Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг     

улсын яллагч                                   Т.Нансалмаа                       

шүүгдэгч                                           А.Амартүвшин

шүүгдэгчийн өмгөөлөгч                 Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Алтангэрэлийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 2131003640132 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, ах дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хар усан тохой гудамж 4-52 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй,

Халх овогт Алтангэрэлийн Амартүвшин, РД:МД76092671,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  А.Амартүвшин нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Харваачдын 1-39 тоотод оршин суух иргэн Ц.Наранбаатарыг дуудахад гарч ирсэнгүй гэсэн шалтгаанаар Ц.Наранбаатарын хашаанд хураалгаатай байсан задгай өвс рүү татаж байсан тамхины ишээ шидэж, 2 машин задгай өвс, өвөлжөөг нь шатааж 740.000 төгрөгний хохирол учруулсан”,

Мөн согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хар усан тохой 3-42 тоотод оршин суух иргэн Б.Амартүвшинг “дуудахад гарч ирсэнгүй” гэсэн шалтгаанаар Б.Амартүвшингийн хашаанд хураалгаатай байсан өвс рүү татаж байсан тамхины ишээ шидэж 530 боодол өвсийг шатааж 2.385.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хар усан тохой 2-03 тоотод оршин суух иргэн Г.Ганзоригийн хашаанд хураалгаатай байсан өвс рүү татаж байсан тамхины ишээ шидэж задгай /3 портер машинаар авсан байсан/ өвсийг шатааж 450.000 төгрөгийн  хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Амартүвшин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч А.Амартүвшиний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ойлгож байна. Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй...” гэжээ

Шүүгдэгч А.Амартүвшиний 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дунд зэргийн согтолттой байсан гэж бодож байна. Тухайн хэрэг явдал болох үед надаас өөр хүн байгаагүй. Өвс шатаахад намайг хэн нэгэн хүн албадсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 07 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Наранбаатарын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед манай хүргэн ах Бат-Орших орж ирээд “өвөлжөөний ард хураалттай байсан өвс шатаж байна” гэхээр нь гэрээсээ гараад хартал өвөлжөөний маань ард хураалттай өвс шатаж байсан. Тэгээд галын талаар дуудлага өгөөд өвөлжөөнөөс үхрүүдээ гаргаад галыг унтраах гэж оролдсон боловч унтрааж дийлээгүй. Галын машинууд ирж байж галыг унтраасан. Манай өвснөөс хэрэглэхээр өвс юу ч үлдээгүй бүгд шатсан бөгөөд өвөлжөө маань ч гэсэн бүрэн шатчихсан. Өвс өвөлжөө шатах үед гадна салхи шуургатай байсан бөгөөд өвсний ойр орчимд ямар нэг цахилгааны утас шон байгаагүй...“ гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Наранбаатарын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Галын улмаас өвөлжөө, өвс аль аль нь бүрэн шатсан. Миний тооцоогоор 900.000 мянга орчим төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч А.Бат-Оршихын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ унтаж амрах гээд байж байтал 23 цагийн үед манай 3 дугаар ангид сурдаг хүү Азхүү гарчхаад орж ирэхдээ "аав гадна гал гарч байна” гэж хэлэхээр нь би гараад хартал манай өвөлжөөний ард хураалттай байсан өвс шатаж байсан. Би хадам дүү Наранбаатарынд орж гал гарч байгаа талаар хэлээд арынхаа худгийнхаа картыг авч Наранбаатар бид нар хувингаар ус зөөж галыг унтраах гэж оролдсон боловч дийлээгүй. 20 орчим минутын дараа галын машинууд ирж ус цацан унтраасан. Галын улмаас манай хашаанд байсан өвс болон жижиг хашаа шатсан” ...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Батсуурийн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ ээлжтэй байсан бөгөөд тухайн өдөр Д.Отгонбаатар гэх залуутай нэг ээлжид гарч байсан. Орой 23 цагийн үед галаа түлчхээд ажлынхаа байрны гадна гарч ирэхэд манай ажлын зүүн урд талын айлын өвс шатаж байсан бөгөөд баахан хүн машин ирчихсэн унтраах гээд бужигнаж байсан. Би ажил руу эргэж ороод хамт ээлжид гарч байсан залуудаа галын талаар хэлээд эргэж гарч гал гарч байгаа айл дээр очин цас шидэж галыг унтраалцсан. Тэгээд эргэж ажил руугаа очсон бөгөөд намайг очиход ажил дээр манай нөгөө ээлжийн галч болох Өөлөө /А.Амартүвшин/ гэх залуу ирчихсэн байсан. Амартүвшинийг согтуу байхаар нь би хөөгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Отгонбаатарын “... Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дулаанхаан тосгоны уурын зууханд 24 цагаар ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдөр Батсуурь гэдэг хүнтэй хамт ээлжид гарч байсан. Орой 23 цагийн үед Батсуурь ах үнсээ хутгачхаад галаа түлчхээд орж ирэхдээ “Наранбаатарын өвс шатаж байна би очиж унтраалцлаа” гээд явсан, Ажлын байр эзэнгүй орхиж болохгүй байсан болохоор би галаа манаад үлдсэн. Намайг ажил дээрээ сууж байтал манай ажлын Амартүвшин Өөлөө гэдэг залуу орж ирсэн. Батсуурь ах гал унтраалцчихаад орж ирээд Амартүвшинийг согтуу байна харьж амар гээд явуулсан. Би Амартүвшинийг яг хэдэн цагт орж ирснийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Наранбаатарын өвөлжөө шатаад Батсуурь ах унтраалцах гээд явсан Хойно л гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ нэлээд согтуу байсан гэсэн мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Эрдэнэсайханы 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:: “...хэсгийн төлөөлөгч дэслэгч Дөлгөөн над руу залгаад “Хонхорт хоёр айлын хашаанд өвс шатаж байна” гэх дуудлага мэдээлэл өгсөн ба би дуудлага дээр очсон. Намайг очиход Б.Амартүвшин гэдэг айлын гадна хураалттай байсан өвс шатаж байсан бөгөөд гал гарч байсан газарт олон тооны хүмүүс очсон унтраах гээд ажиллаж байсан. Би хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор галаас холдуулчихсан. Тэр үед Өөлөө хочтой А.Амартүвшин гэдэг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гал руу ойртох гээд байхаар нь би болиулж өөрийнхөө машины ард суулгаад “хүлээж бай” гээд үлдээсэн. А.Амартүвшин нэг харахад алга болсон байсан. Б.Амартүвшиний  хашаанаас 70 орчим метр зайд байрлах Ганзориг гэх айлын хашаанд хураалттай байсан өвс шатаж байсан. Ганзоригийн хашаанд бас хүмүүс өвсөнд гарсан галыг унтраах гээд ноцолдож байсан ба 21 цаг 40 минутын үед аймгийн Онцгой байдлын газраас галын машинууд ирж хоёр галыг унтраасан. Тэгээд 23 цагийн үед гал унтраах ажил дуусаж байх үед дахин Дулаанхаан тосгоны 1 дүгээр хэсэгт иргэн Наранбаатарын хашаанд өвч шатаж байгаа талаар дуудлага ирсэн бөгөөд уг дуудлагын дагуу очиход Наранбаатарын өвөлжөө болон өвс нь шатаж байсан ба хүмүүс унтраахаар оролдож байсан. 23 цаг 30 минутын үед галын машинууд ирж галыг унтраасан. Тухайн үед сэжигтэй байж болзошгүй гэх сэжигтэй хүн гэвэл А.Амартүвшин л байсан бөгөөд Амартүвшин сандарч тэвдсэн байдалтай байсан тул би машинд суулган саатуулсан боловч тэр гэнэт яваад алга болчихсон. Амартүвшин нь эгч дүү нарынхаа хамт амьдардаг, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй даруу төлөв хэдий ч тосгоны иргэд дунд түүнийг жижиг сажиг хулгай хийгээд байдаг талаар ярьдаг юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ч.Хоролсүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:: “...Гал ямар шалтгааны улмаас гарсан болохыг тодорхойлж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Гэрч Л.Батнямын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:: “...Миний ажилласан хоёр галын аль алинд нь нутгийн иргэд унтраах гэж оролдоод өвсийг татаж тарааж цацсан байдалтай байсан бөгөөд ойр орчмын мөрийг баллаж дарсан байдалтай байсан. ..” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэнэ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:: “...Манай онцгой байдлын алба нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажилласан. Тиймээс уг зардалтай холбоотой зардлыг байгууллагын зүгээс нэхэмжлэхгүй. Энэ бол бидний үндсэн үүрэг байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41 дугаар хуудас/,

Гэрч Д.Болормаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:: “...А.Амартүвшин нь хүн харахад дуугай хүн боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед их яриасаг чалчаа хүн болчихдог юм. Өөрөө надад архи уусан үедээ айлын өвс шатаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Гал түймэр унтраасан нотломж, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, фото үзүүлэлт, гал түймэр унтраах урьдагчаас мэдүүлэг авахад гал түймрийн шатах эх үүсвэр нь ил гал байх магадлалтай байна. Гэвч гал түймрийн улмаас хэргийн газрын ул мөр устаж үгүй болсон байх тул шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 49 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-621/2402 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурьдагдсан өвөлжөө болон задгай өвсний нийт үнийг 910.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. /1-р хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүх сэтгэж эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №13/22 дугаартай эмнэлгийн магадлагаанд

  1. А.Амартүвшин нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.
  2. А.Амартүвшин нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл тул болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон, үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх боломжтой.
  3. А.Амартүвшин нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл тул болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.
  4. А.Амартүвшин нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай.
  5. А.Амартүвшин нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. /1-р хавтаст хэргийн 69 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ганзоригийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хадмындаа байж байгаад 19 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд 20 цаг өнгөрөөгөөд хадмыгаа хүргэж өгөхөөр гарах үед манай хашаанд хураалттай байсан 4 машин өвс шатаж байсан бөгөөд манай зүүн талд байх Монхорын өвс бас шатаж байсан. Тэгээд хашаандаа гарсан галыг унтраах гэж оролдож байх үед манай ойр орчмын хүмүүс ирж тусалсан бөгөөд дуудлага өгснэөс хойш цаг орчмын дараа галын машинууд ирж галыг бүрэн унтрааж өгсөн. Манай хашаанд байсан 4 машин өвснөөс 3 машин өвс бүрэн шатаж дууссан бөгөөд 1 машин орчим өвс авч үлдэж чадсан боловч угаар шингээд эргэж ашиглах боломжгүй болсон байсан. Хохирол барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй “ гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

Гэрч Л.Янжинлхамын 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд хүргэн Ганзоригийнд байж байгаад гэрлүуээ харих гээд гарахад хашаан дотор байсан өвс шатаж байсан тэгээд хүмүүс унтраах гээд гүйлдээд байж байсан ба удаагүй галын машин ирээд унтраасан. Тухайн үед 4 портер задгай өвс байсан ба 3 портер нь шатаад 1 тн шатаагүй. А.Амартүвшинтэй нэг нутгийн хүмүүс манайхаар баяр ёслолоор л орж ирдэг манайд бол гэм халгүй л байдаг. Хэрүүл маргаан болсон өш хонзонгийн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-621/2403 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурьдсан боодол өвс болон задгай өвсний нийт бодит үнийг 3.035.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. /1-р хавтаст хэргийн 135 -136 дугаар хуудас/,

Хохирогч Б.Амартүвшиний 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал 20:35 минутанд манай найз Отгонбаяр над руу залгаад “хураалттай өвс чинь шатаж байна” гэж ярьсан бөгөөд намайг гарах гэж байхад манай хөрш Баярцэцэг гэх эмэгтэй өөдөөс орж ирээд “өвс чинь шатаад байна” гэж хэлсэн. Тэгээд гараад харахад манай өвс баруун хойд талаасаа эхлэн шатаж байсан. Манай байшин хашаагүй бөгөөд өвс тусдаа хашаанд байдаг. Тухайн хашаанд 550 боодол өвс нуруулдан хураасан байсан. ...бид нар өвсний хойд захаас 20 боодол өвс л галаас гаргаж үлдсэн өвс бүгд шатсан. ...Манай өвсний ойрхон үнс асгадаггүй, цахилгааны ямар нэг утас байхгүй.... “ гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 170-171, 189-200 дугаар хуудас/,

Гэрч Ю.Өлзийсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “Өөлөө /Амартүвшин/ өчигдөр үдээс хойш манай дэлгүүрт ганцаараа орж ирээд нэг шил 0.75 литрийн Хараа архи, нэг улаан “Вест” нэртэй тамхи, хэдэн ширхэг иштэй чихэр аваад гарсан. Түүнээс хойш дахин манай дэлгүүрээр орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

Гэрч Д.Жамбалдоржийн “... Би 2018 онд Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал гамшгаас хамгаалах мэргэжил”-ээр төгссөн, одоогоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Гал түймэр унтраах 61 дүгээр ангид Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар 2 дахь жилдээ ажиллаж байна ...10 метр зайнаас тамхины иш шидэх үед өвсөн дээр асах боломжтой, цаг агаар болон улирлаас шалтгаалан асах хугацаа өөр өөр байдаг, өвлийн улиралд асах хугацаа удаан байдаг, дулааны улиралд асах хугацаа хурдан байдаг энэ хугацаа галын гурвалжнаас шалтгаалдаг” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 202 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Амартүвшиний сэжигтнээр “... 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би гэртэй буюу Дулаанхаан тосгоны хар усан тохой гудамжны 4-052 тоотод амарч байсан... Энхболдын хүнсний дэлгүүрээс 0.75 граммын Хараа нэртэй архи авч гэртээ ганцаараа уусан, ууж байгаад Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт хувийн байшинд амьдардаг бүтэн нэрийг нь мэдэхгүй Монхор /Б.Амартүвшин/ хочтой нутгийн танил дүүгийн байшингийн гаднаас Монхор нэрээр нь дуудахад гарч ирээгүй. Тэгэхлээр нь гадна нь тамхи татаж байгаад тамхиныхаа цогийг унтраалгүй хураалттай байсан өвс рүү нь шидчихээд явсан. Тэрний дараа гэртэй харьж ууж байгаад үлдээсэн жоохон архиа уучхаад танил болох Янжинтай очиж уулзах гээд Хар усан тохой Хонхор гэх газарт хүргэн Г.Ганзоригийн гэрт нь очиход цоожтой байсан ба хашаанаас нь гарахдаа татаж байсан тамхины цогийг унтраалгүй хураалттай байсан өвс рүү нь шидчихээд гараад явсан. Тэднийхээс гараад Дулаанхаан тосгоны Дэнж гэх газарт хашаагүй гэр/ амьдардаг Баатраа гэх айлын гадна ирж Баатарааг гарж ирээгүй тул татаж байсан тамхи унтраалгүй гэрийнх нь хойно буулгасан боодолтой өвснүүд рүү шидчихсэн юм...” гэсэн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-621/2403 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурьдагдсан өвөлжөө болон задгай өвсний нийт үнийг 3.035.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. /1-р хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 01-02, 156-157-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 8-10, 100-101, 163-164, 165-166-р хуудас/, нал түймэр унтраасан тухай нотломж, /1-р хх-ийн 44-45, 231-233-р хуудас/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 92-93, 154-155-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 97 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 146-148-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 234 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 13, 14 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 31-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Амартүвшин нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Дуудахад гарч ирсэнгүй” гэх шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэн Ц.Наранбаатар, Б.Амартүвшин, Г.Ганзориг нарын өвөлжөөнд хураалгаатай байсан өвс рүү татаж  байсан тамхиныхаа ишийг унтраалгүй санаатай шидэж, өвөлжөө, өвсийг нь  шатаасны улмаас иргэн Ц.Наранбаатарт 470.000 төгрөгийн хохирол, Б.Амартүвшинд 2.385.000 төгрөгийн хохирол, Г.Ганзоригт 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч А.Амартүвшиний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дунд зэргийн согтолттой байсан гэж бодож байна. Тухайн хэрэг явдал болох үед надаас өөр хүн байгаагүй. Өвс шатаахад намайг хэн нэгэн хүн албадсан зүйл байхгүй....” гэх, хохирогч Ц.Наранбаатар, Б.Амартүвшин, Г.Ганзориг нарын “... 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой малын хашаанд байсан өвс нь шатаж байсан. Галыг унтраах гэж өөрсдөө оролдоод чадаагүй, галын машин ирж унтраасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан. Гэмт хэрэг гарах өдөр А.Амартүвшин согтуу хэрэг болсон гэх газар байсан ...” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ ярьсан гэрч Б.Батсуурь, Д.Отгонбаатар, Г.Эрдэнэсайхан, Ч.Хоролсүрэн, Л.Батням, Б.Бат-Эрдэнэ, Д.Болормаа, Л.Янжинлхам, Ю.Өлзийсүрэн, Д.Жамбалдорж нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тодорхойлсон хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлт, галын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “... Гал түймэр унтраасан нотломж, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, фото үзүүлэлт, гал түймэр унтраах урьдагчаас мэдүүлэг авахад гал түймрийн шатах эх үүсвэр нь ил гал байх магадлалтай байна. Гэвч гал түймрийн улмаас хэргийн газрын ул мөр устаж үгүй болсон байх тул шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Амартүвшинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 Шүүгдэгч А.Амартүвшиний үйлдэл нь өөрийн хүсэл зоригт нийцүүлэн бусдын эзэмшлийн эд хөрөнгөд халдаж, бусдад хохирол учруулсан идэвхтэй үйлдэл  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул А.Амартүвшинийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын   шүүгдэгч А.Амартүвшин нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч А.Амартүвшин нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Амартүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч А.Амартүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халх овогт Алтангэрэлийн Амартүвшинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амартүвшинд 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Амартүвшиний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ