Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20-ны өдөр                Дугаар 2020/ДШМ/11                                  Өвөрхангай аймаг

 

 

О.Б, Ц.А нарт

 холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Ш.Баасандорж /Цахим сүлжээгээр/

                         Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр О.Б, Ц.А нарт  холбогдох 1927002480100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзагдаж байсан, Монгол овгийн О.Б

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ихмижэд овгийн Ц. А

 

О.Б, Ц.А нар 2019 оны 07 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас  Мустанг-5 маркын мотоцикль хэрэглэн иргэн Ё.Ж-н 3 тооны хонийг бүлэглэн хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь  Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, О.Б, Ц.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А, О.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Ц.А, О.Б нарын тус тус эдлэх 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст /423-р нээлттэй, хаалттай хорих ангид/ даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар Ц.А, О.Б нарын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг тэд нараас тэнцүү хувааж тус бүрээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Б, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэсэн байна.

         

Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Баасандорж  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр  эсэргүүцэлдээ:

Шүүгдэгч О.Б, Ц.А нар нь О.Б-н эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Жийн 3 тооны хонийг бүлэглэн хулгайлж, хохирогч Ё.Ж-д 320.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд нь тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хархорин сум дахь Сум дундын шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд, О.Б, Ц.А нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, Ц.А нарыг  260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б, Ц.А нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаангүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч шүүхээс шүүгдэгч О.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч О.Б урьд нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, дурдсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэх ялыг эдэлж дуусахаас өмнө дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн ... энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтад хамаарч, энэ заалтын дагуу шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах ёстой байтал шүүгдэгч О.Б-д ял оногдуулахдаа дээрх байдлыг орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд О.Б, Ц.А нарт холбогдох Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...  гэжээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б, Ц.А нарт холбогдох хэрэгт авагдсан хохирогч   Ё.Ж, гэрч  Б.А, С.М нарын мэдүүлгүүд /хх-ийн 09-11х,  16-17х, 17-18х/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 25-27х/, тэд нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 65-66х, 72-73х/ болон бусад нотлох баримтаас үзэхэд О.Б, Ц.А нар 2019 оны 07 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас  Мустанг-5 маркын мотоцикль хэрэглэн иргэн Ё.Ж-н 3 тооны хонийг бүлэглэн хулгайлж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, О.Б, Ц.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Мөн хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-47х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-42х/ зэргээс харахад О.Б нь дурдсан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай тооцон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэснийг  хэрэглэлгүй  орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокуророос гаргасан дүгнэлтдээ дээр дурдсан Эрүүгийн хууль хэрэглэх талаар дурдаагүй болохыг тэмдэглэж байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Монгол овгийн О.Б, Ихмижэд овгийн Ц.А нарт холбогдох 1927002480100 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд  хүргэгдэн очтол О.Б, Ц.А нарт  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.