Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/0225/З |
Дугаар | 128/ШШ2018/0168 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2018/0168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:********/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг гэрчилгээний хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ашигт малтмалын хайгуулын 13*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад танай тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байна, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй гэсэн хариу хэлсэн.
Бид манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусах ёстой яагаад 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болов гэж асуухад Кадастрын хэлтсийн компьютерийн мэргэжилтэн Э.А энэ нь манай алдаа байна бид засч өгнө гэж явуулсаар УИХ-ын сонгууль болж үүний дараа бүтцийн өөрчлөлт хийгдэж байна албан бичиг хүлээж авахгүй гэсээр 2016 оны 11 сар хүргэсэн. Энэ хугацаанд АМГТГазар болон тус газрын Кадастрын хэлтсээс 13*******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон талаар болон системийн алдаа байсан талаар албан ёсоор бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй юм.
Ингээд манай компаний зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 13*******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 1-р хавсралт дээр 6 дахь жилийн төлбөрийг төлөв. 2015 оны 4-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 4-р сарын 29-ний өдрийг хүртэл сунгав гэж тэмдэглэсэн байгаа бөгөөд бид хуулийн хугацаандаа буюу 2016 оны 4-р сарын 29-ний өдөр ээлжит жилийн төлбөрөө төлсөн байтал манай компанид албан ёсоор мэдэгдэлгүй ямар шалтгаанаар цуцалсныг хянаж үзэн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү гэж албан бичгээр хүсэлт гаргасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б******* 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1654 тоот албан бичгээр 13*******Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М ХХК-д олгосон байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлал зэргийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар сунгахыг даалгасан байна. Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг гаргаагүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.
Энэ хариуг авснаар манай компанийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын
13*******Х тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Энэ тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон ба 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр дуусгавар болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлал зэргийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр сэргээснийг Ашигт малтмалын хайгуулын 13*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтанд 005-СЕ хөдөлгөөн болгон тэмдэглэсэн байдаг.
Тусгай зөвшөөрлийн хавсралтанд түүнд орсон өөрчлөлт хөдөлгөөн бүрийг дугаарын дагуу тэмдэглэдэг ба 006-ЕЕ дугаарт Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 23 хүртэл сунгав. ГУУКХ-ийн даргын 2012.10.19-ний 737 тоот шийдвэр,
007-FE дугаарт Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2012.04.29-2013.04.29 хүртэл,
008FE дугаарт Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2014.04.29-2015.04.29 хүртэл,
009FE дугаарт Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29 хүртэл гэж тэмдэглэсэн.
Гэтэл манай компанийн 13*******Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь Ашигт малтмалын хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж заасныг зөрчиж уг зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд дуусгавар болгосон байна.
Бидний зүгээс 2016 онд хайгуулын ажилд 33500000 /гучин гурван сая таван зуун мянган/ төгрөг зарцуулсан ба 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө гарган хайгуулын ажлаа үргэлжлүүлэх зорилготой байтал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь манай компаний эрх ашгийг хөндөж их хэмжээний хохирол учрах нөхцлийг бий болгож байна.
Иймд ашигт малтмалын хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн сумдын нутагт орших Б******* нэртэй 1126.59 гектар талбайд ХV-13******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр М ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу М ХХК нь гурван жил болоод л нэг сунгалт хийлгэх ёстой. Х\/-13******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүйн улмаас 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 486 дугаар шийдвэрээр М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-13******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлалыг тус тус үндэслэн сэргээж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож бүртгэсэн байна.
М ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-13******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, үүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.
М ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.
Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх тухай хуулиар зохицуулаагүй болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүйгээс тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн сунгасан шийдвэр гаргахыг Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй байна.
Тусгай зөвшөөрлийн хугацаа, ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа хоёр зөрүүтэй, өөр ойлголт. Өөр өөр бичилт хийгдэж байгаа. Төлбөрийг олгосон огнооноосоо хойш жил бүр нэг удаа урьдчилж төлнө. Тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 онд сэргээж, хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгав гээд гэрчилгээнд нь хүчинтэй хугацааг тодорхой бичсэн байгаа. Тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалахдаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө, төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хадгалах нэг нөхцөл. Сунгуулах өргөдлөө цаг тухайд нь гаргаж сунгуулна. Жил бүр төлөх төлбөр тусгай зөвшөөрлийн эрхийнхээ хүчинтэй байдлыг хадгалж байгаагийн нэг хэлбэр.
Мөн М ХХК нь өөрийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХV-13******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болж бүртгэгдсэн байхад 2016 оны 11 дүгээр сард төрийн захиргааны байгууллагад энэ талаар гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмалын хайгуулын ХV-13******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 7 дахь жилийн төлбөрийг хавсралтанд бүртгэх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хэрэгтэй. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс ...Ашигт малтмалын хайгуулын ХV-13*******Х тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр буюу 4 дэх жилийн төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгахдаа нэг он алдаж бүртгэгдсээр тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр төлсөн хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусахаар тэмдэглэгдсэн тул тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусах ёстой байсан гэж, хариуцагчаас ...Тусгай зөвшөөрлийн хугацаа, ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа хоёр зөрүүтэй, өөр ойлголт. Өөр өөр бичилт хийгдэж байгаа. Төлбөрийг олгосон огнооноосоо хойш жил бүр нэг удаа урьдчилж төлнө. Тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 онд сэргээж, хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгав гээд гэрчилгээнд нь хүчинтэй хугацааг тодорхой бичсэн байгаа.... гэж маргажээ.
Нэг. Ашигт малтмалын хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хэнтий аймгийн Мөрөн, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдын заагт орших Б******* нэртэй 1159.30 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-13*******Х тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар М ХХК-д 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон нь 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусч, 5 дугаар сарын 16-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон ба шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-13******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, мөн газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сэргээсэн өдрөөс тооцон 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгаж, энэ талаар тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын хөдөлгөөний 005-СЕ, 006-ЕЕ кодтой тэмдэглэсэн байна.
Анх тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлж байсан 4 дүгээр сарын 29-ний өдрөөс тусгай зөвшөөрөл сунгуулах хугацаа зөрсөн бөгөөд тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөлтийн мэдээллийг алдаатай, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 5 дахь жилийн төлбөр төлөлтийг 2013.04.29-2014.04.29 гэж бичихийг 2014.04.29-2015.04.29 гэж алдаатай бүртгэснээс хойш нэг он зөрүүтэй явсаар 6 дах жилийн төлбөр төлөлтийг 2015.04.29-2016.04.29 хугацааны төлбөр гэж тэмдэглэснийг нэхэмжлэгчээс 6 дах жилийн төлбөр төлсөн хугацаагаар тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа 2016 он гэж андуурахад хүргэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Уичр нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг, 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. гэж тус тус заажээ.
Гэтэл тогтсон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болоод тусгай зөвшөөрөл сунгах сар, өдөр нь шүүхийн шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээснээр 4 дүгээр сарын 29-ний өдөр, 7 дугаар сарын 23 өдөр гэж төлбөр төлөх хугацаа болон, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааны талаарх 2 өөр бүртгэл хийгдсэн байна.
Хариуцагч байгууллагын зүгээс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаарх шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6-6437 тоот мэдэгдэлээр мэдэгдэж, тус компанийн захирал н.Э******* нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсгээ зурж гардан авсан нь тус газраас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд /хх-2-/ тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгдсэн хэсэг нь мөн нэхэмжлэгчид өөрт хадгалагддаг тул хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх, хугацаа сунгах сар өдрүүд хоорондоо зөрүүтэй байгаад тухайн үедээ маргаагүйгээс үзвэл зөрүүтэй байгааг хүлээн зөвшөөрөөд төлбөрөө төлөөд явсан гэж үзэхээр байна.
Дүгнэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудал нь өөр өөр үр дагавар үүсгэх тусдаа харилцаа бөгөөд төлбөр төлөх хугацааны асуудлыг сунгуулах хугацаатай адилтган үзэх боломжгүй юм.
Хэдийгээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр төлөх хугацааны бичилтэд алдаа гарсан гэж хариуцагчаас тайлбар өгч байгаа боловч уг төлбөр төлөх хугацааг зөрүүтэй тэмдэглэгдсэнээс болж зөвхөн илүү төлөлттэй холбоотой үр дагавар үүсэхээс уг төлбөрийг төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдана гэж, төлбөр төлсөн хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэж ойлгохооргүй байна.
Хоёр. Хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож хугацааг 3 жилээр удаа дараа сунгуулах боломжтой бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу М ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэжээ.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосныг Тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудас хөтөлж, Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бөгөөд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй байна.
М ХХК 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг гаргасан гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс төлсөн баримт зэргийг хавсарган хандах ёстой байна.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулиар зохицуулсан үйлчилгээний хөлсийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн байх тул 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хандсан гэх нь нотлогдохгүй байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хавсралтад зааснаар 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон нь бүртгэгдсэн тул ийнхүү хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, өргөдлийг хүлээн аваагүй хариуцагч байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаа байхгүй тул хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй.
Гурав. Хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагын тухайд:
М ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 2014.04.29-2015.04.29 хугацаанд хамаарах 6 дахь жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичихдээ 2015.04.29-2016.04.29 гэж алдаатай бичсэнээс бус 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэх боломжгүй, харин хоорондын тооцоо нийлж, 7 сарын хугацааны илүү төлсөн төлбөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч хүсэлт гарган хариуцагчаас буцаан гаргуулах боломжтой.
Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадатсрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг гэрчилгээний хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ