| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00301/и |
| Дугаар | 133/ШШ2020/00359 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2020/00359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, 0 тоотод оршин суух, Ш овогтой М-ын Б-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** хэлтэст холбогдуулан гаргасан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсний улмаас М.Б-т учирсан хохирол буюу хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны цалин 4.453.572 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ж, иргэдийн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт Хэсгийн төлөөлөгч ажилтай байхдаа М.Б нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд иргэн Т.Б-ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж М.Быг сэжигтнээр тооцон шалгаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-р зүйлд зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа явуулсан боловч сэжигтэн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон. Ийнхүү хэрэгт холбогдон сэжигтнээр шалгагдаж Албан үүргийг нь түр түдгэлзүүлснээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд буюу 4 сарын цалин 4.453.572 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд төрөөс М.Б-т хууль бусаар Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны цалин 4.453.572 төгрөгийг гаргуулж хохирлыг арилгуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
М.Б-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсний улмаас М.Б-т учирсан хохирол буюу хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны цалин 4.453.572 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юу шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд М.Б-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчид холбогдуулан гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлсон байсан тул шүүх ердийн журмаар шийдвэрлэх хэрэг хэмээн иргэний хэрэг үүсгэж, шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсний улмаас М.Б-т учирсан хохирол буюу хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны цалин 4.453.572 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг байх тул Говь-Алтай аймгийн *** хэлтэс нь хариуцагч биш гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн... улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 45.2 дугаар зүйлийн 2.1-д хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон гэж, 45.9 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ... гэж тус тус заасан байх тул М.Б нь хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М.Б нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авагдаж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн А.Б нарт холбогдох эрүүгийн *** дугаартай эрүүгийн хэргээс М.Б нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ...”, “...Сэжигтэн М.Б-ын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ... 2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон... бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байна.
Нэхэмжлэгч М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн - нарт холбогдох эрүүгийн *** дугаартай эрүүгийн хэргээс М.Б нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг хууль бусаар ...албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн... хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг нөхөн төлнө гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт ...Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана... гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Б-ыг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 85 хоног хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байх бөгөөд хэрэгт холбогдох үедээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас гаргасан хэсгийн төлөөлөгч албан тушаалтай М-ын Б-ын цалингийн тооцооны карт, М.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
М.Быг хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэнээс Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан "...цалин хөлс авах" үндсэн эрх нь ноцтой зөрчигдсөн байх тул М.Б-ын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн Цагдаагийн газрын санхүүгийн тэмдэг дарагдаж баталгаажуулсан нотлох баримт болох цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх ТҮЦ машины лавлагаа зэргийг үндэслэн 2015 оны 01, 02, 03 дугаар сарын цалингийн дундажийг тооцоход 1.077.477 + 1.185.225+ 1.077.477 = 3.340.179 : 3 сар = 1.113.393 төгрөг байх тул нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлсийг тооцоход 1.113.393 : 21.5 = 51.785 төгрөг байна. Нэг өдрийн цалин 51.785 төгрөгийг хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 85 хоногт үржүүлж тооцоход 4.401.786 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны олговорт 4.453.572 төгрөгийг гаргуулна хэмээн шаардаж байх боловч дээр дурдсан журмаар тооцож үзэхэд ажилгүй байсан хугацааны олговор нь 4.401.786 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговрын 51.786 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны олговорт 4.401.786 /дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.786 /тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана гэж заасан ба нэхэмжлэгч М.Б-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны олговорт 4.401.786 /дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.786 /тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Т.БАЛЖИННЯМ