Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 133/ШШ2020/00505

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн, *** сумын 0 тоотод оршин суух, О овогтой Н-ын Ө-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 оршин суух, Г овогтой Ц-ийн Э-д холбогдох,

үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ө, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогтой Ө миний бие 2006 оны 04 дүгээр сарын 21-нд өөрийн охин М-ийг төрүүлж 2006 оны 10 дугаар сарын 16-нд өөрийн ээж Ц овогтой Э-д үрчлүүлсэн. Одоо өөрийн хүүхдээ нэр дээрээ шилжүүлэх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. Манай ээж Э нь өндөр настай тул бага насны хүүхэд харах боломжгүй байгаа учир хүүхдээ шилжүүлж авах шаардлагатай байгааг минь хүлээж авна уу. Үрчлүүлсэн хүүхэд маань одоо Баянхонгор аймагт сурдаг болохоороо хүндрэлтэй байдаг гэв.

Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц овогтой Э нь өөрийн охин Өнөрмаагийн Мөнхцэцэгийг 2006 оны 10 дугаар сарын 16-нд үрчилж авсан. Одоо нас өндөр болж бага насны хүүхэд харж хандах чадвар муудсан тул энэ хүүхдийг өөрийн эх Өнөрмаад нь өгөх хүсэлтэй байгааг минь хүлээж авна уу. 5 настайд нь эцэг эх рүү нь явуулсан. Түүнээс хойш Баянхонгор аймагт амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч *** нь 2006 оны 04 дүгээр сарын 21-нд төрсөн охин М-ийг өөрийн ээж Ц.Э-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчин төгөлдөр бусд

тооцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ ...Манай ээж Э нь өндөр настай тул бага насны хүүхэд харах боломжгүй байгаа. Үрчлүүлсэн хүүхэд маань одоо Баянхонгор аймагт сурдаг болохоороо хүндрэлтэй байдаг учир хүүхдээ шилжүүлж авах шаардлагатай байгаа... гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд охин М нь 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрж, Н-ын Ө-гаар овоглогдсон болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 498/001949 дугаартай Ө-гийн М-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ө-аар овоглогдсон М-гийг 2006 оны 10 дугаар сарын 16-ний өдөр ***-ийн ***-д үрчлүүлэн үрчлэгч эхийн нэрийг Г овогтой Ц-гийн Э болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь М-гийг Баянхонгор аймагт аав, ээж, дүү нартайгаа амьдарч, сургуульд суралцдаг талаар тайлбарлаж байна.

Иймд дээрх байдлыг харгалзан шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэснийг үндэслэн охин М-гийг хариуцагч Ц-ийн Э-д 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн охин Мөнхцэцэгийг эх Н-ын Ө-ийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг үндэслэн 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, охин Ө-ийн М-гийг  үрчлэгч Г овогтой Ц-ийн Э-д 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин М-ийг эх О овогтой Н-ын М-ийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН