| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0776/З |
| Дугаар | 221/МА2026/0305 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0305
С.Б-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч С дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд А.Ж, С.Э
Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/***, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжуудын Н.Э-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн А.Ж-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Гуравдагч этгээд А.Ж-ын бие даасан шаардлага: С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0323 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А
Гуравдагч этгээд С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Гуравдагч этгээд А.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0776/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Болдбат нь С дүүргийн Засаг даргад холбогдуулан “С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/***, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжуудын Н.Э-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн А.Ж-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 323 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Болдбатаас С дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/***, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжуудын Н.Э-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн А.Ж-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд А.Ж-оос гаргасан “С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...С дүүргийн Засаг даргын зүгээс миний хуулийн дагуу байгуулсан гэрээгээр эзэмшиж байсан 997 м2 газарт давхцуулан бусад этгээдэд газар олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг алдагдуулж, иргэн миний 20 жил өөрийнхөө эзэмшлийн газар гэж итгэн төлбөрийг нь төлж, хашаа барьж хамгаалан амьдарсан хөдөлмөр, цаг хугацаа, эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Тухайн үед газрын албаны ажилтан нарт газрын гэрчилгээ дээр 997 м2 хэмжээг бичүүлэх талаар амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч та гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр тухайн илүү бичилттэй газрынхаа гэрчилгээг гаргуулаад авч болно гээд миний хүсэлтийг шийдвэрлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 37.1.15, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
3.2 Миний эзэмшлийн газрыг бусдад 2021 онд урьд өмнө хашаа байшин барьж газраа гэрээний дагуу ашиглаж, эзэмшиж байгаагүй хүнд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний газраа сунгах үед газрын алба газрын давхцал байгаа эсэх, эргэн тойрны айлуудтай газрын маргаантай эсэхийг тодруулалгүйгээр хуйвалдаж иргэн Н.Э-д давуу байдал олгосон С дүүргийн Засаг даргын шийдвэр нь илт хууль бус юм.
3.3 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 323 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтаас бусдыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Анх С дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” *** дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б-д С дүүргийн ** дугаар хороо, ******-д 400 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн ****** дүгээр гэрчилгээ олгож, 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээг байгуулж, уг гэрээнд газрын хэмжээг 400 м2 болон 997 м2 гэж зөрүүтэй тусгажээ.
4. С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/*** дугаар захирамжаар С.Б-ын тус дүүргийн ** дүгээр хороо, ******-д байрлах нэгж талбарын ********* дугаартай 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Иргэний газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээ олгосон байна.
5. Гуравдагч этгээд Н.Э-д анх С дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” *** дүгээр захирамжаар С дүүргийн ** дугаар хороо, ******-д 400 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Газар эзэмших эрхийн ****** дугаар гэрчилгээ олгожээ.
6. Улмаар С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/*** дугаар захирамжаар Н.Э-ийн тус дүүргийн ** дүгээр хороо, ******-д 400 м2 зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ олгож, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
7. Н.Э нь С дүүргийн Газрын албанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...өөрийн эзэмшиж байгаа газрыг кадастрын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай” А/*** дүгээр захирамжаар Н.Э-ийн эзэмшил газрын хэмжээг 613 м2 болгон нэмэгдүүлэн өөрчилжээ. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн 00000***** дүгээр гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
8. Гуравдагч этгээд А.Ж, Н.Э нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан, мөн иргэдээс хүсэлт гаргаснаар С дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар А.Ж-т тус дүүргийн ** дүгээр хороо, *******-д 613 м2 зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай шилжүүлэн (Н.Э-ийн газрыг) эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаас үзвэл Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийг эрх бүхийн этгээдийн шийдвэрээр баталгаажуулах ба аливаа этгээдийн эзэмшихийг хүсэж буй газар нь бусдын хууль ёсны дагуу эзэмших, ашиглах эрх бүхий газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байх, газрыг хууль заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулахыг хуульд тодорхой тусгаж өгчээ.
10. Нэхэмжлэгчид анх С дүүргийн Засаг даргын 2005 оны *** дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар 400 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад “Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээ”-нд газрын хэмжээг 400 м2 болон 997 м2 гэж илтэд 2 өөрөөр зөрүүтэй бичсэн байх бөгөөд үүнээс хойш 2019 оны А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай сунгасан, мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон Иргэний газар эзэмших эрхийн 000******* дугаар гэрчилгээ болон гэрээнд газрын хэмжээ 400 м2 гэж тусгагдсан болох нь тогтоогдож байна.
11. Мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн дээрх шаардлагын дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрыг эзэмшүүлэх эрхтэй этгээд болох С дүүргийн Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр зохих ёсоор газраа эзэмшээгүй байх бөгөөд 2005 онд 997 м2 хашаалж эзэмшсэн гэх газрын байршил болон газрын кадастрын зураглалаар (солбилцлоор) нийтийн эзэмшлийн зам талбай бүхий газар байсан бөгөөд 2019 оны А/*** дугаар захирамжаар хариуцагчаас (зөрчлийг арилгаж) газрын байршлыг өөрчилж, бусдын эзэмшил газартай давхцуулалгүйгээр одоогийн байршилд шилжүүлэн 400 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
12. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2/****, 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/**** дугаар албан бичгүүдэд “...2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын зурган мэдээлэлд ...996 м2 талбайтай газар нь иргэн С.Б-ын нэр дээр анх бүртгэгдэж, дүүргийн Засаг даргын 2019 оны А/*** дугаар захирамжаар (газрын байршил өөрчлөгдөж) 400 м2 талбайтай газар болгон өөрчилж бүртгэсэн...” гэж, хавсралтаар ирүүлсэн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлтэй нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн нэгж талбаруудыг агаар сансрын зурагтай давхцуулсан зураглалаар маргаж буй нэгж талбарууд анхнаасаа огт давхцалгүй байсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
13. Иймээс нэхэмжлэгч С.Б-ын С дүүргийн Засаг даргын 2005 оны *** дугаар, 2019 оны А/*** дугаар дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмших эрх үүссэн 400 м2 газар нь гуравдагч этгээд Н.Э-ийн 2006 оны *** дүгээр (400 м2), 2021 оны А/*** дүгээр (613 м2), гуравдагч этгээд А.Ж-ын 2022 оны А/*** дүгээр (613 м2) захирамжуудаар хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн газартай анхнаасаа ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд С.Б-ын зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна гэж үзэв.
14. Энэ талаарх анхан шатны шүүх “...газар эзэмших эрх нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үүсдэг бөгөөд гэрээ нь уг шийдвэрийг хэрэгжүүлэх шинжтэй харилцаа болохоос бус эрх шинээр бий болгож үндэслэл биш, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргаас 997 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ олгогдох ёстой ба гэрээнд бичигдсэн гэдгээр уг газрыг эзэмших эрхтэй гэж шүүхээс дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
15. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...хууль ёсны итгэлийг алдагдуулж иргэн миний 20 жил өөрийнхөө эзэмшлийн газар гэж итгэн төлбөрийг нь төлж, хашаа барьж хамгаалан амьдарсан хөдөлмөр, цаг хугацаа эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна, Тухайн үед газрын албаны ажилтан нарт газрын гэрчилгээ дээр 997 м2 хэмжээг бичүүлэх талаар амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч та гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр тухайн илүү бичилттэй газрынхаа гэрчилгээг гаргуулаад авч болно гээд миний хүсэлтийг шийдвэрлээгүй” гэжээ.
16. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр хашаа барьж амьдарсан үйл баримт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсэхгүй, гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх бөгөөд мөн гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу үүссэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
17. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, (2023-12-07-ны хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх) 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу иргэд хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж болох бөгөөд хүсэлт, түүнд холбогдох баримт бичиг хуулийн шаардлага хангасан тохиолдолд эрх бүхий этгээд зохих шийдвэр гаргах замаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болохыг хуульчилсан байна.
18. Гуравдагч этгээд Н.Э нь дүүргийн Засаг даргын 2006 оны *** дүгээр, 2021 оны А/*** дугаар захирамжуудаар 400м2 газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг авсан бөгөөд газар эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлж, улмаар 2021 оны А/*** дүгээр захирамжаар газрын талбай хэмжээг 613 м2 болгон нэмэгдүүлсэн нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байна.
19. Улмаар гуравдагч этгээд Н.Э, гуравдагч этгээд А.Ж нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хийгдсэн байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дүгээр дүгээр захирамжаар 613 м2 газрын эзэмших эрхийг А.Ж-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-д заасныг зөрчөөгүй бөгөөд ийнхүү шилжүүлэхэд газрын байршил, хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, А.Ж-т уг газрыг эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн нь хуульд нийцжээ.
20. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, гуравдагч этгээд Э.Э-ийн эзэмшиж байсан 613 м2 газрыг гуравдагч этгээд А.Ж-т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь гуравдагч этгээдийн газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА