Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

                              

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар

улсын яллагч  Т.Нансалмаа

шүүгдэгч А.Н*******

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

хохирогч Ц.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я******* овогт А******* Н*******д холбогдох эрүүгийн 2231000000093 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А******* аймаг, Э******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт С******* аймаг, С******* сум, 1 баг, 3 хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд С******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж хорих ял шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан гэх, Я******* овогт А******* Н******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 1-р багийн нутагт иргэн О.Ү 87-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглаж О.Ү толгойн тус газар нь цохиж биед нь толгойн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 1-р багийн 03-р хэсэг 016 тоотод оршин суух иргэн Ц.Сувд-Эрдэнэтэй “Ууганцэцэгийг надтай уулзуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны битүү хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ цаг хугацаанд Ц.С гэрт түүний зөвшөөрөлгүйгээр цонхоор нь нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэх гэмт хэргүүдэд  холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дахиж хэрэг төвөгт орооцолдохгүй...” гэжээ

Шүүгдэгч Б.Н*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “....Би аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2231000000099 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл мөн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Н*******гийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баттүвшин бид хоёр манай гэрт хоноод 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр босоод гарч яваад 0.5 литрийн “X” нэртэй архи аваад 36 дугаар цэцэрлэгт сууж байхад над руу найз Ууганцэцэг залгаад “гэрт хүрч ирээд ус түлээ дөхүүлээд өгөөч” гэхээр нь Баттүвшин бид хоёр ус түлээг нь зөөж өгчхөөд гараад явж байсан чинь Баттүвшин дэлгүүрээс архи авч гарч ирэхээр нь авсан архийг нь бид хоёр ууж байгаад би тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь С******* сумын 1 дүгээр багт байрлах гэрэлт цогцолборын доод талд сэрсэн.

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шөнийн тухай ярихад би тус өдрийн өглөө Баттүвшинтэй яриад хуучин захын ард уулзъя гэж яриад захын ард байрлах саданд сууж тамхи татаж юм ярьж байгаад Баттүвшин гэр рүүгээ хариад 17 цагийн алдад хүрээд ирье гэхээр нь би Софт гээд рс-нд Баттүвшинг хүлээж тоглож байгаад 16 цаг өнгөрөөгөөд гарч яваад Баттүвшингийн гэр лүү явж байсан чинь Баттүвшин миний өөдөөс ирж байсан. Бид хоёр уулзаад 0.5 литрийн Монгол нэртэй 2 шил архи аваад тус архиа талбайн зүүн талд байрлах саданд ууж дуусгаад бид хоёр манайх руу явсан бөгөөд замаараа дэлгүүрээс 2 лааз пиво, 0.75 литрийн “Монгол” нэртэй 1 шил архи ойр зуурын идэж уух юм авсан. Гэр рүү орохын өмнө би Баттүвшинг түрүүлээд очоод байж бай гэж хэлээд өөрөө замаараа найз У байгаа газарт нь очоод утасныхаа цэнэглэгчийг өгөөд цэнэглэж байгаарай маргааш ирээд авъя гэж хэлээд үлдээсэн. Тэгээд гэр лүүгээ очоод авсан архи пиво ууж эхэлсэн ба талдаа орж байхад нь би тасарчихсан. Нэг мэдсэн чинь У байсан айлын гадна талд цагдаагийн алба хаагч нартай хамт зогсож байсан. Харин Баттүвшин манай гэрийн тэнд унтаж байсан байна лээ....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

Хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дахиж хэзээ ийм үйлдэл гарах бол гэж айж байгаа. Охин маань хүртэл “тэр ах дахиж хэзээ ирэх бол” гэж айдаг. Би охиноо сэтгэл зүйн эмчид үзүүлж байгаа...” гэжээ

Хохирогч Ц.С 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гэр болох 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 016 тоотод дүү Ууганцэцэг хүүхдүүд болох Балжинням Батням, Амин-Эрдэнэ, Аминхүслэн нарын хамт 23 цаг 50 минутын үед байж байтал манай гэрийн хаалгыг Н******* нүдээд байхаар нь онгойлгохгүй байж байтал гэрийн цонх ахиад нүдээд байсан. Тэгэхээр нь аргаа бараад хаалгаа тайлж өгтөл Н******* нь “би Ууганцэцэгтэй уулзъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууганцэцэгт хэлтэл “би гарахгүй ээ, аниа та наадхаа явуулчих” гэж хэлсэн.  Тэгэхээр нь би “Н******* чи одоо эндээс яв. Маргааш өглөө ирээд уулзчих” гэж хэлсэн боловч явахгүй байсан. Тэгтэл манай хүүхэд Батням уйлахаар нь Н*******г цааш түлхсэн чинь “писда чинь” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгэхээр нь би дахиад цааш түлхсэн чинь миний гарыг мушгиад байсан. Тэгтэл Ууганцэцэг гэрээс гарч ирэхээр нь би хамраа дараад гэр лүүгээ орсон. Тэгсэн чинь Ууганцэцэг “авраарай” гээд орилоод байсан. Би тухайн үед хамраас цус гараад өвдөөд байсан учир гарч чадаагүй. Тэгэхээр нь би арай гэж нэг юм гараад хаалга түгжсэн. Тэгсэн чинь манай гэрийн хаалгыг дахиад чанга балбаж нүдээд эцэст нь манай гэрийн цонхыг хагалаад цонхоор орж ирээд “Ууганцэцэг хаана байна ална” гэж хайгаад байсан. Тухайн үед Ууганцэцэг шкафан дотор орчихсон байсан. Тэгээд арга ядаад цагдаа дуудсан чинь Н******* “цагдаагаа дууд. Цагдаа чинь надад хамаагүй” гэж хэлж байгаад гэрээс гараад явсан ...” гэх мэдүүлэг/, хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Хохирогч О.Ү 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2009 оноос эхлэн С******* суманд таксинд явж байна. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шөнө 01 цаг болж байхад Хөх чулуут дэлгүүрийн урд талд байрлах таксины зогсоол дээр би зогсож байхад нэг үл таних согтуу эрэгтэй хүүхэд ирээд шууд миний эзэмшлийн 87-23 СЭА улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгэхээр нь би хаашаа явах юм гэж асуухад тухайн хүн нь 1 дүгээр баг 3 дугаар хэсэг рүү явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд хөдлөөд “Гэрэлт цогцолбор” өнгөрөөд 3 дугаар хэсэг рүү орох үед 2 салаа зам байсан учир “аль замаар нь явах вэ” гэж асуухад наанаа эргээд зогсчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд зогсоод 3.000 төгрөг болсон шүү хэлэхэд тухайн хүүхэд надтай цуг явж байсан хүн хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би чи ганцаараа ирээд машинд суусан шүү дээ, чамтай хамт хүн байгаагүй гэж хэлэхэд “Чи одоо юу гээд байгаа юм” гэж хэлээд намайг ёс бусаар харааж байгаад миний шилэн хүзүү хэсэг рүү 2 удаа цохиод цамцны ар талын захнаас хойш татсан тэгэхээр нь би гарыг нь тавиулчхаад буугаад машинаасаа буулгах гээд татаж байхад цаанаас Нямаа гэдэг таксинд явдаг ах ирсэн. Тэгээд би нямаа ахаас юу хийж яваа юм гэж асуухад Нямаа ах гэрээсээ гараад таксинд явж байна гээд юм ярьж байтал миний машин дотор байсан хүүхэд машин дотроос бууж ирээд миний толгой хэсэг руу нэг удаа цохиод /юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна/ над руу дайраад байсан. Тэгэхээр нь би өргөж аваад газарт бөгс хэсгээр нь суулгаад унагаасан. Тэгээд миний толгой халуу дүүгээд байхаар нь толгойндоо хүрэх үед миний толгойноос цус гараад хагарчихсан байсан учраас “чи миний толгойг хагалчихлаа шүү  дээ” гэж хэлтэл тухайн хүүхэд “наад толгой чинь угаасаа хагархай байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тэгтэл 2 цагдаа нар ирсэн 2 цагдааг ирэхээр нь “энэ хүүхэд миний толгойг хагалчхаад чиний толгой угаасаа хагарчихсан байсан гэж хэлээд байна” гээд толгойноос гарсан цусаа тухайн 2 цагдаад харуулсан. Өмнө нь хагалсан байсан бол миний толгойны цус хатаад ямар нэгэн өөрчлөлтэй байх байсан шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/, хавтаст хэргийн 07 дугаар тал/,

Гэрч С.Н 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед гэрээсээ гараад таксинд явж байсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шөнө гэртээ орж цай унд уучхаад буцаад 01 цагийн үед гараад Гэрэлт цогцолборын доод талд явж байхад Ү машин 3 дугаар хороо руу орох уулзвар дээр хөндлөн зогсож байхаар нь зогсоод Үүрийнцолмонтой мэнд мэдэлцээд юу хийж байгаа юм гэж хэлсэн чинь Үүрийнцолмон машиныхаа ард талаас нэг хүүхдийг татаад гаргаад ирсэн тэгсэн чинь нөгөө хүүхэд өөдөөс нь сарвалзаад толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод авсан яаг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна учир нь харанхуй шөнө байсан мөн би дээрээс нь бага зэрэг нүд муутай. Үүрийнцолмон нь тэгтэл тухайн хүүхдийг хажуу тийш нь гулд татаад газарт унагаасан тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд цагдаа сэргийлэх дуудсан. Тэгээд би явсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Д.Ж 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Үүрийнцолмон 19 цагийн үед таксинд явахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа ямар нэгэн гэмтэл шархгүй гарсан. Тэгсэн чинь Үүрийнцолмон 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө над руу залгаад “нэг хүн надын машинд сууж яваад таксины мөнгө өгөхгүй, миний толгойг цохиод хагалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Б.Б 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сараас эхлэн С******* аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байна. Тухайн өдөр нийтийн хэв журам хамгаалах хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл шөнийн 01 цагийн үед Шуурхай удирдлагын жижүүрийн утаснаас “Гэрэлт хөшөөний доор хүн зодуулсан дуудлага мэдээлэл ирлээ оч” гэж хэлсний дагуу очиход 87-23 СЭА улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгсэл уг тээврийн хэрэгслийн жолооч тэгээд нэг хүүхэд байсан. Жолоочтой нь очоод уулзахад “энэ хүүхэд миний араас боогоод, толгой руу цохиод, толгой хагалчихлаа” гэж хэлсэн. Толгойг нь харахад цус гарч байсан. Тэгээд ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн юм....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.О.Ү биед хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хохирогч С.У 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед С******* сумын 1 дүгээр баг 3 дугаар хэсэг 016 тоотод ах О гэрт очсон юм. Очоод байж байтал манай найз Н******* ирээд надад утасныхаа зайг гаргаж өгөөд “энийг цэнэглэж байгаач” гэж хэлээд үлдээсэн. Тэгээд ахын гэрт байж байгаад оройн 23 цагийн үед унтсан. Тэгсэн чинь манай Сувд-Эрдэнэ эгч үүдэнд хүнтэй хэрэлдээд байхаар нь босоод гараад очтол Н*******, Сувд-Эрдэнэ эгч хоёр хоорондоо хэрэглэж байсан. Тэгсэн чинь Сувд-Эрдэнэ эгч “чи эндээс яв” гэж хэлээд түлхсэн чинь Н******* “муу писда чинь” гэж хэлээд Сувд-Эрдэнэ эгчийн нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн Сувд-Эрдэнэ эгч хамраа дараад гэр лүү гүйгээд орсон юм. Тэгээд би Н*******г “эндээс яв” гэж хэлсэн чинь намайг татаж унагаагаад нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Сувд-Эрдэнэ эгч гарч ирээд намайг аваад гэрийнхээ хаалгыг хаагаад дотроос нь түгжээд орсон чинь Н******* хаалга нүдэж татаад улмаар цонх нүдэж хагалаад цонхоор орж ирээд “Ууганцэцэг хаана байна, ална” гээд хайгаад байсан. Тухайн үед би шкап дотор нуугдаж байсан. Тэгээд Сувд-Эрдэнэ эгч цагдаа дуудсан чинь цагдаа ирж байгаа сургаар гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/, хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

Гэрч О.О 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 00 цагт хоёр удаа 01 цагийн үед 3 удаа манай эхнэр Ц.Сувд-Эрдэнэ над руу залгасан байсан. Би тухайн өдөр өглөө нь 09 цагийн алдад сэрээд утсаа хараад буцаагаад залгаад юу болсон талаар асуухад эхнэр Сувд-Эрдэнэ нь надад шөнө амарч байхад У найз банди Н******* манай гэрт ирж цонх хагалж орж ирээд намайг болон У зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаараа видео залгахад Сувд-Эрдэнэ нүд хамар нь хавдаж хөхөрсөн байдалтай байж байсан. Тэгээд би ажлаасаа чөлөө авч 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С******* сум руу хөдөлсөн. Гэртээ ирээд үзэхэд манай гэрийн цонх хагарсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51 дугаар тал/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.С.У биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ц.С биед хамар ясны битүү хугарал, таславчийн мурийлт, зовхинд цус хуралт, хамар, сарвуунд хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3.Уг гэмтэл шинээр үүссэн, тухайн үед үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-922/3631 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

65х50 см хэмжээтэй цонхны шил 1 ширхэг 30.000 төгрөг дундаж ханшаар тооцов гэх дүгнэлт, /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 01, 36 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 02-04 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 26-28, 76-78-р хуудас/, мөрдөг байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 32-33 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 121-122 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 116-118-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 1-р багийн нутагт иргэн О.Ү 87-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч О.Үүрийнцолмонтой маргалдаж улмаар түүнийг толгойн тус газар нь цохиж биед нь толгойн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 1-р багийн 03-р хэсэг 016 тоотод оршин суух иргэн Ц.Сувд-Эрдэнэтэй “Ууганцэцэгийг надтай уулзуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны битүү хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Б.Н******* нь Ц.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэний дараа тухайн цаг хугацаанд найз охин С.Ууганцэцэгийг хайх нэрийдлээр Ц.С зөвшөөрөлгүй цонхыг нь хагалан, цонхоор нь нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:

 

 

 

Шүүгдэгч Б.Н*******гийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Би дахиж хэрэг төвөгт орооцолдохгүй...гэмт хэргүүдийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд юу ч санахгүй болсон байсан. Нэг мэдсэн У гэрийн гадаа цагдаагийн алба хаагч нартай зогсож байсан, ...  ” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,

 Хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүүхэд Батням уйлахаар нь Н*******г цааш түлхсэн чинь “писда чинь” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгэхээр нь би дахиад цааш түлхсэн чинь миний гарыг мушгиад байсан.  ...  манай гэрийн хаалгыг дахиад чанга балбаж нүдээд эцэст нь манай гэрийн цонхыг хагалаад цонхоор орж ирээд “Ууганцэцэг хаана байна, ална” гэж хайгаад байсан, ...дахиж хэзээ ийм үйлдэл гарах бол гэж айж байгаа.  ...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,

 Хохирогч О.Ү 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нямаа ах гэрээсээ гараад таксинд явж байна гээд юм яриад зогсож байтал миний машин дотор байсан хүүхэд машин дотроос бууж ирээд миний толгой хэсэг руу нэг удаа цохиод над руу дайраад байсан. Тэгэхээр нь би өргөж аваад газарт бөгс хэсгээр нь суулгаад унагаасан. Тэгээд миний толгой халуу дүүгээд байхаар нь толгойндоо хүрэх үед миний толгойноос цус гараад хагарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,  

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ү машинаас нэг хүүхэд гарч ирээд Ү өөдөөс нь сарвалзаад толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлгээр, 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн жолоочтой нь очоод уулзахад “энэ хүүхэд миний араас боогоод, толгой руу цохиод, толгой хагалчихлаа” гэж хэлсэн. Толгойг нь харахад цус гарч байсан...” гэх мэдүүлгээр, 

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн  “...  1.О.Ү биед хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр,

С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Сувд-Эрдэнэ эгч “чи эндээс яв” гэж хэлээд түлхсэн чинь Н******* “муу писда чинь” гэж хэлээд Сувд-Эрдэнэ эгчийн нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн Сувд-Эрдэнэ эгч хамраа дараад гэр лүү гүйгээд орсон юм. Тэгээд би Н*******г “эндээс яв” гэж хэлсэн чинь намайг татаж унагаагаад нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Сувд-Эрдэнэ эгч гарч ирээд намайг аваад гэрийнхээ хаалгыг хаагаад дотроос нь түгжээд орсон чинь Н******* хаалга нүдэж татаад улмаар цонх нүдэж хагалаад цонхоор орж ирээд “Ууганцэцэг хаана байна, ална” гээд хайгаад байсан...” гэх мэдүүлгээр, 

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би утсаараа видео залгахад Сувд-Эрдэнэ нүд хамар нь хавдаж хөхөрсөн байдалтай байж байсан. Тэгээд би ажлаасаа чөлөө авч 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С******* сум руу хөдөлсөн. Гэртээ ирээд үзэхэд манай гэрийн цонх хагарсан байсан...” гэх мэдүүлгээр,

 С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1******* дугаартай шинжээчийн “... 1.Ц.С биед хамар ясны битүү хугарал, таславчийн мурийлт, зовхинд цус хуралт, хамар, сарвуунд хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл шинээр үүссэн, тухайн үед үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлтээр,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-922/3631 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 65х50 см хэмжээтэй цонхны шил 1 ширхэг 30.000 төгрөг дундаж ханшаар тооцов гэх дүгнэлт гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тодорхойлсон эд зүйлийн үнэлгээ болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд  болно.

 “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч А.Н*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” мөн “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон”  идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн үйлдлийг санахгүй байгаа гэж тайлбарлан мэдүүлдэг боловч энэ нь хуульд зааснаар гэм буруу, ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болохгүй юм. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н******* нь хохирогч Ц.С цонх хагарсан гэх 30.000 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдсон ба хохирогч О.Үүрийнцолмон нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүйд тооцож харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Сувд-Эрдэнэ нь цаашид хамраа эмчлэх, сувилуулахтай холбогдон гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. 

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т, 13.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т, 13.6 дугаар зүйлийн 1-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

  Шүүгдэгч А.Н*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.   

Шүүгдэгч А.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н******* нь гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирол, хор уршгаас баримтаар нэхэмжилсэн тодорхой хэмжээг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний бусад хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж, нэгтгэн нийт 640 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

 Шүүгдэгч А.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч А.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Я******* овогт А******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.Шүүгдэгч А.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 640 цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.      

5.Шүүгдэгч А.Н******* нь хохирогч Ц.С цонхыг засаж, хэвийн болгоход 30.000 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдсон ба хохирогч О.Үүрийнцолмон нь эмчилгээний зардалд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүйд тооцож, харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Сувд-Эрдэнэ нь цаашид хамраа эмчлэх, сувилуулахтай холбогдон гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсүгэй.  

6.Шүүгдэгч А.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ