| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, ерөнхий шүүгч Г.Мөнхтулга, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Ж.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч М.Энхзаяа
Гэрч Ж.Б, З.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Чад холбогдох 2316000920109 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, А овгийн Н.Ч.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн орчим Говь-Алтай аймгийн ... толгой гэх газарт морь усал гэхэд үгэнд орсонгүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн улмаар морийг нь услахаар явсан хохирогч Ж.Мын араас өөрийн эзэмшлийн бонго жи /bongo-ji/ маркийн машинаар мөргөж эрүүл мэндэд нь хоёр уушгины няцрал, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд хохирол учруулж алахыг завдсан хэмээн үзэж, тухайн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алахаар завдах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ч мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: Надад хүр дүүгээ алах санаа зорилго байгаагүй. Яасан гэж алах вэ. Тийм санаа сэдэл, өш хонзон байхгүй. Би өс хонзонтой байсан бол би эд нарын малыг буюу Ж.Мын малыг, ахынх нь малыг тэгээд ээжийнх нь малтай маллаад, би тэнд ганцаараа мал төллүүлээд 3 настай хүүхэдтэйгээ цуг ингээд байж байхгүй. Ж.М манай эхнэрийг Тайшир сумын төвөөс хүүхэд ханиад хүрчихээд яваад очсон чинь гэрээсээ шөнө хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь би ирж малаа ав гэж хэлсэн. Тэгээд Ж.М чи ирэхдээ малаа аваад л явчихгүй, яах гэж ахдаа архи авч ирж өгсөн юм бэ? Чи бүр намайг архи уухгүй ээ гээд эргээд явахад сигналдаад дуудаж байгаад уулгасан шүү дээ. Би уухгүй гээд чамд хэлсэн. Энэ улсуудад сайн сайхныг л санаж явснаас биш өш хонзон, муу муухай бодол надад байгаагүй. Миний эхнэр, хүүхэд, миний эхнэр боловч төрсөн эгчийгээ шөнө гэрээсээ ханиад хүрчихсэн халуураад яваад очиход нь эмнэлэгт түргэн тусламж дуудахынхаа оронд гэрээсээ хөөгөөд явуулчихсан байхаар нь л би “чи хүнийг хөөдөг юм бол чи ирж малаа ав” гэж хэлсэн юм. Морь усал гэдгээр шалтагласан гэдэг бол эд нарын хоорондын яриа. Би мөнгөтэй чамайг морь усал гэж хэлээгүй шүү дээ. Би чамайг морь усал гэж ерөөсөө хэлээгүй. Олон ямаа ишигтэйгээ нийлүүлээд хашаан дотор байж байхад хүн орилж ярихгүй л бол шивнэж ярина гэж байхгүй шүү дээ. Тэр их чимээ шуугиан дотор. Ж.М аа чи тэгвэл морь усал гэж хэлсэн юм бол тэр морь руу явчихгүй хэл ам, хэрүүл маргаан өдөөх цаг хугацааг хүлээж байгаа юм шиг тэнд юу хийгээд байж байсан юм бэ? Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө би хүлээн зөвшөөрч байна аа. Тэгэхдээ чи миний өмнүүр гэнэт орж ирсэн шүү дээ. Бас тал шил архи барьчихсан. Би чамайг алах санаа зорилготой байсан бол би машинаа зогсоохгүй шүү дээ. Би араагаа хүндрүүлээд, түлхүүрийг нь хариулаад, жоохон барьдаг тоормосоор нь тоормослоод машинаа зогсоосон. Овон товонтой, дов сондуултай газарт 70, 80 метр газар чамайг түрж, чирч явах ямар ч боломжгүй. Би ишигтэй ямаагаа ачиж ирэх гэж явахтай л яг давхацчихсан. Хадам ээж З.Н ч надад нэг шил архи өгсөн. Яах гэж та хэд хавар харшаад ядарчихсан хүнд архи өгсөн юм бэ? Би ганцаараа байсан. Тэнд олон мал төллүүлээд, харшиж ядарчихсан нялх хүүхэдтэйгээ ингээд байж байгаа хүнд чи яах гэж архи авч ирж өгсөн юм бэ? Машин тэрэгтэй явж хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг хуулийн дагуу төлнө. Эрхэм шүүгчид энэ хэргийн үнэн мөнийг тунгаан шүүж өгнө үү. ...Ж.Мыг яах гэж явсныг нь би мэдэхгүй. Ж.М хашаан дотор миний нүдийг чулуугаар цохичихоод л алга болчихсон байсан. Миний нүүр ам хавдраар дүүрээд, миний өрөөсөн нүд бүлтэрчихсэн. Зүүн чихнээс цус гараад, хамраас цус гоожоод тогтохгүй байсан. Би гэртээ орж цус, нүдээ угааж цэвэрлэчихээд гараад ишигтэй ямаагаа хээр төрүүлж, бөөгнүүлж ачиж ирэх гээд явсан. Тэгээд дов сондуул дундуур гарч явахад Ж.М өмнөөс гэнэт гараад ирсэн. Би тэгээд тоормосгүй машин зогсоож чадахгүй явсаар мөргөчихсөн юм. Гэрээс гарахад байхгүй байсан. Яг тэр тухайн газар дээр л Ж.М явж давхцал үүссэн. Ж.М гэнэт орж ирсэн. Миний нүд ам тагларчихсан байсан Би бол морь усал гэж хэлээгүй. ...Мөргөснийг бол би хүлээн зөвшөөрч байна. Бүрэн бус тээврийн хэрэгслээр мөргөсөн гэдгээ бол би хүлээн зөвшөөрч байна. ...Эрхэм шүүгчид минь 0-8 насны 4 хүүхдийг минь бодож үзэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би ээжийндээ очсон. Эндээс ахынхаа хүүхэд Атай явсан. Хавтаст хэргийн мэдүүлэгт А гэдэг хүн мэдүүлэг өгсөн. Тэр өдөр би өглөө 10 цагийн үед ээжийндээ очсон. Улмаар энэ Н.Чынд миний ээжийн 100 мал, миний 20 мал байсан. Энэ Н.Чтай 2022 оны зунаас нь айл байсан. Намайг архи аваачиж өгөөд машиндаа суулгаад уулгасан гэх ийм мэдүүлэг өгөөд байна л даа. Би энэ хүнд архи аваачиж өгөх ямар ч шаардлага байхгүй. Миний адуу Тайшир сумын Галуут багт байсан. Би малаа болон адуугаа хариулж байгаа тэр хүндээ нэг шил архи аваачсан. Тэрийг намайг хонин дээр байж байхад энэ хүн өөрөө орж ирээд машинаасаа “өө чи нэг юмтай ирсэн юм уу. 03 сарын 18-ны өдөр болоод өнгөрлөө шүү дээ” гээд амсах төдий л зүйл гарсан. Тэнд архидан согтуурсан зүйл байхгүй. Ингээд Н.Ч нь айл руу явсан байдаг. Цагаан өнгийн 11-56 ГАА улсын дугаартай манай ээжийн цагаан өнгийн филтер маркийн машинтай хүүхдээ суулгаад Да гэдэг айлд очсон байдаг. Улмаар намайг хониноос ирэхэд Н.Ч нь өөрөө ирчихсэн, согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан. Хоолоо идээд бид нар мал тавихаар гарсан. Мал тавиулахаар гарахад Н.Ч нь манай эгч болон ээж рүү гичий, жингэр гэх мэтийн үг хэлсэн. Ингээд би хүн л болсон хойно би ээжийгээ, эгчийгээ өмөөрөөд “чи юу яриад байгаа юм бэ. Яагаад ингээд орилоод байгаа юм бэ?” гэсэн чинь шууд ирээд намайг заамдаад авсан. Ингээд бид 2 заамдалцсан. Манай ээж, бэр эгч, эгч 3 бид хоёрыг салгасан. Тэгээд би машиныхаа ард юм хийж байсан чинь Н.Ч нь морь усалчихаад ирээч гээд байсан. Ээж морь малаа усал гээд намайг явуулсан. Тэрүүхэн газар нүдэнд харагдахуйц ил, тал газар. Ямарваа нэгэн овон товонтой, дэрстэй газар байхгүй. Морь руу яваад морин дээр очиж амжаагүй байтал гэнэт машины дуугарах чимээ гарсан. Харсан чинь энэ хүн шууд ирээд намайг дайрсан. Дайраад ухаан алдаад би эргээд сэргээд босох гэхэд бонго машин нь тэнхлэг намтай учраас би багтаж хойшоо гарч чадаагүй. 80 метр орчим газар ингээд чирэгдээд явсан. Нэг ухаан алдаад сэргэтэл 2 бор өнгийн, бор бариултай эвхэгддэггүй балиус маркийн хутга гаргаад ирчихсэн “эрэгчин эмэгчнээ үзнэ. Чи нэгийг нь ав. Би нэгийг нь авна” гэсэн. Би дөрвөн хөллөөд би босож чадахгүй байна шүү дээ гээд хэлэхэд миний ар луу цохиод байдаг. Би тэр үед их маш их азтай. Энэ хүний гарт амиа алдчих бүрэн боломжтой байсан. Тэрүүхэн хугацаанд манай бэр эгч, эгч 2 ирээгүй байсан бол би амь насаа алдах маш аюултай байсан. Ингээд тэр 2 хүнийг ирэхэд машиндаа намайг энэ хүн өргөөд оруулах байтал оруулахгүй зодоод байдаг. Гэрийн гадаа ирэхэд Бонго маркийн машинтайгаа энэ хүн ирчихсэн байсан. Араас хүрч ирээд машинд суучихсан аймаг явах явахын хооронд гэр лүүгээ заамдаж оруулаад дахин зодоод байдаг. Ингээд цагдаагаас сэргийлэх дууд гээд хэлтэл “ээжийн бие муу байгаа. 4 нялх хүүхэдтэй гээд байсан. Ингээд миний ухаан санаа орж гараад Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Хоёрдугаарт Бонго **** УНС портер 2 ч гэж ярьдаг юм. Тэр хөх өнгийн машин бол бид бүхэн Тайшир сумд байдаг эдний өвөлжөө Ба гэгдэх газраас 7 хоногийн өмнө нүүгээд Хар толгой гэдэг газар очсон. Н.Ч намайг дайрсан тэр хөх өнгийн портер машинаараа гэрээ тээвэрлээд нүүдэг. Урд өдөр нь хүүхдээ суулгачихаад Бо гэдэг хүнийд очсон байдаг. Одоо энд ар гэрээс нь ирээд сууж байна. Тэр тээврийн хэрэгсэл бол бүрэн жолоодох боломжтой, тоормос нь ажиллаж байсан. Санаандгүйгээр би дүүгээ дайрчихсан гээд зүйлчлэл яриад байдаг. Эн бол маш санаатай хэрэг байхгүй юу. Санаандгүй хэрэг гэдэг чинь шал өөр. Ямар хүсэл эрмэлзэл байхгүйгээс санаандгүй гэдэг хэрэг үүсдэг. Тэгэхэд энэ хүн араас ирээд дайраад дараа нь зоддог. Гуравдугаарт 3 удаагийн дансны гүйлгээ Ж.М руу шилжүүлсэн гэдэг. Би шууд эгчдээ хэлсэн. Одоо намайг алах гэж байгаа хүнээс болж бид бүхний харилцаа ийм хүнд байдалд орсон. Өмнө нь ч бас манай эгчийг зодоод байсан. Ингээд *** ГАА приус-11 маркийн машиныг би Улаанбаатар хотод өөрийнхөө бүл дүүгээр авахуулаад эгчдээ хүргэж ирсэн. Тэр машин одоо миний нэр дээр байдаг боловч 2022 оны 06 сараас эхлээд манай эгч болон Н.Ч нар эзэмшээд унаад явчихсан. Тэр машиныг би эгчдээ авч өгсөн. Эгч машин авна гээд байсан. Түүнээс биш эмчилгээ, сувилгааны зардалд түүнийг хэрэглэсэн юм байхгүй. Энэ хүн шөнийн 4 цагт ч манай гэрээр эргэлдээд байдаг. Яах гэж явсан юм бэ? гээд өөрөөс нь асуухаар “би архи уучихсан. Чамаас уучлалт гуйх гэж явсан юм” гээд ярьдаг. Тэрийг шаардлагатай гэвэл нотлох баримтаар гаргаад өгч болно. Энэ хүн санаандгүй дайрсан гээд яриад байгаа. Шаардлагатай гэвэл бас нотлох баримтаар би тэрийг гаргаж өгөх боломжтой. Ингээд энэ хүн намайг дайрч мөргөснөөс хойш өнөөдрийг хүртэл надтай уулзалдаагүй. Ах дүүсээ дагуулаад зуны сард нэг ирсэн. Манай ээж энд цагдаад өгснөөс хойш энэ оны 8 сард л нэг ирсэн. Одоо миний бие маш их өвддөг. Энэ эмнэлгийн дүгнэлтүүд байж байгаа. Толгой байнга өвддөг. 103 дээр дахин дахин очиж дусал, эмчилгээ хийлгэдэг. Шөнө болохоор нуруу өвдөөд унтдаггүй. Яс янгинадаг. Бүр сүүлдээ би согтууруулах ундааны зүйл хүртэл хэрэглэдэг болсон. Дандаа өвчин намдаах эм хэрэглэдэг. Стрессдэг. 2 нялх хүүхэдтэй, сэтгэл санаа хүнд байдаг. Бие өвдөөд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Чам дээр 70 хувийн хөдөлмөр алдалт байна гээд нийгмийн даатгалаас тогтоол гарсан боловч 70 хувийн алдагдалтай хүн ажил хөдөлмөр эрхэлж болдоггүй юм байна гээд би 50 хувиар тогтоолгосон. Энэ оны 8 сараас эхлээд би ажлаа хийгээд явж байгаа. 2 уушги няцарсан. Амьсгалж чаддаггүй. Амьсгалж чадахгүйгээс болоод хоолой дандаа ингээд идээлчихдэг. Би энэ хүнийг жил гаран хугацаанд хийсэн хэргээ ухамсарлаад надтай эргээд уулзах юм болов уу гэж хүлээсэн. Гэтэл ирээгүй. Би эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлийн баяр хөөр, аз жаргал, залуу насны гоо сайхан. Хүн залуу насаараа их гоёдог. Хүн нуруундаа дөрвийн дөрвөн хүн үүрчихсэн байхад энэ хүн “би ийм хэрэг хийгээгүй” гээд худал мэдүүлэг хийгээд байж байгаад нь ичиж байна. Маш их гомдож байна. Ийм дээрээ тулчихаад байхад. Эрхэм шүүгч ээ, хүний нэг нуруу бүрэн эдгэрэхэд 3 жил 6 сар шаардагддаг юм байна билээ. Би тав аравхан минут зогсож чаддаггүй. Байнгын суугаа байдалтай. Ширээн дээрээ хоолоо тавиад яс мөлжөөд суухад би тэгж сууж чаддаггүй. Яг үнэнийг хэлэхэд миний ээж болон миний эхнэр намайг маш сайн асарч байгаа. Тэрний хүчинд би өнөөдөр ингээд явж байгаа. Тэгээд энэ Н.Ч нь болохоор сая ярьж л байна л даа. Миний нүдийг тэс цохичихсон. Нүүр нүд хавдартай байсан. Нүд бүлтэрч гарч ирээд байсан гэж байна. Энийг одоо ч гэсэн шинжээчийн дүгнэлтээр дүгнүүлээд хэрвээ бүлтэрч гарч ирээд байсан бол ясандаа бэртэл авчихсан л байгаа шүү дээ. Хүний бүлтэрч гараад байсан нүдийг хүн өөрөө гараараа цааш нь хийчихдэг юм уу? Мэдүүлэгтээ бас тэгээд өгчихсөн байх юм. Одоо ингээд харахад нүд нь зүгээр л байх юм. Надаас эмчилгээний зардал 20 гаруй орчим сая төгрөг гарсан. Би энэ хүнийг намайг эргэж, тойроод ирчих байх даа гэж хүлээгээд би тэр баримтаар цуглуулж чадаагүй өдийг хүргэсэн. Одоо нуруу буруу эдгэсэн гээд хүнд хагалгааны заалттай байгаа. Тухайн нуруу буруу эдгээд нугасаа шахчихсан.Хэрвээ тэр буруу эдгэрэлт дахиад жоохон томбойж томрох юм бол шууд нугасаа цоолно. Нугасны хальс цоорсноороо шууд суугаа болно гэсэн тийм заалт эмч хэлсэн. Би энд байхдаа 4 нуруу хугарсан гэдгийг мэдээгүй. Улаанбаатар хотод очоод MRI хийлгэсэн чинь эмч гарч ирээд зурган дээр заагаад ийм ийм 4 нуруу хугарсан байна гэсэн. Үүнийг би Улаанбаатар хотод очоод мэдсэн. ...Би одоо орох хагалгааны маань зардал 25 сая төгрөг гэдэг. Үүн дээрээс нэмээд сэтгэл санааны хохирол. Одоо би энэ сэтгэцийн эмгэгийн 5 дугаар зэрэглэлд орж байгаа. Миний биед маш хүнд гэмтэл учирсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирол гаргах ийм заалт байдаг юм байна. Иймээс сэтгэл санааны хохирлыг гаргуулах хүсэлтэй. 46 хувиар тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Гэрч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай дүү л манай нөхөрт архи өгсөн байсан. Тэгээд манай нөхрийн нүд рүү цохичихсон юм. Тэрнээс болоод л манай нөхөр морь усалж ир гэж хэлсэн. Тэгээд морь услах хооронд нь тийм болчихсон байсан. Би араас нь очиход босож чадахгүй байсан. Хутга надад харагдаагүй. Морь авч ир гэхээс өмнө л нөгөө нүд рүү нь цохичихсон. Тэрнээс болоод л манай нөхөр уурлаад араас нь машинтайгаа явсан. Машинтай аймар орилоод л тийшээ явсан. Би тэнд малаа тавьж байсан... Би тухайн үед ажил хийдэг байсан. Тэгээд манай нөхөр ганцаараа малаа маллаад байж байсан. Тухайн үед ноос ноолуур гараагүй байсан болохоор бид 2 ярилцаж байгаад бас тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа. 6 сая нь машины үнэ байх. Үлдсэн нь тэгээд тухайн үед бол яг хэдэн төгрөг шилжүүлснийг нь би сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ хуулгыг нь аваад үзэж бас болох байх. Тухайн үед ээжийн данс, дүүгийн дансаар шилжүүлсэн. Тухайн үед ээж дүүг босож чадахгүй байсан болохоор ээжийн дансаар өгөх гээд л тэгж байсан. Мал ахуйгаа зараад, цалин хөлсөө нэмэрлээд л шилжүүлж байсан. ...Машин болохоор тоормосгүй угаасаа тоормос муутай машинаар байнга нүүдэг. Хүмүүс болохоор тоормосгүй машинаар одоо ингээд явж байдаг гэж л байдаг. Тоормос нь угаасаа янзлагддаггүй. ...Одоо эвлэрээсэй. Нэг нь миний төрсөн дүү, нэг нь миний гэр бүлийн хүн юм чинь тэгээд л эвтэй найртай үүнээс хойш нэгнийгээ уучлаад, аз жаргалтай амьдраасай л гэж хүсэж байна. Тэгээд эвлэрүүлэн зуучлал гэж мэдээгээр гаргаад байдаг юм байна билээ. Та бүхнээс түүнд нь оруулаад өгөөсэй гэж бас хүсэж байна. ...Манай нөхөр нүд өвдлөө гээд яваад байсан. 2 удаа энд ирээд үзүүлэх гээд ирсэн чинь амжилгүй явчихсан. Тухайн үед мал дээр нэг хүүхэдтэйгээ байсан. Би болохоор 2 хүүхэдтэйгээ сумын төв дээр ажлаа хийгээд хүүхдүүдээ цэцэрлэгт зөөгөөд, ажлаа хийж байсан. Манай нөхөр уг нь үзүүлэх гэж ирсэн юм билээ.Толгой өвдөж байна гээд бараг сар гаран эм уугаад яваад байсан. Би бас эм, тариаг нь сумын эмийн сангаас аваачиж өгч байсан” гэв.
Гэрч З.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.Ч услаад ир гэж хэлсэн. Би ч бас усалчих гэсэн. Бид нар одоо мал ахуйгаа тавина. Чи нэг их мал танихгүй юм чинь морь услаад аргамжчих л гэсэн. Аль аль нь л тэгж хэлсэн л дээ. ...Ж.Мыг морь усалчих гэж хэлээд явуулчихсан. Тэгээд л тийшээ алхаж байсан. Нэг харсан чинь жижиг машин руу нэг шинэдүү хийгээд зогсож байхаар нь би “яах гэж байгаа юм чи наадхаа” гэж хэлээд машиныхаа түлхүүрийг булаагаад авчихсан. Тэгсэн чинь нэг харах нь ээ ачааны машин руугаа харайж байсан. Машин нь бас гэрийн овоо хойно байсан. Тэгээд яах гэж байгаа юм бол доо гээд мал хөхүүлэнгээ харж байсан чинь машинаа унаад Ж.Мын араас явсан. Тэгэхээр нь одоо яах гэж байгаа юм бол доо гээд бэр, охин хоёрыгоо араас нь яв гэсэн. Энэ хоёр жижиг машинаараа араас нь явсан. Миний санаа зовоод хамар дээр гарч харсан. Тэгсэн чинь л машинаараа дайрчихсан. Өмнө нь энэ хоёр бас зодолдоод байсан юм. Тэгэхээр нь бид 3 больцгоо гээд салгасан юм. Би тэгээд Ж.Мыг хурдан морь руу яв гээд энийг холдоод явчихвал больчих байх гэж л бодсон. Түүнээс биш машин тэрэг асааж очоод дайраад унагаачихна гэж би бодоогүй. Тэр өдөр бол би хүүгээ аваад машинаа унаад ганцаараа ирсэн. Миний хүү хэвтээгээрээ, босож чадахгүй байсан. Би бас хүргэнээ уур нь гараад миний араас мотоциклтойгоо давхиад ирэх байх даа гэж бодсон. Тэгээд яаралтай дээр ирээд үзүүлээд миний хүүд эмчилгээ хийж эхэлсэн. Бэр маань жинхэнэ ёсоор хуримаа хийгээгүй байсан. Бэр болох охин маань нэг хүүхэдтэй. Би бол хүүгээ сэхээж авъя гэж л бодсоноос биш зарга тэмцэл хийе, цагдаа, шүүхээр явъя гэж бодоогүй. Тэр үед надад тийм ухаан ч байгаагүй. ...Хотод хүүгээ аваад эмчилгээнд явахад 700,000 төгрөгийг нэг өгсөн. 800,000 төгрөг өгсөн. Яг нарийн сайн санахгүй байна. 300,000 төгрөгийг өгсөн. Энэ бол эмчилгээнд хүрээгүй. Эндээс миний хүү онгоцоор явсан. Би ахынхаа нэг хүүхэдтэй жижиг машинаар явсан. Ахынхаа хүүхдийг гуйж тэр машиныг нь бариулаад явсан юм. Тэр машинд чинь бензин хийгээд л явна. Очоод Хөшигтийн хөндийгөөс бас хүн хөлсөөр авч машинаа бариулаад хүүгээ авна. Ингээд л ойлгомжтой шүү дээ. ...Дүүгийн бие яаж байна. Та яаж байна гэж надтай ярьсан юм байхгүй...” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ 2 одоо архи ууснаас болсон болов уу л гэж би бодож байна. Тэгээд хоёулаа эвлэрээсэй. Энэ ах дүүс, эгч дүүс. Нэг нь хүр дүү, нэг нь хүргэн ах нь, нэг нь эгч нь, ээж нь байна. Тэгэхээр хоорондоо эвлэрээд цаашдын амьдрал ахуйгаа үргэлжлүүлээд нэг нэгнийхээ хохирлыг барагдуулаад, сайн сайхан амьдраасай л гэж бодож байна. Өөр надад хэлэх юм алга. Тэгээд архи ууж тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрсан буруутай байна гэв.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн Хар толгой гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Мтай морь усал гэхэд үгэнд орсонгүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн зодолдож, улмаар нүд рүү чулуугаар цохисонд уурлаж морь услахаар явсан хохирогч Ж.Мын араас бонго-жи /bongo-ji/ маркийн **** УНС улсын дугаартай автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хоёр уушгины няцрал бүхий хүнд хохирол, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж алахыг завдсан болох нь:
Хохирогч Ж.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг морио усал гэж хэлэхээр нь би морь услахаар алхаж байтал гэнэт араас машины чимээ гарахаар нь эргээд хартал Н.Ч өөрийн бонго Жи маркийн машинаараа миний цээжин хэсэг рүү мөргөх үед би хойшоо гэдрэгээ савж унаж, 2 хөл мөр дээгүүр даваад машины тэнхлэг доогуур хавчуулагдан 80 метр орчим газар түрэгдэж явах үед би ухаан алдсан байсан. Нэг сэргэхэд Н.Ч нь миний толгойны араас цохиж байснаа 2 хутга гаргаж ирээд чи нэгийг нь ав, би нэгийг нь авъя хоёулаа эр бяраа үзье гэрчгүй газар чамайг алъя гээд байсан. Би босож чадахгүй ухаан санаа орж гарч хөл дээрээ зогсож чадахгүй байтал эгч, бэргэн эгч хоёр ээжийн машинаар хүрч ирээд намайг авч явах гэхэд машинд суулгахгүй миний араас цохиж чи ёстой азтай пизда байна. Чамайг гэрчгүй газар алах байсан юм гэж хэлээд байсан. Тэгээд тэр хоёр намайг машинд оруулж ээжийн гадаа очиход араас хүрч ирээд машинаас намайг чирч буулгаад чи битгий баашлаад бай гээд зодож байсан. Би босож чадахгүй байна гэхэд өөрийнхөө гэр рүү намайг чирч оруулчхаад гэрийнхээ хананд байсан хайч бариад чамайг ална гээд дайрахад ээж боль сүлжээнд гарч цагдаа дууд гэж эгч Ж.Бд утас өгөхөд Н.Ч өөрийнхөө 3 хүүхдээ тэвэрч аваад уйлж цагдаа битгий дуудаач гэж байгаад гэрээсээ гараад явахад нь манай эгч, бэргэн, ээж нар намайг машин руу оруулж ээж бид хоёр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд сэхээнд орсон байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,
Гэрч З.Нгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай хүү Ж.М аймгийн төвөөс манайд ирсэн чинь хүргэн Н.Ч миний хүү Ж.Мыг чи энэ малаа ялгаж ав гээд байсан. Тэгээд манай хүү хонинд нь яваад ирсэн. Бид нар бүгдээрээ хоол ундаа идчихээд Н.Ч нь Ж.Мыг чи ишиг танихгүй юм чинь аргамжаатай морь услаад ир. Бид нар малаа хөхүүлье гэж хэлээд гэрээс гарсан юм. Тэгтэл Н.Ч нь эхнэр Ж.Бг чи яасан удаан ямаагаа зөөж оруулдаг юм гээд муухай муухай дуугарч гичий жингэр минь гээд орилоод байсан. Хүү Ж.М чи миний эгчийг юу гээд байгаа юм гээд түүнээс болж тэр хоёр барилцаж авахаар нь манай охин Ж.Б, бэр П.Б бид 3 салгасан юм. Би хүү Ж.Мыг аргамжаатай морь руу яв гэж хэлсэн. Тэгээд манай хүү морь руу явган алхаад явсан юм. Би ямаа хөхүүлж байсан чинь хүргэн Н.Ч өөрийнхөө бонго Жи маркийн машиныг асааж аваад миний хүүгийн араас нь явахаар нь би хамар дээр алхаж очоод харахад миний хүүг машинаар мөргөж унагаж байхаар нь охин Ж.Б, бэр П.Б нарыг хурдан яв гэж хэлээд өөрийнхөө машинаар араас нь явуулсан чинь машинаар дайрсан байна гээд тэр хоёр уйлчихсан миний хүүг аваад ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-р хуудас/,
Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Тайшир сумд Н.Чын малыг төллүүлэх гээд очсон байсан. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ж.М аймгийн төвөөс очсон юм. Тэгээд 0,5 граммтай архи аваачиж өгсөн юм. Түүнээс Н.Ч 2-3 хундагыг уусан. Н.Ч айлын малнаас мал авах гээд яваад 16-17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд мал хөхүүлэх цаг болж бид нар мал хөхүүлэх гэж байхад Н.Ч нэг шил архи уусан. Тэгээд Ж.Мыг аргамжаатай морь услаад ир гэж хэлсэн. Ж.М машинаа цэвэрлэж машинаа янзалж байхад нь Н.Ч нь миний үгэнд орж морь усалсангүй гэж уурласан. Ж.М морь услахаар явахад Н.Ч араас нь цэнхэр өнгөтэй портер машинтай явсан. Тэгтэл хадам ээж З.Н Ж.Б бид хоёрыг араас нь яв гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Ж.М газарт хэвтсэн байдалтай. Н.Ч нь дээрээс нь барилцсан байж байсан. Ж.М нь бид хоёрт намайг машинаар дайрсан гэж орилж хэлээд газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,
Ж.Мөнбатын Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 43-62-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай “1.2 Ж.Мын биед эмнэлгийн бичиг баримтаар хоёр уушгины няцрал, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Ж.Мын биед учирсан хоёр уушгины няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хацарт байх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулах нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 133-134-р хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биеэ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж, үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.Мыг машинаар дайрч алахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.Мыг бонго жи машинаар дайрсан санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хоёр уушгины няцрал бүхий хүнд хохирол, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.Мыг машинаар дайрч алах идэвхтэй үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч гэмт хэрэг төгсөөгүй, хохирогчийн бэр эгч, эгч 2 ирж машиндаа суулгаж, улмаар ээж нь эмнэлгийн байгууллагад авч ирж тусламж авснаар амь нас нь аврагдсан байна.
Хүнийг алах гэмт хэрэгт хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг. Гэрч, хохирогч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн шүүгдэгчийн үйл явдал болохоос өмнөх ба болсны дараа хохирогчид хандсан хандлага, болон таарамжгүй үл ойлголцсон харилцааны талаар өгсөн мэдүүлгүүд зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан санаатайгаар тээврийн хэрэгслээр хохирогчийн араас мөргөх байдлаар буюу амь насыг нь шууд хөнөөж болох аргаар дээрх гэмтлийг учруулсан тул шүүгдэгчийн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдах шинжтэй гэж шүүх үзсэн болно. Мөн хэрэгт тухайн тээврийн хэрэгслийн тоормозны систем ажилладаггүй гэх шинжээчийн дүгнэлт авагджээ. Уг дүгнэлт нь хэрэг учрал болсноос хойш багагүй хугацааны дараа хийгдсэн, шүүгдэгч нь ахуйн үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байсан талаарх гэрч нар мэдүүлж байх тул дан ганц энэ дүгнэлтээр шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх, өөрчлөх боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Энэ 2 одоо архи ууснаас болсон болов уу л гэж би бодож байна. ...Тэгээд архи ууж тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрсан буруутай байна...” гэсэн саналыг шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын тодорхойлолт /хх-159-рт/, ял шалгах хуудас /хх-180-рт/, 2023 оны 04 дүгээр сарын 12-нд Д 7 сартай, том нь 8 настай, 4 хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байлалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Иймээс шүүх хүний амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.3 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзээд “...хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч /зөвхөн болгоомжгүй юу, санаатай юу гэдэг дээр маргаж байгаа/...” байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хангаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Чад хорих ял оногдуулахдаа хүндрүүлэх шинжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 15 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял шүүх оногдуулах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхийг завдахад оногдуулах ял, төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт нь оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримталсан болно.
Шүүх 4,137,883 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээс 1,490,400 төгрөгийн баримтууд давхардсан, он, сарыг нь балласан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх үзэн хэрэгсэхгүй болгож, үлдсэн 2,647,483 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Мад олгохоор, мөн хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдож Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 6,598,150 төгрөгийг шүүгдэгч Н.Чаас гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч Н.Ч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,650,000 төгрөгийг хохирогч Ж.Мад, 6,598,150 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална...” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг дээрх журмын дагуу тогтоосон шинжээчийн дүгнэлт хийгдээгүй тул нөхөн төлбөрийн хэмжээг шүүх энэ шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд түүний нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 25,300,000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын хамтаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ хэрэгт битүүмжилсэн **** УНЦ улсын дугаартай бонго-жи маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Мад 2,650,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,598,150 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Н.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Чад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Ж.Мын нэхэмжилсэн 4,137,883 төгрөгнөөс 1,490,400 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 25,300,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын хамтаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн **** УНЦ улсын дугаартай бонго-жи маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Мад 2,650,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,598,150 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
А.ЭНХБААТАР