Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0310

 

 

 

 

 

 

 

 

                                        Н.А-ын  нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай          

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн    

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа   

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа    

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т   

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А  

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга   

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах” тухай         

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэр             

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгч Н.А  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан         

Хэргийн индекс: 128/2024/0976/3    

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Н.А  нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                           

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-ын  Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас учирсан хохирол 10 сая төгрөгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.А -д олгохоор шийдвэрлэсэн байна.                   

3. Давж заалдах гомдлын агуулга:   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо:      

“..."Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим" гэж тодотгосны учир нь хэрэв хууль бус үйлдэл бол хамгаалахгүй гэдгийг тодруулан зааж байгаа тодотгол юм. Тухайлбал зөвшөөрөлгүй газар ашиглачхаад дараа нь захиргааны байгууллага зөвшөөрөл олгох үүрэгтэй, албадан буулгавал нөхөх олговор олгох ёстой гэж захиргааны байгууллагаас шаардах боломжгүй юм...Гэтэл шүүх газар эзэмших эрхгүй, зохих зөвшөөрөл авч байгаагүй, хууль бусаар газрыг эзэмшиж ашиглаж байсан этгээдийн эрхийг хамгаалахад дээрх "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” үйлчилнэ гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн зарчим, утга агуулгад нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм... Тус газрын зөрчил арилгаж, газар чөлөөлсөн байршилд Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ногоон байгууламж - 585м2, явган зам 1360м2, Хүүхдийн тоглоомын талбай 510м2, Гүйлтийн зам - 788м2, Авто зогсоол 1950м2 / 100 гаруй автомашины зогсоол /, Гадна орчны гэрэлтүүлэг 26ш, Сандал- 10ш, Сүүдрэвч-2ш, мод 36ш зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж дууссан байна.

... Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021, 2022 онуудад болон 2023 оны 11 дүгээр сард тухайн байршилд байрлах гараашнуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан. Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон бусад иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж, хариуцсан хорооны газар зохион байгуулагчтай уулзсан боловч бичгээр санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа гарган өгөөгүй байдаг.

... Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт Монгол Улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх огт үүсэж байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гараашийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд 2018 онд худалдан авсан, газрын төлбөр тогтоосон актаар газрын төлбөрийг 2018 онд төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй. Нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тухай: нэхэмжлэгч нь маргаан бүхий тоосгон гараашнуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд этгээд болох нь 1. захирамжийн үндэслэл, 2.хэргийн материалд цугларсан болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд, 3.бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогддог.

... Нэхэмжлэгч нь газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/546 дугаар актаар гараашийн зориулалтаар газар ашиглаж, төлбөрийг 2018 онд тодорхой хэмжээгээр төлж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасны дагуу газрын хууль ёсны эзэмшигч, газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээд гэдэг нотлох баримт байхгүй, дээрх үйл баримт тогтоогддоггүй... Иймд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй, газар эзэмших эрх огт үүсэж байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин маргаан бүхий газрыг гараашийн зориулалтаар ашиглаж байсан этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ" гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байна...Нэхэмжлэгчид нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм. Гэтэл шүүх хуульд заасан нөхөх олговор олгох эрхгүй этгээдэд нөхөх олговор олгохыг даалгаж, хуульд харшилсан шийдвэр гаргасан... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.       

ХЯНАВАЛ:   

          1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.      

2.1. Нэхэмжлэгч Н.А-оос Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Н.А-ын  нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр “...Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А-ын  эзэмшлийн 4 тоот гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоон, хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэснийг  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 749 дүгээр тогтоолоор “...Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэснийг хүчингүй болгож..."Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А-ын  эзэмшлийн гараашд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Мөн Н.А  болон нэр бүхий 23 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар...газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан гэж нэхэмжлэгч Н.А нарын гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...нөхөн төлбөр өгөх байдлаар маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай...” гэж дүгнэн, дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.3. Уг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дүгээр шийдвэрийг үндэслэж гарсан Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар  “Газрын зөрчил арилгах тухай” захирамжаар[1] дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хажууд байрлалтай, 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж,

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжаар[2] дүүргийн нутаг дэвсгэрт Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 15, 18, 19, 21, 27, 28, 29, 30, 31, 33, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, тус байршилд нэхэмжлэгч Н.А-ын  эзэмшлийн гэх гарааш багтжээ.    

2.4. Анхан шатны шүүх “...Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гарааш эзэмшиж байсан иргэдийн эзэмших эрхийг хамгаалах нөхцөлийг хангах ёстой байсан. Энэ нь зөвхөн гараашийг буулгах биш, харин мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нөхөн төлбөрийн шийдвэр гаргах шаардлагатай байсан. Гэтэл хариуцагч албан тушаалтан гараашийг шууд албадан буулгах шийдвэр гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн эзэмших эрхийн эдийн засгийн үр дагавар буюу нөхөн төлбөрийн асуудал үл хэрэгжсэн нь эрх зүйн тогтвортой байдал, шүүхийн шийдвэрийн эцсийн байдалд харшилсан гэж үзнэ....” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.    

2.5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” буюу шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх ойлголт юм.  

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд албадан чөлөөлсөн. Тус газрын зөрчил арилгаж, газар чөлөөлсөн байршилд Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж 585 м.кв, явган зам – 1360 м.кв, хүүхдийн тоглоомын талбай 510 м.кв, гүйлтийн зам – 788 м.кв, авто зогсоол 1950 м.кв /100 гаруй автомашины зогсоол/, гадна орчны гэрэлтүүлэг 26ш, сандал- 10ш, сүүдрэвч-2ш, мод 36ш зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж дууссан байна...” гэж дурдсанаас үзвэл маргаан бүхий актууд нэгэнт хэрэгжээд дууссан байх ба уг актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Н.А-ын  ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

2.7. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчид учирсан хохирол 10.000.000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүй шийдвэрлэсэн нь буруу байна.  

2.8. Захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны улмаас үүссэн хохирол нь материаллаг бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой, бодит хохирол байх шаардлагыг хангасан байх ёстой.

2.9. О.Ч болон Н.А  нарын хооронд байгуулсан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах №4 тоот автограшийн зориулалттай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр худалдах 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Автограш худалдан авах гэрээ”-ээс[3] өөр тухайлбал гэрээний төлбөр хэрхэн хийгдсэн бэлнээр болон дансаар шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

2.10. Захиргааны хэрэг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүссэнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ огт хэрэгжүүлээгүй атлаа газрыг албадан чөлөөлсний улмаас нэхэмжлэгч Н.А-д 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.11. Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл нь худалдан авч буй эд зүйлийнхээ төлбөрийг худалдан авагч тал бүрэн төлснөөр хангагдсан гэж үзэх тул уг гэрээ хэрхэн хэрэгжсэн талаарх хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

2.12. Мөн нэхэмжлэгч Н.А  нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18/1637 дугаар “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт[4]”-аар 95.040 /ерэн таван мянга дөчин/ төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн газрын төлбөр төлж байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

2.13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

2.14. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байхаас гадна анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.

2.15. Тодруулбал, анхан шатны шүүх нь Н.А-оос О.Ч рүү “Автограш худалдан авах гэрээ”-ний дагуу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт, дансны хуулга, газрын төлбөр төлж байсан эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч болон хариуцагч, холбогдох байгууллагаас гаргуулан авах, бусад байдлаар нотлох баримт цуглуулах замаар энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжтой.     

Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА    

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 129 дэх тал

[2] Хавтаст хэргийн 113-115 хуудас

[3] 128/2022/0258/3 индекстэй хэргийн 89 дахь тал

[4] 128/2022/0258/3 индекстэй хэргийн 137 дахь тал