Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1098

 

 

 

 

 

 

  2023          11           02                                 2023/ШЦТ/1098

 

                      

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон ургийн овогт Баярсайханы Эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****************************************************************************************

Холбогдсон хэргийн агуулга

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хохирогч Т.Гийн Хаан банкны 5072146484 дугаартай дансны виза картыг Т.Гт мэдэгдэлгүйгээр авч 21:51 цагт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх 35-77 тоот хаягт байрлалтай Хаан банкны АТМ769 (automated teller machine) дугаартай бэлэн мөнгөний машинаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн ********************** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Г.Цогтмагнайгаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Т.Гийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улиастайд байх гэртээ байж байхад Б.Э “16 дугаар хороололд утсаа ломбардад тавьчихсан сунгах гэсэн юм, 15,000 төгрөг дутчихлаа” гэхээр нь би 16 дугаар хороололд очиж Б.Этэй уулзсан. Гэр лүү нь очихын өмнө Дамбадаржаагийн эцсийн дэлгүүрээс Б.Этэй хамт охиндоо хоол хүнс, памперс авсан. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа АОС гудамж 39 тоот хуучин эхнэр н.Эгийн гэрт ирээд охин н.Үүрийнгэгээтэй уулзахдаа түүний нөхөр Б.Этэй хамт 13:00 цагийн үед тэдний гудамжны үзүүрт байдаг дэлгүүрээс архи бас бус хүнсний зүйл авсан. Хамт архи ууж байгаад би өөрийн ********* тоот данснаас хуучин эхнэртээ н.Эгийн *********** тоот данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 15:20 цагийн үед гудамжны үзүүрт байдаг дэлгүүр лүү 2 удаа орсон. Түүнээс хойшхи үйл явдлыг сайн санахгүй. Маргааш өглөө нь дансаа шалгатал миний Хаан банкны *********** тоот данснаас 1,000,000 төгрөг алдагдсан байсан. Би гайхаад Б.Эгийн 85****** дугаар луу залгахад “Та надад өчигдөр орой 200,000 төгрөг өгсөн, би өөр мөнгө аваагүй” гэж хэлсэн. Би өөрийн биеэс банкны картаа огт салгаагүй. Гэхдээ дэлгүүрээс гарахдаа хэтэвчиндээ хийсэн байсан карт минь гадуур хантаазны халаасанд орчихсон байсан. Миний хэтэвчнээс картыг минь авч ашиглаад буцаан хийсэн байх гэж бодож байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 31-34 дүгээр тал),

-Хохирогч Т.Гийн Хаан банкны ************* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Яллагдагч Б.Эгийн “...Тэр өдөр Т.Г буюу манай эхнэрийн хуучин нөхөр нь “Уулзъя, би хүүхэдтэйгээ уулзмаар байна” гээд байсан. Тэгээд бид хоёр Цайз, 16-д уулзаад манай гэр болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцын 39 тоотод ирсэн. Тэгээд Т.Г ах дэлгүүр ороод архи болон хүнсний зүйл авсан. Тэгээд манай гэрт ирээд ууж идэж байгаад би Т.Г ахыг “Хүүхэд чинь төрөөд 5 нас хүрлээ, хүүхдийн мөнгө өгөхгүй юм уу” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Т.Г ах дахиж дэлгүүр ороод “Ерөөл” архи аваад, харин би 2,5 литртэй том пиво авсан. Тэгээд нөгөөдхөө ууж байгаад надад баярхаад “Чи чаддаг юм бол миний картаас мөнгө аваарай” гээд байсан. Тэгээд маргалдахаа болиод байж байгаад намайг дэлгүүр явуулсан. Тэгээд би картыг нь авч яваад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбын эцэс дээр ирээд картаас нь хүүхдийн мөнгө өгөхгүй байсан болохоор зөвшөөрөлгүй 1,000,000 төгрөг авсан. Тэгээд буцаад гэр лүүгээ архи, пиво аваад очсон. Тэгээд ууж байгаад унтсан. Өглөө сэрсэн чинь Т.Г ах яваад өгсөн байсан. Тухайн үед би нэлээд согтолттой байсан. Гэхдээ би болсон зүйлсийг бүгдийг нь санаж байна... Манай эхнэр өмнө нь амьдарч байсан юм. Тэгээд дундаасаа охинтой юм. Тэгээд тэр охиныг бид хоёр өсгөсөн. Тэр хугацаанд “Хүүхдийн мөнгө” гэж өгөөгүй болохоор би картаас нь мөнгө авсан. Би 500,000 төгрөгийг нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ********* данснаасаа буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Э нь дээрх үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э хохирогчид буцааж 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Эгээс “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоогдсон 1 жил 09 сар 28 хоног /хавтаст хэргийн 92 дугаар тал/-ийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 03 сар 28 хоногоор тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бны Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоогдсон 1 жил 09 сар 28 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сар 28 /хорин найм/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 02 жил 03 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН