Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1102

 

 

 

 

 

 

 

 

    2023        11          03                                   2023/ШЦТ/1102

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.ЭрдэнэО, Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнжавын Оад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********************************

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.О нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 09 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь эх явах замд Nissan Wingroad маркийн 96-72 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч С.Эыг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ******************** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг: “Шинээр нийт 11 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 5-6, 8-9, 33-34, 41, 46, 48, 113-114, 123-126, 175-213 дугаар талд авагсанд нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ЭрдэнэО: “Шинээр 3 хуудас нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 65, 68, 71, 88-90, 175, 214, 216 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү: “Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 5-6, 16, 85, 91 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг судлуулна” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр ажилдаа явлаа гэж хэлээд гарсан. 10 цагийн үед Д гэх найз нь болон түүний эхнэр нь танай нөхөр осолд орчихлоо гэж над руу бичсэн. Тухайн үед би хэргийн газар дээр очоогүй. Ах дүү нараасаа нас барчихсан гэх үгийг сонссон. Нөхрөө өнгөрснөөс хойш би өнчин 6 хүүхэдтэй үлдсэн. Тухайн үйл явдал болсноос хойш 18 хоногийн дараа маш хүндрэлтэй төрсөн. Одоо хүү маань 4 сартай. Миний хувьд сэтгэл санаа маш хэцүү, хүнд байна. Том хүүхдүүд маань аавыгаа мэдэж байгаа. Бага хүүхдүүд маань байнга аавыгаа асууж нэхдэг. Надад үнэхээр хэцүү байна. Ажил явдал эхэлснээс хойш хувааж өгсөн мөнгө нь 16,510,000 төгрөг болсон. Энэ мөнгө нь ажил явдалд зарцуулагдсан. Сэтгэл санааны хохирол, хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байна” гэж,

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж мэдүүлэг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.О нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-15 дугаар тал),

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оын “...Талийгаач С.Э нь 2023 оны 6 дугаар сарын 03-ний өдөр гэртээ байж байгаад өглөөний 07 цаг 10 минутын орчим ажилдаа явлаа гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Тэгээд удалгүй 10 цаг 20 минутын орчим талийгаачийн найзын эхнэр нь миний 80671392 дугаарын утсанд танай нөхөр зам тээврийн осол орсон байна гэсэн мессэж ирүүлсэн. Би зам тээврийн осол болсон гэх газарт очоогүй яагаад гэвэл жирэмсэн учир очиж чадаагүй надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. ...Жолооч нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг өгсөн, оршуулгын зардал нь нийт 20,000,000 төгрөг гарсан баримт материалыг нь удахгүй өгнө. Асран хамгаалагч байхгүй өнчин 5 хүүхэд үлдсэн манай өрх гэр бүлд ажил эрхэлдэг хүн байхгүй, бага насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагатай байна. Дээр нь бусад гарсан зардал болон сэтгэл санааны хохирол зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Ч.Бийн “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр миний эзэмшлийн Nissan wingroad маркийн 96-72 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нөхөр болох С.О нь жолоодож гэрээсээ гарсан. Дарь эхийн зам дээр ертөнцийн зүгээр замын баруунаас зүүн тийш зорчих чиглэлд 2 дугаар эгнээнд явж байтал гэнэт замын урд талаас 2 эрэгтэй хүн гараад ирсэн, Nissan wingroad маркийн 96-72 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан манай нөхөр тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ мөргөөд машины урд талд унасан. ...Nissan wingroad маркийн 90-72 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр, миний өмчлөлд байдаг. Уг тээврийн хэрэгслийг 4 сарын өмнө зарын дагуу хувь хүнээс худалдаж авсан. Урд салхины шил болон их гэрэл хагарсан байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Гэрч М.Дийн “...2023 оны 6 дугаар сарын 03-ний өдөр найз болох Этой утсаар яриад уулзах уу гэхэд за гэж хэлээд уулзсан. Бид хоёр уулзаад “Хараа” нэртэй архи согтууруулах ундааны зүйл хувааж уусан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явж байсан ба архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир зам тээврийн осол гарсан эсэхийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

-Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүрс оношлогооны мэргэшсэн шинжээч эмч С.Чийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “...1. Амь хохирогч С.Эын цогцост 2 тал бөмбөлгийн бүх хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, суурийн бага далавч, 2 нүдний ухархайн дээд хана, зүүн чамархайн нийлмэл хугарал, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, дух, эрүү, зүүн мөр, 2 ташаа, 2 туя, 2 өвдөг, зүүн шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах, цохигдох үед үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижил, элэгний өөхлөлт, сорвижил архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. 4. Амь хохирогч нь авто ослын улмаас учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 5. Амь хохирогч нь 2023.06.03-ны 14.30 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг орчим болсон байжээ. 6. Амь хохирогч нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна. 7. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх 1572 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 123-126 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч С.Мөнхдалайгийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “...1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан тоормосны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ослын материалд тэмдэглэгдсэн “Nissan wingroad” маркийн 96-72 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурдыг тогтооход 64км/цаг гарч байна” гэх 2429 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),

-Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Б.Гийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 999843 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 137-140 дүгээр тал),

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “...1. Жолооч С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Амь хохирогч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх 703 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 171 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.О нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний амь насыг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгджээ.

Прокуророос шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан шууд хохирол болох оршуулгын зардал болон бусад зардалд 16,571,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралд дээр дахин хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэж байна.

Харин хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын асуудалд хэрэг шилжиж ирснээс хойш хохирлын хэмжээг тогтоогоод явж байгаа тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар дундаж насны зөрүү, хөдөлмөрийн хөлсний хэмжээг хамгийн багаар бодож сэтгэцэд учирсан хохирол болох нийт 71,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн саналыг сонслоо. Улсын яллагчтай санал нэг байна. Цаашид хүүхдийн тэтгэмж тогтоох зэрэг бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “Маргах зүйлгүй, өөрийн үйлчлүүлэгчид энэ талаар ойлгуулж хэлсэн, ухамсарлаж ойлгож байгаа. Амь хохирогчийн ар гэр хүнд байдалтай үлдсэн гэдгийг маш сайн ойлгож тусалж дэмжихээ илэрхийлээд явж байгаа” гэх саналыг тус тус гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “Хохирол төлбөрт ний 16,571,000 төгрөгийг нөхөн төлсөн, одоо цаашид сэтгэл санааны хохирлыг гаргуулах хүсэлттэй байна. Прокурор болон өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг бүрэн дэмжиж байна” гэж,

Шүүгдэгчээс: “Чадлынхаа хэрээр л тусалж дэмжинэ, шүүхээс хэдэн төгрөг гаргуулж шийдвэрлэнэ, тэр шийдвэрийг дагана” гэж тус тус байр сууриа илэрхийлжээ.

Дээр дурдсан саналыг харгалзан шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилжээ.

Шүүх талуудын дээрх саналыг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг 2022 оны байдлаар тооцоолж гаргахдаа эрэгтэй хүний дундаж наслалтыг 67 нас гэж тооцоолсон бөгөөд амь хохирогч нас барах үедээ 41 настай байсан нь тогтоогдож байна. Уг насны зөрүү 26 нас байх бөгөөд 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тогтоосон тул хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлэн насны зөрүүгээр үржүүлэн тооцоход 71,500,000 төгрөг болж байна. /67-41=26. 550,000*5*26=71,500,000/.

Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 71,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.От олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь Иргэний хуулийн 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хохирогчийн ар гэр хүнд байдалтай үлдэж байгааг харгалзан үзнэ үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.ЭрдэнэО нараас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2 жил хорих ялыг хөнгөрүүлж тэнсэн харгалзаж өгнө үү, энэ хүн гадуур ажил хөдөлмөр хийж байж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тусламж үзүүлж чадна гэж үзэж байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч С.Оаас “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг арилгасан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Мөн амь хохирогч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 171 дүгээр тал)-гаар амь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Оад үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч С.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар, 226245 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатагин ургийн овогт Сүрэнжавын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 2. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.О нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан С.О хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 71,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.От олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508, 509, 511 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 226245 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

                                                   

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН