| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00364/и |
| Дугаар | 133/ШШ2020/00390 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2020/00390
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 9-42 тоотод оршин суух, Х овогтой С-ын А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуутад оршин суух, Т овогтой С-ийн Б-ид холбогдох,
гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А миний бие С.Б-той 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж байсан. Том хүү Б.Д нь 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, бага хүү Б.Т 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. С.Б бид хамтран амьдрах хугацаанд манай нөхөр архи ууж ирээд хэлэх хэлэхгүйгээр хэлж намайг дарамтлан хамт амьдрах боломжгүй болгосон. Бид хоорондын таарамжгүй байдлаас болж 2014 оны 10 дугаар сараас хойш өдий хүртэл тусдаа амьдарч байгаа. С.Б нь одоо тусдаа амьдралтай бид хоёр одоо нийлээд хамтарч амьдрах боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Д, Б.Т нарыг өөрийнхөө асрамжид авах, аав С.Б-оос хоёр хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тэмээчин овогтой Сандагдоржийн Баасандорж миний бие нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт амьдардаг. Би 2006 онд Сүхбаатарын Амарзаяатай гэр бүл болж хүү Б.Д, Б.Т нар төрсөн. Бид анх хөдөө аавынхаа хаяанд гэр бүл болж байсан бөгөөд 2008 онд манайх аймгийн төв орсон. Хоёр хүүхдээ цэцэрлэгт явуулж байгаад 2013 онд хүү Даваажаргал сургуульд орсон. Би Долоохын голд газар хөдлөлийн ажиглалтын контейнер хардаг харуулын ажил хийж байсан тул хөдөө ганцаараа жижиг гэрт амьдардаг байсан. Би гэр бүлийнхээ төлөө тогтмол цалинтай болохоор тэр ажлаасаа гаралгүй ганцаараа өөрийгөө болгоод амьдарч байсан. Амарзаяа том хүүгээ сургульд зөөж байхдаа хүүхдийнхээ ангийн хүүхдийн аав эхнэр нь нас барсан хоёр хүүхэдтэй залуутай холбогдсон байсныг сүүлд мэдсэн. Одоо тэр хүнтэйгээ нэг гэртээ ороод амьдарч байгаа. Үүнээс болж хэрүүл маргаан гардаг байсан. Гэхдээ би цохиж зоддог юм байгаагүй. 2013 оны хавар сургууль тарахад Амарзаяа хоёр хүүхдээ аваад аавынх руугаа яваад надтай холбогдохгүй байсан. Би дотроо намар хоёр хүүхдийн сургууль орохоор хүрээд ирнэ гэж бодоод хүлээж байсан. Гэтэл намар нь сургууль орохоос хэд хоногийн өмнө аав, нагац ах хоёроо дагуулж ирээд тавилга, өөрсдийн юмаа аваад явсан. Үүнээс хойш хоёрын хоёр хүүхэд байхад эргээд ирэх байх гэж би хүлээж байсан. Сүүлдээ тэр хүнтэйгээ нэг гэрт орсныг дуулсан. Би гурван жил хүлээгээд одоо эргэж нийлэхгүй юм байна гэдгийг баттай болгоод өөрөө гэр бүл зохиосон. Гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч өсгөх саналтай байна. Миний саналыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.А нь С.Б-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч С.А, хариуцагч С.Б нар нь 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна.
Тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б-ийн Д, 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Б-ийн Т нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ... гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 215 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш хариуцагч нь гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, мөн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх бөгөөд зохигчид тус тусдаа хувийн амьдралтай буюу хамтран амьдрагчтай болсон гэж тайлбарлаж байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж үзэв.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүү Б.Д, Б.Т нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа, мөн ахуй нөхцөл, анхаарал халамж, хүү Б.Д, Б.Т нарын санал зэргийг харгалзан тэднийг эх С.Агийн асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдана.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б-ийн Д, 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Б-ийн Т нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т овогтой С-ийн Б-оор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь С.А бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2006 онд гэр бүл болоод 2014 онд хоёр тийшээ болохдоо би өөрийн авч очсон эд хөрөнгөө авсан тул одоо ямар нэгэн эд хөрөнгө хариуцагч С.Б-оос авахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248.406 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 248.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогтой С-ийн Б, Х овогтой С-ын А нарын Говь-Алтай аймгийн Тайшир сумын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б-ийн Д, 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Б-ийн Т нарыг эх С-ын А-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Б-ийн Т-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б-ийн Д-ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Т овогтой С-ийн Б-оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь С.А бидний хоооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2006 онд гэр бүл болоод 2014 онд хоёр тийшээ болохдоо би өөрийн авч очсон эд хөрөнгөө авсан тул одоо ямар нэгэн эд хөрөнгө хариуцагч С.Б-оос авахгүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.А-д даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч С.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А нь хариуцагч С.Б-ийг эцэгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248.406 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 248.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН