Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00024

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, шүүгч С.Цэрэнханд, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ж.Лхагва-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, П.Ган-Очир,

Шүүгдэгч Х.Гомбодагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гомбодагвад холбогдох 132/2016/021/Э индекстэй, эрүүгийн 201606000274 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 2-р баг Хөрөө рамын 8-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хатанбаатар овгийн Хишигсүрэнгийн Гомбодагва /РД: ГР70061113/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Гомбодагва нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2-р багийн Хөрөө рамын 8-7 тоотод оршин өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Л.Мягмарсүрэнг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Х.Гомбодагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 02 манай эхнэр Мягмарсүрэнгийн төрсөн өдрийн баяр байсан. Би Булган Мээж ХХК-д ажил орохоор хөдөөнөөс ирсэн. Бид 2 Батжаргалын гэрт мах идсэн, мөн 1 шил архи уусан. Үүний дараа би Батжаргал, түүний эхнэр Наранцэцэг нарын хамт Булган Мээж ХХК руу очсон. Булган Мээж ХХК-д очиход дарга нар нь байхгүй, миний ажлыг хойшлогдсон талаар хэлсэн. Би Хаан банкнаас мөнгө авах ажилтай байсан боловч энэ ажил бүтээгүй. Ингээд бид 16 цагийн үед харихаар болсон бөгөөд Батжаргал, Наранцэцэг нар манай эхнэр Мягмарсүрэнгийн төрсөн өдрийн баяр гээд Анар дэлгүүрээс 1 шил архи, 1 ундаа авсан. Бид харихдаа такси барьсан бөгөөд замд Хуягаа тааралдахаар нь түүнийг аваад манайд очсон. Би гэртээ ороход эхнэр Мягмарсүрэн согтуу хэвтэж байсан. Би түүнийг согтуу байсан учраас сэрээгээгүй. Бид гал тогооны өрөөнд авсан архиа уусан. Энэ үед эхнэр Мягмарсүрэн боссон бөгөөд надтай маргалдах гээд байхаар би түүнийг түлхэж унагасан. Харин эхнэр Мягмарсүрэн цаашаа явсан. Манай эхнэр надтай маргалдах гээд байсан тул Батжаргал манайд очиж архи ууя гэж хэлсэн. Ингээд бид Батжаргалын гэрт орсон бөгөөд архиа уусан. Би буцаад гэр рүүгээ гал түлэхээр орсон бөгөөд эхнэр Мягмарсүрэнтэй маргалдсан. Би түүнийг 2-3 өшиглөсөн, мөн алгадсан. Үүний дараа Дашзэвэг гаднаас орж ирсэн бөгөөд бид гэрт байсан бага зэргийн үлдсэн байсан архийг уусан. Дараа нь дэлгүүрээс архи авсан. Бид дэлгүүрээс авсан архиа ууж байхад Баяртмаа нөхөртэйгээ, Батжаргал эхнэртэйгээ, мөн Батсүх ирсэн. Тэд зүүн түрүүнээс архи авч уухаар болсон. Би хамт архи уусан, хоол идсэн, тамхи татсан. Би их согтсон бөгөөд гэртээ яаж орсоноо мэдэхгүй байгаа. Гэрт орсоны дараа эхнэртэйгээ хэрэлдсэн. Би түүний хажуугаар хэвтсэн бөгөөд түүнийг углаашаар цохиж байснаа мэдэж байна. Би унтаж байгаад сэрээд эхнэрээ босгох гэхэд нэг л биш байдалтай харагдаад байхаар нь Батжаргалыг дуудсан. Би Батжаргалд эхнэр зодсон гэдгээ, мөн түүнийг сэрэхгүй байгааг хэлсэн. Үүний дараа би гэр рүүгээ хүүхэдтэйгээ хамт орсон. Цагдаа болон эмнэлгийн тусламж дуудсан. Эмч эхнэр Мягмарсүрэнг нас барсан гэж хэлсэн. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

201606000274 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Х.Гомбодагвын өгсөн: Х.Гомбодагвын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг өнгөрч байхад талийгаач бид хоёр боссон. Тэгээд цайгаа чанаж байхад 08 цагийн үед манай ард талын айлын Батжаргал, эхнэр Наранчимэгийн хамт манай гэрт орж ирээд урьд өдөр орхисон куртикээ авахаар орж ирсэн. Манайх мах чанаж байгаа төмс байна уу гээд төмс аваад талийгаач бид нар хамт Батжаргалынд орсон. Батжаргал дэлгүүр рүү архи авч ирэх гээд явсан. Тэгээд 30-40 минутын дараа Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи авч ирээд бид дөрөв хувааж ууцгаасан. ..17 цаг хүртэл хамт байж байгаад зээл нь бүтэхгүй болхоор нь таксины буудлаас такси аваад буцах замдаа Анар төвөөс Батжаргал, Наранчимэг хоёр 1 шил 0.75 литрийн Ерөөл архи нэг шил, 1 ширхэг кола ундаа аваад шууд манай гэрлүү явсан. Анар төвд Булган мээж-д хамт ажиллаж байсан Оёгоо /Оюунбаатар/ ах таараад бид гуравтай хамт манайх руу явсан. Гэрийнхээ гадаа ирээд бид дөрөв байшинд ороход талийгаач гэртээ том өрөөний голд матрасан дээрээ согтуу унтаж байсан. Тэгээд би очоод Мягаа босох юм уу гэсэн чинь зайлцгаа зайлцгаа гээд нилээд согтуу болохоор нь хэсэг унтаг гээд бид дөрөв үүдний өрөөнд авч ирсэн архиа ууж байсан чинь талийгаач босч ирээд Гомбо чи муу хөгийн пизда зайлаарай гээд хэрүүл өдөөд юм яриад байсан. Батжаргал наадах чинь агсан тавих шинжтэй байна. Ерөөсөө манайд орж ууя гэж хэлээд бид дөрөв гараад Батжаргалынд орох гээд явтал талийгаач довжоон дээр гарч ирчихээд хашгираад байхаар нь би гэртээ оруулж унтуулчихаад араас чинь ороё, наадах чинь аягүй бол салгалаад ороод ирнэ гэж хэлээд би талийгаач дээр очсон. Намайг гэрт ороход талийгаач орон дээрээ хэвтчихсэн байсан. Би тэгэхээр нь хөргөгч онгойлгоод үзсэн чинь 0.5 литрийн ерөөл архи ёроолоосоо арай дээгүүр байхаар нь хүүр минь чи ганцаараа уугаад архичин болчихсон юм уу гэсэн чинь үгүй, үгүй хөгшөөн Дашзэвэгтэй хамт уусан юм. Төрсөн өдөр гээд надад авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө архинаас нэг хундага өөртөө хийж уугаад, чи уух юм уу гэсэн чинь өгвөл ууна шүү дээ гэхээр нь нэг хундага хийж өгөөд үлдсэнг нь би дахиад уучихсан. Тэгсэн чинь буцаад хэвтээд өгөхөөр нь би галдаа мод хийчихээд Батжаргалынд орсон. Тэгээд авч ирсэн архиа уучихаад би гэртээ орсон. Гэртээ ороод би талийгаачийг чи босооч гээд өгзөг хавь руу нь 2-3 удаа өшиглөөд нэг удаа ам руу нь баруун гараараа алагдсан чинь шүднээс нь цус гарчихсан. Тэгэхээр нь 00-н цаасаар амыг нь арчаад хогийн сав руу хийсэн. Тэгээд байж байхад манай ард гэр нь байдаг Дашзэвэг орж ирээд ганц юм уухуу гэхээр нь тэгье л дээ гээд жалгын наад толгой дээр байдаг ногоон дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авсан. 4000 төгрөг дутаад байхаар нь Дашзэвэг гар утасаа барьцаанд нь үлдээсэн. Дашзэвэг бид хоёр буцаж манай гэрт ирэхэд талийгаач орон дээрээ хэвтэж л байсан. Дашзэвэг бид гурав нөгөө архиа уугаад эхэлж байхад гаднаас Батжаргал, Наранчимэг, Батбаяр, Баяртмаа, Батсүх нар орж ирсэн. Тэгээд тэр архийг хувааж уугаад би нилээд согтчихсон. Тэгээд би тэд нарыг гарч явахыг ч бас сайн мэдэхгүй байгаа юм. Талийгаачтай хоёулаа маргалдаад би өдөр яахаараа тасартлаа уучихдаг юм гээд маргалдсан. Тэгээд би зуух руу түлхсэн байх, шанаа хэсэг нь язарчихсан байх шиг байсан. Тэгээд орондоо хамт ороод хэвтээд дахиад маргалдаад би тавчиг, гутлаар хөл, гар, гэдэс, гуя руу нь нилээд олон удаа л цохьсон /яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна/. Тэгээд би хажууд нь унтаад өгсөн. Удаагүй сэрээд харсан чинь амнаас нь зүүн чих, эрүү хэсгээс нь цус гарчихсан бие нь энд тэндгүй хөх алаг болчихсон байхаар нь би сандраад хойд айлын Батжаргалынд ороод эхнэр нэг л биш болчихлоо гэж хэлээд түргэн дуудаад ирэх хооронд Батжаргал хүүгийнхээ хамт бид гурав гэрт орсон. Түргэний эмч, цагдаа хоёр бараг зэрэг ирсэн байх тэгээд үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Амандаа үглээд нилээд согтчихсон байдалтай хэвтэж байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан. Зүрх өвдөөд байх шиг байна гэж хэлж байсан би тэгээд улаан хайрцагтай эмийг нь авч өгсөн. Ямар эм уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Өдөр архи ууснаас болж л маргалдсан. Согтуу тасраад уначихсан, галаа түлээгүй байхаар нь уур хүрээд уурласан юм. Урьд өмнө архи дарснаас л болж маргалддаг байсан. Би талийгаачид урьд өмнө маргалдахдаа гар хүрч байсан. Энэ зун 6 сарын үед намайг архи уулаа гээд маргалдаад зугтахаар нь би чулуу шидсэн чинь мөрөн дээр нь оноод тэрнээс хойш мөр нь өвдөөд байгаа гэж байсан. Жижиг маргаанууд бол зөндөө гарч байсан. Талийгаачийн биед учруулсан гэмтлийг би цохиж зодож учруулсан. Надаас өөр хэн нэгэн талийгаачийг цохиж зодсон асуудал байхгүй. Талийгаач бид хоёр л гэртээ байсан. Би талийгаачийг зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 111,112 тал/,

Хохирогч М.Лхагвасүрэнгийн өгсөн: Би болсон явдлын талаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө мэдсэн. Яг ямар шалтгаанаар нас барсныг хэлээгүй. Булганд ирэхэд задлан шинжилгээнд орох гэж байна гэсэн. Задлан шинжилгээнд орсны дараа харахад бие нь хөх алаг болсон байсан. Тэгээд цагдаа нар Х.Гомбодагва ахыг цагдан хорьсон гэдгийг дуулаад зодсон асуудал байгаа юм байна гэдгийг ойлгосон. Талийгаач ерөнхийдөө тайван хүн байсан. Хааяа архи уухаараа хоорондоо маргалдаж зодолддог юм шиг байсан. Яг зодож байхыг нь хараагүй ч хааяа нүд нь хөхөрцөн байдаг. Заримдаа Гомбодагва ахыг цохисон гэж хэлдэг байсан. Гомдолтой гэхэд хэцүү, гомдолгүй гэхэд хэцүү л байдалтай байна. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 39 тал/,

Гэрч Я.Батбаярын өгсөн: Мягаа тасарчихсан байна ш дээ гэсэн чинь Батжаргал харин тиймээ Мягаа өдөр Даштай хамт уугаад тасарчихсан юм шиг байна лээ гэж хэлсэн юм. Тэгээд бид нар Батжаргалынд хэсэг юм ярьж сууж байгаад цонхоор нь хартал Гомбо, Даш хоёр Гомбын гэр лүү яваад орсон. Тэгээд Батжаргал, манай эхнэр Баяртмаа, Нараа, Батсүх бид хэд Гомбын гэрлүү оръё гээд орсон. Ороход Гомбо, Даш, Мягаа гурав ерөөлийн 0.75 литрийн архи задалчихсан дөнгөж ууж эхэлж байхад нь орсон. Тэгээд ороход Мягаа миний төрсөн өдөр шүү гэхээр нь манай эхнэр Баяртмаа чамд архи авч өгөхгүй. Харин 10 литр хуушуур хайрах тос, нэг бөндгөр байцаа, нэг 00-ийн цаас өгье гэж хэлсэн. Тэгэхэд Мягаа баярлалаа, баярлалаа гэж хэлсэн. Тэгээд тэр архийг наймуулаа уучаад гарсан. Тэгээд би 12 цаг жоохон өнгөрч байхад босож бие засчихаад довжоон дээрээ тамхи татаад сууж байхад Батжаргал хар хурдаараа гүйж ирээд утас чинь байна уу гэхээр нь яасан гэсэн чинь цаад Мягаа чинь өнгөрчихсөн юм шиг байна гэхээр нь эхнэр бид хоёр босоод Гомбын гэрт нь ороход Гомбо том өрөөнийхөө орон дээр суучихсан Мягаа газар зассан орон дээрээ хөнжилөө аман дээгүүрээ нөмөрчихсөн яг л унтаж байгаа хүн шиг л байсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан юм. Тэгээд эхнэр бид хоёрын оруулж өгсөн тосон дотор Мягаагийн өрөөсөн гутал орчихсон байсан. Түргэний эмч ирээд хөнжлийг сөхөөд харахад бие нь нилэнхүйдээ хөх няц болсон уруул нь хавдсан байдалтай байсан би өөр юм анзаараагүй гэх мэдүүлэг / хх 41-42 тал /,

Гэрч Д.Батсүхийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед Батжаргал ахын гэрт ороход Батбаяр, Баяртмаа, Нараа, Батжаргал нар байж байсан тэгээд бид 6 Гомбын гэр лүү орсон. Гэрт нь ороход Гомбо, Даш, Мягаа гурав голдоо ерөөлийн 0.75 литрийн архи тавьчихсан дөнгөж задлаад сууж байсан тэгээд бөөнөөрөө архийг нь уучихаад Нараа, Даш бид 3 зүүн түрүү рүү архинд яваад буцаж байтал Батжаргал ах залгаад манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Батжаргал ахын гэрт ороход Батбаяр ах Баяртмаа эгч, Батжаргал ах гурав байж байсан тэгээд бид 3 авч ирсэн 2 шил 0.5 литрийн ерөөл архи нэг том пивотой уугаад 22 цаг өнгөрч байхад харьсан байх. Тэгээд гэртээ хариад унтаж байхад Батбаяр хаалга тогшоод Мягаа   өнгөрчихсөн   байна   ш дээ   гэж   хэлсэн.   Тэгээд   очиход   цагдаа   ирчихсэн хамгаалалт аваад байж байсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Н.Батжаргалын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг 30 минутын үед би эхнэр Наранчимэгийн хамт Гомбын гэрээс утаа гарч байхаар нь орсон юм. Гэрт нь ороход Мягаа, Гомбо 2 галаа түлээд цайгаа чанаад сууж байсан. Тэгсэн чинь Мягаа төрсөн өдөр болж байна. Төрсөн өдрийн юм авч өгөөч гэхээр нь мөнгөгүй байна гэж хэлсэн. Харин тэрний оронд адууны мах ид гээд манайх руу дөрвүүлээ манай гэрт орсон. Тэр үед манай арын үзүүрийн хашааны Дашзэвэг орж ирсэн чинь Мягаа 10000 төгрөг гаргаж ирээд түүнийг архи авчруулахаар явуулсан. Тэгээд архиа ууж дуусаад Гомбо, Батсүх 2 ажилд орох хүнтэй уулзана гээд Наранчимэг бид 2 банк орохоор дөрвүүлээ явсан. Дашзэвэг, Мягаа 2 гэр гэрлүүгээ орсон. Бид 4 ажлаа хөөцөлдөж дуусаад Мягаагийн төрсөн өдөр гээд 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад, харих замд хамт ажилладаг Оюун-Эрдэнэ ах таараад Гомбынд очсон. Гомбынд ороход Мягаа тасарсан байдалтай том өрөөнийхөө голд гэрийн халаадтайгаа цаашаа хараад хэвтэж байсан. Тэгээд бид 4 нөгөө архиа үүднийх нь өрөөнд ууж эхлэхэд Мягаа босож ирэхээр нь кола уучих гэсэн чинь уухгүй Гомбоо пизда гэж хэлчихээд буцаад хэвтээд өгсөн. Бид нар Гомбынхоос гарч манайд орохоор явахад Гомбо буцаад гэрлүүгээ явсан. Би яах гэж байгаа юм бэ гэхэд галаа түлье гэж хэлсэн. Удалгүй 15-20 минутын дараа Гомбо манайд орж ирж нөгөө архинаасаа уучихаад гэрлүүгээ орсон. Тэр үед Дашзэвэг Гомбынд орж байгаа харагдсан. Удалгүй Гомбо, Дашзэвэг 2 дэлгүүр явж байгаа харагдсан. Би гэрээсээ гараад Батбаярынд ороход гэртээ ирээгүй байсан тул гараад явж байтал Батбаяр эхнэр Баяртмаагийн хамт Гомбынхоос гэрч ирж байсан. Та 2 ажлаасаа одоо ирж байгаамуу гэсэн чинь тиймээ Мягаа төрсөн өдөр гээд архи нэхээд байхаар нь цайны газраас хувинтай тос, байцаа, 00-н цаас авчирлаа. Мягаа биднийг орсныг ч мэдэхгүй тасарчихсан байна гэсэн. Тэгээд бид хэд манайд сууж байхад Гомбо, Дашзэвэг 2 Гомбынд орж байсан. Тэгэхээр нь бид нар нар наад хоёр чинь ганц юмтай ирсэн байх төрсөн өдрийн юм ууя гээд Батбаяр, Баяртмаа, Наранчимэг, Оюун-Эрдэнэ, Батсүх бид 6 Гомбынд ороход ерөөл нэртэй 0.75 литрийн архи тавьчихсан ууж байсан. Мягаа орон дээрээ босоогүй хэвтэж байсан. Тэр архийг ууж дуусаад Гомбынхоос тарцгаасан. Тарахдаа дахиад ганц нэг юм ууя гэж яриад эхнэр Наранчимэг, Батсүх, Дашзэвэг нар явсан. Гомбо, Мягаа хоёр гэртээ үлдсэн. Би Батбаярын утсаар эхнэрлүү залгасан чинь очиж явна гэхээр нь Батбаяр, Баяртмаа хоёр манайд байна шүү шууд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэр гурав ирэхдээ 2 шил 0.5 литрийн ерөөл архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво авч ирээд эхний шил архи, пиво талдаа орж байхад Гомбо орж ирээд та нар хэзээ ирчихсэн юм гэж асуугаад тамхи надаас асуухаар нь танай гэрт байсан шдэ гэсэн чинь харин байхгүй байна. Та ороод тамхи олоод ирээд гэхээр нь би яаж харанхуй шөнө танайхруу ордог юм гээд эмийн хайрцагнаасаа 1 ширхэг тамхи өгсөн чинь авч татаад бид нартай хамт суугаад архи пивийг хувааж ууцгааж дууссан чинь Гомбо дахиад нэг шил архи аваадхая гэхээр одоо хэрэггүй гэж хэлээд гэр гэрлүүгээ явцгаасан. Тэр үед Дашзэвэг манай гэрт унтаж байхаар нь сэрээгээд ахын дүү харьж унт гээд гэрлүү нь явуулахад цаг бараг 22 цаг өнгөрч байсан байх. Тэгээд унтаад байж байхад шөнө 00 цагийн үед Хөтөө ахаа гэж зөөлхөн хаалга тогшихоор нь би Гомбыг гэж мэдээд дахиад архи л авч ирж байгаа байх гэж бодоод онгойлгохгүй байсан чинь хүүхэд онгойлгоод өгчихсөн. Тэгээд би унтаж байгаа дүр үзүүлээд нүдээ аниад хэвтэж байхад Гомбо ирээд хөнжлийг маань хэд хэд зөөлхөн татахаар нь яасан гэж асуусан чинь Мягаа ерөөсөө сэрэхгүй байна та хараад өгөөч гэж хэлхээр нь юу яриад байгаа юм гээд Гомбынд орсон чинь харахад унтаж байгаа хүн шиг дээшээ харсан эрүү хүзүү хүртэл нь хөнжлөөр хучаастай байсан. Би тэгээд дөхөөд харсан чинь чихнээс нь цус гарчихсан царай нь нэг л сонин болчихсон байхаар нь чи ийм болгочихоод түргэн дуудахгүй яасан юм гэсэн чинь Гомбо харин тийм ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гүйгээд Батбаяр, Баяртмаа хоёрт хэлээд Батбаяраар түргэн, цагдаа дуудуулсан. Гомбо сүүлд манайд орж ирэхдээ л нэг л уравгар сонин болчихсон байн байн цонхоор гэрлүүгээ хараад байх шиг байсан. Урд нь ингэдэггүй байсан болхоор би тухайн үед яагаад байгаа юм бол гэж харж байсан. Түргэн дуудахад 00 цаг 20 минут болж байсан. Түргэн, цагдаа хоёр удаагүй хүрээд ирсэн. Түргэн нь эхэлж ирээд эмч нь хэн ямар дуудлага өгсөн орж харая гээд ороод талийгаачийн хөнжлийг сөхөхөд дээд цээжин бие нь нүцгэн энд тэндгүй хөх няц болчихсон харагдсан эмч хараад аль хэдийн өнгөрчихсөн байна шдэ та хэд гарч бай гэж хэлээд гарахад цагдаа ирчихсэн байсан гэх мэдүүлэг,

Гэрч А.Дэшзэвэгийн өгсөн: 2016 оны 11 сарын 02-ны өглөө 09 цагийн үед би босоод Батжаргал ахынд ороход Батжаргал ах Нараа эгч, Батбаяр, Гомбодагва, талийгаач нар байсан Хамт хоол идээд сууж байхад талийгаач миний төрсөн өдөр ганц юм уучихмаар байна. Миний дүү гүйгээд ирэх үү гэхээр нь би 1 шил монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи авч ирээд тэд нар ууцгаасан. Би тэр архинаас бол бараг уугаагүй, Нараа, Гомбодагва, Батжаргал нар банк орох ажилтай гэж байсан. Би  төв рүү ордог юм уу гэж бодоод гэртээ орчихоод гараад ирсэн чинь явчихсан байсан. Тэгээд би доошоо уруудаад явж байхад талийгаач гаднаасаа орилоод эгчийнх нь төрсөн өдөр ш дээ ганц юм авч ирээрэй гэхээр нь надад мөнгө байхгүй ш дээ хүнтэй уулзаад бүтвэл авч ирье гэж хэлээд явсан. Тэгээд мөнгө авах хүнтэйгээ уулзаад 2 шил 0.5 литрийн архи, боов талх зэрэг ойр зуурын юм аваад гэртээ харьсан. Харих замд таньдаг хүнтэй таараад 1 шил архиныхаа талыг уугаад харьсан. Гэртээ очоод нөгөө тал архинаасаа ганц нэг татаад гал түлэх гээд сууж байхад талийгаач орж ирсэн. Тэгээд чи төрсөн өдөр гээд байхад ямар өөдгүй юм бэ гэхээр нь би тал юм өгөөд яахав гэж бодсон юм гэж хэлээд бид хоёр тэр архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд үг хаяад байхаар нь дахиж нөгөө үлдсэн архиа гаргаж ирээд бид хоёр нэг нэг хундага уучихаад үлдсэн архиа талийгаач аваад гарсан. Манайд орж ирэхдээ ягаан эрээн зузаандуу халадтай, тавчиктай орж ирсэн. Тэгээд 18 цагийн үед сэрээд Гомбодагвынд ороход Гомбодагва галаа түлэх гэж байсан. Талийгаач зургатныхаа урд талд падушкан дээр Гомбоо пизда гээд орилоод хэвтээд байсан. Тэгсэн чинь Гомбодагва надаас юм байна уу гэхээр нь би Мягаа эгчид өгөөд явуулсан ш дээ та уугаагүй юм уу гэсэн чинь, наад пизда чинь ганцаараа уучихгүй юу гэж хэлсэн. Тэгээд Гомбодагва бид хоёр архинд толгойн дэлгүүр рүү яваад би гар утсаа тавиад 1 шил 0.75 литрийн ерөөл архи аваад буцаж ирсэн. Ирээд нэг нэг татаад сууж байхад Батжаргал, Наранчимэг, Батбаяр, Баяртмаа, Батсүх, Оюун-Эрдэнэ нар орж ирсэн. Тэгээд тэр архийг хувааж ууцгаасан. Архиа дуусаад дахиж архинд Наранчимэг, Батсүх бид гурав Зүүнтүрүү явж 2 шил 0.5 литрийн ерөөл архи 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад буцаж явахад Батсүхийн утас дуугараад ярихад шууд хойно хүрээд ир Гомбодагвынд гал хөс ч байхгүй гэж хэлэхээр нь шууд Батжаргалынд буугаад ороход Батжаргал, Батбаяр, Баяртмаа нар байсан Гомбодагвыг асуухад галаа түлэх гээд орсон гэж байсан. Тэгээд 1 шил архиныхаа талыг уугаад пивоныхоо талыг уугаад сууж байхад Гомбодагва орж ирсэн. ..Унтаж байхад хаалга тогшихоор нь сэрээд харсан чинь цаг 03 цаг 30 минут болж байхаар нь гайхаад онгойлгоход Батсүх, Наранчимэг хоёр орж ирээд Мягаа эгч чинь өнгөрчихжээ. Гомбодагва, Батжаргал нарыг цагдаа аваад явчихаж гэхээр нь би тоглоод байгаарай нэмээд уучихсан юм уу гэж хэлсэн чинь юу гэж тоголдог юм худлаа гэвэл ороё гэхээр нь Гомбодагвынд ирэхэд баахан цагдаа, машинууд ирчихсэн байхаар нь үнэн юм байна гэж итгэсэн. Тэгээд цагдаа нар бид гуравыг аваад цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг / хх-ийн 47-48-р хуудас /,

Гэрч Д.Баяртмаагийн өгсөн: Оройн 18 цаг өнгөрч байхад ажлаасаа буухдаа 10 литрийн хуванцар саваар дүүрэн урьд нь хэрэглэсэн ургамлын тосыг аваад Гомбодавгын гэрт орсон. Тэгээд байшин дотор ороход байшингийн хаалга нь онгорхой, газраар гудас дэвсээд түүн дээрээ Мягмарсүрэн унтсан байсан. Намайг орохыг мэдэхгүй байхаар нь би ургамлын тосыг пийшингийн хажуу талд нь тавиад байшингаас гарч явсан. ..Батжаргал, Наранчимэг хоёр Мягмарсүрэнгийн төрсөн өдөр юм ганц шил архи нэхээд байгаа юм чинь авч өгье гэж ярилцаад архи худалдаж авалгүйгээр Батжаргал, Наранчимэг бид нар Гомбодавгын гэрт ороход Гомбодавга, Дашзэвэг, Мягмарсүрэн нар нь 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг голдоо тавьсан уугаад сууж байхаар нь тэр архинаас нь бид нар хамт уусан. Бид нар ганц шил архи авч өгье гээд Наранчимэг, Дашзэвэг, Батсүх нар нь таксидаад архи авчирахаар явахаар нь би хойшоо гэр рүүгээ орж цүнхтэй эд зүйлсээ тавихад 19 цаг болж байсан. ..Архи дууссаны дараа бид нар гэр рүүгээ явцгаасан. Гэртээ унтаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас Батжаргал орж ирээд Мягмарсүрэн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байна очоод хараадхаач гэхээр нь нөхөр Батбаяр, Батжаргал бид гурав Гомбодавгын гэрт ороход Мягмарсүрэн газарт гудсан дээр дээшээ харсан байрлалтай хэвтсэн байсан. Би Мягмарсүрэнгийн нүүр царай нь хөхөрсөн байхаар нь түргэн тусламж дуудаачээ гэхэд удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирж байх хооронд би Гомбодавгаас юу болсон талаар асуухад Мягмарсүрэнг зүрхний эм гээд байсан авч өгч чадалгүй Батжаргалыг дуудсан гэж хэлсэн юм. Намайг байшин дотор ороход Гомбодавга, Дашзэвэг нар нь орон дээр суусан, Мягмарсүрэн нь газарт сууж байсан. Архинаасаа нэг нэг татаад сууж байх шиг байсан. Мягмарсүрэн нь архинаас нэг татаад цаашаагаа хараад гудсан дээрээ хэвтээд өгөхөөр нь би Мягмарсүрэнг ууж чадахаа болж дээ эгч нь архи өгөхгүй тос өгнө гэж хэлээ биз дээ гэхэд юм ярихгүй байсан. Намайг байшин дотор ороход ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Гомбодавга байшин дотроо орон дээрээ сууж байсан. Байшин доторх эд зүйлс эмх замбараагүй болоогүй, эмх цэгцтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рхуудас/

Гэрч Д.Наранчимэгийн өгсөн:  Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 02-ны өглөө 08 цагийн үед би нөхөр Батжаргалын хамт манай урд талын айл болох Гомбодагвын гэрт нөхрийн гадуур куртик хувцасыг авах гэж ороход тэр хоёр хоёулаа босчихсон цайгаа чанаж байсан. Тэгээд нөхөр бид хоёр банкаар хөөцөлдөх ажилтай та хоёр орж ирж хоол ид гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хамт манай гэр рүү орцгоосон. Ороод талийгаач миний төрсөн өдрийг тэмдэглэх юм байгаа биз дээ гэж хэлэхээр нь манай нөхөр Батжаргал аль дэлгүүр орж авсан юм бүү мэд нэг мэдэхэд нэг шил архи аваад ирсэн байсан. Яг ямар нэртэй хэдэн литрийн архи байсныг би сайн анзаарч хараагүй. Тэгээд тэр хэд архиа ууж дуусаад талийгаач гэрлүүгээ ороод би нөхөр Батжаргал, Гомбодагва нарын хамт таксинд явдаг Батсүхийг дуудаж төв ХААН банк руу таксидаж очсон. Банкин дээр Батсүх бид хоёр үлдээд хэсэг хугацааны Гомбодагва буцаж ирээд бид 3 өдөржингөө хамт банкин дээр ажил хөөцөлдөж байгаад Батжаргалтай хамт ажилладаг Оюунгэрэлтэй таараад бид дөрөв бараг 17 цагийн үед таксидаад Гомбодагвынд ирсэн. Ирэхдээ талийгаач төрсөн өдөр гээд байсан болхоор 1 шил 0.75 литрийн архи 1 кола ундаа аваад гэрт нь орсон чинь талийгаач гэрийнхээ хойморь хэсэгтээ матраасан дээр тасарчихсан согтуу унтаж байсан. Гомбо талийгаачийг дуудсан чинь бүр сэрэхгүй байсан чинь Гомбо энэ маань хэнтэй уучихсан юм бол аймар согтуу байх чинь гэж хэлсэн. Тэгээд бид 4 үүдний өрөөнд нь нөгөө архиа хувааж уугаад сууж байхад талийгаач орон дээрээ өндийж сэрчихээд хөөе Гомбоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь энд хашигчаад тухгүй байна гээд манай гэрлүү талийгаачийг үлдээгээд бид дөрвүүлээ орж архиа ууж дуусгасан. Дуусаад Гомбо гэрлүүгээ орлоо гээд явчихсан. Тэр үед манай хөрш Баяртмаа нөхөр Батбаярын хамт ажлаасаа тарж яваад манайд орж ирсэн. Орж ирээд талийгаачийг гэрт нь орж тос тавьсан чинь ерөөсөө сэрэхгүй согтуу байна Гомбо, Дашзэвэгтэй хамт урд дэлгүүр орж яваа харагдсан ганц юмтай ирж байгаа байх бүгдээрээ орьё гэж хэлээд Батбаяр, Баяртмаа, Батжаргал, Батсүх, Оюунгэрэл бид 6 Гомбынд ороход Гомбо, Дашзэвэг хоёр 0.75 литрийн Ерөөл архи задалчихсан ууж байсан. Бид нар тэр архийг хувааж ууж дуусгаад Батсүх, Дашзэвэг бид 3 Оюунгэрэл ахыг гэрийнх нь гадаа буулгаад зүүн түрүүний дэлгүүр орж 2 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад буцаад явж байхад Батсүхийн утас руу нэг нь залгаад шууд хойно хүрээд ир гээд гэрт шууд очсон. Гэртээ ороход Баяртмаа, Батбаяр нөхөр Батжаргал 3 байсан. Тэгээд удаагүй Гомбо орж ирээд хоол хийгээд архи пивио ууцгаасан. Би пивоноос нь уугаад архинаас нь бараг уугаагүй эхний 1 шил архи уугаад дуусч байхад би унтаад өгсөн. Нэг мэдэхэд хөөе сэрээрэй гэж Баяртмаа, Батбаяр хоёр сэрээгээд болсон явдлыг сонсоод талийгаачийнд ирэхэд цагдаа нар ирчихсэн хамгаалалт авсан гэж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 53-54-р хуудас /

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 83 тоот

1. Талийгаачийн биед хэвлийн хөндийн эрхтэний битүү гэмтэл: хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, зүүн бөөрний эдийн няцрал, задрал, зүүн бөөрний өөхөн эслэг, сэмж, чацархайд цус хуралт, зүүн талын 4,5,11, баруун талын 8,9-р хавирганы далд зөрөөтэй хугарал, дух хэсгийн толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн хацарт, дээд уруул, эрүү, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн хөх, цээж, хэвлий, цавь, баруун бугалга, шуу, бугуйн үе, сарвуу, баруун гарын 1,3,4,5-р хуруу, баруун бугалга, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гарын 1, 5-р хуруу, зүүн ташаа, гуя, өвдөг, шилбэ, бүсэлхий, зүүн, баруун өгзөг, нуруунд цус хуралт, нуруу, ууц, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд шарх/дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, оочинд шарх, зулгаралт, баруун мөр, баруун хөх, цээж, хэвлийд зулгаралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амьддаа үүссэн гэмтэл тогтоогдлоо. Баруун хөх, цээж, хэвлийд үүссэн шаргал өнгийн зулгаралт нь нас барсны дараах үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.

4. 4 Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх 61-63 тал/,

Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаанд

1. Х.Гомбодагва нь 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан. тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгох чадвартай байсан.

2. Х.гомбодагва нь одоо сэтгэцийн хувьд эрүүл.

3. Хэрэг хариуцах чадвартай.

4. Албадан эмчилгээ шаардлагагүй гэсэн дүгнэлт /хх 81 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9658 тоот

1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Гомбодагвын гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна.

2. Л.Мягмарсүрэнгийн гэх цус нь АВО системээр А/П/ бүлгийн харьяалалтай байна.

3. Шаргал өнгийн түрийтэй хос гутал, чирнелин ягаан өнгийн бэлтгэлийн зузаан өмд, улаан өнгийн цэцэгний зурагтай цэнхэр өнгийн дэр, ягаан өнгийн цэцэгтэй дэр, ягаан өнгийн шоо хээтэй дэр, ягаан өнгийн дэр, ягаан өнгийн алчуур, улаан эрээн өнгийн хивсний хэсэг, 33x10 см хэмжээтэй улаан эрээн өнгийн хивсний хэсэг, 20x16 см хэмжээтэй ногоон эрээн өнгийн хулдаасны хэсэг, 00-ийн цаасны хэсэг, ягаан эрээн өнгийн халаад, хөх өнгийн хөхний даруулга, хар өнгийн нилон бэлтгэлийн өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

4. Ягаан өнгийн цэцэгтэй дэр, ягаан өнгийн шоо хээтэй дэр, улаан эрээн өнгийн хивсний хэсэг, 20x16 см хэмжээтэй ногоон эрээн өнгийн хулдаасны хэсэг, ОО-ийн цаасны хэсэг, ягаан эрээн өнгийн халаадан дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай байна.

5. Хөх өнгийн хөхний даруулга, хар өнгийн нилон бэлтгэлийн өмд, 33x10 см хэмжээтэй улаан эрээн өнгийн хивсний хэсэг, ягаан өнгийн дэр, ягаан өнгийн алчуур, шаргал өнгийн түрийтэй хос гутал, чирнелин ягаан өнгийн бэлтгэлийн зузаан өмд, улаан өнгийн цэцэгний зурагтай цэнхэр өнгийн дэрэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

6. Эмэгтэй хүний ягаан өнгийн дотоож, ногоон өнгийн судалтай өрөөсөн оймс, хананы цаасны хэсэг, улаан эрээн өнгийн өмд, хар эрээн өнгийн өмд, саарал өнгийн хос оймс, ягаан өнгийн хос оймс, цайвар ягаан өнгийн хос оймс, цагаан өнгийн торон бүтээлэг, шаргал өнгийн өрөөсөн хагас түрийтэй гутал, хар өнгийн майк, бор өнгийн шоо хээтэй дэвсгэр даавуу.бор өнгийн хантааз, ногоон өнгийн ноосон цащдан дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй гэх дүгнэлт / хх 89-90 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9657 тоот

1. Шинжилгээнд ирүүлсэн биоматериалыг шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Л.Мягмарсүрэн гэж хаягласан цусанд 2,9 промилли, цөсөнд 3,7 промилли, ходоодны шингэнд 3,0 промилли, Гомбодагва гэж хаягласан цусанд 1,7 промилли тус тус спиртийн агууламж илэрсэн. Гомбодагва гэж хаягласан цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Л.Мягмарсүрэн гэсэн хаягтай цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. / хх 93 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6627 тоот

1. Шинжилгээнд ирүүлсэн шар оруулагатай чернилэн ягаан өмд, Еllеssе гэсэн бичигтэй хар өмдөнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан гогодсон уранхайнууд, -Чернилэн ягаан өмдөнд цулгарсан уранхай, торон материалтай цулгуй ягаан дэр, саарал хөхний даруулга, халаад, бор шаргал нэг ширхэг гутланд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан ханзарсан уранхайнууд, халааданд дулааны үйлчлэлийн улмаас гарсан түлэгдсэн цоорхойнууд гарсан байна.

2. Дээрх уранхайнууд нь шинээр гарсан байна. /хх-ийн 96-97-р хуудас/ гэх дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх 01 тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 03 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-18 тал/,   хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-22 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-31 тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 32-34 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи ял шалгах хуудас /хх 110 тал/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Гомбодагва нь 2016 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2-р багийн Хөрөө рамын 8-7 тоотод оршин өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Л.Мягмарсүрэнг зодож амь насыг хохироосон үйл баримт болжээ.

 

Энэ үйл баримт нь шүүгдэгч Х.Гомбодагвын өгсөн: ...Гэртээ ороод би талийгаачийг чи босооч гээд өгзөг хавь руу нь 2-3 удаа өшиглөөд нэг удаа ам руу нь баруун гараараа алагдсан чинь шүднээс нь цус гарчихсан. Тэгэхээр нь 00-н цаасаар амыг нь арчаад хогийн сав руу хийсэн, … Талийгаачтай хоёулаа маргалдаад би өдөр яахаараа тасартлаа уучихдаг юм гээд маргалдсан. Тэгээд би зуух руу түлхсэн байх, шанаа хэсэг нь язарчихсан байх шиг байсан. Тэгээд орондоо хамт ороод хэвтээд дахиад маргалдаад би тавчиг, гутлаар хөл, гар, гэдэс, гуя руу нь нилээд олон удаа л цохьсон /яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна/. Тэгээд би хажууд нь унтаад өгсөн. Удаагүй сэрээд харсан чинь амнаас нь зүүн чих, эрүү хэсгээс нь цус гарчихсан бие нь энд тэндгүй хөх алаг болчихсон байхаар нь би сандраад хойд айлын Батжаргалынд ороод эхнэр нэг л биш болчихлоо гэж хэлээд түргэн дуудаад ирэх хооронд Батжаргал хүүгийнхээ хамт бид гурав гэрт орсон, … Талийгаачийн биед учруулсан гэмтлийг би цохиж зодож учруулсан. Надаас өөр хэн нэгэн талийгаачийг цохиж зодсон асуудал байхгүй. Талийгаач бид хоёр л гэртээ байсан. Би талийгаачийг зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 111,112 тал/, гэрч Н.Батжаргалын өгсөн ...Унтаад байж байхад шөнө 00 цагийн үед зөөлхөн хаалга тогшихоор нь би Гомбыг гэж мэдээд дахиад архи л авч ирж байгаа байх гэж бодоод онгойлгохгүй байсан чинь хүүхэд онгойлгоод өгчихсөн. Тэгээд би унтаж байгаа дүр үзүүлээд нүдээ аниад хэвтэж байхад Гомбо ирээд хөнжлийг маань хэд хэд зөөлхөн татахаар нь яасан гэж асуусан чинь Мягаа ерөөсөө сэрэхгүй байна та хараад өгөөч гэж хэлхээр нь юу яриад байгаа юм гээд Гомбынд орсон чинь харахад унтаж байгаа хүн шиг дээшээ харсан эрүү хүзүү хүртэл нь хөнжлөөр хучаастай байсан. Би тэгээд дөхөөд харсан чинь чихнээс нь цус гарчихсан царай нь нэг л сонин болчихсон байхаар нь чи ийм болгочихоод түргэн дуудахгүй яасан юм гэсэн чинь Гомбо харин тийм ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гүйгээд Батбаяр, Баяртмаа хоёрт хэлээд Батбаяраар түргэн, цагдаа дуудуулсан. Гомбо сүүлд манайд орж ирэхдээ л нэг л уравгар сонин болчихсон байн байн цонхоор гэрлүүгээ хараад байх шиг байсан. Урд нь ингэдэггүй байсан болхоор би тухайн үед яагаад байгаа юм бол гэж харж байсан гэх мэдүүлэг, /хх 45-46 тал/, гэрч Я.Батбаярын өгсөн: ...довжоон дээрээ тамхи татаад сууж байхад Батжаргал хар хурдаараа гүйж ирээд утас чинь байна уу гэхээр нь яасан гэсэн чинь цаад Мягаа чинь өнгөрчихсөн юм шиг байна гэхээр нь эхнэр бид хоёр босоод Гомбын гэрт нь ороход Гомбо том өрөөнийхөө орон дээр суучихсан Мягаа газар зассан орон дээрээ хөнжил аман дээгүүрээ нөмөрчихсөн яг л унтаж байгаа хүн шиг л байсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан юм. Тэгээд эхнэр бид хоёрын оруулж өгсөн тосон дотор Мягаагийн өрөөсөн гутал орчихсон байсан. Түргэний эмч ирээд хөнжлийг сөхөөд харахад бие нь нилэнхүйдээ хөх няц болсон уруул нь хавдсан байдалтай байсан би өөр юм анзаараагүй гэх мэдүүлэг / хх-ийн 41-42-р хуудас /, гэрч Д.Батсүхийн өгсөн: ...Батжаргал ахын гэрт ороход Батбаяр ах Баяртмаа эгч, Батжаргал ах гурав байж байсан тэгээд бид 3 авч ирсэн 2 шил 0.5 литрийн ерөөл архи нэг том пивотой уугаад 22 цаг өнгөрч байхад харьсан байх. Тэгээд гэртээ хариад унтаж байхад Батбаяр хаалга тогшоод Мягаа   өнгөрчихсөн   байна   шдээ   гэж   хэлсэн.   Тэгээд   очиход   цагдаа   ирчихсэн хамгаалалт аваад байж байсан юм гэх мэдүүлэг / хх 43-44 тал/, гэрч Д.Баяртмаагийн өгсөн: ....Батжаргал, Наранчимэг хоёр Мягмарсүрэнгийн төрсөн едөр юм ганц шил архи нэхээд байгаа юм чинь авч өгье гэж ярилцаад архи худалдаж авалгүйгээр Батжаргал, Наранчимэг бид нар Гомбодавгын гэрт ороход Гомбодавга, Дашзэвэг, Мягмарсүрэн нар нь 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг голдоо тавьсан уугаад сууж байхаар нь тэр архинаас нь бид нар хамт уусан. Бид нар ганц шил архи авч өгье гээд Наранчимэг, Дашзэвэг, Батсүх нар нь таксидаад архи авчирахаар явахаар нь би хойшоо гэр рүүгээ орж цүнхтэй эд зүйлсээ тавихад 19 цаг болж байсан. ..Архи дууссны дараа бид нар гэр рүүгээ явцгаасан. Гэртээ унтаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас Батжаргал орж ирээд Мягмарсүрэн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байна очоод хараадхаач гэхээр нь нөхөр Батбаяр, Батжаргал бид гурав Гомбодавгын гэрт ороход Мягмарсүрэн газарт гудсан дээр дээшээ харсан байрлалтай хэвтсэн байсан. Би Мягмарсүрэнгийн нүүр царай нь хөхөрсөн байхаар нь түргэн тусламж дуудаачээ гэхэд удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирж байх хооронд би Гомбодавгаас юу болсон талаар асуухад Мягмарсүрэнг зүрхний эм гээд байсан авч өгч чадалгүй Батжаргалыг дуудсан гэж хэлсэн юм. Намайг байшин дотор ороход Гомбодавга, Дашзэвэг нар нь орон дээр суусан, Мягмарсүрэн нь газарт сууж байсан. Архинаасаа нэг нэг татаад сууж байх шиг байсан. Мягмарсүрэн нь архинаас нэг татаад цаашаагаа хараад гудсан дээрээ хэвтээд өгөхөөр нь би Мягмарсүрэнг ууж чадахаа болж дээ эгч нь архи өгөхгүй тос өгнө гэж хэлээ биз дээ гэхэд юм ярихгүй байсан. Намайг байшин дотор ороход ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Гомбодавга байшин дотроо орон дээрээ сууж байсан. Байшин доторх эд зүйлс эмх замбараагүй болоогүй, эмх цэгцтэй байсан гэх мэдүүлэг /хх 51-52 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 83 тоот дүгнэлт / хх 61-63 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9657 тоот дүгнэлт /хх 93 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотлогдвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Х.Гомбодагва нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Л.Мягмарсүрэнг зодож амь насыг нь санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Х.Гомбодагвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар  хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж мэтгэлцэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол шүүх тухайнэтгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болохоор заажээ.

 Шүүгдэгч Х.Гомбодагва 2016 оны 11 дүгээр сарын 2,3-нд шилжих шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэрийн биед олон тооны шарх,гэмтэл үүсгэн улмаар амь хохирогч Г.Мягмарсүрэн нас барсан байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирч хүний амь нас хохирсон ба хохирогч гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол  саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч Х.Гомбодагва нь онц хүнд гэмт хэрэгт шийтгэгдэж байгаа ба түүний төрсөн хүү насанд хүрээгүй Г.Хонгорын харгалзан дэмжигчээр төрсөн эгч Г.Халиунааг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Гомбодагвад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцон ялыг оногдуулав.

Шүүгдэгч Х.Гомбодагвын цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн богино түрийтэй эмэгтэй хүний өвлийн гутал, ягаан өнгийн улаан судалтай гар нүүрийн алчуур, улаан, хар, цагаан судалтай ноосон дотуур өмд, цагаан, цэнхэр хар судалтай ноосон дотуур өмд, хар өнгийн ellesse гэсэн бичигтэй гадуур өмд, хар өнгийн эмэгтэй хүний майк, хөх саарал өнгийн хөхөвч, ягаан өнгийн эмэгтэй хүний  оймс, хөх өнгийн эмэгтэй хүний оймс, хар саарал өнгийн оймс, цагаан өнгийн чүүлэн материалтай бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хатанбаатар овгийн Хишигсүрэнгийн Гомбодагвыг хүнийг санаатай алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч Х.Гомбодагвыг 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Х.Гомбодагвад оногдуулсан 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Гомбодагвын цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т зааснаар 17 настай Г.Хонгороогийн харгалзан дэмжигчээр түүний төрсөн эгч Г.Халиунааг тогтоосугай.

6. Шүүгдэгч Х.Гомбодагва нь бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн богино түрийтэй эмэгтэй хүний өвлийн гутал, ягаан өнгийн улаан судалтай гар нүүрийн алчуур, улаан, хар, цагаан судалтай ноосон дотуур өмд, цагаан, цэнхэр хар судалтай ноосон дотуур өмд, хар өнгийн ellesse гэсэн бичигтэй гадуур өмд, хар өнгийн эмэгтэй хүний майк, хөх саарал өнгийн хөхөвч, ягаан өнгийн эмэгтэй хүний  оймс, цэнхэр өнгийн даавуун ууттай дэр, ягаан өнгийн улаан даавуун ууттай дэр, шоотой, цэцэгтэй даавуун ууттай дэр, ягаан өнгийн цэцэгтэй даавуун ууттай дэр, улаан хүрэн өнгийн хээтэй хивсний тасархай, улаан хүрээтэй дрожны тасархай, ногоон, шар, ягаан өнгийн хулдаасны тасархай, ногоон өнгийн цагаан судалтай оймс, бохирлогдсон 00-ын цаас, ногоон судалтай хананы цаасны тасархай, ногоон өнгийн цамц, хүрэн өнгийн өвлийн хүрэм, шар өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирийн өмд, шар өнгийн богино түрийтэй эрэгтэй хүний өвлийн гутал, ягаан өнгийн торон эмжээртэй эмэгтэй хүний дотоож, хөх өнгийн эмэгтэй

хүний оймс, хар саарал өнгийн оймс, цагаан өнгийн чүүлэн материалтай бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гомбодагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ

                            ШҮҮГЧИД                                   С.ЦЭРЭНХАНД

                                                                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН