэгэхээр би доошоо тонгойход 2-оос 3 залуу миний нүүр лүү ээлжлээд өшиглөсөн юм. Газарт унасан байхад намайг чирсэн тэгээд миний шүд унасан байсан мөн 2 өвдөг зулгарсан, баруун хацар мөн адил зулгарсан байсан. Тэгээд босч ирэхэд манай найз Батзориг намайг хамгаалж салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас /,
4.Хохирогч М.Зүмбэрэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өөрийн шүдний эмчилгээнд 1.500.000 төгрөгийг Г.Дархан-Эрдэнээс авсан тул надад одоо гомдол, санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-р хуудас /,
5.Гэрч З.Батзоригийн 2022 оны 004 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Тэгээд баар хаахаар болоод 01 цаг өнгөрөөгөөд 02 цаг болох гэж байхад Зүмбэрэл баарнаас түрүүлээд гарсан. Лхагвасүрэн бил хоёр араас нь гарахад Зүмбэрэл миний зүс таних төмөр замд ажилладаг 2 хүний өндөр нуруутай хүүхэнтэй маргалдаж байсан юм. Тэгээд Лхагвасүрэн бид хоёр Зүмбэрэлийг тэр хоёр хүүхнээс салгаж байхад тэр эмэгтэй “бацаан минь юу гээд байгаа юм. Та нар ажилгүй болов” гэж хэлээд Зүмбэрэлийг алгадаад хөөгөөд гүйгээд байсан. Тэгтэл тэр хэрэлдээд байгаа эмэгтэй нөхөр болох төмөр замд туслах машинч хийдэг саравчтай малгай өмссөн залуу нь Зүмбэрэлийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Зүмбэрэл доошоо тонгойход нь Зүмбэрэлийн нүүрэнд нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Зүмбэрэл газар 4 хөллөсөн юм. Тэгэхэд тэр өшиглөсөн залуу Зүмбэрэлийн хувцаснаас татаж зулгаагаад байсан. Тэгээд Лхагвасүрэн бид Зүмбэрэлийг салгаж аваад нөгөө хоёр хүүхэд ирж хэрүүл хийгээд салахгүй зууралдаад байсан. Зүмбэрэл бас тэр хоёр хүүхэн хэрэлдээд л байсан. Тэгээд энэ хэрүүл үргэлжлээд зууралдсан байдалтай шилжиж явсаар байгаад баарны хажууд байдаг хийдийн хашааны үзүүрийн тэр хавьд ирсэн байж би тэр 2 эмэгтэйг нь бариад хашаад салгах гэж байхад Зүмбэрэлтэй улаан юүдэнтэй цамцтай зүс таних ах нь барьцалдаж авахад Зүмбэрэл газарт унахад улаан юүдэнтэй ах нүүр лүү нь өшиглөхөд Лхагвасүрэн салгасан юм. Тэгэхэд Зүмбэрэл зөрж гүйж очоод тэр улаан юүдэнтэй ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд хэрүүл маргаан хийсэн байдалтай Зүмбэрэл утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд хэрүүл маргаан хийсэн байдалтай арагшаа soft караокены арын хашаанд ортол явсан юм. Анх тэр хоёр эмэгтэйн өндөр нуруутай эмэгтэй хүнтэй Зүмбэрэл маргаж байхад миний зүс таних тэр эмэгтэйн нөхөр болох залуу нүүрэнд цохиод унасан байхад нь хөлөөрөө өшиглөхөд шүднийх нь тал нь унаад 2 өвдөг нь шалбарсан байсан юм. Тэгээд тэр саравчтай малгайтай хүнд цохиулж босож ирээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд миний шүд унасан байна гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
6.Гэрч Ц.Бүжинлхамын 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “.....Нэг мэдэхэд баарнаас гарахад гадаа бөөн хүмүүс маргалдсан байдалтай байсан Сэлэнгэмөрөн газарт унахад би татаж босгосноо санаж байна. Бас нэг залуу утсаа гаргаж ирээд “Сэлэнгийн эгч нар намайг зодлоо” гээд лайв хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас утсыг нь авах гээд “чи яахаараа бичлэг хийдэг юм” гээд хөөцөлдөөд байсан. ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
7.Гэрч С.Сэлэнгэмөрөнгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сар 10-ны өдрийн 00 цаг 24 минутын орчим Коллектив" бааранд Алтанзул. Бүжинлхам. Дарханбаяр нарын ороод 8 ширхэг пиво авч уусан баар 02 цагийн орчим хаахаар болсон юм. Тэгэхэд Дарханбаяр түрүулээд баарнаас гарсан байсан Алтанзул, Бүжинлхам бид гурав 00-д ороод араас гарч ирээд бид 4 баарны гадна шатна дээр зогсож байхад. Шатны доод талд танихгүй 3 залуучууд зогсож байсан юм Тэгээд би яг юунаас болоод маргасан талаар мэдэхгүй байна Тэр 3 залуугийн намхан нуруутай бор арьстай, богино куртик юм уу савхитай байсан байх бараан өнгийн юм өмссөн залуу нь “Намайг асуугаарай би ПТО-д ажилладаг намайг асуугаарай гэж хэлээд байсныг санаж байна Алтанзул хариуд “Чи Цагаанаа ахын ээлж юм уу, Бид нартай цуг нэг ээлжнээс буусан байна гэж хэлж байсан. Тэгээд нэг мэдэхэд Алтанзулыг тэр 3 Зулаагийн нь нүүр хэсэгт гараараа цохисон яг хэн нь цохисон талаар мэдэхгүй байна Тэгэхэд Алтанзул тэр залуутай маргалдах гээд байхаар нь би Алтанзулын гараас атгаж байгаад газарт унаад өгсөн юм. Тэгэхэд одоо санаж байгаагаар гомдол гаргасан Зүмбэрэл гэдэг залуу утсаа гаргаж ирээд би лаяв хийж байна гээд байхаар нь Бүжинлхам бид 2 чи яахаараа лайв хийдэг юм гэж хэлээд тэр залуутай маргалдаад тэр залуу ухарч явсаар бид нар soft караокены өрд очсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,
8.Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Намайг ирэхэд Зүмбэрэл рүү нөгөө хоёр эмэгтэй болон хоёр эрэгтэй дайрсан байдалтай Батзориг голд орсон бүгд хоорондоо барьцалдаж авсан шамбааралдсан байдалтай байсан. Тэгээд би Алтанзул ах болон тэр хар саравчтай малгайтай залууг салгаад аваад юм ярьж байсан юм. Тэр үед Зүмбэрэл утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,
9.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-1.М.Зүмбэрэлийн биед нэг шүд хугарсан, хүзүү, хацар, эрүү, нуруу өвдөгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
-2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-3.Учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боложтой.
-4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/
10.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, 11.мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 02 дугаар хуудас/, 12.хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 34-36 дүгээр хуудас/, 13.яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 14.эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 42 дугаар хуудас/, 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/, 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 63-64 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 09-с 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй баарны гадна маргааны улмаас иргэн М.Зүмбэрэлийн нүүр тус газар нь гараараа цохиж, өшиглөж, газар чирсний улмаас түүний эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1-р шүд дунд хэсгээр хугарсан, баруун өвдгөнд 11x9 см, зүүн өвдгөнд 8х6см хэмжээтэй бор хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Дархан-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... М.Зүмбэрэл гэх залуу миний эхнэр Бүжинлхамтай хэрүүл маргаан хийсэн тул би М.Зүмбэрэлтэй маргалдсан юм. Зүмбэрэл гэх залуугийн биед үүссэн гэмтлүүд нь надтай маргалдсанаас би түүнийг цохиж, зодсоны улмаас үүссэн. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэх, гэрч З.Батзоригийн “...тэр хэрэлдээд байгаа эмэгтэй нөхөр болох төмөр замд туслах машинч хийдэг саравчтай малгай өмссөн залуу нь Зүмбэрэлийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Зүмбэрэл доошоо тонгойход нь Зүмбэрэлийн нүүрэнд нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Зүмбэрэл газар 4 хөллөсөн юм...” гэх болон болсон үйл явдлын талаар өөрийн санаж, буй мэдэх зүйлээ гэрчилж мэдүүлсэн гэрч С.Сэлэнгэмөрөн, Ц.Бүжинлхам, нарын мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Дархан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Г.Дархан-Эрдэнэ нь бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ эмчилгээний зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг шүүгдэгчээс авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бэсүд овогт Ганбаатарын Дархан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэд 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Дархан-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Дархан-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ