Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00482

 

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02324 дүгээр шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалтай,

Х.Аийн нэхэмжлэлтэй,

“Э” ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүн урамшуулал, ээлжийн амралтын олговор, цалингийн нэмэгдэл зэрэг нийт 172,655,263 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Я.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч “Э” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдэл зэрэгт 172,655,263 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02324 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Э ТӨААТҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, үр дүн урамшуулал, жилд нэг удаа авах үр дүнгийн урамшуулалт цалинд нийтдээ 172,655,263 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,322,880 төгрөг /367,950+696,684+258,246/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас 96,743,656 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э” ТӨААТҮГ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,911,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас 641,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,323,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Я.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Х.А нь ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, үр дүн, урамшуулал, жилд нэг удаа авах үр дүнгийн урамшуулалт цалин нийт 172,655,263 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “Э” ТӨҮГ-аас Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн 1468 дугаартай тогтоолыг биелүүлж нэхэмжлэгч Х.Ад өмнөх албан тушаалтай нь адил цалинтай ажлын байрыг санал болгож байсан бөгөөд Х.А өөрөө ажиллах сонирхолгүй, татгалздаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Х.Аийн нэхэмжлэлтэй Эд холбогдох хэргийг УДШ-ээс хянаад, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлаар анхан шатны шүүх дахин дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт нийцээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч Х.Аийн 2018.02.27-2019.02.28-ны өдрийг дуустал хугацаанд 44,899,530 төгрөгийг нэхэмжилсэн байгааг 2019.05.07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан боловч, улмаар хариуцагч болох ЭХХТ-өөс 2019.05.30-ны өдөр гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.07.05-ны өдрийн 1279 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг 25,024,863 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Х.А нь үл зөвшөөрч УДШ-д гомдол гаргасан. Улсын дээд шүүхээс уг хэргийг буцаахдаа анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй... гэж дүгнэсэн байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Х.Атэй ЭХХТ нь 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 8-9 cap хэвийн ажиллаж байсан цаашид сунгагдах боломжтой байсан гэж дүгнэсэн байна. Энэ нь анхнаасаа эзгүй байгаа ажилтны оронд түр орон тоон дээр байсан бөгөөд Ц.Сүхбаатар ирэх хугацаа өнгөрсөн боловч дахин жинхэлсэн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл анх байгуулсан гэрээний хугацаа дууссан /Сүхбаатарыг иртэл гэсэн үйл баримтын хугацаа сунгагдахгүй/, гэрээг цаашид ямар хугацаатай сунгах эсэх нь тодорхойгүй, өөрчлөгдөх боломжтой байсан. Х.А нь анхнаасаа ЭХЯ-ны бүтэц, зохион байгуулалтаар ЭХХТ-д шилжүүлсэн албан хаагчдын нэрсийн жагсаалтад байхгүй, ЭХЯ-ны ТНБД-ын хүсэлтээр тус төвийн эзгүй байгаа ажлын байранд Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд түр хугацаатай гэрээ байгуулж, 2015.01.12-ны өдрөөс 2016.09.02-ны хооронд ажилласан. Х.А нь тус төвд 1,8 жил түр ажлын байранд ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн боловч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж олон жил дараалан шүүх байгууллагаар гомдол гаргасан, өмнөх жилүүдэд гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 онд - 12,440,489 сая төгрөг, 2018 онд - 29,148,319 сая төгрөгийн тус тус нөхөн олговор авсан. Шүүхийн шийдвэрийг хангах үүднээс Х.Аийг ЗУХ-ийн даргын ажлын байрны шалгуурт нийцэхгүй эдийн засагч мэргэжилтэй, түүний ТАХ-ийн анкет, эзэмшсэн мэргэжлийг харгалзан ажлын байр санал болгосон ч хүлээн зөвшөөрөхгүй гээд өдийг хүрсэн. Эийн тогтворгүй бүтэц, хуулийн мэргэжилтний эзгүйг далимдуулж удаа дараа олон удирдлагуудтай уулзсан, албан бичиг өгсөн боловч тохиролцоонд хүрээгүй, шүүхэд гомдол мэдүүлж, 2 жил дараалан ажиллаагүй байж ажилласан мэтээр сул цалин авсан бөгөөд дахин гомдол гаргаад байгаа нь зүйд нийцэхгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бодитой хянахгүйгээс гадна тулгасан асуулт тавьсан, өмнө нь ярьсан зүйлийг дахин ярихгүй гэх мэт хэтэрхий өрөөсгөл байдлаар хэргийг хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангуулаагүй болно. Үүнд: 2019 оны анхан шатны шүүхэд шинээр ажилд орсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үүрийнбаяр нь нэхэмжлэгч Х.Аийг 2018.02.27-2019.02.28-ны өдрийг дуустал хугацаанд 44,899,580 төгрөгийг нэхэмжилсэн байгааг үгүйсгэж хэлэхдээ “Ажиллаж байсан бол санхүүгээс бодуулж үзэхэд сарын 1,120,000 төгрөгийн үндсэн цалинтай, нийт 25,024,863 төгрөг болж байна” гэж мэдэгдэл өгсөн байхад уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэж хэлсэн мэтээр “үгийг мушгин гуйвуулж” үгийн утгыг алдагдуулж тайлбарласан, 2022.01.24-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь Х.А нь эдийн засагч мэргэжилтэй, ЗУХ-ийн даргын албан тушаалын шалгуурыг хангахгүй байх тул 2019.04.18-ны өдөр албан ёсоор мэдэгдэл өгч, өөр адил чанарын цалинтай ажлын байр санал болгосон гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал цомхотгогдсон тул адил чанарын өөр албан тушаал санал болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ... гэж үгийн утгыг мөн алдагдуулж магадлалдаа тэмдэглэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021.03.09-ний 50 дугаар тогтоолоор ЭХХТ-ийн Захиргаа удирдлагын хэлтэс нь цомхотгогдсон боловч энэ хугацаанд 2021.01.13-ны өдрийн 00020 дугаар тогтоолоор УДШ-ээс хэргийг буцаасан тул дахин хянаж, шүүхийн шийдвэр гарна гэж ойлгож байсан болно. Шүүхийн шатанд хянагдаж байгаа хэргийн нэхэмжлэлийг хангах хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2022.01.24-ний өдрийг хүртэл 3 жил 10 cap, 20 хоногоор тооцож, нийт 96,743,656 төгрөгийг “Э” ТӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Х.Ад олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн нь ч үндэслэлгүй бөгөөд уг тооцоог нэхэмжлэгчийн үгээр хангасан гэж үзэж байна. Хэрэв Х.А ажлын байранд ажиллаж байсан бол тийм хэмжээний мөнгийг 3 жилийн дотор авах боломжгүй бөгөөд манай байгууллага МУ-ын Засгийн газрын 2020 оны 43 дугаар тогтоолыг баримталж ажилласан, удаан жилийн нэмэгдлээс бусад бүх шагнал урамшууллыг зогсоосон байсныг энд тэмдэглэж байна. Жилийн эцсийн урамшуулал болох 13 дахь сарын цалин олгогдоогүй болно. Дээрх мөнгөн дүнг олгохоор шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт гомдолтой байна. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хангуулж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00284 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч “Э” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдэл зэрэгт 172,655,263 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Х.Аийн ажиллаж байсан Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаал цомхотголд орж хасагдсан, түүнд адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгосон, хариуцагч зөвшөөрөөгүй тул нэхэмжилсэн цалин, олговрыг олгох үндэслэлгүй... гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт “...хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 96,743,656 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, үлдэх 75,911,607 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулжээ.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2018.02.27-ны өдрөөс хойших хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн боловч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үндэслэл, хугацааг анхаараагүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Х.Аийг анх Э ААТҮГ-ын захирлын 2015.01.27-ны өдрийн Б/8 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон, ...улмаар мөн даргын 2015.02.27-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Х.Аийг тухайн албан тушаалд, урьд ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг иртэл томилон ажиллуулсан байх ба тэрээр тус төвийн захирлын 2016.08.31-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн байна.

12. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрээр Х.Аийг “Э” ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,440,489 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1 хх-ийн 6-13 тал/

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус хуульчилсан.

14. Хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлээгүй, Х.Аийг урьд эрхэлж байсан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилоогүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж, 2018.02.27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрээр Х.Аийн ажилгүй байсан, 2017.03.22-ны өдрөөс 2018.02.27-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 32,097,137 төгрөгийг “Э” ТӨААТҮГ-аас гаргуулж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 1000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.11-ний өдрийн 001/ХТ2018/01383 дугаар тогтоолоор хянаж өөрчлөн, “Э” ТӨААТҮГ-аас 29,148,319 төгрөг гаргуулж Х.Ад олгож шийдвэрлэжээ.

15. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн баримтуудаас үзвэл дээрх шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч шүүхийн шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэр биелэгдээгүй, харин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах хэсэг биелэгдсэн болох нь тогтоогдсоны зэрэгцээ төлбөр төлөгч “Э” ТӨААТҮГ-аас 2018.04.03-ны өдрийн 1/337 тоот албан бичиг ирүүлснээс хойш ямар ажиллагаа явагдсан нь тодорхойгүй байна. /2хх-ийн 46-70 тал/

16. Түүнчлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021.03.09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Э” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байх ба энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус төвийн Захиргаа удирдлагын хэлтсийг Хүний нөөц, гэрээ, эрх зүйн хэлтэс болгож өөрчилснөөс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан байна. Үүнтэй уялдан ажил олгогч нь 2019.04.18-ны өдөр нэхэмжлэгч Х.Ад “...байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус төвийн санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллахыг санал болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажлын байр учир цалин, олговор хэвээр олгогдоно” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогчийн гаргасан саналыг зөвшөөрөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.  

17. Иймд хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас 2018.02.27-ны өдрөөс 36 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэх ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01383 дугаар тогтоолоор Х.Аийн сарын дундаж цалинг 2,061,436 төгрөг, 1 өдрийн цалин 95,880.7 төгрөг болохыг тогтоосныг үндэслэн тооцоход хариуцагчаас нийт 74,211,696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 98,443,567 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

18. Анхан шатны шүүх ...анх “Э ААТҮГ-ын захирлын 2015.02.27-ны өдрийн Б/17 дугаар тушаал, Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл буюу ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ. ...иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т зааснаар Э ААТҮГ, Х.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл буруу, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

19. Хариуцагчийн төлөөлөгчийн ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021.03.09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Э” ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтэс цомхотгогдсон, ...давж заалдах шатны шүүхээс 2022.01.24-ний өдрийг хүртэл 3 жил 10 cap 20 хоногоор тооцож, нийт 96,743,656 төгрөгийг “Э” ТӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

20. Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “96,743,656 төгрөг” гэснийг “74,211,696 төгрөг” гэж, “75,911,607 төгрөг” гэснийг “98,443,567 төгрөг” гэж, “641,668 төгрөг” гэснийг  “529,008 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.02.21-ний өдөр төлсөн 641,668.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД