Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00027

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Батмөнхийн Мөнх-Амьдралд холбогдох эрүүгийн 201706000039 дугаартай, 132/2017/0022/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, В хэсгийн 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Гөрөөчин овогт Батмөнхийн Мөнх-Амьдрал /РД:ГЭ88021619/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Хунтайж ресторанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджэээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдралын өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

201706000039 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдралын сэжигтнээр өгсөн: Би Булган аймгийн төвд байх Хунтайж ресторанд ажилладаг ба манай найз Солонгос явах гэж байгаа гээд манай ажил дээр ирсэн. Тэгээд бид нар 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи, 1 пиво уусан. Манай найз нар авсан зүйлээ ууж дуусгаад гараад явсан. Би ажил дээр үлдэж Х.Бямбасүрэнгээс 1 шил пиво нэхэж уугаад Х.Бямбасүрэнтэй тоглоод ноцолдож байхад миний толгой руу цохих шиг болохоор нь миний уур хүрээд 2 удаа нүүрэн тус газар нь алгадсан. Тэгсэн чинь Х.Бямбасүрэн уйлаад чи наанаа байж бай гээд цагдаа дуудаад ирсэн гэх мэдүүлэг /хх 28 тал/,

Хохирогч Х.Бямбасүрэнгийн өгсөн: Би Булган аймгийн Булган суманд байх Хунтайж ресторанд зөөгч, бармен хийдэг юм. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр надтай хамт ажилдаг Б.Мөнх-амьдрал гэх залуу ажилтай байсан мөртлөө 18 цагийн орчим хэдэн найз нартайгаа нэг ширээнд сууж архи уусан юм. Ингээд архиа 22 цагийн үед ууж дуусчихаад найз нартайгаа гараад явсан. Тэгээд удалгүй ганцаараа буцаад ороод ирсэн. Надаас архи нэхээд байхаар нь би 100 грам архи хийж өгсөн. Тэгсэн Б.Мөнх-амьдрал нь дураараа хөрөгчин дотороос пиво аваад уучихаар нь чи ингэж дураараа аашилж болохгүй шүү дээ гэж Мөнх-амьдралд хэлсэн чинь Мөнх-амьдрал нөгөө пивоо ууж дуучихаад ресторанаас гарч явахгүй хий дэмий сэлгүүцээд, намайг элдвээр хэлж архи нэхээд байхаар нь өгөхгүй гэсэн чинь янз бүрээр доромжилоод өдөөд толгойруу гараараа хатгаад байсан. Би тэр үед текний араас гараад ширээ цэвэрлээд явж байсан чинь миний араас ирээд намайг өдөөд хоргоогоод байхаар нь түлхсэн чинь Мөнх-амьдрал ширээ тулаад зогссон. Би тэр үед Мөнх-Амьдралыг нилээн хүчтэй түлхсэн юм шиг байсан. Тэгээд би зугтаад буцаад текний араар гүйгээд орсон чинь Мөнх-амьдрал өө муу гичий минь гэж хашгираад араас гүйж ирээд шууд миний зүүн талын гуяруу өшиглөсөж, дахин миний нүүрлүү 2 удаа алагдсан. Тэргэхээр нь би Мөнх-амьдралын хажуугаар нь гарч зугтаад гадаа гараад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 12, 13 тал/,

Гэрч Д.Отгонхишигийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цаг 30 минутын үед надтай хамт ажилладаг туслах болон бармен Мөнх-Амьдрал, Бямбасүрэн нар хоорондоо тоглоод ноцолдоод байсан. Би та 2 юм эвдчихэв дээ гэж хэлчихээд гал тогооны өрөөрүү орчихоод гараад ирсэн чинь Мөнх-Амьдрал, Х.Бямбасүрэнг 2 удаа алгадаад авсан. Мөнх-Амьдрал тухайн үед миний толгой руу цохьсон гэж тайлбарласан.. гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 тоот:

1. Х.Бямбасүрэнгийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

4.  Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 17-18 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 06 тал/ зэрэг баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Хунтайж ресторанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч шүүгдэгч Б.Мөнх-Амьдралын өгсөн: …Х.Бямбасүрэнтэй тоглоод ноцолдож байхад миний толгой руу цохих шиг болохоор нь миний уур хүрээд 2 удаа нүүрэн тус газар нь алгадсан. гэх мэдүүлэг /хх 28 тал/, хохирогч Х.Бямбасүрэнгийн өгсөн: …Би тэр үед текний араас гараад ширээ цэвэрлээд явж байсан чинь миний араас ирээд намайг өдөөд хоргоогоод байхаар нь түлхсэн чинь Мөнх-амьдрал ширээ тулаад зогссон. Би тэр үед Мөнх-Амьдралыг нилээн хүчтэй түлхсэн юм шиг байсан. Тэгээд би зугтаад буцаад текний араар гүйгээд орсон чинь Мөнх-амьдрал өө муу гичий минь гэж хашгираад араас гүйж ирээд шууд миний зүүн талын гуяруу өшиглөж, дахин миний нүүрлүү 2 удаа алгадсан гэх мэдүүлэг /хх 12, 13 тал/, гэрч Д.Отгонхишигийн өгсөн: ….гал тогооны өрөөрүү орчихоод гараад ирсэн чинь Мөнх-Амьдрал, Х.Бямбасүрэнг 2 удаа алгадаад авсан. Мөнх-Амьдрал тухайн үед миний толгой руу цохьсон гэж тайлбарласан.. гэх мэдүүлэг /хх 14-15 тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн 46 тоот дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдралын дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдралыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Мөнх-Амьдралд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй,  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Батмөнхийн Мөнх-Амьдралыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Амьдралыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Амьдралд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                      

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ