| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/01711/и |
| Дугаар | 769 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 769
| 2020 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 135/ШШ2020/00769 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 102/2020/01711/и
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байрны 67 тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /РД:**/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 8, ** тоотод байрлах ******* ******* ХХК-д холбогдох,
"*******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* таун хотхоны 10б байрны зоорийн давхарт байрлах ** тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд ******* таун хотхоны барилга барьж эхлэхэд орон сууц болон уг байрны зоорийн хэсэгт 14 тоот авто зогсоолыг захиалж, 2017 оны 04 сарын 06-ны өдөр 14 тоот захиалгын гэрээг ******* ******* ХХК-ийн захирал А.*******тэй байгуулан, зогсоолын төлбөр болох 20,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Энэ хугацаанд хариуцагч компани гэрчилгээ гаргаж өгнө хүлээж бай, зогсоолоо ашиглаж бай гэдэг байсан. Өнөөдрийг хүртэл тус зогсоолыг эзэмшиж, ашиглаж байна. Компанийн захирал солигдсон, тус компанийг хариуцаж байгаа хүмүүстэй нь уулзахад баримтуудаа аваад ир, төлбөрөө бүрэн төлсөн айлын гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Иймд тус зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ байрны маргаан бүхэлдээ шийдвэрлэгдээгүй, шүүхүүдээр маргаантай байна. Мөн Б.*******ын төлсөн төлбөр болох 20,000,000 төгрөг нь манай компанийн дансанд орсон талаар мэдээлэл байхгүй, харин тухайн үеийн захирал байсан А.*******гийн хувийн дансанд орсон байдаг. Тиймээс зөвшөөрөхгүй байна. Энэ байр бүхэлдээ маргаантай, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* таун хотхоны 10б байрны зоорийн давхарт байрлах 14 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2016 онд тус авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр авч, үнийг бүрэн төлсөн. 2016 оноос одоог хүртэл авто зогсоолоо эзэмшиж, ашиглаж байгаа боловч гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлэн өгөхгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...тухайн авто зогсоолын үнэ 20,000,000 төгрөг компанийн дансанд биш тухайн үеийн компанийн захирал А.*******гийн хувийн дансанд орсон тул үнэ төлөгдсөн гэж үзэхгүй байгаа гэж тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 14 дугаартай Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ-ний 1.2-т ******* ******* ХХК нь ******* таун нэртэй 144 айлын орон сууцны авто зогсоолыг барьж ашиглалтанд оруулах, захиалагч Б.******* тус байрны 14 тоот авто зогсоолыг захиалж үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Авто зогсоолын үнийг 20,000,000 төгрөг байхаар талууд гэрээндээ заасан бөгөөд төлбөр төлөх график хэсэгт 2017 оны 04 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг 100 хувь төлсөн гэж бичсэн байна.
Мөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2016 оны 08 сарын 08-ны өдөр Б.*******аас 15,000,000 төгрөгийг *******д шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь дээрх гэрээний дагуу гэрээний үнэ болох 20,000,000 төгрөгийн үнэ төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан 15,000,000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гэрээний хавсралтад бичигдсэн 2017 оны 04 срын 06-ны өдөр 20,000,000 төгрөг 100 хувь төлөгдсөн гэсэн бичилт, нэхэмжлэгч Б.*******ын шүүх хуралдаанд гаргасан ... 2016 онд тус авто зогсоолын үнэд 15,000,000 төгрөг өгөөд, үлдэх 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр буюу 2017 оны 04 сарын 06-ны өдөр төлөөд гэрээгээ байгуулсан гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын шүүх хуралдаанд гаргасан ...20,000,000 төгрөгийг тухайн үеийн захирал байсан А.*******гийн хувийн дансруу шилжүүлсэн, харин компанийн дансанд ороогүй... гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Харин хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний зүйл болох авто зогсоолыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь тухайн авто зогсоолыг нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь авто зогсоолыг одоог хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж, тухайн эд хөрөнгөтэй холбоотой зардлуудыг төлж байгаа болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлэх бүрэн боломжгүй байна.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаан дээр Б.******* нь 20,000,000 төгрөгийг А.*******гийн хувийн дансанд шилжүүлсэн тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ааяагийн ******* нь тус компанийн захирлаар 2012 оны оны 06 сарын 29-ний өдөр бүртгэгдэж, 2017 оны 08 сарын 24-ний өдөр захирал өөрчлөгдсөн бүртгэл бүртгэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл А.******* нь гэрээ байгуулах, гэрээний үнэ шилжүүлэх үед тухайн компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд байсан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Хэрэгт *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 544 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг авагдсан бөгөөд тус албан бичгээр ******* ******* ХХК нь *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын орон сууцны зоорийн давхрын 23 автомашины зогсоолыг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасныг тус хэлтсээс хүсэлтийг бүртгэхээс татгалзсан болох талаар дурджээ.
Үндэслэл нь ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны талаарх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүсэлтэд хавсаргасан баримтууд зөрүүтэй, авто зогсоолыг иргэдэд өмчлүүлэхээр захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ талаар хууль хяналтын байгууллага болон тус хэлтэст өргөдөл, гомдол гаргаж, лавлагаа мэдээллийг авсаар байгаа нөхцөл байдлаар бүртгэхээс татгалзсан гэсэн байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******аас энэ талаар тодруулахад 144 айлын орон сууцны маргаан олон шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа, харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан авто зогсоолын талаар шүүхэд маргаан үүссэн зүйл байхгүй, давхар гэрээ хийгдээгүй, нэхэмжлэгч Б.******* өөрөө эзэмшилдээ одоог хүртэл байлгаж байгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хариуцагч компанийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн талаар тайлбарлаж байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* ******* ******* ХХК-ийн барьсан 144 айлын орон сууцны өмчлөлийн маргаан шүүхүүдээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 14 тоот авто машины зогсоолын өмчлөлийн талаар хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй, орон сууцтай холбоотой маргаан нь зоорийн давхарт байрлах авто машины зогсоолын өмчлөлтэй хамааралгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* таун хотхоны 10б байрны зоорийн давхарт байрлах 14 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, энэ талаар зохих бүртгэл хийхийг *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан Б.*******ыг *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* таун хотхоны 10б байрны зоорийн давхарт байрлах ** тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ