Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2020/00569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, М овогтой М-ын У-д холбогдох,

Улсад учруулсан хохиролд 6.414.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр  иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн М.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтний ажилд М.М-ийг эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 222 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6.414,024 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.У нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар М.М-ийг инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилсон байна. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс ***т цалинд 6.414.024 төгрөгийг олгосон байна. М.У нь хуулийн үндэслэлгүй М.М-ийг ажлаас чөлөөлсний улмаас улсад 6.414.024 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б/19 дугаартай тушаалаар тус газрын инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн М.М-ийг ажлаас нь халсан. Түүний ажлаас халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, М.М-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Үүний дагуу ажилгүй байсан хугацааны 220 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговор болох 6.414.024 төгрөгийг олгосон. М.У-ий үндэслэлгүй гаргасан шийдвэрийн улмаас улсад учирсан 6.414.024 төгрөгийг М.Уэс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. М.У-ий хууль бус буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдэл, эрх үүргээ хэтрүүлсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. М.У нь төрийн жинхэнэ албан хаагч. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн  100.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлэх явцдаа гаргасан алдаа дутагдлын улмаас төрд учирсан хохирлыг тухайн захиргааны байгууллага хариуцаж, хохирлыг буруутай үйлдэл гаргасан албан тушаалтнаас бүрэн барагдуулах талаар зохицуулсан. Мөн тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.1-т зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэж заасан. Тушаал гаргаж ажилд томилох болон чөлөөлөх бүрэн эрхтэй боловч энэ үүргээ биелүүлэх явцдаа алдаа гаргасан. Алдаатай үйлдлийг нь захиргааны хэргийн шүүхээс тогтоосон. Үүнээс болоод улсад учирсан. Тухайн үед н.М-ийг ажлаас халаад оронд нь албан тушаал дээр н.Б гэх хүнийг ажиллуулж байсан. Тухайн орон тооны төсөвт нэг л хүний цалин батлагдсан байсан. Орон тоо дээр н.Б ажиллаж цалин авсан. Орон тоо дээр ажиллаагүй байсан хугацааныхаа цалинг н.Мөнхцэцэг авсан.  Ийнхүү төрд хохирол учирсан. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтнаас бүрэн барагдуулахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Уэс төрд учирсан хохирол болох 6.414.024 төгрөгийг гаргуулах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хяналтын прокурор А.Ор гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр тодорхой болгож зүйл заалтыг нь дурдсан. Захиргааны ерөнхий хуулийн ерөнхий зохицуулалтыг дурдсан. Иргэний хуулиас тус хуулийн 498 дугаар зүйлд заасан албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэж үзсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь М.У нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргаар ажиллаж байсан. М.У нь ажил олгогчийг төлөөлж, ажилтныг авах, чөлөөлөх шийдвэр гаргах бүрэн эрхтэй этгээд юм. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. М.У-ийн гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүхээс тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь М.У-ийнхууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хийх ёсгүй үйлдэл хийсэн, хийх ёстой үйлдэл буюу эрхээ хэтрүүлэн хэрэглэснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд прокурорын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх ёстой гэж зааж өгсөн. Гэтэл хууль бус үйлдэл байгаа юм уу? М.Ууган-Эрдэний үйлдэл хууль бус юм уу? гэж авч үзэхэд үндэслэл байхгүй байна. М.У нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан. Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нь төлөх үүрэгтэй гэж заасан байдаг.  Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад энэ талаар нотолсон ямар нэгэн бичгийн нотлох баримт байхгүй байна. Байгууллагад учруулсан хохирлыг арилгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ***-рын ***-ээс улсад учруулсан хохиролд 6.414.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ***-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажилладаг болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай “***-ийг жинхлэн томилох тухай” захирамж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай “М.У-ийг ажилд эгүүлэн томилох тухай” захирамжийн хуулбар, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 511 дугаартай “даатгуулагч М.У-ийн шимтгэл төлсөн архивийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.У нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар М.М-ийг ажлаас халсан байх бөгөөд уг тушаалыг М.М хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6.414.024 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.

Хариуцагч М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж, тус газрын инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн М.М-ийг ажлаас халсан тушаал гаргаснаар шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 544.453 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, 5.869.571 төгрөгийг  ажилгүй байсан хугацааны олговорт тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож хариуцагч тал энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг тус тус    зохицуулсан байх тул М.Уэс төрд учирсан хохирол болох 6.414.024 төгрөгийг гаргуулах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэж тодорхойлсон.

Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалтад “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд...” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл гэм хор учруулагчийн хүсэл зориг, үйлдлийн шинж чанар нь хууль бус байх, хохирлын гол шинж нь тооцож хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг эдийн засгийн үр дагаврыг ойлгох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг тодорхойлсон байна.

Хариуцагч М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллахдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь ***-ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх бөгөөд уг үйл баримт буюу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.У нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар М.М-ийг ажлаас халсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба уг хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнөх цаг хугацаанд болсон хууль зүйн үйл баримт байх тул уг хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг авч үзэх ба нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн үйл баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа байдалд дүгнэлт хийх замаар шийдвэрлэдэг ба хариуцагчийг гэм хор учруулсан гэх үндэслэлээр хохирол төлүүлэх шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч М овогтой М-ын У-д холбогдуулан М.М-ийн ажилгүй байсан хугацааны олговорт олгосон буюу улсад учруулсан хохиролд 6.414.024 төгрөг гаргуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн ***-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ                        Ц.ҮЙТҮМЭН 

                   ШҮҮГЧИД                        Н.ОЮУНБИЛЭГ

                                                               Д.ЯНЖИНДУЛАМ