| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2016/01010/и |
| Дугаар | 1589 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1589
Н.Н-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00899 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Н.Н-н нэхэмжлэлтэй хариуцагч “К... банк” ХХК, “М... К...” ХХК-д тус тус холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “М... К...” ХХК болон “К... банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай 4 өрөө иргэн Н.Н-н өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилсөн. Иргэн Н.Н нь 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “М... К...” ХХК-тай 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба “М... К...” ХХК нь орон сууцнуудыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Н.Н нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд орон сууцны үнэ болох 250 800 ам.долларыг “М... К...” ХХК-д бүрэн төлсөн. Орон сууцыг хүлээн авч 2010 оноос амьдарч эхэлсэн. Орон сууцны өмчлөх эрхийг Н.Н-н нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргаж өгөхийг “М... К...” ХХК-иас удаа дараа шаардсаар байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. “М... К...” ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.Н-н нэр дээр гаргаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн атлаа 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулан орон сууцыг К... банктай хуйвалдан барьцаалсан. Орон сууцыг “М... К...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул Орон сууц захиалгын гэрээ болон Иргэний хуулийн дагуу өмчлөгч гэж тооцогдох Н.Н-с орон сууцнуудыг барьцаалах тохиолдолд түүнд мэдэгдэж зөвшөөрөл буюу итгэмжлэл авах ёстой байтал хариуцагч нар иргэн Н.Н-т мэдэгдэж зөвшөөрөл авалгүй орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулж, 44Б байрыг 55%-ийн гүйцэтгэлтэйгээр барьцаалж, 2010 оны 04 сарын 26-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн байдаг. “М... К...” ХХК 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 44Б байрны 02, 04 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байдаг. Эндээс К... банкны Зээлийн барьцааны гэрээний барьцааны эрх 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад барьцааг бүртгүүлснээр буюу иргэн Н.Н-г орон сууцны өмчлөгч болсон 2009 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш үүссэн болох нь тодорхой харагдаж байна. К... банк орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ “М... К...” ХХК-ийн нэр дээр байсан учир барьцаалсан гэдэг ч дээрх нөхцөл байдлуудыг мэдэж байсан, мэдэх боломжтой учир Иргэний хуулийн 154.6 дахь заалтад зааснаар К... банк орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэхээр байна. Иймд “М... К...” ХХК болон “К... банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 02, 04 тоот иргэн Н.Н-н өмчлөлийн орорн сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “К... банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус банк нь “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/2008 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.500.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж, “Си Эм Эс Эл” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М... К...” ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44Б дүгээр байрны 1-24 тоотын орон сууцыг нэг бүрчлэн барьцаалсан байна. Тус банкны “М... К...” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Гэтэл “М... К...” ХХК нь иргэн Н.Н-тай 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба “М... К...” ХХК нь К... банктай барьцааны гэрээ байгуулахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэжээ. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог. Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “М... К...” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны дүгээс тус комданийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Иймнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М... К...” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанитай 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 02, 04 тоот орон сууцнуудыг захиалан бариулж, гэрээнд зааснаар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Нэгэнт тухайн орон сууц нь иргэн Н.Н-н өмч хөрөнгөөр бий болсон учраас манай компани нэхэмжлэгч эвлэрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар захирамжаар түүнийг орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно. Бидний хувьд уг иргэний хэргийн хариуцагч “К... банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, “Си Эс Эс Эл” ХХК-ийн “К... банк” ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 44Б байрны 02, 04 тоот орон сууцнуудыг барьцаалсан. “М... К...” ХХК нь “К... банк” ХХК-иас зээл авахад тус банк нь биднийг барилгын гүйцэтгэгч компани болохыг мэдэж байсан бөгөөд бид зээлийн өр төлбөрийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж гүйцэтгэж буй Blue Sky хотхоны орон сууц, авто зогсоолуудыг иргэдээс үе шаттайгаар төлбөрийг нь авах буюу худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар тохиролцсон. Бид банкнаас тавьсан хатуу шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгчээс гадна манай компанийн барьж гүйцэтгэсэн Blue Sky хотхоны захиалагч иргэдийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрсдийн өмч мэтээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, бүртгэлийн газарас олгосон гэрчилгээг банк шууд өөрсдөө авч 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн захиалсан орон сууцнуудын төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн байсан боловч бид түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.Н-н хувьд “К... банк” ХХК болон "М... К...” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудалд огт оролцоогүй, банкны өмнө бидний өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй учир бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан “М... К...” ХХК болон “К... банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай, 4 өрөө иргэн Н.Н-н өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 02, 04 тоотыг байгаа байдлаар нь буюу Барилгын краказны хэсгийг худалдаж авах гэрээг “М... К...” ХХК-тай байгуулаагүй ба “М... К...” ХХК нь 02, 04 тоот /барилгыг/-ыг өөрийн материалаар барьж дуусган хүн амьдрах бүрэн боломжтой болгон хүлээлгэн өгөх буюу Иргэний хуулийп 343 дугаар зүйлд заасан ажил гуйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх Орон сууц захиалгын гэрээг "худалдах, худалдан авах гэрээ" гэж буруу тодорхойлсон. 02, 04 тоотыг өмчлөх эрх нь иргэн Н.Н-т 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шилжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Барьцааны эрх нь 2010 онд дуусгавар болсон. Харин 02, 04 тоотыг барьцаалах банкны эрх нь өмчлөх эрх шилжсэнээс хойш анх удаа, шинээр үүссэн тул энэ асуудлаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. 2007 оны Ззэлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Барилгын краказ нь Иргэний хуулийн 154.4-т зааснаар ирээдүйд бий болох хөрөнгө биш бөгөөд бий болчихсон буюу 55%-ийн гэрчилгээтэй барилгын краказыг банк барьцаалсан. Анхан шатны шүүх нэг асуудал дээр зөрүүтэй дүгнэлт хийсэн. Тодруулбал, нэхэмжлэгч “М... К...” ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулах үед "гэрээний зүйл нь биет байдлын болом эрхийи тодорхой шинж тэмдэгтэй "хөрөнгө" бий болсон байснаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа түүнийг барьцаалсан гэрээг “М... К...” ХХК, “К... банк” ХХК нар байгуулахад ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. 2010 оны "Зээлийн барыдааны гэрээ" нь тусдаа өөр, шинэ гэрээ бөгөөд тус барьцааны гэрээ нь 2007 оны Зээлийн барьцааны гэрээний үргэлжлэл, нэмэлт, өөрчлөлт биш. Учир нь Барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл нь өөр өөр эд хөрөнгө /55 хувийн гүйцэтгэлтэй барилгын краказ, 90 хувийн гүйцэтгэлтэй 02, 04 тоот орон сууц/, барьцааны бүртгэлүүд нь тусдаа бөгөөд сүүлийн бүртгэл шинээр хийгдсэн. 2007 оны Зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр Банкинд Барилгын краказыг барьцаалах эрх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5.1, Иргэний хуулийн 156.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.9-д зааснаар үүссэн. Дараа нь Банкны хүсэлтийн дагуу улсын бүртгэлээс уг барьцааны бүртгэл хасагдаж, Барилгын краказыг барьцаалах Банкны эрх Иргэний хуулийн 160, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31-д зааснаар дуусгавар болсон байдаг. 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-г улсын бүртгэлд бүртгүүлснээр Банкинд 02, 04 тоотыг барьцаалах эрх анх, шинээр үүссэн. 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-ний 7.6-д мөн энэ талаар заасан. Шинэчилж байгуулсан, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэсэн агуулга 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-нд огт байхгүй, 2007 оны Зээлийн барьцааны гэрээнд ч мөн адил дараа нь заавал барьцааны гэрээ байгуулна гэсэн заалт байхгүй байна. 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-ээр 2007 оны Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулаагүй /үргэлжлэл биш/ тул 2008 оны Орон сууц захиалгын гэрээ байгуулагдахаас өмнө 02, 04 тоотыг барьцаалах эрх үүссэн гэж үзэх цаг хугацааны болоод хууль зүйн боломж байхгүй. Гэвч шүүх үүнд үндэслэн нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй гэх буруу дүгнэлтийг хийсэн. Банк 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-ний дагуу барьцааны эрхийг шударгаар олж аваагүй. Банк орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ "М... К..." ХХК-ийн нэр дээр байсан учир барьцаалсан гэх тайлбарыг гаргадаг ч дараах нөхцөл байдлуудыг мэдэж байсан, мэдэх боломжтой нөхцөл байдалд байсан учир Иргэний хуулийн 154.6 дахь заалтад заасан Банк 02, 04 тоотын барьцааны эрхийг шударгаар олж авсан этгээд биш юм. Банк дараах нөхцөл байдлуудыг мэдэж байсан буюу мэдэх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 157.6.2 дахь заалтын дагуу барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэснийг зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.9-т зааснаар гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг анхаараагүй. Түүнчлэн Банк нь 2010 оны "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.4, 29.3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 56.1.1 -д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Банк Иргэний хуулийн 1 56.4-т заасан барьцааны эрхийн шударга эзэмшигч биш юм. Анхан шатны шүүх гэрээний төрлийг буруу тодорхойлж, болсон үйл явдал, цаг хугацааны дарааллыг алдагдуулан туүндээ үндэслэн илт буруу дүгнэлт хийсэн төдийгүй "2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг шинээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй" гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн хариуцагчаа сонгох, ямар шаардлага гаргах нь ИХШХШтхуулийн 3-р зүйлд заасан шүухэд мэдүүлэх эрх, 25, 26, 28 дугаар зүйлүудэд заагдсан нэхэмжлэгчийн бүрэн эрхийн асуудал байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт өгсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч К... банк ХХК, “М... К...” ХХК-иудад холбогдуулан тус компаниудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний иргэн Н.Н-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “К... банк” ХХК эс зөвшөөрч маргасан, харин “М... К...” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Н.Н нь 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 125, 127 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнүүд байгуулж, уг гэрээгээр “М... К...” ХХК Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б дугаар байрны 2 болон 4 тоот тус бүр 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцуудыг нийт 250 800 ам.доллараар худалдах, Н.Н нь орон сууцны үнийг хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцсон, үнийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор 44Б байрны 2, 4 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Н.Н тогтоогдсон, үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-6, 57/
“К... банк” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээгээр 1 500 000 000 төгрөгийн зээлийг “Си Эм Эс Эл” ХХК-д олгохдоо зээлийн барьцаанд “М... К...” ХХК-ийн өмчлөлийн 55 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 44А, 44Б дугаартай дуусаагүй барилга барьцаалан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 35-41/
Мөн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “М... К...” ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б дугаартай байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа 90 хувийн гүйцэтгэлтэй дээрх 5 блок барилгыг орон сууц тус бүрээр бүртгүүлсний дотор нэхэмжлэлд дурдсан 44Б дугаар байрны 2 болон 4 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнууд багтжээ. Энэ нь барилгын ажлын 90 хувийг гүйцэтгэсэн үедээ 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, Блю скай хотхоны 44Б дугаар байрны 2 болон 4 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцуудын өмчлөх эрхийг тусад нь бүртгүүлсэн “М... К...” ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлд үндэслэсэн байна.
Иймд хариуцагч “К... банк” ХХК-ийг “М... К...” ХХК-ийн өмчлөлд байхгүй хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалсан, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот барьцааны гэрээг байгуулахдаа Н.Н-н өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэж буруутгах боломжгүй, хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн барьцааны гэрээг шинэчлэн байгуулснаас хойш буюу 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан тухай актаар тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч нь уг байрыг хариуцагчид барьцааны эрх үүссэний дараа буюу 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг “М... К...” ХХК-тай байгуулсан тул барьцаалагч буюу зээлдүүлэгч К... банкийг барьцааны хөрөнгийг газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзээгүйгээс өмчлөгчийн эрхийг зөрчсөн, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар байна.
Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж, барьцааны гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар тодорхой дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасантай нийцсэн.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.