| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 114/2026/0005/З |
| Дугаар | 221/МА2026/0274 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0274
Н.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: Н.Э
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилсон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 114/2026/0005/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилсон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг баримтлан Н.Э-ын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилсон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч тал “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилсон шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичиг нь ”... иргэн Н.Э-ын баримт бичгийг хянан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан дагуу томилохоос татгалзаж байна”, өөрөөр хэлбэл хариуцагч (томилох эрх бүхий этгээд) төрийн албан тушаалд нэр дэвшигч (нэхэмжлэгч)-ийг албан тушаалд томилохоос татгалзсаныг мэдэгдсэн албан бичиг болно.
Төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд “Томилох эрх бүхий этгээд болон уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн, 27 дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргаан болон бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10.1-д “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.6, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалтад заасны дагуу төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулахтай холбогдсон томилох эрх бүхий этгээд болон уг албанд нэр дэвшигчийн хооронд үүссэн маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр зохицуулжээ” гэж дүгнэсэн боловч 10 дугаар хэсгийн 10.2-т “Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/411 дүгээр албан бичгээр “...Н.Э-ын гаргасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэн шийдвэрлэх үндэслэлгүй болно” гэх тайлбарыг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй болно” гэж үзсэн.
Төрийн албан зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/411 дүгээр албан бичиг нь “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг бөгөөд тус албан бичиг “Н.Э- нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалт хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан холбогдох албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргасан тул Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Салбар зөвлөлийн 2025 оны 27 дугаар тогтоолын биелэлтийг хангуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирүүлсэн. Иймд Н.Э-ын гаргасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэн шийдвэрлэх үндэслэлгүй болно" гэсэн утгатай.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
Эс үйлдэхүй нь үүрэг дээр суурилдаг, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт нь томилох, ингэхдээ хуульд заасан үндэслэлээр буюу тодорхой шалгуурыг хангаж буй эсэхийг тогтоох буюу нөхцөл заасан бөгөөд тодорхой нөхцөлд Томилох эрх бүхий этгээдэд томилохоос татгалзах эрх олгосон болно. Үүнийг дан үүрэг мэт ойлгох нь өрөөсгөл бөгөөд дан эс үйлдэхүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.
Эс үйлдэхүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн атал шийдвэрийг хэрэгжүүлэх аргачлал гаргаж буй нь эс үйлдэхүй биш гэсэн эргэлзээг бас төрүүлж байна. Эс үйлдэхүй гэж дүгнэсэн юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал өгөх (үндэслэх нь хэсгийн 12), мөн үндэслэл хэсгийн 13 дахь заалтыг дурдах шаардлага байсан уу, шууд томилохыг даалгаж шийдвэрлэхдээ тогтоох нь хэсэгт үндэслэх нь хэсгийн 13-т дурдсан хэсгийг оруулахаа мартсан уу, энэ чухал биш байсан уу.
Төрийн албан зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/411 дүгээр албан бичиг нь “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг бөгөөд тус албан бичигт Төрийн албаны зөвлөлөөс иргэн
Н.Э-ын гаргасан маргааныг хянан шийдвэрлэсэн хууль эрх зүйн үндэслэлээ тайлбарласан гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэж шийдвэрлэх үндэслэлгүй болох”-ыг тогтоох субъект биш, хуулийг ингэж тайлбарлан хэрэглэх эрхгүй гэж үзэж байна.
3.2. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бодит үнэнийг тогтоох үүрэгтэй. Хариуцагч талд Төрийн албаны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр тус зөвлөлийн 27 дугаар тогтоолыг хавсралтаар хүргүүлж, нэр дэвшигчийг томилохоос өмнө төрийн албаны тухай хуулийн 22.1.3-д заасан тодорхойлолт, 22.1.5-д заасан “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх” шаардлагыг хангаж байгаа тухай баримт, боловсролын түвшинг тодорхойлсон лавлагаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас авч, албан тушаалд томилсон шийдвэрийг 30 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5 дахь хэсгийн 5.1-д дараах болзлыг хангасан хүнийг шалгалтад бүртгэхээр заасан бөгөөд 5.1.2-т “дээд боловсролтой байх”, 5.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх”, 5.1.4-т “сэтгэцийн өвчин эмгэггүй байх” зэрэг шаардлагууд орохоор тогтоосон.
Гэтэл томилох эрх бүхий этгээдийг дахин дээрх шаардлагыг хангасан эсэхийг тогтоохыг мэдэгдэж буй нь эргэлзээ төрүүлж буй бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг явуулахын тулд Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмд эрх нээхийн тул иргэн Н.Э-ын хувийн и-мэйл хаяг, регистрийн дугаарын мэдээлэл шаардлагатай болдог. Дээрх байдлыг огт ойшоож үзсэнгүй.
3.3. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг биелүүлсэн эсэхийг тогтоогоогүй болно. Иргэн Н.Э-аас аймгийн Засаг даргад маргаж буй асуудлаар огт хандаж байгаагүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн заалтыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.Э-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилсон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж Дархан-Уул аймгийн Залуучуудын театрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, төрийн албан томилогдох эрхийг ноцтой зөрчиж байна” гэж,
хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Н.Э- нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичигт дурдсан сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримт, боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг гаргуулан авахаар холбогдоход гаргаж өгөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан болно” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд Н.Э-ыг томилуулахаар нэр дэвшүүлж, түүнийг уг албан тушаалд томилохыг аймгийн Засаг даргад санал болгож, уг тогтоолыг салбар зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр хариуцагч аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
4. Нэхэмжлэгч Н.Э-аас Төрийн албаны зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “...Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нэр дэвшүүлсэн тогтоолыг өмнө нь хүргүүлсэн боловч Засаг дарга өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Тиймээс Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа аймгийн Засаг даргад тогтоолыг биелүүлэхийг даалгаж, хариуцлага тооцож, намайг аймгийн Залуучууд театрын даргаар томилуулж өгнө үү” гэсэн гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Тогтоолын хэрэгжилт хангах тухай” 06/2033 дугаар албан бичгээр “...салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Залуучуудын театрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан Н.Э-ыг нэр дэвшүүлж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна... чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч, биелэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэжээ.
5. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/2110 дугаар албан бичгээр “...салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Н.Э-ыг Залуучуудын театрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр хүргүүлсэн... сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авч, нэр дэвшүүлсэн иргэнийг өнөөг хүртэл зохих албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь ... хуульчилсан зохицуулалтыг зөрчиж байна. Иймд Н.Э-ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү” гэсний дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгээр “...Н.Э-ын холбогдох баримт бичгийг хянан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу томилохоос татгалзаж байна” гэсэн хариуг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.
6. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/2822 дугаар албан бичгээр “...салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг мөн оны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд татгалзсан үндэслэлээ журамд заасан хугацааны дотор хүргүүлээгүй, Н.Э-ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа хуульд заасан үндэслэлээ тодорхойлж нотлоогүй. Иймд Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж Н.Э-ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү” гэжээ.
7. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.10-т “Нэр дэвшигчийг томилохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 22.1.5-д тавигдсан сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авсан байна”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй:”, 7.2.2-т “хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах;” гэж тус тус заасан.
8. Хууль болоод журмын дээрх заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл, Төрийн албаны салбар зөвлөлөөс Залуучууд театрын даргын албан тушаалд томилохоор Н.Э-ыг нэр дэвшүүлж, санал болгосноор хариуцагч нэр дэвшигчийг уг албан тушаалд томилохоос өмнө дээрх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах үүрэгтэй.
9. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу бүртгэж, ийнхүү бүртгэл үүссэний үндсэн дээр нэхэмжлэгч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд ийнхүү бөглөж, баталгаажуулсны дараа эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүрэгтэй байна.
10. Мөн нэр дэвшигчийг томилохоос өмнө сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авсан байхыг тусгайлан журамласан энэ тохиолдолд “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримт, боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг гаргуулан авахаар холбогдоход гаргаж өгөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутган хуульд заагаагүй үндэслэлээр түүнийг томилохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
11. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “...Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 12.8-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж заажээ.
12. Маргааны энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс Н.Э-ыг Залуучууд театрын даргын албан тушаалд томилохыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2033, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2110, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/2822 дүгээр албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн төдийгүй нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан өөр нэр дэвшүүлээгүй энэ тохиолдолд хариуцагч хуульд заасан үндэслэлээр Н.Э-ыг томилохоос татгалзсан гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
13. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс “хууль хэрэгжүүлж, Н.Э-ыг томилох” агуулга бүхий албан бичгүүдийг Дархан-Уул аймгийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн байх боловч хариуцагчаас томилохоос татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож буй энэ тохиолдолд уг маргаантай асуудлаар дахин Төрийн албаны зөвлөлд хандаж, шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
14. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасны дагуу маргаан бүхий акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгох зохицуулалттай байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт бичиглэлийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хууль бус болохыг тогтоож,” гэсний ард “хүчингүй болгож” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ