Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

     2023         11          29                                         2023/ШЦТ/115

      

         

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Н,

Улсын яллагч                                                  С.Б,

Хохирогч                                                          О.Т,

Насанд хүрээгүй хохирогч П.Сувдын

хууль ёсны төлөөгч                                        Б.П,

Хохирогч болон хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                Б.Д,

Иргэний нэхэмжлэгч                                     С.С,

Иргэний хариуцагч                                         А.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Л.Г,

Шүүгдэгч                                                         М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 2204001660087 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Мэйжор Дриллинг Монгол” ХХК-д засварчин механик ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамтаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн М-лын Г /РД:УД/.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Зэвсгийн уулзварын засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчин иргэн С.С-ийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан 82-51 УАО улсын дугаартай "Tоёота Королла" маркийн тээврийн хэрэгслийг урдаас нь урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч П.С-ын эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд бүхий хүнд хохирол, хохирогч О.Т-гийн эрүүл мэндэд аарцгийн ясны цагариг тасарсан хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, жийргэвчийн урагдал, нугас дарагдал, дух, зүүн хөмсөгт сорви, баруун 1, 2-р, зүүн 1-р шүдний эмтэрсэн хугарал гэмтлүүд бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр найзуудтайгаа таараад Багануур дүүргийн “Талын толгой” гэх газарт байх найзындаа очиж архи ууцгаасан, тэгээд нэлээн шөнө болсон байхад тэндээ машинаа үлдээгээд такси дуудаж гэр лүүгээ явцгаасан. Манай эхнэр намайг шөнийн 03 цагийн үед гэртээ ирсэн гэж хэлж байсан. Тэгээд өглөө нь охиноо хүргэж өгчихөөд Л-хаас машинаа авах гээд очиход аав нь хөдөөнөөс ирсэн байсан. Тэр үед Л-ын аав нь “чамаас архи үнэртэж байна” гэхээр нь би “за” гэсэн. Тэр айлдаа хоол, цай идэж уугаад хэсэг хугацаа болсон ба би өөрийгөө архи гарсан гэж бодоод маргааш нь машинаа үзлэгт оруулах гэж байсан учраас машинаа бариад Багануурын төв рүү хөдөлсөн. Замаар явж байхад урдаас нэг машин нилээн хол ирж байгаа харагдсан. Би машин ойртох болоогүй байх гэж бодоод машины голын хайрцагнааас тамхи авах гээд тонгойтол юу юугүй тас няс гээд явчихсан. Тэгээд нэг харахад хүмүүс хашгиралдаад, юм ярих гэсэн чинь амнаас цус гараад дуугарч болохгүй байсан. Тэгээд би “аваарт орчихлоо” гээд эхнэр лүүгээ утсаар яриад ухаан алдсан байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч О.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг О-ын Т гэдэг. Би Цэнхэрмандал сумандаа 2021 оны 01 дүгээр сарын 10-наас багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 25-нд төрөхийн өмнөх амралтаа авсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 01-нд Багануур дүүргийн төрөх тасагт төрж 3 килограмм 350 грамм охинтой болсон. Эмнэлэгт охиныхоо шарлалтыг эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу явахаар танил ахын машинд суугаад Багануур дүүргээс гараад холдоогүй Зэвсэг гэх газар явж байхад автомашины осолд орсон. Тухайн ослоор миний хүзүү хугарсан, мөн аарцаг хугарсан. Түргэн тусламж ирэх үед би эмчээс “миний хоёр хүүхэд яасан бэ” гэж асуухад “хүүхдэд үзлэг хийгээд хэлнэ” гэсэн. Тэгээд ухаан алдаад эргээд сэргэх үедээ дахиад хоёр хүүхдээ асуусан чинь “танай охин тархи нь цус харвалттай, дунд чөмөг хугарсан, ухаан муу, таталт өгч байгаа, ухаангүй шоконд орсон” гэж хэлсэн. Тэгээд биднийг эмнэлэгт аваачихад эмч нар үзээд “ийм хүнд хүн авахгүй, яаралтай аврах баг дуудахгүй ямар дураараа юм бэ, энэ нярай хүүхдийг нь авъя, ээжийг нь авч чадахгүй, дараагийн шатны эмнэлэг яв” гэж хэлж байсан. Тухайн үед миний биеийн байдал маш хүнд, ярьж, хөдөлж чадахгүй байсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 29-нд Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орсон. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд намайг манай нөхөр асарч, охиныг маань миний эгч асардаг байсан. 2023 оны 01 дүгээр сард гэхэд би дөнгөж алхаж сурсан, тэр болтол 3 сарын хугацаанд хэвтэрт байсан. Ийм үйл явдал тохиолдож би ийм залуугаараа, дөнгөж 26-27 насандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд, ажилгүйчүүдийн эгнээнд ороод зогсож байгаадаа маш их харамсаж байна. Бидэнд ийм хүнд зүйл болчихоод байхад Ганзориг гэж хүн яагаад нэг удаа ирээд уулзаад уучлалт гуйж болоогүй юм бэ, их гомдолтой байна. Энэ хугацаанд огт холбогдоогүй байснаа өчигдөр буюу шүүх хурлын өмнөх өдөр бидэнд ярьж хэлэхгүйгээр 1 сая төгрөгийг дансанд хийсэн байсан. Ирээдүйд миний болон охины эрүүл мэнд ямар болохыг мэдэхгүй, одоогийн байдлаар би өвчнөөсөө болоод маш их стресстдэг, маш их бухимддаг, уурлахаараа хамаг юм аа авч чулууддаг, нөхөртөө ууралдаг, сэтгэцийн хямралтай болсон. Насан туршийн гоо сайхан, ажлын бүтээмжээ бүгдийг алдсан, энэ бүгдийг би танаас шаардаж байна. Сэтгэл санааны хохирлыг ойлгохгүй байна гэж байна. Хэргээ шийдүүлэх гэж маш олон сар хүлээлээ, байс гээд л мөрдөгч, прокурор нь солигддог, би болон манай нөхөр шүүх цагдаагаар яваад байх зав байхгүй, байнгын эмчилгээтэй, эрүүл мэндээсээ болоод явж ч чадахгүй байсан учраас өмгөөлөгч авахаас өөр арга байгаагүй. Та архи уугаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноороо миний гэр бүлийн амьдралыг ийм болголоо. Намайг хүн хараад “чи чинь ямар аймар болоо вэ” гэдэг. Хэзээ гар хөлгүй болох бол гэхээс айж байна. Охин маань үеийн найзууд шигээ гүйж харайж чадахгүй, тархи нь хөгжилгүй болсон. Одоо охин маань нэг нас гарсан боловч мөлхөж ч чадахгүй, жирийн хүүхэд шиг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа. Ийм болгочихоод ахыгаа уучлаарай гээд нэг удаа ярьж болохгүй байна уу, адилхан залуу гэр бүл, амьдрал дээр адилхан хөлөө олох гээд тэмцэж яваа. Энэ аваараас хойш байнга эмнэлгээр явдаг болсон. Тасралтгүй хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг болсон. Яг л настай хүн шиг гар, хөл, толгой бүгд өвдөж байна. Эцсийн эцэст эхээс төрсөн шигээ эв эрүүл болохыг л хүсэж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

         Насанд хүрээгүй хохирогч П.С-н хууль ёсны төлөөгч Б.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аваар осол гаргасан энэ хүний буруутай үйлдлээс болоод манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн /уйлав/. Өнөөдрийн байдлаар миний охин 8 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байгаа. Манай охин одоо үеийнхнээсээ оюун санааны хувьд хамаагүй хоцрогдолтой явж байгаа, одоогийн байдлаар миний охин 4 хөллөөд мөлхөж ч чадахгүй, дөнгөж суудаг болж байгаа ч удаан сууж чадахгүй байна. Үнэхээр гомдолтой байна, өөр хэлэх зүйлгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

         Иргэний нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу Багануур дүүргээс гараад явж байсан. Би ойролцоогоор 80 километр цагийн хурдтай явж байсан. Гэнэт тойргийн тэндээс нэг машин зам голлоод гараад ирсэн, тулаад ирэхээр нь аминдаа баруун тийшээ шахаж дарсан. Тэгээд амжаагүй, нэг мэдэхэд л манай машин баруун замын талруу гарсан, нөгөө машин зам хөндөлсөөд зогссон. Бүстэй явж байсан, сандраад бүсээ тайлах гээд оролдож байснаа санаж байна. Машины урдаас утаа гараад машин шатах гэж байна гээд айсан. Бүстэйгээ ноцолдоод байж байтал урд талын хаалга онгойлгоод онцгойгийнхон ирээд тайлж гаргаж авсан. Би машиныхаа эвдрэлд үнэлгээгээр гарсан 4,590,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хүсэлтэй байна, өөр нэхэмжлэх зүйгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

         Иргэний хариуцагч А.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 5 дугаар сард билүү өөрийн “Хьюндай Соната-6” маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Г-н Уаз 469 машинаар нь сольсон юм. М.Г манай хүүгийн найз болохоор тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг дараа нь уулзаад солихоор болоод би хэд хэдэн удаа нэрээ шилжүүлэх гэж М.Г-той ярьсан. Тэгэхэд зав нь болохгүй тэгж байгаад солино гээд амжаагүй яваад байсан. Иргэний хариуцагчаар орж байгаагаа сайн ойлгохгүй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-16-р хуудас/,

- Хохирогч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

- Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/,

- Гэрч О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

- Иргэний хариуцагч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-57-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4942 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-76-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13793 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 79-80-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 99-106-р хуудас/,

-Багануур дүүргийн тээвэр зохицуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-136-р хуудас/,

- “ЗИ Э ТИ” ХХК-ийн Багануур дүүргийн техник хяналт үзлэгийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-141-р хуудас/,

- Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаа /1-р хх-ийн 142-144-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаар Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 150-151-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23, 27-28-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 98-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 104-106-р хуудас/ зэрэг баримтууд,

Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д-ийн шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч О.Т-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30, 61-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,

- М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 52-р хуудас/,

- Иргэний хариуцагч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-57-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4942 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-76-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13793 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 79-80-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 99-106-р хуудас/,

- Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаа /1-р хх-ийн 142-144-р хуудас/,

- Хохирогч О.Т, П.С нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлын баримтууд /1-р хх-ийн 195-250-р хуудас, 2-р хх-ийн 1-16-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 98-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 104-106-р хуудас/,

-  Хохирогч О.Т-ийн ажил байдал, цалин хөлсний талаарх баримтууд, хохирлын тооцоо /шүүх хуралдаанд өгсөн 18 хуудас баримт/ зэрэг баримтууд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-с шинжлэн судлуулсан баримтууд:

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 170-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23, 27-28-р хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2-р хх-ийн 33-р хуудас/,

- Шүүгдэгч М.Г-с гэм хорын хохиролд нийт 6,650,000 төгрөг төлсөн баримт /шүүх хуралдаанд өгсөн 18 хуудас баримт/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2022 оын 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Зэвсгийн уулзварын засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчин иргэн С.С-ийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан 82-51 УАО улсын дугаартай "Тоёота Корола" маркийн тээврийн хэрэгслийг урдаас нь урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч П.С-ын эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дунд чөмгөний далд хугарал бүхий хүнд гэмтэл, хохирогч О.Т-ийн эрүүл мэндэд аарцгийн ясны цагариг тасарсан хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, жийргэвчийн урагдал, нугас дарагдал, дух, зүүн хөмсөгт сорви, баруун 1, 2-р зүүн 1-р шүдний эмтэрсэн хугарал бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч О.Т, бага насны П.С нарын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлүүд нь шүүгдэгч М.Г-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч О.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд,

            - Хохирогч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...Тухайн өдөр би Багануур дүүргээс 2 хүүхэд нөхрийн хамт гэр рүүгээ буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу явахаар хадам аавын найз С гэдэг хүний машинтай Багануур дүүргээс 13 цагийн үед гарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд манай нөхөр П, манай хүүхэд болох хүү Г, охин С, жолооч С, С-ийн танил гэх О гээд зургаан хүн явж байсан. Багануурын төвөөс гараад 3-р хороо Зэвсгийн уулзвар орчимд явж байхад Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл өөрийн явж байсан эгнээнээс гараад урсгал сөрж явж манай эгнээнд орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...миний сууж явсан машиныг С жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр О, жолоочийн ард талын суудалд манай нөхөр П охин С-ыг өвөр дээрээ тэврээд явж байсан, голд хүү Г-т, түүний хажуу талд би цонхон талд нь сууж явсан.

...би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн. Тус эмнэлгээс гараад гэмтлийн “Манал Оточ” гэдэг хувийн эмнэлэгт 10 хоног хэвтээд, дараа нь 1 сар гаран гэрээр эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар сэргээн засах төвд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан шалтгаанаар группэд орсон, одоо ажил хийх ямар ч боломжгүй байдалтай байна. Миний охин П.С 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тархины хүнд хэлбэрийн гэмтлээр 3 жилийн хугацаатай группэд орсон. Охин маань унтахдаа маш их уйлдаг, үеийн хүүхдүүд нь суугаад юм түшиж байхад ганцаараа суухгүй, баруун гарын хөдөлгөөн муу, өөрийгөө илэрхийлэх чадвар муу байгаа байдал ажиглагдаж байна. Миний бие эрүүл мэнд болон сэтгэл санаагаар маш их хохирч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30, 61-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ы төлөөлөгч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай охин С 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Зам тээврийн осолд орсноос хойш 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлээд үргэлжлүүлэн 10 дугаар сарын 22-ны өдрөөс ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,

- Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн танил болох С болон нутгийн таньдаг хүмүүсийн хамт Багануураас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу явсан. Багануураас 12 цагийн үед гараад Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тэсэлгээний үйлдвэрийн наана засмал зам дээр явж байхад гэнэт урдаас нэг машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/,

- Гэрч О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр М.Гбид хэд манай гэрт архи уусан юм. Тэгээд тухайн өдрөө манай хашаанд машинаа үлдээгээд шөнө такси дуудаад гэр лүүгээ явсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед машинаа авах гэж ирсэн. Ирээд манайд хоол идээд тэгээд удалгүй машинаа аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13793 дугаартай: “...1.О.Т-ийн биед аарцгийн ясны цагариг тасарсан хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, жийргэвчийн урагдал, нугас дарагдал, дух, зүүн хөмсөгт сорви, баруун 1, 2-р зүүн 1-р шүдний эмтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 79-80-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч нарын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай: “... 1. П.С-н биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 8. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13794 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 99-106-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4942 дугаартай: “...1.Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.“Жолооч Г” гэх хаягласан цусанд 1,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-76-р хуудас/,

- Багануур дүүргийн тээвэр зохицуулалтын албаны инженер механикийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай: “... 1. Toyota corolla маркийн 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талаасаа мөргүүлж, урд гупер, копуд, урд хэсгийн явах эд ангиуд бүрэн бүтэн байдлаа алдаж ашиглах боломжгүй болсон байна. 2. Тээврийн хэрэгслийн тоормос, явах анги, хөдөлгүүр, жолооны хүрд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй тухайн ослын улмаас эвдэрсэн байна. 3. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос шалтгаалж үүссэн байна. 4. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь ослын өмнө үүссэн гэж тодорхойлох боломжгүй болно. 5. Тээврийн хэрэгслийн бүрэн байдлаас хамаарч осол гарахад нөлөөлсөн шалтгаан байхгүй. 6. Toyota corolla маркийн 82-51УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орсон байна. 7. Toyota corolla маркийн 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эргэлтийн сул зайг тодорхойлох боломжгүй байна. 8. Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт урд талын 2 дугуй ослын улмаас обуданд эвдрэл учирч хийгүй болсон хойд талын 2 дугуй 2.2 техникийн стандарт хэмжээндээ байна. 9. Тээврийн хэрэгслийн ослын дэр тухайн ослын улмаас задарч гэрэл дохио болон бусад урд хэсгийн явах эд ангиуд ашиглагдах боломжгүй бүрэн бус болсон байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 134-136-р хуудас/,

- “ЗИ Э ТИ” ХХК-ийн Багануур дүүргийн техник хяналт үзлэгийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай: “... 1. HYUNDAI SONOTA маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн урд талаасаа мөргүүлсэн урд гупер хагарч зүүн болон баруун их гэрлүүд хагарч бутарсан байна. 2. Тээврийн хэрэгсэл болон тоормос, явах эд анги, хөдөлгүүр жолооны хүрд бүрэн ажиллагаатай байгааг тодорхойлох боломжгүй байна. 3. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос болж үүссэн байна. 4. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь ослын өмнө үүссэн гэж тодорхойлох боломжгүй байна. 5. Осол гарахад нөлөөлсөн шалтгаан байхгүй 6. HYUNDAI SONOTA маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд 2022.04.25-нд хамрагдсан байна. 7. Авто машины жолооны эргэлтийн сул зай нь тодорхойлох боломжгүй байна. 8. Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт 2.2 техникийн стандарт хэмжээндээ байна. 9. Тээврийн хэрэгслийн гэрэл дохио ослын улмаас хагарч бүрэн бус байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 139-141-р хуудас/,

            - Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: “...1.Hyundai Sonata-6 маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Мөнхжаргалын Ганзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Toyota Corolla маркийн 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Санжаагийн Сайнбилэг /РД:СУ67101874/ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /1-р хх-ийн 142-144-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхжингийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Улаанбаатараас Хэнтий аймаг чиглэлийн засмал замд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургууд /1-р хх-ийн 10-11, 14-16-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнх-Эрдэнийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 49 минутаас 12 цаг 58 минутад хийсэн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 12-13-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагч С.Б: “...шүүгдэгч М.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

              Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д-оос: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалахаар энэхүү шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргахгүй гэсэн учир надад хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэт ядарсан үедээ машин барьсаны улмаас энэ осол гарсан гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-с: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч болоод шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Г-с: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, шинжилгээг шинжлэх ухаан, техникийн салбарт мэргэшсэн, тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч нараар хуульд заасан журмаар хийлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 дахь хэсэгт “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч М.Г нь согтуурсан, бүрэн гүйцэд амраагүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Улсын яллагчаас: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч О.Т, П.С нар нь нийтдээ 113.914.616 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнд эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан нөхөн төлбөр, өмгөөлөгчийн хөлс, авах байсан цалин хөлс, шатахууны зардал, байрны түрээсийн төлбөр орж байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрт нийт 6,650,000 төгрөг төлсөн байна. Хохирогч Т зам тээврийн осол гарах үед жирэмсний чөлөөтэй байсан учраас олох байсан орлого 12,059,019 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, бусад нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай, Сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хамгийн өндрөөр буюу бодох аргачлалын дагуу О.Т-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, насанд хүрээгүй хохирогчийн хувьд гэмтлийн 5 дугаар зэрэглэлд багтана гэсэн дүгнэлтийг үндэслээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцох ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний нэхэмжлэгч С.С-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,590,000 төгрөгийг, Н.О-т 520,700 төгрөгийг шүүгдэгч М.Г-с гаргуулж олгуулах, С-т олгуулах, хохирогч О.Т-гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан 8,590,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.С-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан 3,389,000 төгрөг, нийт 11,898,000 төгрөгийг шүүгдэгч М.Г-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

- Хохирогч О.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П нар: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Гэм буруутай хүнээс хохирлоо гаргуулж авах хүсэлтэй, гомдолтой байна” гэх тайлбарыг,

Иргэний нэхэмжлэгч С.С: “...Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл байхгүй. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх тайлбарыг,

            - Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д-жоос: “...Хохирогч нарын эмчилгээний баримтуудыг хавтаст  хэргээс харахаар насанд хүрээгүй хохирогч П.С-ын хувьд 3.156.000 төгрөг, Т-ийнх 2.500.000 гаран төгрөг гарч байна. Улсын эмнэлгээс Т-д 8 сая гаруй төгрөгийн эмчилгээ хийгдсэн, С-ын хувьд 3 сая гаруй төгрөгийн эмчилгээ хийгдсэн байна. Улсын яллагчийн зүгээс хохирогч О.Т, П.С-тай холбоотой хохирлын баримтуудыг дэмжиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Мөн сэтгэл санааны хохирлын хувьд хууль зүйн яамнаас гаргасан тогтоолж журам, УДШ-ээс гаргасан нийт шүүгчдийн тогтоол, шинжээч томилуулж гаргасан хохирогч О.Т-гийн хувьд 3 дугаар зэрэг, П.С-ын хувьд 5 дугаар зэрэг гэсэн дүгнэлтийг үндэслэн О.Т-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувиар нэмэгдүүлэх, П.С-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлснээр тус тус тооцож сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирлын асуудлыг шүүх тогтооно гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүгч тал талаас нь харах байх гэж бодож байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл, Иргэний хуулийн 228.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч О.Т-гийн 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд олох байсан цалин хөлсний төлбөрийг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг /нийт төлбөрийн 70 хувь нь П.С-ын үйлчилгээний төлбөр, 30 хувь нь О.Т-гийн үйлчилгээний хөлсөнд тооцсон/ нэхэмжилж байна. Ингээд хохирогч талаас нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс шинжээчийн хөлс гэх 1,000,000 төгрөгийг баримт байхгүй учраас хасаад, үлдэх 113,914,616 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-с: “...хэргийн баримтаас харахад хохирогч нар нь эмчилгээний зардалд 14.4 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байсан, сая шүүх хуралдаан дээр 1 сая төгрөгнөөс татгалзлаа. Мөн шүүгдэгчийн хохирол төлбөрт төлсөн 6.500.000 төгрөг хасагдсан гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд өмгөөллийн хөлсийг оруулдаггүй. Мөн цалин хөлстэй холбогдох нэхэмжлэлийг хангах боломжгүй. Энэ хүний ажлын байр одоо байна уу, үгүй юу, ажилдаа үнэхээр орох байсан уу гэдэг нь тодорхой бус байна. Иймээс цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж бодож байна. Иргэний нэхэмжлэгч С.С-т учирсан хохирол 4,590,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, харин Н.О-т 520,700 төгрөгийг төлөх үндэслэлгүй, холбогдох баримт туйлын хангалтгүй байна. Улсын яллагчаас гаргасан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч. Хохирогч нарын сэтгэл санаанд хохирол учирсан уу, учраагүй юу гэдгийг би үгүйсгээгүй. Мэдээж хүнд хэцүү зүйл болж байгаа гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Харин сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль хэрэглээний хугацаа эргэлзээтэй гэж үзэж байгаа. Өөр хэлэх зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Г-с: “...Эмчилгээний зардалд гарсан 12 сая төгрөгийг төлнө, сэтгэл санааны хохирлыг ойлгохгүй байгаа. Хэрхэн хуулиар шийдвэрлэхийг мэдэхгүй байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Хохирогч О.Т-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13793 дугаартай  дүгнэлтээр, хохирогч П.С-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч нарын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай: “... 1. П.С-ын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 8. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13794 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 79-80, 99-106-р хуудас/-ээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

            Шүүгдэгч М.Г-т холбогдох эрүүгийн 2204001660087 дугаартай хэрэгт:

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаар Автомашин, техникийн хохирлын үнэлгээний: “82-51 УАО улсын дугаартай "Tоёота Королла" маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, шууд зардлын нийт дүн 4,590,000 төгрөгөөр тогтоов” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 150-151-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 421 дугаартай “1.С.С-ийн биед хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тор хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96-97-р хуудас/,

- Н.О-н КТГ-ын шинжилгээнд хамрагдсан баримт /2-р хх-ийн 14-р хуудас/ зэрэг баримтууд авагджээ.

Шүүгдэгч М.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр С.С, Н.О-г нарыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

            Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нь шүүгдэгч М.Г-ийн “Хьюндай Соната-6” маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс иргэн С.С-ийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан 82-51 УАО улсын дугаартай "Tоёота Королла" маркийн тээврийн хэрэгслийг урдаас нь урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

- Багануур дүүргийн тээвэр зохицуулалтын албаны инженер механикийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай: “...3.Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос шалтгаалж үүссэн байна. 4.Тээврийн хэрэгслийн эвдрэл нь ослын өмнө үүссэн гэж тодорхойлох боломжгүй болно. 5.Тээврийн хэрэгслийн бүрэн байдлаас хамаарч осол гарахад нөлөөлсөн шалтгаан байхгүй. 6. Toyota corolla маркийн 82-51УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орсон байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 134-136-р хуудас/,

            - Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: “...1.Hyundai Sonata-6 маркийн 38-38 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогт М-ын Гнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д, 11.3-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Toyota Corolla маркийн 82-51 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогт С-ийн С /РД: / нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /1-р хх-ийн 142-144-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 6,650,000 төгрөгийг хохирогч О.Тн, П.С нарт төлсөн нь баримтаар нотлогдож байна /шүүх хуралдаанд өгсөн/.

Хохирогч О.Т, П.С нараас дараах нэхэмжлэлийг гаргасан ба үүнд: Насанд хүрээгүй хохирогч П.С-ын эмчилгээний зардлалд гарсан 3,156,692 төгрөг, хохирогч О.Т-гийн эмчилгээний зардлалд гарсан 2,502,269 төгрөг, шатахууны зардал 1,243,074 төгрөг, хот дотор таксигаар үйлчлүүлсэн төлбөр 172,000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарсан хугацааны түрээсийн төлбөр, үйлчилгээний хөлс 3,869,442 төгрөг, О.Т-ийн 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд олох байсан цалин хөлсний орлого 12,000,059 төгрөг /Нийгмийн халамжаас олгосон тэтгэврийн зөрүүг хасаж тооцсон/, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрт хохирогч О.Т 3 дугаар зэрэг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувиар нэмэгдүүлсэн хэмжээ 12,644,500 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.С-д 5 дугаар зэрэг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлэн хэмжээ 81,950,000 төгрөг, нийт 113,914,616   төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлогын хэжээгээр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Хохирогчийн олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлогоос авсан тэтгэмж, тэтгэвэрийн зөрүүгээр тооцно.

Хохирогч О.Т нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн Засаг даргаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Жирэмсний болон амаржсаны амралт олгосон нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/38, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай захирамж /шүүх хуралдаанд өгсөн/-аар тогтоогдлоо. Харин О.Т нь 2023 оны 01 дүгээр сараас албан тушаалдаа эргэн ажиллах байсан нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн хооронд зорчиход зарцуулсан гэх шатахууны зардал 1,243,074 төгрөг, хот дотор таксигаар үйлчлүүлсэн төлбөр 172,000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарсан хугацааны түрээсийн төлбөр, үйлчилгээний хөлс 3,869,442 төгрөг, О.Т-д үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн гэм хорын зардалд 280,700 төгрөгийн нэхэмжлэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигтай холбоотой гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Иймд хохирогч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дээр дүгнэсэн төлбөр буюу нийт 14,224,713 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа байдлыг харгалзан, гэм хорын хохирол арилгуулахад эрүүл мэндээрээ хохирсон хүний эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардал буюу мөнгө зарцуулсан дараах баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон болно. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч П.С-ын эмчилгээний зардлалд баримтаар гарсан 3,156,692 төгрөг, хохирогч О.Т-гийн эмчилгээний зардлалд баримтаар гарсан 2,502,269 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.С-д үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 1,750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролд үнэлгээгээр тогтоогдож нэхэмжилсэн 4,590,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн MRI шинжилгээний төлбөр 240,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж дээрх төлбөрийг шүүгдэгчээр гаргуулж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

              Мөн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд холбогдох төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна.

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай: “...1.О-ын Т-ний сэтгэцэд гэмтлийн дараах стресс, холимог сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинжүүд илэрч байна. 2.О-ын Т-ний гэмтлийн дараах стресс, холимог сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 98-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай: “...1.П-гийн С- өсөлт, хөгжил нь үеийнхнээсээ хоцрогдолтой болон таталтын шинжүүд илэрнэ. 2.П-гийн С-д илэрсэн өөрчлөлт шинж тэмдгүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.П-гийн С-д одоо илэрч байгаа өөрчлөлтүүд нь нас ахих бүрт нэмэгдэх боломжтой. Цаашид сэргээн засах, мэдрэл болон сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 104-106-р хуудас/-үүд хэрэгт авагдсан байна.

              Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсгийн 1.3, 3 дахь хэсгийн 3.6 дахь заалт, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоохоор хуульчилсан.

              Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч П.С нь 26 хоногтой байсан, хохирогч О.Т, П.С нар нь төрсөн эх, охин болох нь хохирогчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

              Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэжээ.

               Иймд хохирогч нарт учирсан гэмлийн зэрэг, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын сэтгэцийн шаналал, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, учирсан хор уршиг, насны байдал зэргийг харгалзан, хохирогч О.Т-д 3 дугаар зэрэг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 11,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.С-д 5 дугаар зэрэг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 81,950,000 төгрөгийг тооцож, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 11,898,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хохирогч О.Т-гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан 8,590,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.С-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан 3,389,000 төгрөг, нийт 11,898,000 төгрөгийг шүүгдэгч М.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

- Хохирогч О.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П нар: “...тусгайлан хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг,

            - Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д-оос: “...Хохирогчийн өмгөөлөгч учраас ялын талаар хэлэх ямар нэгэн санал байхггүй” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-аас: “...Шүүгдэгч  М.Г- хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа.  Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял, эсхүл хорих ял оногдуулахаар заасан. Хуульд зааснаар ял шийтгэл эдлүүлэх зорилго маань алдсан дээр нь хорих зорилго биш юм. Хэрэв хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулвал шүүгдэгч маань ажлаа хийгээд ар гэрээ тэжээхээс гадна, хохирогч нарт учирсан хохирлыг төлөх боломж үүснэ. Манай үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг төлөхгүй гэж маргаагүй, өөрийн боломжит бүх аргаараа хохирлыг барагдуулая гэсэн сэтгэлтэй байсан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж уламжлуулж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд, 6.7 дугаар зүйлд зааснаар зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Г-с: “...Гэм буруугаа ухаарч байгаа, хохирлыг төлж барагдуулна, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгч М.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

 Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөрийн хэмжээ, нөхөн төлүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, М.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/-н жилийн хугацаагаар хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь  хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн 3 /гурав/-н жилийн хугацаанд шүүгдэгч М.Г-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн М-лын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Бовгийн М-ын Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/-н жилийн хугацаагаар хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн 3 /гурав/-н жилийн хугацаанд шүүгдэгч М.Г-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Г-т тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Гнь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд хохирогч О.Т, П.С нарт нийт 6,650,000 /зургаан сая зургаан зуун тавин мянга/-н төгрөг төлсөн болохыг баталж, шүүгдэгчээс нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 80,375,000 /наян сая гурван зуун далан таван мянга/-н төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч П.С-ын хууль ёсны төлөөлөгч Б.П-д, 10,177,269 /арван сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун жаран ес/-н төгрөгийг гаргуулж хохирогч О.Т-д, 4,590,000 /дөрвөн сая таван зуун ерэн мянга/-н төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.С-т, 240,000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.О-т тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Т, П.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 14,224,713 /арван дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун арван гурав/-н төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.О-гийн нэхэмжлэлээс 280,000 /хоёр зуун наян мянга/-н төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Т, насанд хүрээгүй хохирогч П.С нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-с 11,898,000 /арван нэгэн сая найман зуун ерэн найман мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН