Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2023/0226/Э |
Дугаар | 2023/ШЦТ/219 |
Огноо | 2023-11-27 |
Зүйл хэсэг | 23.2.1., |
Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/219
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,
Шүүгдэгч Т.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.х овогт Т-ын Х-д холбогдох эрүүгийн 2209000002455 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг, Баян-Өлгий аймгийн ........ сумын ..... дугаар багт оршин суудаг, ам бүл 5, ээж, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.х овогт Т-ын Х-, регистрийн дугаар БЮ...........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт тус тус багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 4.691.547 төгрөг, Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт 120.940.600 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Х-г Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт тус тус багшаар ажилд орж ашигласан буюу хуурамч баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 4.691.547 төгрөг, Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт 120.940.600 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна. Энэхүү төрд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнээс гаргуулан улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
2. Шүүгдэгч Т.Х- мэдүүлэхдээ: “... Намайг анх Монгол Улсын Боловсролын Их Сургуульд элсэн ороход эчнээ анги шинээр нээж элсэлт авч байсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй байгаад тус ангийг сонгон суралцсан. Суралцаж байх хугацаандаа хүү маань 2 удаа хүндээр өвдөж хагалгаа хийлгэж байсан. 2004 оны хавар аав маань уушгины хавдраар өвдөж аавыгаа харах хүнгүй болж шалгалтаа урьдчилаад өгөөд явсан. Би Улаанбаатар хотод байгаагүй тул дипломоо эх хувиар нь авч байсан. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төгссөн маань үнэн. 2013-2014 онд байхаа Боловсрол шинжлэх ухааны газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас диплом шалгах ажил улсын хэмжээнд явагдсан. Бүх багш нарын дипломын эх хувийг авч дараа нь буцааж өгсөн. Тухайн шалгалтын үед ямар нэгэн зөрчил гараагүй атлаа одоо яагаад миний диплом зөрчилтэй болсныг би одоог хүртэл ойлгохгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаагч Х.С- дуудаж дипломын дугаар давхацсан гэх үндэслэлээр надаас гэрчээр мэдүүлэг авсан. Энэ үе би дипломын дугаар давхацсан болохыг мэдсэн. Дараа нь мөрдөн байцаагч Заяабаатар дуудаж яллагдагчаар мэдүүлэг авах үед таны диплом бүртгэлгүй хуурамч гэж хэлсэн. Төгсөлтийн шалгалтын комиссын дарга профессор Ц.Б, ректор профессор Б.Ж нарын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй үнэт цаасанд хэвлэгдсэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хяналтын дугаартай. Уг дипломын үнэт цаас, тамгыг жирийн багш би гаргах боломжгүй. Яллагдагч болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний дипломыг хоёр зөрчилтэй гэж тайлбарласан. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Э-А-д өргөдөл гаргасан. Тус өргөдлийнхөө хариуг бичгээр авсан. Тус дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд ашигласан гэж байна. Гэхдээ би тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй. HEMIS, ESIS программд бүртгэлгүй байгаа нь миний буруу биш. Намайг тус дипломыг хуурамч гэдгийг мэдсэн, мэдсээр байж ашигласныг яаж мэдээд байгаа юм вэ?. Гэрч Э-А- мэдүүлэг өгөхдөө системийг хэзээнээс эхэлж ашигласныг сайн мэдэхгүй байна гэж тайлбарласан байна. Хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан гэрч Ж-ы мэдүүлэг, хавтаст хэргийн 157-158 дугаар талд авагдсан гэрч С.Н-ийн мэдүүлэг, хавтаст хэргийн 241-242 дугаар талд авагдсан гэрч Гүлмирагийн мэдүүлэг, хавтаст хэргийн 236-237 дугаар талд авагдсан гэрч А-ы мэдүүлэг дээр байгууллагад учирсан хохирол байхгүй гэдгийг дурдсан. Миний бие хөдөлмөрлөсний эцэст хөдөлмөрийнхөө хөлсөө авсан. Өдрийн 8-10 цаг тасралтгүй ард түмний хүүхдийг хүмүүжүүлж хайрлан хамгаалж, хөгжүүлж хөлсөө асган байж хөдөлмөрийнхөө хөлсөө авч нийгмийн датгаалаа төлж байхад огт хөдөлмөр эрхлээгүй мэтээр бодож авсан цалинг хохирол учруулсан гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эцсийн эцэст төрд үнэнчээр хөдөлмөрлөж ард түмний хүүхдийг хайрлан, хамгаалж, хүмүүжүүлж чинь сэтгэлээсээ багшийн үүргээ дээд зэргээр биелүүлж идэвх зүтгэл гарган өөрийн хүүхдээ умартан ажлаа нэгт тавин хамаг залуу насаа зориулан нэг ч өдөр ажлын хариуцлага алдалгүй хөдөлмөрлөж яваа жирийн багш миний дипломыг дугаар давхацсан, бүртгэлгүй, хуурамч байхыг мэдсээр байж ашигласан гэх мэтээр буруутгаж яллаж байгаад миний бие маш их харамсаж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- гаргасан дүгнэлтдээ: “Энэхүү хэрэг 2023 оны 03 дугаар сард анхан шатны шүүхэд ирсэн. 2023 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж яллаж байгаа. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломд шинжилгээ хийлгэх шаардлагатай, мөн хохирлын хэмжээ тодорхой бус гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хэлэлцсэн. Тухайн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон хэвээр байгаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 16 дугаар зүйл зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжтойгоос гадна шаардлагатай гэж үзвэл эд мөрийн баримтад зурагдсан гарын үсэг, дарагдсан тамга, тэмдэг хуурамч эсэх нь хэргийг хянан шийдвэрлэх болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл энэ талаар шүүх шатанд шинжээч томилох боломжтой гэж заасан. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө тус дипломыг хуурамч болохыг мэдээгүй гэж байна. Маргаан бүхий дипломыг хуурамч эсэхийг тогтоох шаардлагатай. Шүүхийн шатанд шинжээч томилох боломжтой. Хохирлыг тооцоолохдоо туслах багшаар ажиллаж байсан жилүүдийн авсан цалинг хасах шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хохирлоос хасах тухай Улсын дээд шүүхээс практик тогтоож байгаа. 2008 оноос 2010 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд байсныг тогтоох шаардлагатай. Хохирлыг нарийвчлан бодож прокурорын байгууллага гаргах шаардлагатай. Тус дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан эсэхийг тогтоох шаардлагатай. Шинжээч томилох, хохирлыг нарийвчлах тооцоолох шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул 60 хүртэл хоногоор хойшлуулж өгөхийг хүсье” гэв.
Эрүүгийн 2209000002455 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:
4. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 237 дугаар мөр “...Тогтох Хуралай...0200404704...” /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
5. Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
6. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
7. Гэрч Ч.Э-А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
8. Гэрч Б.Т-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
9. Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-57 дахь тал/,
10. Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
11. Өлгий сумын хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай тушаал /хавтаст хэргийн 68, 201 дэх тал/,
12. Өлгий сумын хүүхдийн........ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тушаал /хавтаст хэргийн 69, 203 дахь тал/,
13. Өлгий сумын хүүхдийн ..... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаал /хавтаст хэргийн 70 дахь тал/,
14. Өлгий сумын хүүхдийн ....... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тушаал /хавтаст хэргийн 71 дэх тал/,
15. Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаал /хавтаст хэргийн 72 дахь тал/,
16. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал/,
17. Яллагдагч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал/,
18. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 108 дахь тал/,
19. Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хавтаст хэргийн 126 дахь тал/,
20. Өлгий сумын хүүхдийн .... дугаар цэцэрлэгийн багш Т.Х-гийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
21. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158, 160 дахь тал/,
22. Гэрч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 162-163 дахь тал/,
23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 236-237 дахь тал/,
24. Гэрч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 241-242 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
26. Харин шүүгдэгч Т.Х-, түүний өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
27. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
28. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
29. Шүүгдэгч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт тус тус багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 4.691.547 төгрөг, Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт 120.940.600 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
30. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 237 дугаар мөр “...Тогтох Хуралай...0200404704...” /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
31. Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
32. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм..., ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
33. Гэрч Ч.Э-А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг PDF файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 зараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
34. Гэрч Б.Т-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...БШУЯамны сайд Л.Э-А-гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм..., ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм..., ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
35. Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /НЕMIS/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-57 дахь тал/,
36. Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
37. Өлгий сумын хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай тушаал /хавтаст хэргийн 68, 201 дэх тал/,
38. Өлгий сумын хүүхдийн ...... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тушаал /хавтаст хэргийн 69, 203 дахь тал/,
39. Өлгий сумын хүүхдийн ...... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаал /хавтаст хэргийн 70 дахь тал/,
40. Өлгий сумын хүүхдийн ......... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тушаал /хавтаст хэргийн 71 дэх тал/,
41. Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаал /хавтаст хэргийн 72 дахь тал/,
42. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал/,
43. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 108 дахь тал/,
44. Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хавтаст хэргийн 126 дахь тал/,
45. Өлгий сумын хүүхдийн ......... дугаар цэцэрлэгийн багш Т.Х-гийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
46. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Х- нь 2011 оны 3 дугаар сард ажилд томилогдож, түүнээс хойш тасралтгүй манай цэцэрлэгт ажиллаж байгаа. ...5 жилийн тэтгэмжийг 2 удаа авсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хэрэв хууль хяналтын байгууллагууд Т.Х-гийн гаргасан үйлдэлд хариуцлага тооцож хохирлыг төлүүлэх юм бол манай байгууллагад ажиллаж байсан үед авсан цалин хөлс болон урамшууллыг төлүүлэх байх гэж бодож байна. ...Т.Х- нь манай байгууллагад 12 жил ажиллахдаа нийт 112.916.246 төгрөгийн цалин авсан, мөн хоёр удаа 5 жилийн тэтгэмж авсан байна. Энэ бүхнийг тооцож үзэхэд нийт 118.968.546 төгрөгийн цалин хөлс урамшуулал авсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158, 160 дахь тал/,
47. Гэрч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Х- нь манай цэцэрлэгт 12 дахь жилдээ бүлгийн багшаар ажиллаж байгаа. Манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын тогтоолоор 5 жилд нэг удаа олгох тэтгэмжид хоёр /даа хамрагдсан байна. ...Бүлгийн багшийн албан тушаалд боловсролын бакалавр зэргийн диплом шаардлагатай байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162-163 дахь тал/,
48. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Х- нь анх 2008 оны 9 зүгээр сард ажилд орж ажиллаж байгаад 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилд томилогдох тушаал нь гарсан байна. Тэгээд түр ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сард манай байгууллагаас шилжиж явсан. ...ямар нэгэн тэтгэвэр тэтгэмжид хамрагдаагүй. ...Т.Х- манай цэцэрлэгт түр ажиллах хугацаанд нийт 20 сар ажилласан байна. Энэ хугацаанд нийт 4.691.547 төгрөгийн цалин хөлс авсан байна. ...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 236-237 дахь тал/,
49. Гэрч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Манай цэцэрлэгт учирсан бодит хохирол байхгүй гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
50. Яллагдагч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал, шүүх хуралдааны мэдүүлэг/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс “Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлт”-ийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Эрх зүйн дүгнэлт:
51. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
52. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
53. Хэргийн 1 дэх хавтасны 83 дахь талд авагдсан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хаяглаж хүргүүлсэн албан бичгийн 1 дүгээр хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн 12 төгсөгчийн мэдээллийг, 2 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгсөөгүй 164 иргэний мэдээллийг, 3 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд регистрийн дугаар нь алдаатай 20 иргэний мэдээллийг, нийт 196 иргэний мэдээллийг хүргүүлсэн ба уг мэдээллийн 2 дугаар хавсралтад хамаарах, төгссөн гэх мэдээлэл нь олдоогүй иргэдийн жагсаалтын 23 дахь мөрөнд /хэргийн 1 дэх хавтасны 86 дахь тал/ БЮ80071322 регистрийн дугаартай, Тогтохын Хуралайн нэр дээр бүртгэлтэй, “СӨНХ-ийн багш” мэргэжлийн гэх D200404704 дугаартай бакалаврын диплом нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд өөр хүний буюу Батбаяр овогтой Отгонсүрэнгийн нэр дээр, Цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлийн бакалаврын дипломын бүртгэлтэй талаарх баримтат мэдээлэл бүхий нөхцөл байдал тогтоогджээ.
54. Шүүгдэгч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын коллежийн D200404704 дугаартай боловсролын бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, улмаар Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт тус тус багшаар ажиллаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн байна.
55. Шүүгдэгч Т.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
56. Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
57. Иймд шүүгдэгч Т.Х-гийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
58. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
59. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын D200404704 дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2010 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгт багшаар ажилд орж ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
60. Шүүгдэгч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын D200404704 дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж 4.691.547 төгрөгийн хохирол учирсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, шүүгдэгч Т.Х- нь Баян-Өлгий аймгийн .... сумын ... цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарын хооронд ажиллаж байхдаа туслах багшаар ажиллаж байсан, түр ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохиролд тооцож түүнээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Туслах багшаар ажиллахад дээд боловсролын дипломтой байх шаардлагыг тавьдаггүйг дурдах нь зүйтэй.
61. Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Т.Х-г хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүйгээр, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн ба Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарч, шалгалт явагдаж, түүнийг хуурамч диплом ашигласан гэдгийг ирүүлснээр буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг Т.Х-гаас хурааж авах боломжгүй гэж үзлээ.
62. Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд сургуулийн өмнөх боловсролын багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.
63. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.
64. Иймд шүүгдэгч Т.Х-гийн 2010 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлс, сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 39.994.600 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч Т.Х-гаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хоёр Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
65. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсье. Энэхүү торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж өгөхийг хүсье” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.
66. Шүүхээс шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
67. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
68. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
69. Шүүгдэгч Т.Х- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
70. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
71. Шүүгдэгч Т.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-д төрд учирсан хохирол болох 39.994.600 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
74. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв.
75. Шүүгдэгч Т.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Н.х овогт Т-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Х-гаас 39.994.600 /гучин есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, илүү нэхэмжилсэн 80.945.947 /наян сая есөн зуун дөчин таван мянга есөн зуун дөчин долоо/ төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 39.994.600 /гучин есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг 3 /гурван/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.
8. Шүүгдэгч Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК