| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2022/0112/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/125 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг
улсын яллагч Т.Нансалмаа
шүүгдэгч П.Мөнхбаатар
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
хохирогч С.Болд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2231000000096 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Ургамал дөрөө” ХХК-д хөрөөчин ажилтай, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд “Ургамал дөрөө” ХХК-ны байранд оршин суудаг гэх,
Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатар, /РД:МЭ77051911/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Мөнхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Ургамал дөрөө” ХХК-ны хашаанд тухайн компанийн жолооч ажилтай С.Болдтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн биед баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний өөхөн эслэг, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, хүзүүний арьсан дор хий хуралдалт, баруун этмойд хөндийн цус хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хэд урд орой нь архи уусан байсан унтаж байтал Болд ах орж ирээд намайг өшиглөсөн. Би байранд зодолдохгүй гээд гадаа гараад цохисон. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ
Шүүгдэгч П.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “.... Би Болдын нүүрэн тус газар нэг удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
Хохирогч С.Болд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Улаанбаатар хотод нэлээд эмчилгээ хийлгэсэн. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн, эмчилгээнд зарцуулсан зардлыг гаргаад өгөх юм бол надад гомдол санал байхгүй...” гэжээ,
Хохирогч С.Болдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой “Ургамал дөрөө” ХХК-ны цайны газрын байшинд цалин мөнгөө асуухаар ортол тус компанийн ажилтан Амараа, Мийгаа, Бямбаа /Мөнхбаатар/ нар архи уучихсан сууж байсан. ... Мөнхбаатар надруу та Мийгаа ах бид 2-ын дунд яс хаялаа гэсэн утгатай юм ярихаар нь би юу гэж яс хаясан юм гэсэн утгатай юм яриад байж байхад Мөнхбаатар суудал дээрээс босч ирээд зүүн гараараа миний баруун шанаа, нүд орчим нэг удаа хальт цохисон юм. Тэнд байсан хүмүүс хориглохоор нь би тэндээс гарч яваад маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 8 цаг 30 минутын орчим “Ургамал дөрөө” ХХК-ны хашаанд очиход Мөнхбаатарт чи ахыгаа яагаад өчигдөр цохиж байгаа юм бэ гэхэд Мөнхбаатар намайг гаръя гээд гэрээс дагуулж гараад дахиад миний баруун нүдрүү зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгээд би нүдээ дараад тонгойтол миний хамраас цус гарсан...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч У.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө намайг гэртээ унтаж байхад байшингийн доод давхарт хүмүүс чанга дуугаралдаад хэрэлдээд байх шиг байхаар нь байшингийнхаа 2 давхарын цонхоор харчхаад буугаад очтол гэрийн гадаа Мөнхбаатар, Болд хоёр байсан ба Болдын баруун нүд нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5295 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “... С.Болдын биед баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний өөхөн эслэг, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, хүзүүний арсан дор хий хуралдалт, баруун этмойд хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүснэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /22-23 дугаар хуудас/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/, гэрч Х.Батзоригийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37 дугаар хуудас/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 63-64-р хуудас/, шүүгдэгч П.Мөнхбаатарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хх-ийн 58-61/, хохирогчоос хохирлын баримт гаргаж өгч хэрэгт хавсаргасан баримтууд /хх-ийн 51-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Мөнхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Ургамал дөрөө” ХХК-ны хашаанд тухайн компанийн жолооч ажилтай С.Болдтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн биед баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний өөхөн эслэг, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, хүзүүний арьсан дор хий хуралдалт, баруун этмойд хөндийн цус хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
Шүүгдэгч П.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би Болдын нүүрэн тус газар нэг удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, хохирогч С.Болд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би Улаанбаатар хотод нэлээд эмчилгээ хийлгэсэн. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн, эмчилгээнд зарцуулсан зардлыг гаргаад өгөх юм бол надад гомдол санал байхгүй, ... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 8 цаг 30 минутын орчим “Ургамал дөрөө” ХХК-ны хашаанд очиход Мөнхбаатарт чи ахыгаа яагаад өчигдөр цохиж байгаа юм бэ гэхэд Мөнхбаатар намайг гаръя гээд гэрээс дагуулж гараад дахиад миний баруун нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, гэрч У.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө намайг гэртээ унтаж байхад байшингийн доод давхарт хүмүүс чанга дуугаралдаад хэрэлдээд байх шиг байхаар нь байшингийнхаа 2 давхарын цонхоор харчхаад буугаад очтол гэрийн гадаа Мөнхбаатар, Болд хоёр байсан ба Болдын баруун нүд нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 5295 дугаартай “... С.Болдын биед баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний өөхөн эслэг, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, хүзүүний арсан дор хий хуралдалт, баруун этмойд хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүснэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.
“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч П.Мөнхбаатарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хуульд зааснаар гэм буруу, ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болохгүй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Болдын эмчилгээнд зарцуулсан, хэрэгт баримтаар гаргаж өгсөн 2.766.360 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Болдод төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Мөнхбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Мөнхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч П.Мөнхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Мөнхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Мөнхбаатарт нь гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гасан зардлыг төлж барагдуулаагүй, түүний ажил эрхлэлтийн байдал, оршин суугаа газрын байршил, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний бусад хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Мөнхбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Мөнхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Мөнхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч П.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Мөнхбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч С.Болдод учирсан хохиролд 2.766.360 төгрөгийг шүүгдэгч П.Мөнхбаатараас гаргуулж, хохирогч С.Болдод төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч П.Мөнхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ