| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2017/00966/и |
| Дугаар | 1588 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1588
“М...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01097 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох
Батлан даалтын гэрээний үүрэгт 9 867 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбасүрэн, өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн төлөөлөгч Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-н төрсөн хүү О.Б нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ байгуулан Япон улсад 3 жилийн хугацаатайгаар дадлагажигчаар ажиллахаар болж 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Япон улсад очсон. О.Б-г Япон улсад дадлагажигчаар ажиллах хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд заасан хугацааг зөрчиж харлах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нутаг буцах зэрэг тохиолдолд 5.000 ам.долларыг хохирол болон зардлын төлбөр болгон үл маргах журмаар төлөхөөр харилцан тохиролцож түүний ээж Б.О нь батлан дааж Батлан даагчийн гэрээ байгуулсан болно. Гэтэл О.Б нь Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээг зөрчин алдаа, дутагдал гаргасны улмаас 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээг дуусгавар болгосон. Б.О-т О.Б-н тухай мэдэгдэж, удаа дараа ярьж Батлан даагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 5.000 ам.долларыг төлөхийг шаардахад төлж барагдуулна гэж амлалт өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй компанийг хохироож байна. Иймд Б.О-с 5.000 ам.доллар буюу 9.867.850 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү О.Б нь 2014 онд “М...” ХХК-ийн шугамаар Япон улсад мэргэжил дээшлүүлэн дадлагын ажлаар 3 жилийн хугацаатай явахын өмнө бараг 2 сарын хугацаатай хэлний бэлтгэлд 400.000 төгрөг төлж суугаад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үндсэн гэрээ байгуулж 3.500.000 төгрөгийг төлж Япон улс руу явсан ба ажиллах хотдоо очоод 1 сарын хугацаатай хэлнийн сургалтанд суусан болно. Миний хүү О.Б нь Япон улсад 2015 оны 01 сарын эхээс 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 сар гаруй хугацаанд дадлагажих ажил хийж байхад нь тус компанийн гол хүн болох Бямбаа нь гэрт нь очоод өөрийнх нь цалингаар онгоцны тийз худалдан авч өгч Монгол улс руу буцаасан. Буцаасан шалтгаанаа тайлбарлахдаа гэртээ архи, пиво уусан, ажил дээр үнэртүүлж ирсэн шалтгаанаар, найз охин Дөлгөөнийг ажилдаа хайхрамжгүй ханддаг гэсэн шалтгаанаар гэнэт хүрч ирээд буцаасан гэж миний хүү тайлбарлаж байгаа. Хүү О.Б-г 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол улс руу буцаасан нь Иргэний хуулийн 75.2.1, 77.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, батлан даалт мөн нэгэн адил дуусна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч Б.О-т холбогдох, батлан даалтын гэрээний үүрэгт 5,000 ам.доллар буюу 9,867,850 төгрөг гаргуулах тухай М... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.Б-тай байгуулсан "Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ"-нд 5.000 ам.долларын үүрэг тусгагдсан, энэхүү үүргээ О.Б гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Б.О нь "Батлан даагчийн гэрээ"-ний дагуу 5.000 ам.доллар төлөх үүргийг түүний өмнөөс “М...” ХХК-д төлөх үүргийг хүлээхээр байна" гэжээ. Батлан даалтын харилцаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс салангид батлан даагчийн хүлээх бие даасан үүргийг үүсгэж байдаг. Иймд батлан даагч нь үндсэн үүргийг биелүүлэх биш, харин түүнийг хариуцах тухай амлалт өгч байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн үед ямар байх ёстой байсан түүнтэй аль болох дүйцэх хэмжээний үүргийг гүйцэтгэнэ. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01097 дугаартай шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч “М...” ХХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 5 000 ам.доллар буюу 9 867 850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Хариуцагч Б.О-н хүү О.Б нь Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, зуучлалын хөлсөнд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 100 000 төгрөгийг тус тус төлсөн, О.Б нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Япон улсад очсон, 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсад ирсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч “М...” ХХК нь хариуцагч Б.О-н хүү О.Б-тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Б нь Япон улсад 3 жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх, мэргэжил дээшлүүлэх хугацаандаа ажил олгогчоос өгсөн заавар, зөвлөгөөг баримтлах, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд эх орондоо буцахаар харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх мэргэжил дээшлүүлэгч О.Б нь дотуур байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн зэргээр Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээний 4 –д заасан үүргээ зөрчсөний улмаас Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ цуцлагдсан үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв дүгнэсэн байх бөгөөд ийнхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “М...” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б.О-тай Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даагчийн гэрээ байгуулсан, уг гэрээний 4.1.1-д “мэргэжил дээшлүүлэгч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хугацаасаа өмнө буцаж ирсэн тохиолдолд батлан даагч нь 5 000 ам.доллартай тэнцэх өөрийн эд хөрөнгө болон мөнгийг хохирол болон зардлын төлбөр болгон төлж, үүргийн гүйцэтгэлийг хангана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “М...” ХХК-ийн мэргэжил дээшлүүлэгч О.Б-тай байгуулсан үндсэн гэрээнд гэрээ цуцлагдсан тохиолдолд 5 000 ам.доллартай тэнцэх өөрийн эд хөрөнгө болон мөнгийг хохирол болон зардлын төлбөр төлөх үүрэг тусгагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчид 5 000 ам.доллар буюу 9 867 850 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5 дах хэсэгт нийцсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.