Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1587

 

 “Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01710 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д-т  холбогдох

Ноолуур худалдах, бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг, бусад зардалд нийт 158 691 235,28 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл  нар оролцов.

Нэхэмжлэгч “Г...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г... ХХК нь иргэн Н.Д-т ой 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2016-4с/158 тоот ноолуур худалдах, бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор иргэн Н.Д нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор гэрээний дагуу үйлдвэрлэлийн түүхий ноолуур болох монгол ямааны чанар стандартын шаардлага хангасан ноолуурыг худалдан авагчийн үйл ажиллагааг таслалгүй нийлүүлэх, худалдан авагч төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш төлбөрийг хариуцагчийн дансанд 100 хувь төлөхөөр тохиролцсон. Энэ дагуу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн данс руу 200.000.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс гэрээний төлбөрийг буцаан нэхэмжлэхэд үндсэн төлбөрөөс нийт 3 удаагийн төлөлтөөр 67.087.591.36 төгрөг болон төлбөрийн хүүнд нийт 4 удаагийн төлөлтөөр 34.640.079.86 төгрөг төлсөн. Гэрээг эвийн журмаар зохицуулахаар нэхэмжлэгчийн зүгээс хичээж ирсэн боловч хариуцагч нь утсаа авахгүй байх болон төлбөрийг барагдуулах санал санаачлага гаргадаггүй өөрийн хүсэлтэндээ зааж өгсөн хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй болно. Нэхэмжлэгч Г... ХХК нь хариуцагч Н.Д-с 148.713.327 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хүүг тооцоолон хүүнд нийт 15.800.918 төгрөг нэхэмжилсэн боловч 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5.872.908.19 төгрөг нийт хүүд 21.673.826.19 төгрөг бодогдоод байна. М-Армор ХХК-тай байгуулсан А/АҮ-32/17, 2017-4с/54 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу М-Армор ХХК-тай хийсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг дуусгавар болгон дүгнэх актад үндэслэн Н.Д-т  холбогдох авлага барагдуулсаны төлбөрт 4.105.000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 9.977.908.19 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 158.691.235.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Д нь 200.000.000 төгрөг авсан гэдэг дээр маргаан байхгүй, хуулиар олгогдсон боломж, нөхцлийн дагуу хүү тооцуулах хүсэлт гарган уг мөнгийг авсан боловч нэхэмжлэгч аль, нөхцөл журмын дагуу хүү тооцсон нь тодорхойгүй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан боловч худалдан авагчийн захиалсан чанарын шаардлага хангасан ноолуурыг нийлүүлэх боломжгүй байсан. Энэ байдал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй өнөөдрийг хүрэхэд нөлөөлсөн. 200.000.000 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16.700.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 6.522.739 төгрөг 2 сарын хүү гэж төлсөн. Энэ баримтууд Н.Д-н өөрийн хариуцдаг продакшнаас төлж байсан. Гүйлгээний утга дээр Н.Д гэж байгаа. Энэ баримтуудаар тодорхой хэмжээний мөнгө төлж байсан гэдэг нь харагдана. Урьдчилан олгосон мөнгөө төлөөгүй, олох ёстой байсан ашиг олж чадаагүй бол тодорхой хувиар алданги тооцно гэж байгаа. Гэрээний 3.8-д бэлтгэн нийлүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болоод зориулалтын дагуу ашиглаагүй бол хүү төлөх заалттай байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч аль заалтаар хариуцлагын асуудлаа нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хуулийн фирмийн асуудал бол Н.Д-т  огт хамааралгүй. Хууль зүйн туслалцаа авсан гэх тэр мөнгө бол энэ гэрээ, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Д-с гэрээний үүрэгт 98,272,329 /ерэн найман сая хоёр зуун далан хоёр мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г... ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 60,418,906төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,076,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 649,311.6 /зургаан зуун дөчин есөн мянга гурван зуун арван нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г... ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/07439 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нь маргааны харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үүн дээр маргаагүй болно. Харин шүүхээс зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн ба бид зээлийн гэрээ байгуулсан гэж маргаагүй. Харин мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцох гэрээний зохицуулалтын дагуу хүү шаардаж маргасан болно. Хэрвээ зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ дүгнэн дуусгавар болгох шаардлагагүй. Иймд дахин харилцан тохиролцох нь үндэслэлгүй юм. Харин “Г...” ХХК нь хариуцагчид урьдчилгаанд шилжүүлсэн 200.000.000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд буцаан төлөх мөнгөн төлбөрийн үүрэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. “Г...” ХХК нь хариуцагч Н.Д-т ой гэрээ байгуулахдаа иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож 2016-4с/158 тоот "Ноолуур худалдах, бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ"-г байгуулсан. Бид гэрээний нөхцпийг харилцан тохиролцож эрх үүрэг хариуцлагаа тодорхойлсон ба энэ нь гэрээнд хариуцагч болон нэхэмжлэгчийн эрх бүхийн албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсанаар батлагддаг. Иймд шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан Н.Д-с 158.691.235.28 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Г...” ХХК нь хариуцагч Н.Д-т  холбогдуулан 2016-4с/158 тоот гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 132 912 408 төгрөгийг буцаан гаргуулах  хүүд 21 673 826 төгрөг, өмгөөллийн зардалд 4 105 000 төгрөг нийт 158 691 235 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч хүү тооцсоныг болон өмгөөлөгчийн хөлс төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2016-4с/158 дугаартай Ноолуур худалдах, бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч Н.Д нь худалдан авагчийн аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл буюу үйлдвэрлэлийн түүхий ноолуур болох монгол ямааны чанар стандартын шаардлага хангасан ноолуурыг худалдан авагч “Г...” ХХК-д  хүлээлгэн өгөх худалдан авагч төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулгаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн чанарын шаардлага хангасан ноолуурыг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 101 727 671 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын  талаар талууд маргаагүй байна.

Харин зохигчид Ноолуур худалдах, бэлтгэн нийлүүлэх тухай 2016 оны 2016-4с/158 дугаартай гэрээний 3.8-д заасны дагуу хүү тооцох эсэх талаар зохигчид маргажээ.

Гэрээний 3.8-д “Хэрэв бэлтгэн нийлүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас тухайн мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй бол урьдчилан олгосон мөнгөний зориулалт дагуу ашиглаагүй мөнгөнд урьдчилан олгосон өдрөөс хойш хоног тутамд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг үндэслэн гүйцэтгэх ёстой мөнгөн төлбөрийн үүргийн үнийн дүнгийн 19.20 хувийн хүүг мөнгө урьдчилан олгосон өдрөөс  эхлэн тооцож зээлийн гэрээ байгуулсан хэмээн тооцож худалдан авагч талд төлж барагдуулна” гэж заасныг талуудын хооронд хүү тогтоосон зээлийн  гэрээ байгуулагдсан гэж үзэх  үндэслэлгүй байна.

 Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох тухай Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтад гэрээгээр хүлээсэн үүргийг өөр төрлийн үүргээр солих явдал хамаардаг тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн авснаа харилцан буцаах  тохиолдолд гэрээний 3.8 дахь заалтын зохицуулалтыг хэрэглэхээр талууд урьдчилан тохиолцсон тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй юм.

Мөн “...19.20 хувийн хүүг мөнгө урьдчилан олгосон өдрөөс эхлэн тооцох...”-оор тохиролцсон дээрх заалт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасан “тохирсон хүү”-ний агуулгад нийцэхгүй байхаас гадна зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй “Г...” ХХК-ийн хувьд “хоног тутамд” хүү тооцсон нь хуульд нийцээгүй.

 Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох, чөлөөтэй байгуулах эрхтэй хэдий ч энэ нь хуулийн хүрээнд байх шаардлагатай болохыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг дурдах нь зүйтэй.

 Иймд нэхэмжлэгч нь гэрээний 3.8 дахь заалтын дагуу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагчийн төлсөн 34 640 079.86 төгрөгийг хүүд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул үндсэн төлбөрөөс хасч хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 98 272 329 /200 000 000 - 101 727 671/ төгрөг болохыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч нь “М-Армор” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, 4 105 000 төгрөг төлснийг Н.Д-т ой холбоотой гэж үзэх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.