| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 114/2026/0009/З |
| Дугаар | 221/МА2026/0335 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0335
“А” ХХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Б.М
Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00*****-** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “А” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Б.М
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 114/ШШ2026/0015 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А
Хариуцагч хяналтын Улсын байцаагч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 114/2026/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “А” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Б.М-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00*****-** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Б.М-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн 00*****-** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид дотоод хяналтын журмыг 14 хоногийн дотор ирүүлэх боломж олгосон боловч уг хугацаанд ирүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2-д заасан үүргийг биелүүлээгүйд тооцогдоно. Эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд тухайн үед баримт гаргаж өгөх боломж нээлттэй байсан. Нэхэмжлэлд дурдсан сөрөг дээж илэрсэн гэх үндэслэл нь буруу бөгөөд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн тул төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль ёсны дагуу явуулсан.
3.2 Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08-20-**/***/** дүгээр “Хяналт шалгалтын удирдамж”-аар Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн худалдаалж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “А” ХХК, “Ш” ХХК-иудад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэх удирдамжийг баталжээ.
4. Удирдамжийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын Улсын байцаагч Б.М нь “...хяналтын журмыг батлуулаагүй, тайлагналт байхгүй, “Э” ХХК-иас гахайн мах татан авдаг, “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй, халдваргүйжүүлэлтийг улирал тутам хийлгэдэг” гэх нөхцөл байдлыг тогтоон, Шалгалтын тэмдэглэл үйлдэж, мөн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр “...Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, ...“А” ХХК нь дотоод хяналт шалгалтын удирдамж батлаагүй зөрчил үйлдсэн...” гэх тэмдэглэлийг тус тус үйлдсэн байна.
5. Хяналтын улсын байцаагч нь “...Дотоод хяналт шалгалтын журам батлаагүй, тайлагналт байхгүй гэх гомдол, мэдээллийг шалгаад, ... “А” ХХК нь дотоод хяналт шалгалтын журам батлаагүй, тайлагналт байхгүй, хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж үзэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
6. Ингээд Улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00******** дугаар Шийтгэлийн хуудсаар “А” ХХК нь дотоод хяналтын журам батлаагүй, тайлагнаагүй гэх зөрчилд 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заажээ.
8. Дээрх хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь “шударга ёсны зарчим”-д нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
9. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 523-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 524-д Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж тус тус хуульчилжээ.
10. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, төрийн хяналт, шалгалтыг эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжид заасан асуудлын хүрээнд, ажлын 10 өдрөөс илүүгүй хугацаанд хийж гүйцэтгэхээр зохицуулсан байна.
11. Зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд, Хяналт шалгалтын удирдамжаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон бусад хууль, тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр баталжээ.
12. Харин хяналтын Улсын байцаагч нь дээрх удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулаагүй, шалгалт хийх үндэслэлд заасан асуудлын хүрээнээс хальж шалгасан, эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжид дурдаагүй асуудлаар дүгнэлт гаргасан атлаа “А” ХХК-ийг дотоод хяналтын журам батлаагүй, тайлагнаагүй зөрчил гарсан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл “Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих”, 1.2-д “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Шийтгэлийн хуудас үйлдсэн нь хууль бус, үндэслэлгүй болжээ.
13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 2.4 дүгээр зүйл “Эрх бүхий албан тушаалтан”, 1 дэх хэсгийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйл ”Зөрчил шалгах ажиллагаа”, 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйл “Зөрчлийг нотлох”, 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.
14. Гэтэл хяналтын Улсын байцаагч нь анх худалдаанд гаргах мах, дайвар бүтээгдэхүүнийг (гахайн мах) лабораторийн шинжилгээнд хамруулахаар дээж өгч шинжлэхэд “гэдэсний бүлгийн хоолны хордлого үүсгэгч нян” илэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэн Зөрчлийн хэрэг нээсэн атлаа уг зөрчилд нь шийтгэл оногдуулаагүй, харин өөр үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилго болон “шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэж үзэхээр байна.
15. Тиймээс хариуцагчийн “сөрөг дээж илэрсэн гэх үндэслэл нь буруу бөгөөд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн тул төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль ёсны дагуу явуулсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
16. Түүнээс гадна “А” ХХК-ийг дотоод хяналтын журам батлаагүй, тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд гомдол гаргагчаас ирүүлсэн нотлох баримтууд болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд тус компанид дотоод хяналт шинжилгээ үнэлгээний журам, дотоод аудитын журам, тайлангууд байсан, эдгээрийг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг болох нь нотлогджээ.
17. Хяналтын Улсын байцаагч “...Хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дотоод хяналтын журмыг 14 хоногийн дотор ирүүлэх боломж олгосон боловч уг хугацаанд ирүүлээгүй” гэх давж заалдах гомдолд дурдсанчлан гомдол гаргагчид 14 хоногийн дотор ирүүлэх боломжийг олгосон гэх баримт зөрчлийн хэрэгт байхгүй, түүнчлэн үүнтэй холбоотойгоор Улсын байцаагч нь “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
18. Анхан шатны шүүхийн “...Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 1.5-д “Энэхүү журмын 1.4-д зааснаас бусад тохиолдолд “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө” гэж зааснаар аж ахуй нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг өөрөө батлах ба жил бүр тухайн журмыг батлах талаар зохицуулаагүй тул дээрх бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдол гаргагч хуулийн этгээдийг дотоод хяналт шалгалтын журамгүй байсан гэж үзэхгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч хяналтын Улсын байцаагч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч хяналтын Улсын байцаагч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчийн төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА