Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1080

 

 

 

 

 

 

 

   2023        10          30                                  2023/ШЦТ/1080

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн, 

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч С.Э,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Цн Бд холбогдох эрүүгийн 230**** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

*****************************************************************

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Эг хазаж, эрүүл мэндэд нь зүүн 4-8 дугаар хавирганы хугарал, дагз, зүүн суга, даланд шарх, зүүн дал, суга, хөх, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Эрүүгийн 2***************9 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Дамбадаржаагаас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунтуулаас: “Гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргийн материалаас 68-70, 75-77 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 6 хуудас эрүүл мэндтэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж байр сууриа илэрхийлсэн болно.

Хохирогч С.Э шүүх хуралдаанд: “...6 дугаар сарын 06-ны өдрийн өглөө салхинд гарангаа хулсны хальс түүх гээд явж байсан. Зам дагаад явж байсан. Хашааны хаалга сул байсан. Гэнэт л нэг том нохой давхиж гарч ирээд нүүр, нүд рүү дайрсан. Зүүн талын суганаас хазсан. Ноолууран цамцнаас татсан байсан. Махыг нь тасдаад хаячихсан байсан. Дараа нь энэ хүнд шарх, сорви бүгдийг нь үзүүлсэн. Гэртээ байж байгаад цэвэрлэгээ хийж өсгөн. Тэгээд эмнэлэгт очсон. Гомдол, санал гэвэл насны эцэст зэрэмдэг болсон. Нурууны суулт нь энэ гэмтлээс болсон. Наймаа хийж бараагаа гаргаж чадахгүй байгаа. Энэ хүний өгсөн мөнгө нь 1,000,000 төгрөгийг авсан. Эмчилгээнд зарцуулсан талаарх баримт байхгүй. Тэрнээс хойш мөнгө гараагүй. 6 дугаар сарын 30-наас хойш уулзаагүй....” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлгийг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч С.Эгийн “...Би тэр өдөр уулнаас гал ноцоох хушны хальс авахаар 10 цагийн үед явж байхад гэнэт нэг төвд банхар хашааны хаалгаар гарч ирээд над руу шууд дайрч зүүн суга руу дайрч сэгсэрсэн. Би 3 удаа “нохойгоо аваач” гээд орилоход нэг өвгөн гарч ирээд нохойныхоо нуруу руу модоор цохиж арай гэж салгасан. Нохойны эзэн эмгэн хүүхэдтэйгээ ирж намайг эмнэлэгт үзүүлж эм авч өгсөн. 200,000 төгрөг бэлнээр бас өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-26 дугаар тал),

-Гэрч Г.Балжиннямын “...Тэр өдөр би гадаах амбаартаа юм хийж байсан. Нохойгоо уясан гэж бодсон ч, муу уясанаас болж хүүхдүүд гарахдаа онгорхой орхисон хашааны гадаа нохой гарчихсан хүн урж байхыг хараад очсон. Намайг очиход хохирогч эвхрээд газар уначихсан нохой дээр нь гарчихсан байсан. Яг хазаж байхыг харж чадаагүй. Би орилоод очиход нохой гүйгээд хашаандаа орчихсон. Манай эхнэр Б багаас нь тэжээсэн нохой юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7469 дугаартай “...1. С.Эгийн биед зүүн 4-8-р хавирганы хугарал, дагз, зүүн суга, даланд шарх, зүүн дал, суга, хөх, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-33 дугаар тал),

-Яллагдагч Ц.Бгийн “....Би нэгдүгээр эмнэлэг дээр зүрхний шинжилгээ өгөх гэж явж байсан. Манай өвгөн Балжинням утасдаж нохойд хүн хазуулчихлаа гэж утсаар хэлсэн. Би шинжилгээгээ өгөлгүй шууд хохирогч Эгийнд очсон. Хохирогч намайг гэрт нь очиход зүүн сугандаа хазуулж, толгойндоо цус болчихсон гэртээ орон дээр сууж байсан. Хохирогчийнд очиход хүүхэд Батбаяныг дуудуулж хохирогчийг аваад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж зураг авхуулж, томографикийн шинжилгээ хийлгэж галзуугийн тариа тариулж, боолт хийлгэсэн. Би хувиасаа хохирогчид энэ өдөр 125,000 төгрөгөөр үрэвслийн эсрэг өвчин намдаах эм авч өгсөн. Эмч хохирогчийг эмнэлэгт хэвтэх ёстой гэсэн боловч хохирогч хэвтэх боломжгүй хэвтэхгүй гэж гарын үсэг эмчид зурж өгөөд гэртээ буцаж ирсэн... цээжний эмчид үзүүлж зөвлөгөө аван 238,000 төгрөгөөр бороолуулах эм, өвчин намдаах 3 сарын хэрэглээний эм авч өгч боолт хийлгэсэн.... Нэг өнжөөд Түлэнхийн төвд очиж боолт хийлгэхэд унаа гаргаж байсан. Нийт хохирогчид галзуугийн 3 тун вакцин хийлгэж өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүй байдаг бөгөөд үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх юм. Хохирол учирсан үеэс төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Дээрх үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Шүүгдэгчийн гөлөг байхаас нь тэжээсэн гэх нохой нь орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан гэдэгт зүй ёсоор хамаарна. Мөн энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Эг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бгийн болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг тухай бүрд нь төлж байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, дансны хуулга, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Бг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн буюу энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид хийгдэх /гэмт хэргийн улмаас учирсан/ эмчилгээтэй холбоотой баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм хорын хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Цэдэндоржийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН