| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0913/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1085 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1085
2023 10 31 2023/ШЦТ/1085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,
Улсын яллагч Б.Өнөбат /томилолтоор/,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Жавзангийн Бд холбогдох *************** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*************************************************************
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Б нь баримт бичиг ашиглан, Ч.Бийг “дизайн хийлгэх компани олчихлоо мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Өнөбатаас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамираас: “Гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргийн материалаас 36-49, 64-73, 102, 103, 104-148, 152-154, 163-165 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж байр сууриа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Ч.Бийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 7-10 дугаар тал),
-Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Ж.Бын Хаан банкны ********* дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 14- 15 дугаар тал),
-Бүтээгдэхүүний танилцуулга гэх баримт бичиг (хавтаст хэргийн 34-49 дүгээр тал),
-Хохирогч Ч.Бийн “...Миний бие хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилгоор цахим фэйсбүүк дээр “Баагий.6” гэх өөрийн хаягаас “50,000,000 төгрөг дотор хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллана” гэж зар байршуулж өөрийн дугаараа байршуулсан, миний байршуулсан зарын дагуу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр *********дугаараас Б гэх хүн над руу залгаж жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан лояалти бонус оноотой утасны аппликейшн, аппликейшны код бичигдээд эхэлчихсэн явж байгаа гэж хэлээд өөрийн бизнесийг танилцуулсан. 2022 оны 5 дугаар сарын 26-ны оройн 23 цагийн үед Бын гэрийн гадаа буюу Хүннү 2222 хотхоны гадна талын ил зогсоол дээр очиж машинд Бтай уулзаж ярилцахад “жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан лояалти бонус оноотой утасны аппликейшны төсөл хийж эхэлж байгаа, кодыг бичиж байгаа, оффисын түрээс, дизайнерын зардал, 2 ажилчны цалин, 3 ширхэг нөүтбүүк гээд нийт 85,000,000 төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн, ярилцаж багасгаж болох зардал буюу ажилчдын цалинг нэг жилээр биш 6 сараар бодоод 50,000,000 төгрөгийн зардал болгож болно гэж тохиролцсон, ирээдүйд байгуулагдах компанийн 31 хувийг надад эзэмшүүлэхийг санал болгосон, би бодож судалж үзье гэж хэлээд 7 хоногийн дараа Бд “төслийг чинь дэмжье” гэж хэлсэн. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б холбогдоод “аппликейшн дизайн хийх компани олчихсон чи хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын киоск машинаас Бын эзэмшлийн Хаан банкны ********* тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн, миний хөрөнгө оруулах мөнгө 7 сард орж ирсэн бөгөөд анх 6 сард хөрөнгө оруулалт хийхээр тохирсноос хойш удаа дараа мөнгө чинь болж байна уу гэж надаас асууж шалгааж байсан. Би Б руу 15,000,000 төгрөг шилжүүлсний маргааш нь “юу болж байна” гэж хэлэхэд “аппликейшн дизайн хийгдэж байгаа” гэж хэлсэн. Б төсөл явагдаж байгаа талаар гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр юу ч үзүүлээгүй байж байгаад 2022 оны 9 дүгээр сард утсаа авахгүй холбоогүй болсон, би гэр нь хаана байдгийг нь мэддэг болохоор олж очоод “бүтэхгүй юм байна” гэрээгээ цуцалъя гэж хэлсэн, бид хоёр гэрээгээ цуцлахаар тохиролцож нотариат ороод 2022 оны 10 дугаар сарын 10-ны дотор гэрээний дагуу алданги тооцож, 22,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр нотариатаар батлуулсан. Энэнээс хойш надад 1,685,000 төгрөг л буцаан өгсөн, Б надаас авсан мөнгөөр ямар ч төсөл хэрэгжүүлээгүй... Б нь олон хүнээс төсөл хэрэгжүүлнэ гэж хэлээд мөнгө авчихсан гэдгийг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 хуудас),
-Шүүгдэгч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн: “...Би тухайн систем программ хийх төлөвлөгөөтэй байсан, одоо ч хөгжүүлээд явж байгаа. Би 2022 оны 6 дугаар сард Б гэх хүнтэй цахим интернэт дээр байршуулсан “хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн зарын дагуу холбогдож танилцсан. Би жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гар утасны аппликейшн хийж байгаа талаараа хэлж хөрөнгө оруулалт авах сонирхолтой байгаа талаараа хэлэхэд Б зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгө оруулалтын 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын 15,000,000 төгрөг авсан. Би Бд аппликейшны дизайн гаргуулах хэрэгтэй байна гэж хэлээд 15,000,000 төгрөг авсан, би Бэс авсан 15,000,000 төгрөгөөр өр зээлтэй байсан хувь хүмүүсийн өр зээл болон банкны зээлээ дарсан. Би 2022 оны 10 сард Бтэй ярилцаж тохирч хийсэн гэрээгээ цуцлахаар шийдсэн. Тэгээд нотариатаар орж 15,000,000 төгрөгийн хүү алданги тооцоод буцаан өгөхөөр батлуулсан, би Бд 1,680,000 төгрөгийг буцаан өгсөн байгаа... Би тухайн үед яаралтай зээлийн мөнгө нэхэгдээд байхаар нь Бат- Эрдэнэд одоо аппликейшны дизайн хийлгэх мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авчихсан... өр зээл нэхэгдээд байхаар нь аппликейшны дизайнаа өөрөө сураад хийчихье мөнгөөр нь зээлээ даръя гээд дарсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.
Шүүгдэгч Ж.Б нь баримт бичиг ашиглан Ч.Бийг “дизайн хийлгэх компани олчихлоо мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бд 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хохирлоос 8,200,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нөхөн төлөгдөөгүй үлдэгдэл хохирол болох 6,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлыг 4 сарын хугацаанд нөхөн төлөх үүргийг хүлээлгэх санал гаргасныг үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг бөгөөд шүүгдэгчээс боломжит хугацаанд хохирол төлүүлэх үүрэг хүлээлгэснээр дээрх зөрчигдсөн эрх богино хугацаанд арилах ач холбогдолтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарласан, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхлэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И ургийн овогт Жийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 6,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан хохирогчид учирсан хохирлыг 4 сарын хугацаанд төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН