| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2022/0113/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/124 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Т.Нансалмаа
шүүгдэгч П.Чулуунбаатар нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Буурал овогт Нямдэлэгийн Чулуунбаатарт холбогдох эрүүгийн 2231000000102 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хантай суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д цахилгаан тэжээлийн монитор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 118 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Буурал овогт Нямдэлэгийн Чулуунбаатар, РД:ФМ68051198
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Чулуунбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 3-р хэсэг 218Б тоот хашаанд Э.Болдбаатарын толгой цээж хэсэгт гараараа олон удаа цохиж биед нь баруун эгэмний зөрсөн битүү хугаралтай зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Н.Чулуунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.
2.Шүүгдэгч Н.Чулуунбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найз Энхбаяртай гэрт нь очиж уулзсан. Энхбаярын гэрт очих үед Энхбаяр эхнэр салаад явчихлаа гэж сэтгэл санаа хүнд байна хүүхэд ч харах хүнгүй боллоо гээд маш их сэтгэлээр унасан байсан. Энхбаяр 0.75 литрийн “Х” нэртэй архи гаргаж бид хоёр хувааж уугаад салсан. Би 16 цагийн орчим Энхбаярын гэрт очиход Энхбаярын хүүхэд Эрдэнэбилэг гэртээ ганцаараа байж байсан ба аавыг нь асуухад цагдаа ирээд авч явсан гэж хэлсэн. Би Энхбаярыг байхгүй болохоор нь гэрээс нь гарах гэж байтал гаднаас Алтанчимэг орж ирсэн. Би Алтанчимэгт “чи миний ядарсан найзыг дэндүү дээрэлхэж байна шүү, буудлаар хэсэхээ боль. Гэр орондоо тогтохгүй” гэж жоохон ууртай ч гэсэн сургамж маягаар хэлээд гарах гэж байтал гаднаас зүс таних залуу орж ирээд надад “чи миний хайртай хүүхэн рүү орилж чарлалаа” гэж хэлээд намайг гэрээс чирч гаргасан. Бид хоёр зууралдаад гарч байхдаа гэрийн үүдэн дээрх шатан дээр тээглэж давхралдаад уначихсан. Бид хоёр тэндээ нэгнийхээ энгэрээс заамдалцаж барилцаад хэсэг ноцолдсон. Би уурандаа нөгөө залуугийн бие рүү хоёр цохисон хаашаа нь яаж цохисноо санахгүй байна. Тэгээд хэсэг ноцолдож байгаад салсныхаа дараа би Энхбаярын гэрт буцаж орсон. Энхбаярын гэрт ороод нээх их удалгүй би явсан ...хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас /,
3.Хохирогч Э.Болдбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хишигбаатар ахтай 0.75 литрийн нэг шил архи хувааж уугаад 17 цагийн орчим Хишигбаатар ахын гэрээс гарч Алтанчимэгийн гэр лүү явсан. Алтанчимэг “гэр лүүгээ ороод хүүхдээ харчхаад ирье” гээд орсон. Намайг тамхи татаад зогсож байхад нэг настайвтар ах Алтанчимэгийн гэр лүү орсон. Удалгүй хүүхдийн “болиоч ээ” гэж орилох дуу сонсогдохоор нь Алтанчимэгийн гэрт ороход настай ах Чулуунбаатар. Алтанчимэгийг үсдээд шалан дээр дөрвөн хөллүүлээд өшиглөж “чамайг Сэлэнгэд байхгүй болгоно. Янхан минь” гэж орилж байхаар нь би Чулуунбаатарыг гэрээс авч гарсан. Гадаа гарсны дараа Чулуунбаатар миний хувцаснаас татаад газар хавирч унагаагаад миний дээр гарч суугаад намайг нүүр нүдгүй балбасан. Би хэдийгээр архи уучихсан байсан ч гэсэн төрийн албан хаагч тул хөгшин настай хүнийг цохиж зодох сэдэл санаа зорилго байгаагүй. Чулуунбаатар нь бараг 7-8 удаа миний цээж, толгой нүүр хэсэг рүү цохисон. Миний баруун мөр өвдөөд, янгинаад явчихаар нь би Чулуунбаатарт “миний эгэм хугарчих шиг боллоо. Та болиоч” гэхэд Чулуунбаатар миний дээрээс боссон. ...Билэгт Алтанчимэг бид хоёрыг дагуулаад машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч үзээд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би Чулуунбаатарт гар хүрээгүй зодуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10-р хуудас /,
4.Хохирогч Э.Болдбаатарын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Чулуунбаатарт зодуулсан. Зодуулсны улмаас эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Хагалгааны тухайд 2.808.000 төгрөгний хагалгаанд орсон. Гэрээр боолт хийлгэж, эм тарианы мөнгө гээд тоймгүй олон хөлс гарсан. Энэ хугацаандаа ажилгүй 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас /,
5.Гэрч Ц.Алтанчимэгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би гэр рүү орж байхад Чулуунбаатар гэдэг ах “хөөе янхан минь яах гэж ирсэн юм бэ” гэхэд “та юу гээд байгаа юм бэ яваач” гэсэн. Чулуунбаатар гэдэг хүн надад хандаж “чи нөхрийгөө цагдаа дуудаад өгчихсөн үү” гэсэн. Би гэр лүүгээ ороход араас. Чулуунбаатар гэдэг хүн орж ирээд миний үснээс гараараа татаад зулгаасан. Би “таныг оруулахгүй” гэхэд "энэ ямар чиний гэр юм уу. Янхан минь” гэж доромжилж эхэлсэн “би энэ гэрт амьдрахгүй байгаа нь үнэн боловч хүүтэйгээ уулзаж байна” гэж хэлэхэд “чи энэ гэрт ирэх эрх байхгүй гэсэн. Тэгтэл Болдбаатар орж ирээд “та яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ” гээд Чулуунбаатар гэдэг хүнийг хаалгаар чирээд гаргасан. Болдбаатар, Чулуунбаатар нар ноцолдож байгаад Болдбаатар ар нуруугаараа газарт унасан. Чулуунбаатар нь Болдбаатарын цээжин дээр суугаад хоёр гараараа зэрэг хэд хэдэн удаа цохиж зодсон. Болдбаатар нь “ахаа миний гар эвгүй болчихлоо. Та болиоч” гэсэн. Би тэнд очоод Чулуунбаатарыг “болиоч” гэхэд “чи нөхрөөсөө салчхаад ийм юмтай явж байгаа юм уу” гэж хэлж байсан. Би арай хийж Чулуунбаатарыг татаж босгосон. ...Н.Чулуунбаатар гэдэг хүн намайг зүв зүгээр байхад цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Э.Болдбаатарын биед баруун эгэм дунд хэсгээр битүү хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Э.Болдбаатарын биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/
7.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/,.яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 23 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 63-64-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52,53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Чулуунбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 3-р хэсэг 218Б тоот хашаанд Э.Болдбаатарын толгой цээж хэсэгт гараараа олон удаа цохиж биед нь баруун эгэмний зөрсөн битүү хугаралтай зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Чулуунбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна. ...Би уурандаа нөгөө залуугийн бие рүү хоёр цохисон хаашаа нь яаж цохисноо санахгүй байна. ...” гэх, хохирогч Э.Болдбаатарын “...Би хэдийгээр архи уучихсан байсан ч гэсэн төрийн албан хаагч тул хөгшин настай хүнийг цохиж зодох сэдэл санаа зорилго байгаагүй. Чулуунбаатар нь бараг 7-8 удаа миний цээж, толгой нүүр хэсэг рүү цохисон. Миний баруун мөр өвдөөд, янгинаад явчихаар нь би Чулуунбаатарт “миний эгэм хугарчих шиг боллоо. Та болиоч” гэхэд Чулуунбаатар миний дээрээс боссон...”, гэрч Ц.Алтанчимэгийн “...Болдбаатар, Чулуунбаатар нар ноцолдож байгаад Болдбаатар ар нуруугаараа газарт унасан. Чулуунбаатар нь Болдбаатарын цээжин дээр суугаад хоёр гараараа зэрэг хэд хэдэн удаа цохиж зодсон. Болдбаатар нь “ахаа миний гар эвгүй болчихлоо. Та болиоч” гэсэн...”гэх мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн “... Э.Болдбаатарын биед баруун эгэм дунд хэсгээр битүү хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Болдбаатарын биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Чулуунбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Болдбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 1.880.866 төгрөг нэхэмжилснээс хэрэгт баримтаар авагдсан 582.966 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг шүүгдэгч Н.Чулуунбаатар нь шүүхийн шатанд төлж барагдуулсан. Харин хохирогч нь өвчтэй байх хугацааны цалин хөлс гэж 1.297.900 төгрөг нэхэмжилснийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч Э.Болдбаатарт нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Чулуунбаатар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүгдэгч Н.Чулуунбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Чулуунбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Чулуунбаатар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөрөөс шүүхээс тогтоосон хэмжээгээр төлсөн, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний бусад хувийн байдал болон шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуу мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Н.Чулуунбаатар нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Чулуунбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Чулуунбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буурал овогт Нямдэлэгийн Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чулуунбаатарт 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуу мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Н.Чулуунбаатар нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Шүүгдэгч Н.Чулуунбаатар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн зардалд шүүхээс тогтоосон 582.966 төгрөгийг төлж барагдуулсныг дурьдаж, хохирогч Э.Болдбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Чулуунбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ