Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 658

 

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2020/00658

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00469/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, **дугаар баг, Тосгоны ** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, * дугаар баг, 1* дугаар байрны *5 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:**/-д холбогдох

 

"Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжинд авах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулж охин У.*******г ээжийнх нь асрамжид үлдээсэн. Хэдийгээр бид салсан ч гэсэн нэг гэрт ирж очин хамт амьдарч байсан. Яг 2018 оны сүүлээс хойш тусдаа амьдарсан. Би 2019 онд Төмөрлөгт буцаж ажилдаа орсон. Тэгэхэд манай ээлжийн дарга, мастер руу хүртэл Н.******* янз бүрийн мессеж бичдэг. Охинтойгоо уулзах гээд очихоор л янз бүрийн хэрэгт холбогдчих гээд байдаг. Охиныг эмнэлэгт шарлага хийлгэхээр ажлаасаа чөлөө аваад үзүүлчихээд охиноо авах гэтэл намайг балиар гэр рүүгээ дагуулж явуулах гэлээ гээд элдвээр хэлдэг. Бас намайг охиноо шидсэн гэдэг. Үүнийг нь цагдаа шалгаад хэрэгсэхгүй болгосон. Яаж ч бодсон эрүүл хүн хүүхдээ шидэх үү, санаанд ч буухгүй. Бас хүүхэд хамгаалах газраас намайг шалгасан, тэгэхэд нь би намайг охинтой минь тайван уулзуулж өгөөч гэж хэлж байсан. Хүүхэдтэйгээ уулзахад их хэцүү, бүх зүйл энэ хүний хүслээр болдог. Хүүхэдтэйгээ уулзахаар очсоны дараа заавал хэрэгтэн болгох гэдэг. Охин халуураад байна ир гэж дуудаад намайг цохиж зодсон, би цагдаа дуудаж байж гарсан. Ийм байдлаар охинтойгоо тайван уулзах боломж олдохгүй, уулзахаар цагдаад шалгагдаад хэцүү байна. Иймээс охиноо өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Н.*******гийн ийм үйлдлүүд нь намайг дарамтлаад зогсохгүй, охины минь надтай уулзах эрхийг зөрчиж байна. Иймд хүүхдийн асрамжийг өөрчилж, миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнийг нэхэмжлэл гаргасанд би харин ч их баярлаж байна. Энэ хүнийг хүүхэдтэйгээ уулзаач гээд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хандсан. Бүтэн жил болсон. Хүүхдээ ерөөсөө тоодоггүй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бид салсан. Цэргийн хүн болоод ч тэр үү их догшин ширүүн. Намайг төрөөд 15 хонож байхад зодоод гэмтлийн зэрэг их хүнд гарсан. Би гомдолгүй гээд хэрэгсэхгүй болгож байсан. Дараа нь бас шанаа руу цохиж байсан, жирэмсэн байхад шатаар чирж, зоддог байсан. Сална гэхээр амиа хорлоно гээд судсаа ханадаг, хутга шөвөг гаргадаг. Мөн охиноо ядаргаатай хар пизда вэ гээд Мөнхийн тун эмийн сангийн тэнд шидсэн. Гэрчлэх хүн байгаа боловч тэр маань бас айгаад гэрчилж чадахгүй гэсэн. Тэгээд би айгаад гэр болон ажилдаа камер суулгуулсан.

Ер нь шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь хүүхдэд өгөх тэтгэлэг нилээн өндөр гаргахад би ерөөсөө хүүхдээ авна, чи миний амьдралыг өөд гаргахгүй юм байна гэж хэлсэн, үүнийг л гэж бодож байна. Бага хүүхдээ төрсний дараа 1 нас хүрэхэд нэг удаа ирсэн, охиноо 4 нас хүрэхэд нэг удаа ирж уулзсан. Хүүхдүүдээ ерөөсөө тоодоггүй.

Намайг бараанд явахад ээж маань хүүхдүүдийг маань хардаг. Тэр намар намайг бараанд явахад ээжийн даралт ихсээд байсан учраас охиноо 2 хоног энэ хүнд үлдээсэн. Тэгтэл ярьдаг байсан охин маань ярихаа болиод ирсэн. Тэгээд 4 сарын дараанаас л ярьдаг болсон. Бага хүүхдээ би эднийх рүү огт явуулдаггүй. Нөхцөл орчин таалагддаггүй. Над руу шороо цацсан бөө эгч нь хамт амьдардаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний асрамжинд үргэлжлүүлэн үлдээж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, охин У.Гэгээнийг өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...шүүхийн шийдвэрээр охин У.Гэгээнийг эх Н.*******гийн асрамжид үлдээснээс хойш охинтойгоо тайван уулзах боломжгүй болсон бөгөөд уулзах гэхээр л охиноо шидсэн, зодсон гээд цагдаагийн байгууллагад өгдөг, ажил хийлгэдэггүй. Энэ байдал нь охины эцэгтэйгээ уулзах эрхийг болон миний эрхийг хязгаарлаж байна. Н.*******гийн гаргаж байгаа үйлдлүүд нь хүүхдийн хүмүүжилд цаашид муугаар нөлөөлж болзошгүй... гэж тайлбарлаж байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 645 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.*******, Н.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 04 сарын 15-ны өдөр төрсөн охин У.Гэгээнийг эх Н.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Т.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус байгууллагаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр эцэг эхийн чадамжийг үнэлэх, эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлагыг тогтоох 10 психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд сэтгэл зүйн хувьд Н.*******д 4, Т.*******т 2 зан үйлийн хурцдал илэрсэн, хэн хэнд нь сэтгэл гутрал, түгшүүр үүсээгүй, Т.*******т архидан согтуурах зан үйлийн эрсдэл бага зэрэг үзүүлэлттэй байгаа бөгөөд хариуцагч буюу эх 3 судалгаанд давуу байдал үүссэн нь эцгээс давуу талтай. Охин У.Гэгээн нь бага насны хүүхэд тул оношлогоо хийх боломжгүй гэж дүгнэсэн байна.

 

Хэрэгт хариуцагч Н.*******гээс Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 189 дугаартай тогтоол, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 490 дугаартай тогтоолуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь өмнө гарсан зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлэгдсэн баримтууд байх тул энэхүү асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж үнэлээгүй болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.*******г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 645 дугаартай шийдвэрээр тогтоосон асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2016 оны 04 сарын 15-ны өдөр төрсөн охин У.Гэгээнийг эх Н.*******гийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******ын хүүхдийн асрамж өөрчлүүлж, өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь зохигчдын хэн алины үүрэг болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 04 сарын 15-ны өдөр төрсөн охин У.Гэгээнийг эх Н.*******гийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******ын хүүхдийн асрамж өөрчлүүлж, өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ