Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч Б.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******т холбогдох эрүүгийн 2231000000129 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр У******* хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ц******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт С******* аймаг С******* сум 6 дугаар баг, 3 дугаар хэсэг ******* Б тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй

Б******* овогт Б******* Э*******, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутагт байрлах гар утас засварын газарт Ц.Алтанчимэгийг “Чулуунбаатарыг хэрэгт холбогдууллаа” гэх шалтгаанаар толгойн дагз болон уруул хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний хоёр чих хэнгэрэг нь хагархай, би хөвөн хийдэг гэтэл үүнийг Ц.Алтанчимэг мэддэг хэрнээ  миний чих рүү алгадчихсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гээд цочсондоо тийм зүйл болсон...” гэжээ.

2.Шүүгдэгч Б.Э******* 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл мөн санал хүсэлт байхгүй. Тус тогтоолтой санал нийлж байна. ...А нүүр хэсэгт нэг удаа л цочсондоо цохичихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас /,

3.Хохирогч Ц.А 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2009 оноос хойш Б.Э*******тай ханилан суугаад хамтран амьдраад бид 2-ын дундаас 1 хүүхэд мэндэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сараас хойш нөхөр бид 2 гэр бүлийн маргаан, намайг байнга доромжилдог, дарамталдаг, мөн эцэс төгсгөлгүй хардалтаас болж би гэрээсээ явсан. Тэгээд манай нөхөр шинэ эхнэртэй болсон. Миний хүү 11 настай Э.Эрдэнэбилэг нь одоо аавтайгаа амьдарч байгаа. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд би “хуучин захын зогсоол дээр байдаг утас засварын газарт” ажил дээрээ байж байтал миний салсан нөхөр Б.Э******* нь орж ирээд “лалрын янхан минь, тэр нус болдоогоо дагуулаад ирээч, хөгшин настай хүнээр зодуулчхаад гомдол гаргаад явдаг тэр ер нь хэн юм бэ?” гэх мэтээр орилоод асаагуураа аваад толгой руу шидээд лангууны араар орж ирээд миний толгойн ар дагз хэсэгт хүчтэй цохихоор нь “цаашаа бай” гээд түлхээд газар унасан зүйлүүдийг авах гэтэл шууд миний уруул хэсэгт цохичихсон. Тэгээд миний амнаас цус гараад байсан тэр үед Б.Э******* хүчтэй уурлаж салгалаад, дайраад байсан. Тэгээд өмсөж байсан пудволкоо тайлаад шидэхээр нь би тухайн пудволкыг нь гаргаад шидсэн чинь Б.Э******* пудволкоо авах гээд гарсан хойгуур нь хаалгаа түгжээд уйлж сууж байгаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06-р хуудас /,

4.Гэрч П.Н 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ байж байтад манай найз Алтанчимэг 13 цаг 06 минутад над руу залгаад "Э******* намайг ажил дээр маань ирээд зодчихлоо. Би яг одоо эмнэлэг дээр оёдол тавиулаад байж байна” гэж ярьсан Тэгэхээр нь би эмнэлэг рүү явж очоод гарч ирэхээр нь цагдаа дээр ирээд буулгасан. Тэгээд би яваад өгсөн юм. Дээд талын уруулын дотор талдаа яз цохигдоод 2 оёдол хийлгэсэн мөн үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул хэсэг нь бондойж хавдсан, уруул хэсэгт нь сатуркан 2 утас харагдаж байсан. Өөр биед ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-р хуудас/,

5.С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ц.А биед уруулд няцарсан шарх, нэг шүд үзүүр хэсгээр бага зэрэг хөдөлсөн, эрүүнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

6.С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Э*******ын биед хамрын хянга нуруу, сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20-р хуудас/

6.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/,.яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 14 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28-30 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 42, 43 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутагт байрлах гар утас засварын газарт Ц.Алтанчимэгийг “Чулуунбаатарыг хэрэгт холбогдууллаа” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж хохирогчийн толгойн дагз болон уруул хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний хоёр чих хэнгэрэг нь хагархай, би хөвөн хийдэг гэтэл үүнийг мэддэг хэр нь Алтанчимэг миний чих рүү алгадчихсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гээд цохичихсон ...” гэх,  хохирогч Ц.А “...нөхөр Б.Э******* нь орж ирээд “лалрын янхан минь, тэр нус болдоогоо дагуулаад ирээч, хөгшин настай хүнээр зодуулчхаад гомдол гаргаад явдаг тэр ер нь хэн юм бэ?” гэх мэтээр орилоод асаагуураа аваад толгой руу шидээд лангууны араар орж ирээд миний толгойн ар дагз хэсэгт хүчтэй цохихоор нь “цаашаа бай” гээд түлхээд газар унасан зүйлүүдийг авах гэтэл шууд миний уруул хэсэгт цохичихсон...” гэх, гэрч П.Н “...Алтанзулын дээд уруул нь дотор талдаа яз цохигдоод 2 оёдол хийлгэсэн мөн үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул хэсэг нь бондойж хавдсан, уруул хэсэгт нь сатуркан 2 утас харагдаж байсан...” гэх мэдүүлгүүд, С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн “... Ц.А биед уруулд няцарсан шарх, нэг шүд үзүүр хэсгээр бага зэрэг хөдөлсөн, эрүүнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Э*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Алтанчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй байхгүй гэж мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлыг нөхөн төлсөн”  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

Шүүгдэгч Б.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ