| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 163/2020/0041/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 22
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолтой З.Э.д холбогдох 1915005900007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Э.н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор М.Сайнзаяа, шүүгдэгч З.Э, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов
Монгол Улсын иргэн, З.Э.
Шүүгдэгч З.Э нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “М ” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.299.817 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор:
1. З.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Э.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Э торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурдаж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 50 ширхэг буюу 5.87 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мод бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан Ашид билгүүн “ ХХК-ны 9000000 төгрөгөөр үнэлсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгох, машины үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3899451 төгрөгийг нөхөн төлүүлж Бугат сумын байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Э давж заалдах гомдолдоо: “...Учирсан хохирлоо хууль дүрмийн дагуу төлнө. Амжиргааны эх үүсвэр болсон **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ өөрөө авч үлдэхийг хүсч гомдол гаргаж байна. Ам бүл олуулаа, бие муу, эмчийн хяналтанд байдаг...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч З.Э.н давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Хэрэг явдал болсон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрч Н.Б шүүгдэгч З.Э.г ямар нэгэн зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явахад нь анх шалгаж цагдаагийн байгуулагад саатуулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, доорх иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч З.Э.н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч Б.П.н “...З.Э нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ба Бугат сумын цагдаа, дэд ахлагч Н.Б.с З.Э гэх хүн “М ” гэдэг газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар сонссон. Э.н бэлтгэсэн мод нь шинэс төрлийн түлээний зориулалтаар тайрсан хуурай, чийгтэй хольмог байсан.
Уг газарт “О” ХХК нь талбайн тусгаарлалт хийлгэсэн юм. Иргэд “О” ХХК-ний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэж болохгүй, иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм. З.Э ын түлээний мод бэлтгэсэн газар нь хэргийн газрын үзлэгийн координатын цэгээрээ хамгаалалтынхаа бүсэд орж байгаа. ...Цэвэрлэгээний болон түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болно.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Б.ны “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ...З.Э гэж хүн ямар нэг зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явсан. Ийм учир Цагдаагийн хэсэг дээр авч ирж саатуулсан. Зогсоож шалгахад **-** БУА улсын дугаартай хөх өнгийн ачааны Портер маркийн тээврийн хэрэгсэл нь З.Э гэдэг хүний өөрийнх нь нэр дээр байсан ба өөрөө жолоодож явсан.” гэх мэдүүлэг.
Гэрч Э.С.н “...2019 оны 12 дугаар сард манай аав З.Э урд уул буюу “М н модон хошуу” гэдэг газарт түлээний мод бэлтгэсэн байсан. Тэгээд би ачиж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг.
Гэрч Ж.Б.н “...З.Э нь надаас “Орхон аймаг руу түлээний мод нэг хөгшин хүнд оруулж өгөх гэсэн юм. Модны зөвшөөрөл өгч байна уу?” гэж асуусан. Тэгэхэд нь би модны зөвшөөрөл өгдөг хүмүүс хүн ам, мал тооллогонд явсан байгаа. Ирэхийг нь дөхүүлж байгаад сумын төв рүү ороод авчих гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг.
Гэрч Н.Ж.н өгсөн: “...2019 онд хамгийн сүүлд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “М н эх” гэдэг газар нь ойн арчилгааны огтлол, цэвэрлэгээний огтлолоор “О” ХХК-ний нэр дээр талбайн тусгаарлалт хийгдсэн учраас иргэд түлээний мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримт болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэснийг шууд гэрчилжээ.
Шүүгдэгч З.Э.н гэм буруутай байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр 50 ширхэг хуурай, нойтон түлээний модны үнэлгээ 1.299.817 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мод, хөрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Шүүгдэгч З.Э нь Булган аймгийн Бугат сумын төвөөс 30-аад км газар, 1 дүгээр багийн нутаг “М гол” гэх газраас /цэгийг тогтооход 49.244407, 103.687941 уртраг, өргөрөг/ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “О” ХХК-ний талбайн тусгаарлалт хийлгэсэн ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.299.817 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 3.899.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох байр сууринаас оролцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Э.н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Э.н гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 3.899.451 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Э ын хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч З.Э.н гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байгаа газар байна.
Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү газрын ой хамаарна” гэжээ. Мөн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ...ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.
Шүүгдэгч З.Э.н “...Амжиргааны эх үүсвэр болсон **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ өөрөө авч үлдэхийг хүсч гомдол гаргаж байна...” гэжээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 50 ширхэг буюу 5.87 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мод бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан Ашид билгүүн “ ХХК-ний 9.000.000 төгрөгөөр үнэлсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгох, машины үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3.899.451 төгрөгийг нөхөн төлүүлж, Бугат сумын Байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж“ шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн мод тээвэрлэхдээ ашигласан “Ашид билгүүн“ ХХК-ний 9.000.000 төгрөгөөр үнэлсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгох, машины үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3.899.451 төгрөгийг нөхөн төлүүлж, Бугат сумын Байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн” нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна.” гэж зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” шүүгдэгч З.Э ын эзэмшлийн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх заалтаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар хууль тогтоогч үүрэг болгосон байхад тээврийн хэрэгслийг шүүгдэгч З.Э.с албадан гаргуулж, машины үнийн дүнгээс байгаль экологид 1.299.817 төгрөгийн шууд хохирол буюу нөхөн төлбөр 3.899.451 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу тээврийн хэрэгсэлийн үнэ 9.000.000 төгрөгнөөс хасаж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл шүүгдэгч З.Э.н өмчлөл, эзэмшилд байхад машины үнийн дүнгээс байгаль экологид учирсан хохирол 3.899.451 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсэн байдал нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “шүүгдэгч З.Э.г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ.
3 дугаар заалтад “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Э торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурдаж” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “...харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд нь хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус тодорхой заажээ.
Шүүх торгох ял оногдуулж хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох бөгөөд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон бол “шүүхээс тогтоосон хугацааны” ойлголтод хамаарна, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор” гэсэн ойлголтод хамаарахаар байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “торгох ялаар шийтгэж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг дагаж мөрдөөгүй, хугацаа тогтоож өгөөгүй байж “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Э торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурдаж” гэж зааж өгсөн нь ойлгомжгүй болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэгтэй. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдалд биелүүлэх, ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.
Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч З.Э.н хохиролд төлөх 3.899.451 /гурван сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч З.Э.с гаргуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч З.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
3 дугаар заалтыг бүхэлд нь, 4 дүгээр заалтын “машины үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3.899.451 төгрөгийг нөхөн төлүүлж Бугат сумын байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай” гэснийг тус тус хүчингүй болгож,
4 дүгээр заалтад “болгох” гэснийг “болгож улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай” гэж өөрчлөлт,
3 дугаар заалтад “3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж, “41. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Э.н хохиролд төлөх 3.899.451 /гурван сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Э.н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ