Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00026

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ц.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Р.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнцэндоржийн Гансүхэд холбогдох 201606000306 дугаартай, 132/2016/0014/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Р.Гансүх: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүү нарын хамт Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэгдээгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурхант овоо овогт Рэнцэндоржийн Гансүх /РД:ГП89051310/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Гансүх нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Шинэ хороо гэх газарт оршин суух иргэн Ц.Даваасүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 2355000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Р.Гансүхийн өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны үед найзуудын хамт пиво уусан юм. Мөн үүний дараа айлд архи уусан. Би согтуудаа Даваасүрэн ахын гэрт орсон. Даваасүрэн ахын гэрийн цонхны шил нь хагархай байхаар нь орсон. Ингээд түүний гэрээс монгол гутал, савхин дээл, мөнгөн хөөрөг, улаан өнгийн хөөрөг, мөнгөн ээмэг, бугуйвч, мөн шар өнгийн хүзүүний зүүлт зэргийг хулгайлсан. Би тагтаар гарч гаражаар дамжиж буусан. Би Давааасүрэн ахын хохирол төлбөрийг заавал төлж барагдуулна. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байдаг гэх мэдүүлэг,

201606000306 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Р.Гансүхийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 06 сарын 20-ны үеэр яг хэдэн гэдгийг санахгүй байна. 23-24-ний үед байх Булган аймгийн Рашаант сумын төвд хөдөө 3-р багт ганц нэг пиво уучихаад орж ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад шинэ хороонд Батмөнх гэдэг найзындаа очиж хувааж уучихаад нэлээд халамцуу гараад найзынхаас урагшаа 3-4 гудамж яваад хуурай ах болох ажил төрөлд нь тусалдаг Даваалай гэж дууддаг Даваасүрэн ахынд очсон чинь байшинд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би грашаар нь дамжиж 2 давхарт нь полкон дээр нь гарахад порчик нь онгорхой байхаар нь гараа оруулж байгаад хаалгыг нь онгойлгосон. Тэгээд ороод эмэгтэй хүний савхин дээл, эрэгтэй хүний монгол гутал аваад доод давхар руу ороод хойд өрөөнийх нь ширээн дээр байсан мөнгөн ээмэг, бөгж, нарийхан эмэгтэй хүний монетон гинж, мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, бор өнгийн улаан хүрэн өнгийн толгойтой шар металл нуухтай хөөрөг, сувдан зүүлт, 1 долларын дэвсгэрт, 5 мянгат, 1 мянгатын дэвсгэрт тус бүр 1 ширхэг , 2 ширхэг мөнгөн бугуйвч зэргийг аваад буцаад дээшээ гараад полконы хаалгаар гарч грашаар дамжиж буусан. Тэгээд шууд төвд Шинэ хорооны нүүрэнд  байдаг  гэррүүгээ  очсон.   Гэртээ  ороод  хувцасаа  солиод  шууд Улаанбаатар Өвөрхангай явдаг зам дээр очоод гуанзан дээрээс шөнө 02 цагийн үед Улаанбаатар хот руу явж байгаа цагаан өнгөтэй номер дугаарыг нь хараагүй приус маркийн машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би Ц.Даваасүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. намайг хүчээр хэрэг хүлээлгэсэн зодож цохьсон асуудал огт байхгүй гэх мэдүүлэг / хх 29-30 тал/,

Хохирогч Ц.Даваасүрэнгийн өгсөн: Би эхнэрийн хамт 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явсан ба гэрээ эзгүй орхиод явсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 10-д гаргаад Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт байрлалтай 3-8 тоотод байх байшиндаа ирэхэд хоёр давхарын цонхыг хагалж эвдлээд түгжээг нь онгойлгон дотогш орсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь эрэгтэй хүний монгол гутал, эрэгтэй хүний шар өнгийн өвлийн гутал, манай охины хар өнгийн урт савхин куртик, эмэгтэй хүний улаан өнгийн сандаал, богино түрийтэй эмэгтэй хар өнгийн гутал зэргийг хоёр давхарын өрөөнөөс алдагдсан байсан. Нэг давхарын өрөөнөөс болохоор солонгос авдрын цүүг нь хөшиж эвдлээд эмэгтэй хүний жижиг хэмжээтэй мөнгөн хөөрөг, эрэгтэй хүний дунд гарын гартааман чулуугаар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, хөөрөнгий савхин дайлин, даваа толгойт чулуугаар хийсэн хөөрөгний толгой болон бусад эд зүйлсийг хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Нийт 2566000 төгрөгийн хохирол учирсан. Би хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна. Нийт 2566000 төгрөгийн мөнгөн дүн нэхэмжилнэ гэх мэдүүлэг / хх 10-11 тал/,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэд 2355000 төгрөг тогтоогдсон /хх  15 тал/,  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-05 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 19-21 тал/, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт /хх 23 тал/, Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт /хх 34 тал/, урьд ял шийтгэл эдэлж байсан талаархи Цагдаагийн байгууллагын лавлагаа /хх 35 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Гансүх нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Шинэ хороо гэх газарт оршин суух иргэн Ц.Даваасүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 2355000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь  хохирогч Ц.Даваасүрэнгийн өгсөн ...2016 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 10-д гаргаад Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт байрлалтай 3-8 тоотод байх байшиндаа ирэхэд хоёр давхарын цонхыг хагалж эвдлээд түгжээг нь онгойлгон дотогш орсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь эрэгтэй хүний монгол гутал, эрэгтэй хүний шар өнгийн өвлийн гутал, манай охины хар өнгийн урт савхин куртик, эмэгтэй хүний улаан өнгийн сандаал, богино түрийтэй эмэгтэй хар өнгийн гутал зэргийг хоёр давхарын өрөөнөөс алдагдсан байсан. Нэг давхарын өрөөнөөс болохоор солонгос авдрын цүүг нь хөшиж эвдлээд эмэгтэй хүний жижиг хэмжээтэй мөнгөн хөөрөг, эрэгтэй хүний дунд гарын гартааман чулуугаар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, хөөрөнгий савхин дайлин, даваа толгойт чулуугаар хийсэн хөөрөгний толгой болон бусад эд зүйлсийг хулгайд алдсан байсан гэх мэдүүлэг, холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Гансүхийн өгсөн ..хуурай ах болох ажил төрөлд нь тусалдаг Даваалай гэж дууддаг Даваасүрэн ахынд очсон чинь байшинд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би грашаар нь дамжиж 2 давхарт нь полкон дээр нь гарахад порчик нь онгорхой байхаар нь гараа оруулж байгаад хаалгыг нь онгойлгосон. Тэгээд ороод эмэгтэй хүний савхин дээл, эрэгтэй хүний монгол гутал аваад доод давхар руу ороод хойд өрөөнийх нь ширээн дээр байсан мөнгөн ээмэг, бөгж, нарийхан эмэгтэй хүний монетон гинж, мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, бор өнгийн улаан хүрэн өнгийн толгойтой шар металл нуухтай хөөрөг, сувдан зүүлт, 1 долларын дэвсгэрт, 5 мянгат, 1 мянгатын дэвсгэрт тус бүр 1 ширхэг , 2 ширхэг мөнгөн бугуйвч зэргийг аваад буцаад дээшээ гараад полконы хаалгаар гарч грашаар дамжиж буусан гэх мэдүүлэг зэрэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-05 тал/, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт /хх 23 тал/ зэрэг  баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөн байцаалтын ажиллагаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмын дагуу хууль ёсоор явагдсан байх ба түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогчийн мэдүүлэг  зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Р.Гансүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Даваасүрэнд  2355000 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Р.Гансүхээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгчийн 4 ханатай эсгий гэрийг гэр бүлийн бусад гишүүдийн амьдрах орон сууц болохын хувьд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хөлдөөгч нь гэр бүлийн гишүүдийн зайлшгүй хэрэгцээт хэрэглээний зүйл гэж үзэж тус тус битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Р.Гансүхэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Р.Гансүхийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бурхант овоо овогт Рэнцэндоржийн Гансүхыг бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Р.Гансүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баричвлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Гансүхийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Р.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэр бүлийн дундын өмчлөлийн 4 ханатай гэр, хуучин ашиглаж байсан хөлдөөгч зэрэг эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Гансүхээс 2355000 /хоёр сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Даваасүрэнд олгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Гасүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ