Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 724

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2020/00724

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00610

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 3-40 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнх, 07-01 тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /РД:**/-т холбогдох,

 

"Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******тай 2017 оны 02 дугаар сард танилцан, үерхэж, дотно харилцаанд орсон. Тэгээд хамт амьдарсан. 2018 оны 04 сарын 23-ны өдөр хүү Ү.******* төрсөн. Хүүг төрөхөөс өмнө, намайг жирэмсэн байхад бид тусдаа амьдарсан. Хүүг төрснөөс хойш холбоогүй болсон бөгөөд төрсөн хүүдээ анхаарал тавьдаггүй, холбоо барихгүй байгаад гомдолтой байдаг. Э.******* нь одоо өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэсэн. Иймд хүү Ү.*******гийн төрсөн эцэг нь Э.******* мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Г.*******гийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны эхээр Г.*******той танилцаж, хамт байгаад 2017 оны 11 сарын сүүлээр харилцаа холбоо тасарсан. Төрөх үед нь орхиж явсан гэдэг нь худлаа. ******* өөрөө намайг их харддаг, огцом ууртай, барьсан зүйлээрээ шиддэг, хутга барьж амиа хорлоно гэж дайрдаг, удаа дараа гэр орноосоо хөөж байсан. Энэ бүхнээс нь айж залхаад харьцаагаа тасалж холдсон. Төрөөд хүүтэй болсон гэдгийг сүүлд мэдсэн. Би одоо гэр бүлтэй, 4 сартай нялх хүүхэдтэй, эхнэр маань оюутан. Би хөдөлмөрийн чадвар алдалттай группын мөнгөнөөс өөр орлогогүй. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа учраас тэтгэлгийн хэмжээг бууруулах буюу нэхэмжлэгчтэй өөртэй нь эвлэрч тохирох замаар шийдвэрлүүлмээр байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.******* нь шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь бага насны хүүхэдтэй, хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй гэдэг үндэслэлээр өөрийнхөө оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасныг баримтлан тус шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э.******* нар нь 2017 оны 02 сард танилцан, дотно харилцаатай, хамт амьдарч байсан, тэдний дундаас 2018 оны 04 сарын 23-ны өдөр хүү Ү.******* төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохигчид эцэг мөн эсэх талаар маргаагүй, шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тул зохигчдын тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Э.*******ыг хүү Ү.*******гийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Э.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч одоо гэр бүлтэй болсон, өрхийн тодорхой орлогогүй, өөрөө хөдөлмөрийн чадвар алдалттай, группын мөнгөнөөс өөр цалин орлогогүй гэх үндэслэлээр тэтгэлгийн хэмжээг бууруулан тогтоолгох хүсэлттэй талаар тайлбартаа дурдсан байна.

 

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тогтоосон бөгөөд хуульд заасан энэхүү хэмжээнээс багаар тогтоох үндэслэлийг хуульчлаагүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байна.

Энэхүү тэтгэлгийн хэмжээг өөрчлөх тухай зохицуулалт нь хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэр гарсны дараа хуульд заасан үндэслэлээр тэтгэлэг төлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд хамааралтай болохоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээнээс доогуур бууруулан тогтоох асуудлыг зохицуулаагүй тул тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч Э.*******ыг 2018 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн хүү Ү.*******гийн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг Э.*******аас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хүү Ү.******* нь төрснөөсөө хойш эх Г.*******гийн асрамжинд байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, шаардлага гаргаагүй тул эхийн асрамжинд хэвээр үлдээж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн хүү Ү.*******г эх Г.*******гийн асрамжинд үлдээж, Э.*******ыг хүү Ү.*******гийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн хүү Ү.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

 

3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, мөн хариуцагч Э.*******аас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ