Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1101

 

 

 

 

 

 

 

 

2023           11          03                                 2023/ШЦТ/1101

 

                         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн, 

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ундрахаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Гэндэнжавын Бт холбогдох ********дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *****************************тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас тусгай зориулалтын тоноглогдсон машиныг өгч байна гэж хохирогч Б.Оыг хуурч мэхлэн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг авсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, арилжааны банкны дансаар шилжүүлэн авч нийт 1,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан,

Мөн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ******** дугаарын утаснаас ярьж хохирогч Б.Аг төөрөгдөлд оруулж “өөрийгөө Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэбат гэж хүн байна танай цайны газарт 4, 5 гомдол ирээд хаачихсан тул хүүхдийн төрсөн өдрийн тортны мөнгө шилжүүлчих гэж хуурч бусдын Хаан банкны ******** дугаарын дансаар 250,000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч А.Отай утсаар холбогдож “өөрийгөө сангийн яамны н.Дэлгэрбаяр захирал байна” гэж хүний нэр, төрийг барьж, хуурч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд компьютер, принтер нийлүүлэн гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, яаралтай шатахууны зардал шилжүүл, гэж шаардаж хохирогч А.Оаас 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5910001323 тоот дансаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 340,000 төгрөгийг тус тус авч, нийт 840,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.Ундрахаас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд “Өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулах болно, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.О “...Би Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр байрлах Бүрэнхайрхан уулын торны дээд хэсэгт байдаг жимсний торондоо 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байж байтал 98114905 гэсэн дугаараас залгаж “Танд баяртай мэдээ дуулгаж байна. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тусгай зориулалтын тоноглогдсон машиныг тусгай шалгаруулалтаар танд өгч байна, өөрөөр нь тээвэрлэх гэсэн чинь дарга нар уурлаад байна, танд таньдаг жолооч байна уу, ачуулах хэрэгтэй байна, та судлаад үзэх хэрэгтэй байна. Хүнс хөдөө аж ахуй яамнаас ажлын хэсэг явж байна эмэгтэй голдуу хүмүүс байгаа замын хоол ундны мөнгө танаас гаргуулна” гээд байхаар нь 500,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын Т гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байтал “манай нэг эрх охин байдаг юм, мөнгө асуугаад байна, намайг Ганзориг гэдэг, нэмж 300,000 төгрөг явуулаач” гэхээр нь Хаан банкны **************** дугаарын Т гэсэн данс руу шилжүүлсэн. Дараа нь “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэхэд нь 200,000 төгрөгийг Хаан банкны 5057432451 дугаарын Дашзэвэг гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тухайн хүмүүс ирж байгаа эсэхийг асуухад Говь-Алтай аймаг дээр ирж байна гэснээс хойш утас нь холбогдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Гэрч Б.Т “...Миний бие Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрлах Монголын залуучуудын холбооны байранд ээлжийн жижүүрийн ажил эрхэлж байгаад 10-аад хоногийн өмнө ажлаасаа гараад гэртээ эхнэрийн хамт амьдарч байна. Манайх 1 охин, 2 хүүтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарцгаасан. Манай том хүү болох Т.Чулуунбаатар, УБ хот, Сүхбаатар дүүрэгт үсчний ажил хийдэг. Охин Т.О Баянгол дүүрэгт амьдардаг, үсчин гоо сайханч мэргэжилтэй. Бага хүү Т.Д Сүхбаатар дүүрэгт амьдардаг, хувийн барилгын компанид барилгын туслах ажилтан хийдэг. Миний эзэмшилд Хаан банкны ************** гэсэн данс байдаг. Одоо уг дансыг би ашиглаж байгаа. Миний банкны картыг надаас өөр хүн ашигладаггүй. Би 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Монголын залуучуудын холбоонд ээлжийн жижүүрт гарч байх үед манай ажил дээр 35-37 орчим насны дунд зэргийн нуруутай, туранхай, энгийн халимаг үстэй залуу, бага насны эрэгтэй хүүхэд дагуулж ирээд миний урд талын ээлжинд гарсан Пүрэвдорж гэх манай ажлын газрын хүнийг надаас асуухаар нь “өглөө ажлаасаа буугаад явсан” гэж хариулсан. Тэгэхэд нөгөө залуу “манай ээж эмнэлэгт хэвтчихсэн байна гэнэ, эмч нарт нь мөнгө өгөх гэсэн юм, та банкны картаа түр ашиглуулаач би таны данс руу эхнэрээсээ мөнгө хийлгээд гаргаад авчихъя” гэж надаас гуйхаар нь би Хаан банкны ************** дугаарын картын нууц дугаараа хэлж өгөөд явуулсан. Тэгээд тэр залуу яваад 10 минутын дараа мөнгө авчихлаа танд их баярлалаа гэж хэлээд миний картыг буцааж өгөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дүгээр тал),

-Б.Оын Хаан банк дахь *********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Хохирогч Б.Агийн “...Би Сонгинохайрхан дүүргийн Хангай модны захын хоёр давхарт байрлах Хангай зоогийн газрыг түрээсэлж ажиллуулдаг, 2022 оны 8 дугаар сарын 08-ний өдөр манай эрүүл ахуй хариуцсан байцаагч Баярмаа /96656546/ над руу баахан залгачихсан байсан, тухайн үед би утсаа авах боломжгүй байж байгаад эргүүлээд зах хариуцсан байцаагч Баярмаа руу залгасан чинь Баярмаа надад “Мэргэжлийн хяналтын газраас гэж нэг хүн яриад байна, тантай холбогдмоор байна гэж байна, та ************** гэсэн дугаар луу залга, мэргэжлийн хяналтын газрын байцаагч байгаа юм байна, танай гуанзанд иргэн гомдол гаргасан юм шиг байна” гэж хэлэхээр нь ******* дугаар луу залгасан чинь “Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэбат гэж хүн байна, танай гуанзанд 4, 5 гомдол ирсэн байна, одоо энэ гомдлын хөөн хэлэлцэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би сандраад ярьж байтал “танай Бат-Оюун гэдэг захирал чинь залгаад гуйгаад байхаар нь танай дээр ирсэн гомдлыг хаачихсан шүү” гэж хэлсэн. Мөн “дахиад танайхаас ийм асуудал сонсмооргүй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би баярлаад утсаа салгачхаад байж байтал удалгүй ******* дугаараасаа залгаад “Охины төрсөн өдөр болж байгаа юм, манай охин Тэрэлжид төрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм, гайгүй торт явуулах гэсэн юм, тэгээд Жүр Үр рүү ярихаар Худалдаа хөгжлийн банкны данс байдаггүй юм байна, би чам руу мөнгө шилжүүлчихье, чи тэр мөнгийг Худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлчих” гэхээр нь гомдол энэ тэр хаасан болохоор нь баярлаад “би ахаа тортны мөнгийг чинь хийчихье” гэсэн чинь “за тэгвэл тэг тэг” гэж надад хэлсэн, тэгээд ******** гэсэн Байгалмаа гэх хүний Хаан банкны данс руу 250,000 төгрөг “даргад” гэсэн утгатай шилжүүлсэн, тэр хүн “торт нь 250.000 төгрөг гэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд дараа нь би захиралд энэ тухайгаа хэлэхэд “чи хулхидуулаад луйвардуулсан байна” гэж надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дугаар тал),

-Хохирогч Б.Агийн Хаан банк дахь ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 106 дугаар тал),

-Хохирогч А.Оын “...Тэгтэл 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20:00 цагийн үед миний утас руу *********** дугаарын утаснаас над руу дуудлага ирээд байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгтэл манай сумын Засаг даргын Тамгын газрын бичээч ажилтай Б.А над руу залгаад “Сангийн яамнаас Дэлгэрбаяр дарга тань руу залгаад байгаа юм байна. Таныг утсаа аваач гэж надаар дамжуулж байна” гэхээр нь би ******** дугаар руу залгатал утсаа авахгүй байж байгаад эргээд над руу залгахаар нь авч ярьтал “Би Сангийн яамны Дэлгэрбаяр гэж хүн байна. Танай сургуулийн шинэ хичээлийн байрны санхүүжилт шийдэгдсэн. Одоо шинэ байранд нүүж орохоор танай сургуульд шинэ тоног төхөөрөмж хэрэгтэй. Танай сургуульд ямар тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байна” гэхээр нь би итгээд “Манай сургуулийн багш нарт зөөврийн компьютер хэрэгтэй байна” гэтэл тэр хүн “Өө хэрэгтэй байгаа зүйлсээ судлаад яаралтай эргээд холбогд” гэхээр нь би судалчхаад тус дугаар руу эргэн холбогдоод “Манай сургуульд 50 ширхэг зөөврийн компьютер хэрэгтэй байна” гэтэл “Танай сургуульд 12 ширхэг зөөврийн компьютер, 5 ширхэг суурин компьютер, 2 ширхэг хэвлэгч өгөхөөр боллоо. Улаанбаатар хотоос ямар хэмжээний зайтай байдаг талаараа судлаад унааны зардалд хэдэн төгрөг зарцуулагдах, мөн адил тооцоог унааны зардлын мөнгийг нь явуул, би маш хурдан унаанд тавиад ачуулъя” гэж хэлээд над руу ********** тоот дансны дугаар явуулаад 500,000 төгрөг яаралтай хий гэхээр нь би өөрийн данснаасаа 500,000 төгрөгийг ******** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь над руу дахиж залгаад үлдэгдэл 350,000 төгрөгийг яаралтай дахиж шилжүүл гээд байхаар нь надад тухайн үед мөнгө байгаагүй учраас би шилжүүлээгүй бас би залилуулчих шиг боллоо гэж бодоод хаширлаад байсан. Тэгтэл хоёр хоногийн дараа манай сумын Засаг дарга над руу яриад “Сангийн яамнаас ярьж байгаа хүнийг битгий уурлуулаад бай. Над руу ярьж байна тэр үлдэгдэл тооцоо байдаг бол тэрийг нь шилжүүл” гээд байхаар нь би Дэлгэрбаяр гэж өөрийгөө танилцуулаад байгаа хүн рүү залгаад дансыг нь асуутал өмнө явуулсан данснаас өөр данс буюу *********** тоот дансыг надад өгөхөөр нь би тухайн данс руу нь 340,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 194 дүгээр тал),

-Гэрч Ц.Эгийн “...2022 оны 9 дүгээр сарын хэдний орой ч билээ захирал намайг хөдөө явж байхад “Улаанбаатар хотоос сангийн яаманд ажилладаг Дэлгэрбаяр гээд хүн ярилаа үнэгүй компьютер өгнө гэнээ хэд хэрэгтэй билээ” гээд гэж надад хэлэхэд нь би “50 ширхэг хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа захирал надад “нөгөө хүн чинь ярилаа, танай сум руу явуулах унаа би олчихно, та хэд зардлын бензиний мөнгийг гарга” гээд хэлэхээр нь би захиралд “500,000 мянган төгрөг болно” гэж хэлэхэд захирал цаашаа хэлсэн байх. Захирал над руу “Засаг дарга яриад байна одоо мөнгө төгрөгөө олж явуулхуу” гэхэд ...захирал өөрөө 500,000 мянган төгрөг олоод явуулсан байсан. Дараа нь хоолны мөнгө гээд дахиад 350,000 нэхээд байна гээд бас өөрөө хүмүүсээс зээлээд захирал явуулсан байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 197-198 дугаар тал),

-Гэрч Б.Аын 2022 оны 9 дүгээр сарын 10-ны орой 19 цаг 54 минутад над руу ******** гэсэн дугаараас залгаад “Сангийн яамнаас ярьж байна, Дэлгэрбаяр дарга байна” гэж танилцуулаад сургуулийн захирлын дугаар асуугаад би захирлын дугаарыг өгсөн. Тэгээд байж байгаад тэр орой над руу дахиж залгаад “захирал чинь утсаа авахгүй байна холбогдоод утсаа ав гэж хэл” гэхээр нь би захирал руу залгаад “сангийн яамны хүн залгаад байна, тантай ярих гээд тан руу залгахаар утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөөдөр өдөр нь над руу тэр дугаараасаа дахиж залгаад “Засаг даргатай чинь яримаар байна, утсаа ав гэж хэл” гэсэн. Дахин дахин над руу залгаж “даргынхаа гэрт очоод ч болтугай надтай холбогдоодох гэж хэл, та нар төрийн албыг ингэж хийдэг юм уу” гээд загнаад байсан. Тэр өдрөө байж байгаад дахиж над руу залгаад “Засаг даргатай чинь ярьчихлаа, сургуулийн чинь нягтлан уур хүргээд жаахан сонин ёс зүйгүй ярьчихлаа” гээд дахиж надтай дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201-202 дугаар тал),

-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 209-210 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Оыг Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас тусгай зориулалтын тоноглогдсон машиныг өгч байна гэж хуурч мэхлэн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг авсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, арилжааны банкны дансаар шилжүүлэн авч нийт 1,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан,

Мөн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ********** дугаарын утаснаас ярьж хохирогч Б.Аг төөрөгдөлд оруулж “өөрийгөө Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэбат гэж хүн байна танай цайны газарт 4, 5 гомдол ирээд хаачихсан тул хүүхдийн төрсөн өдрийн тортны мөнгө шилжүүлчих гэж хуурч бусдын Хаан банкны ******* дугаарын дансаар 250,000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч А.Отай утсаар холбогдож “өөрийгөө сангийн яамны Н.Д захирал байна” гэж хүний нэр, төрийг барьж, хуурч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд компьютер, принтер нийлүүлэн гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, яаралтай шатахууны зардал шилжүүл гэж шаардаж хохирогч А.Оаас 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5910001323 тоот дансаар, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 340,000 төгрөгийг тус тус авч, нийт 840,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.От 1,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ад 250,000 төгрөгийн хохирол, хохирогч А.От 840,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 2,090,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.От 1,000,000 төгрөгийг, хохирогч Б.Ад 250,000 төгрөгийг, хохирогч А.От 840,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 24 хоногийг нэгж нэгтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Г.Б “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байгаа. 1 хоногийн өмнө ч гэсэн хүүхэд дээрээ очмоор байна” гэж эцсийн үг дээрээ дурдсан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 24 хоногийг нэгж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 03 сар 24 хоног хорих ялаар тогтоов.

 Мөн шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ГБ ургийн овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 07 сар 12 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 сар 24 хоногийг нэгж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 03 /гурав/ сар 24 /хорин дөрөв/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 2,090,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От 1,000,000 төгрөгийг, хохирогч Б.Ад 250,000 төгрөгийг, хохирогч А.От 840,000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.МӨНХСАЙХАН