Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, А овогтой Г-ийн Г-д холбогдох,

багш Д.Ц-т олгосон 7.632.369 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Г.Г, иргэдийн төлөөлөгч Ц.А, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ***-ийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Д.Ц нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй, мөн ажлын ачаалалгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Багш Д.Ц нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандсан болно. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00216 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу багш Д.Цт ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт тэнцэх 5.332.203 төгрөгийг, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу багш Д.Цт ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт тэнцэх 2.300.166 төгрөгийг, нийт 7.632.369 төгрөгийг Говь-Алтай аймаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгосон, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд шийдвэр гаргасан албан тушаалтан болох захирал Г.Г-ээс авах авлагаар тайлагнасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заажээ. Иймд тус ***ийн төвөөс багш Д.Ц-т олгосон 7.632.369 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн Б/07 дугаар тушаалаар монгол хэлний багш Д.Ц нь ажлын ачаалалгүй буюу тухайн мэргэжлийн заах хичээлийн цаггүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.18 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагын төсвийн шууд захирагч ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3, 16.5.4, 16.5.9 дэх хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. /Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог ***-ийн төвийн захирал тогтоохоор тусгасан байдаг./ Багш Д.Ц-ийг ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Г-ийн Г-ээс багш Д.Ц-т олгосон 7.632.369 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийг бүрэн төлөөлөх, Г.Г-эд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар Ц.Оад олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж талууд шүүх хуралдаанд тайлбарлаж, харилцан маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагыг хариуцагч Г.Г бүрэн төлөөлөх эрхтэй этгээд байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2018 онд багш Д.Ц-ийг ажлаас чөлөөлсөн. Д.Ц багшид олгосон цалин 2019 оны санхүүгийн тайланд авлагаар тусгагдсан. Тухайн авлагыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Г.Г-ээс нэхэмжилж байна... гэж, хариуцагч Г.Г ... монгол хэлний багш Д.Ц нь ажлын ачаалалгүй буюу тухайн мэргэжлийн заах хичээлийн цаггүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Ц-ийг ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж маргажээ.

Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн захирал Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар багш Д.Цийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалыг Д.Ц хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 133/МА2018/00018 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00225 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаар Д.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдсоноор ажилд эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш ажил албан тушаалдаа томилогдсон өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00216 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны 153 хоногийн олговорт 5.332.203 төгрөгийг олгож шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэр, магадлал, тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.

Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн захирлаар ажиллаж, тус төвийн багш Д.Ц-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэлд нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвөөс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 4.798.983 төгрөгийг цалинд, 533.220 төгрөгийг хүн амын орлогын албан татварт  тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож хариуцагч энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заажээ. Иймд тус ***-ийн төвөөс багш Д.Цт олгосон 7.632.369 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хохирлын гол шинж нь тооцож хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг эдийн засгийн үр дагаврыг ойлгох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлсон байна.

Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь ***-ийн төвийн захирлаар ажиллахдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Г.Гийг хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг авч үзэх ба нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн үйл баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа байдалд дүгнэлт хийх замаар шийдвэрлэдэг ба хариуцагчийг гэм хор учруулсан гэх үндэслэлээр хохирол төлүүлэх шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч  нэхэмжлэгч байгууллагад гэм хорын хохирол учрлуулаагүй талаар татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох үүрэгтэй оролцоно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.А нь өөрийн эрх хэмжээгээр ажлаас чөлөөлж төсвийн хэмнэлт хийсэн нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А овогтой Г-ийн Г-д холбогдуулан байгууллагад учируулсан гэм хорын хохирол буюу багш Д.Цт шүүхийн шийдвэрээр олгосон 7.632.369 төгрөгийг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж, авлага барагдуулахыг хүссэн Говь-Алтай аймаг дахь ***-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ                        Ц.ҮЙТҮМЭН 

                   ШҮҮГЧИД                        Н.ОЮУНБИЛЭГ

                                                               Д.ЯНЖИНДУЛАМ