Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1051

 

 

 

 

 

 

 

 

 2023          10          23                                    2023/ШЦТ/1051

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Чинбат,

Шүүгдэгч Б.П, О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Н.Өнөрбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяраагийн П, Оюунбилэгийн Л нарт холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

****************************************************************************************

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч О.Л, Б.П нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байрлах “**********”-ны баруун талын хаалга орчимд “********” сайтаар дамжуулан “****** зөвлөх С.Л сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй” гэсэн агуулгатай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

Мөн шүүгдэгч О.Л нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хохирогч Б.А, С.Л нарыг “Чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, новш минь чи хүүхэдгүй юу, тийм үү, чи харин ингэж болохгүй шүү, Л та хоёроос амь нэхнэ шүү” гэж тодорхой үйлдэл буюу зээл олгуулах шийдвэр гаргуулахаар шаардаж, өөрт нь ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Өнөрбаяраас: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтууд болон 1 дэх хавтаст хэргийн 21-25, 43, 46-47, 48-54, 55-70, 74-75, 78-91, 96-97, 111, 140-145, 160-161, 169-176, 225-227, 241-242 дугаар тал, 2 дахь хавтаст хэргийн 44, 84-85, 103-105, 108-111, 114-115 дугаар талд байгаа нотлох баримтуудыг шинжлэн судална. Мөн шинээр 23 хуудас баримт гаргаж өгснийг шинжлэн судлуулна” гэжээ.

Шүүгдэгч О.Лоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тухайн үед ******ийн сонгуулийн ажил хайсан. Би ****** ****** рүү холбогдоод ажил асуусан. Тэгээд надад Л гэх хүний дугаарыг өгсөн. Тэгээд Лтэй холбогдсон. Төрийн ордны баруун талын цэцэрлэгт уулзсан. Би сонгуулийн тараах материал дээр ажиллах юм болов уу гэж бодоод асуухад “Би тэр талыг нь хариуцаагүй. Өөр сонгуулийн ажлыг нь хариуцаад ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид 2 сонгуулийн ажил дээр хамтарч ажиллахаар болсон. Сонгуулиас өмнө нийтдээ 2 удаа уулзсан. 2 дахь удаагаа уулзахдаа ямар сонгуулийн ажил хийх талаар уулзсан. Тэр уулзалтад залуусын дэмжлэг хэрэгтэй байна. Амьдралд ойрхон, дэмжиж байгаа сонгуулийн бичлэг хийж өгөөч гэж хэлсэн. Бичлэг хийгээд таньдаг хүмүүсээрээ дэмжүүлэхээр тохиролцсон. Бичлэгээ хийсэн. Энэ бичлэгийг хийхэд бид хоёрын хувьд маш их цаг хугацаа болон хөдөлмөр орсон. Өөрсдөөсөө мөнгө санхүү гаргасан. Бичлэгээ Л рүү чатаар явуулсан. Утсаар ярих үед бичлэг нь болсон байна гээд сонгууль дууссан. Сонгууль дуусаад би Лтэй яриад баяр хүргэсэн. Тэгээд Л “ирж уулзаарай хоёуланд нь ярьсан зүйл байгаа” гэсэн. Намайг ажилд оруулж өгнө гэж амласан. Миний цалин болох ажлын хөлсний оронд ажилд оруулна гэж бид 2 тохирсон байсан. ******д уулзаад анкетаа өгсөн. Би тэр хүний амлалтыг хэсэг хугацааны дараа асуусан. Хүлээж байгаарай гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Дахиад холбогдох үед ажил болохгүй байна. Би чамайг гадаад хэргийн яаманд оруулах талаар бодсон. Гэхдээ энэ нь бүтэхгүй байна. Би чамд өөр зүйлээр тусалж болно. Газар авч болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохирсон. Надад нэг хүний дугаар өгсөн. Энэ хүн мэргэжлийн хяналын газар ажилладаг. Газрын кадастр зургаа бэлдээд уулзаарай гэсэн. Тэр хүн нь над руу өөрөө холбогдсон. Би газрын кадастр зургаа аваад очсон. Газрын асуудал нь бас худлаа болсон. Бид 2 чатаар харилцаатай байсан. Тэр үед асуух бүрт удахгүй, болно гэх мэт хариултыг өгдөг байсан. Дараа нь зээлийн асуудал гарч ирсэн. Тэгээд зээлийн асуудал болно би дүүдээ хэлчихнэ гэсэн. Тэгээд А над руу залгасан. Би ****** руу 3-4 удаа орж уузлсан. Атой ярих үед болно хүрээд ир гэсэн. А надаас хэзээ төрөх гэж байгаа талаар асуусан. Би төрөх болоогүй байгаа талаар хэлсэн. Зээл авахад шаардлага хангаж байна гэж надад хэлсэн. Надад барьцаа хөрөнгө муу байгаа. Зээл гарах эсэхийг хэлчих гэж хэлсэн. Л гэх хүн хэлсэн учраас зохицуулах гээд сууж байна. Санаа зоволтгүй гэх хариултыг надад хэлсэн. Би Аын мэдүүлэгтэй санал нийлэхгүй байгаа. Худал мэдүүлэг өгсөн гэж бодож байгаа. А надаар маш их бичиг баримт бүрдүүлүүлсэн. Зээл бүтээж өгөхгүй бол чамаас амь нэхнэ гэж би хэлээгүй. Би тэр хүн рүү ганцхан удаа мессэж бичсэн. Бүх холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд Аод өгсөн. А мэдүүлэг дээрээ надад ямар ч бичиг баримт өгөөгүй гэж хэлсэн байсан. Зээл хөөцөлдөж байх хугацаанд А хэлэхдээ чиний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл гаргаж өгөх гэж байна. Энийг ойлгох хэрэгтэй гэх зүйл хэлж байсан. Бичиг баримтаа бүрдүүлж жижүүрт нь өгчихөөд хэсэг хугацааны дараа юу болсон талаар асуусан. Манай дүүгийн хүүхдийн бие муу байгаа. Бид нарт санхүү мөнгө маш их хэрэгтэй байгаа. Иймд юу болсон талаар Аоос асуусан. А би санхүүгийн хороо зохицуулах газарт ажилладаг байсан. Би нөлөөтэй чиний зээлийг гаргаж өгнө гэх хариултуудыг өгдөг байсан. Сарын дараа над руу яриад хурлаар орох гэж байна гэж хэлсэн. Хэдэн цагийн дараа залгаад асуусан чинь бүтэхгүй байна гэх хариултыг надад өгсөн. Тэр үед дөнгөж төрчихсөн байсан. Маш их гомдолтой байна. Жирэмсэн байх үедээ тэр бүхнийг хөөлцөлдсөн. Анх эхлэх үедээ бүтэхгүй бол хэлчихээрэй гэж байхад тэр хүн хэлээгүй. Намайг төрсний дараа тэр бүхнийг хэлсэн. Төрөөд сэтгэл санаа хүнд байсан учраас гомдсондоо тэр үгийг хэлсэн. Би дөнгөж төрчихсөн хүн тэр хүнийг заналхийлэх утгаар нь хэлээгүй. Лтэй уулзаад ярих үед бараг зээл нь гарчихсан гэх зүйл хэлдэг байсан. Л гэх хүн бид нарыг ажиллуулчхаад худал зүйл хэлээд 2 жил өнгөрсөн. Бид нар хуулийн мэдэгдэхүүн байхгүй хүмүүс. Аргаа бараад хохироод байна гэх утгаар мэдээлэл хийсэн. Үзэл бодлоо илэрхийлж хийсэн мэдээлэл. Тухайн үед нь хуулийн зөвлөх гэж 2 хүн гарч ирсэн. Юу болсон талаар бич гээд байсан. Цалин өгөхгүй бол зээлийг нь олгоод өгөөч гэх утгаар цаасан дээр бичсэн...” гэж,

Шүүгдэгч Б.Поос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Манай эхнэр Л гэх хүнтэй уулзаад явсан. Би бол  уулзаагүй хэдий ч эхнэрээ хүргэж өгөөд гадаа нь байнга хүлээдэг байсан. Сонгуулийн ажилд уриалж бичлэг хийх үүрэг оролцоотой байсан. Л гэх хүний мэдүүлэгт буруу зөрүүтэй зүйл ажиглагдсан. Бид нар хэзээ ч сайн дураараа цалин хөлс авахгүй ажиллана гэх зүйл яриагүй. Анх Л гэх хүнтэй манай эхнэр тохиролцсон. Очиж уулзах үед нь би чамайг ажилд оруулж өгнө. Чи залуучуудыг хамарсан ажил хий гэж хэлсэн. Манай авга ах барилгын чиглэлээр ажил хийдэг. Барилгын компанитай газар хэрэгтэй байна гэх саналыг ярилцаж байсан. Мөнгө төгрөгнөөс бусдаар асуудалгүй. Ах нь хэлсэн амандаа хүрнэ гэж тохиролцоод ажил эхэлсэн. Сонгуулийн ажил дуусаад тэр хүн утсаа авахгүй зугтаагаад худлаа яриад эхэлсэн. Б.Э гэх хүний мэдүүлэг дээр хүний өмнөөс ярьсан юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Тэр хүн сонгуулийн ажил мэдэхгүй. Талбай дээр бичлэг хийх үед л гарч ирсэн хүн. Л гэх хүний үгээр мэдүүлэг өгсөн байсан. Тэр хүн ямар ажил дээр хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй байгаа. Зээлийн асуудал дээр миний эхнэр жирэмсэн хирнээ 100 гаруй хуудас бичиг баримтыг бэлдсэн. Бид хоёрын барьцаа хөрөнгө бага. Бүтэхгүй бол та эртхэн хэлээрэй гэсэн. Дүүгийнхээ хүүхдийн эмчилгээнд зарцуулах гэж байгаа талаар хэлсэн. Цаг хугацаа алдах хэрэг алга гэхэд болно гэх зүйл хэлсэн. Надад хувийн бизнес байдаг. Болохгүй бол өөрөөсөө гаргаж өгч болно гэж ярьсан. Цаг хугацаа алдсан болохоор манай эхнэр гомдсондоо уурлаад мессэж бичсэн байсан. Би дараа нь тэрийг мэдсэн. Талбай дээр байхдаа бид нар Л гэх хүнээс тохирсон, амласан зүйлээ хийж өгнө үү? гэх утгаар хийсэн. Тэр хүмүүс юу шаардаад байгаа талаар бичгээр бичиж өг гэсэн. Тэгээд 850,000,000 төгрөгийн зээл хүсэж байгаа. Цалин нь 160,000,000 төгрөг болж байгаа гэх утгаар манай эхнэр бичиж өгсөн. Талбай дээр гарснаас хойш Л гэх хүнтэй 1 удаа уулзсан. Тэгээд Лтэй ойлголцоогүй. Б.Э гэх хүн юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л, Б.П нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ны баруун талын хаалга орчимд “******.mn” сайтаар дамжуулан “******ийн зөвлөх С.Л сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй” гэсэн агуулгатай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 157-162 дугаар тал),

-2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 184-189 дүгээр тал),

-Хохирогч С.Лийн “...Тухайн үед иргэн Лын зүгээс ****** ****** рүү таныг дэмжиж ажилламаар байна гэж 99113937 гэсэн дугаар луу нь мессэж бичсэн байдаг юм байна лээ. Тэрнийх нь дагуу ****** даргын зүгээс миний нэр утсыг өгөөд энэ хүнтэй холбогдоорой гэж хэлээд мессэж бичсэн байдаг. Тэгээд Л надтай холбогдсон юм. Би Л гэх иргэнтэй л уулзаж байсан болохоос биш Птой огт уулзаж байгаагүй. Би тэр Л гэх иргэнийг ажиллавал цалин хөлс өгнө гэж огт хэлээгүй. Тэр хүн өөрөө сайн дураараа дэмжиж ажиллана гэж хэлж байсан. Би тэр хүнийг хаана ямар үүрэг рольтой ажилласан талаар бол огт мэдэхгүй байна. Тэр хүний зүгээс надад ийм ажил хийсэн гэж ямар нэгэн танилцуулсан тайлан байхгүй. Сошиалаар дэмждэг залуучуудын групп байгаа, уг группээр дэмжиж ажиллана гэж л хэлж байсан. Би тэр хүнд газар өгнө гэж тохирсон, амлалт өгсөн зүйл огт байхгүй. Харин миний зүгээс тэр хүнд туслах зорилгоор өдийг хүртэл холбоотой байж холбогдох байгууллагатай нь холбож өгсөн юм. Тухайн Б.П болон О.Л гэх иргэдэд ямар ч цалин хөлс өгнө гэж хэлээд ажиллуулсан зүйл байхгүй байхад цалингаа өг гэж миний болон ****** ******ийн талаар яриад байгаа юм. Тэгээд л худлаа ярьж нэр төрд халдаж байна. Л жагсаал хийнэ шүү гэж хэлж байсан асуудал байгаа. Миний нэр болон ******ийн нэр дээр албан ёсоор ямар нэгэн баримт материал гаргаж өгч байсан зүйл байхгүй. ****** ****** тэр хүнийг огт мэдэхгүй. Тэр хүнээс өөр цалин нэхэж ирсэн хүн огт байхгүй. Би ******ийн сонгуульд хүмүүсийг ажиллуулж цалин өгдөг ажил хийдэг хүн биш, миний ажил үүргийн хуваарьт ч байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-25 дугаар тал),

-Гэрч П.Эгийн “...Би тухайн ярилцлагыг ерөнхийдөө гүйлгэж харж үзсэн. Тухайн ярилцлагад бол 2 иргэн ******ийн сонгуульд ажилласан цалингаа авъя, цалингаа өг гэж Лийн талаар ярьж байсан. Ерөнхийдөө Лийг цалингаа өгөөгүй, цалингаа өг гээд л яриад байсан. Би ******ийн сонгуулийн үеэр бол ажиллаж байгаагүй бөгөөд анх 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******ийн тамгын газарт ажилд орсон юм. Намайг ажилд орсноос хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л нь 88079536 гэсэн дугаарын утаснаас миний 99994153 дугаарын утас руу залгаад би Л зөвлөхөөс дугаарыг чинь авсан юм, Л зөвлөх өөр лүү чинь кадастрын зураг явуулаарай гэж хэлсэн юм гээд миний 99994153 дугаарын бүртгэлтэй вайбер хаяг руу 3 газрын кадастрын зураг явуулж байсан юм. Тухайн үед Л надад хандаж “Л зөвлөхтэй газрын талаар ярилцаж тохиролцсон байгаа юм, бүхэлдээ 1400 мкв газар байгаа, тэгээд жижиглээд 3 газар буюу 275 мкв, 356 мкв, 700 мкв хэмжээтэй 3 газрын кадастрын зургийг хийлгэсэн юм, тэгээд өөр лүү чинь явууллаа” гээд миний вайбер луу чат бичсэн юм. Манай зөвлөх болох С.Лийн танил гэх А гэдэг “Mondu house” хоолны газрын гүйцэтгэх захирал болох хүнтэй иргэн О.Л нь зээлийн асуудлаа судлуулахаар холбогдож судлуулсан юм шиг байна лээ. Уг хүнийг мөн адил Л холбож өгсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр О.Л гэх хүн А руу 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, анхнаасаа барьцаа байхгүй, бүтэхгүй бол хэлчих гэхэд чи яах гэж жүжиг тавьж, баахан хугацаа алдуулваа, новш минь чи хүүхэдгүй юу, чи харин ингэж болохгүй шүү, Л та 2-оос амь нэхнэ шүү” гэсэн сүрдүүлсэн чат бичсэн байсан. Ямар нэгэн албан ёсоор материал бүрдүүлж өгч байсан зүйл бол байхгүй, харин над руу кадастрын зураг албан бусаар вайбер чатаар явуулж байсан. Мөн 2023 оны 6 дугаар сараас хойш өргөдлийн хаяг байхгүй, гараар бичсэн болон хэвлэж гаргасан 2 бичгийг манай хуулийн бодлогын газарт гадаа гарч ирж уулзахад нь өгсөн байдаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-39 дүгээр тал),

-Гэрч Б.Эын “...Би уг лайв бичлэгийг үзсэн. Мөн тухайн лайв дээр ярилцлага өгч байгаа хүүхэд тэвэрсэн эмэгтэй буюу иргэн Л нь 2023 оны 6 дугаар сар гарснаас хойш удаа дараа Төрийн ордны баруун хаалган дээр ирж жагсаал хийж байгаа бөгөөд би тухайн хүнтэй нийтдээ төрийн ордны гадна ирснээс хойш өнөөдрийг хүртэл 3 удаа уулзсан. Уг эмэгтэй ирэх болгондоо одоо хамт байгаа гэр бүлийн хүн гэх Птой тогтмол цуг ирдэг байсан юм. Уг эмэгтэйтэй уулзаад “та ямар учраас ****** ****** болон С.Л нараас цалин өг гэж нэхэж энд ирж байгаа юм бэ” гэж тодруулахад тэр эмэгтэй надад хандаж “би нөхөртэйгээ сонгуулийн үеэр ажилласан хүмүүсийн цалинг авах гэж ирж байна” гэж надад тайлбарладаг юм. Би тэгээд Лоос “хэн, хэн гэдэг хүний цалинг авах гэж байгаа юм бэ” гэж асуухаар надад тодорхой нэр хэлдэггүй, зүгээр л 400 хүн гэж яриад байдаг юм. Би тэгээд “400 хүн чинь ямар учиртай юм бэ” гэж асуухаар фэйсбүүк группийн дагагч бололтой юм надад ярьдаг. Тэгээд би Лоос “хэзээ, хаана ямар гэрээгээр хэдий хугацаанд ямар ажлын шугамаар хэн, хэнийг ажиллуулах талаар хийсэн гэрээ байна уу” гэж асуухаар надад гэрээ байгаа эсэх талаар тодорхой зүйл ярьдаггүй, мөн гэрээгээ гаргаж ирж үзүүлдэггүй юм. Би тэр хүнээс “таныг наад 400 хүн чинь төлөөлж ******тэй очиж уулзаж, бид нарын өмнөөс цалин хөлс нэхэмжилж авчраарай гэх ямар нэгэн итгэмжилсэн, гаргаж ирж үзүүлэх зүйл байна уу” гэхээр надад ямар ч баримт гаргаж ирж үзүүлдэггүй юм... Лын ярьж байгаа юмнууд нь өөрчлөгддөг. Жишээлбэл, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шиг санагдаж байна, хамгийн эхний удаа надтай уулзахдаа Л цалингаа авмаар байна гэж ярьж байсан. Тэрний дараа нь 6 дугаар сарын 10-нд гараад 2 дахь удаагаа төрийн ордны баруун хаалган дээр ирж жагсахад нь би гарч уулзсан бөгөөд тухайн үед надад хандаж “850 сая төгрөг ******өөс авмаар байна, үгүй бол 160 сая төгрөг өг” гэж хэлж байсан. Би тухайн үед тэр хүнээс “850 сая төгрөг гэдэг чинь ямар учиртай мөнгө вэ” гэж асуухаар “Нийгмийн хариуцлагын хүрээнд 3 давхар байшин барина, мөн эргүүл хийх 2 авто машины мөнгө” гэж ярьдаг юм. Энэ 2 хүний сонгуулиар ажилласан талаар яриад байгаа зүйл нь 2021 оны ******ийн сонгуульд ажилласан гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ 2 хүн ******ийн сонгуулиар ажилласан гэх Л зөвлөхтэй байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл огт байдаггүй. Өөрсдөө болохоор Л зөвлөхтэй холбогдоод сонгуульд чинь ажиллая гэж ярьсан байдаг. Зөвлөхийн зүгээс тухайн үедээ ямар нэгэн болзол тавилгүйгээр сайн дураараа ажиллах гэж байгаа бол тэг, тэг гэж хэлж байсан юм шиг байна лээ. Ямар нэгэн цалин хөлс, авах гэж байгаа бол заавал ажил гүйцэтгэх гэрээ баримт үндэслэж авдаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-45 дугаар тал),

-“******” фэйсбүүк хуудсанд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн “...О.Лын яриа: ******ийн энэ ахлах зөвлөх Л гэдэг хүн бол одоо энэ олон залуусыг ажиллуулсан, тэгээд одоо ингээд цалинг нь өгөхгүйгээр ингээд 2 жил явж байна. Л гэдэг хүнтэй одоо бүр ард иргэдээ бүр одоо луйвардаж байна шүү дээ. Цалинг нь хүртэл өгөхгүй одоо Монголчуудыг одоо бүх боломжийг нь одоо ингээд хулгайлсан бол одоо бүр ард иргэдийнхээ цалинг ч хүртэл өгөхгүй ингэж луйвардаж байна.

-Б.Пийн яриа: 2021 оны 5 сард ******ийн ахлах зөвлөх Л гэдэг хүнтэй бид 2 уулзаад сонгуулийнх нь ажилд нь ерөнхийдөө бол ажилласан юм. Тэгээд одоо энэ ажилласан хүмүүсийнх нь 378 хүний нэрс нь энд ингээд байж байна. Тэгээд яг хийсэн бичлэг хийсэн ажил, мажил бүх юм нь баримттайгаа ингээд байж байгаа тэгээд өдийг хүртэл 2, 3 жилийн хугацаанд ерөөсөө нэг ч төгрөг олж аваагүй, цалин гэж юу ч аваагүй, одоо тэгээд бүр өгөхгүй гэж байгаа, ...Хийг өөрсдөө дэмжээд л тэгээд л зүгээр л ажилласан л залуучууд шүү дээ тэ...

Сэтгүүлчийн яриа: Хийн сонгуулийн ажилд нь яваад нөгөө айл гэрийн хаалгыг нь тогшоод тараах материалуудыг нь өгөөд ингээд явсан. Тэгээд өнөөдөр нөгөө ажилласан цөөхөн хэдэн төгрөгийнхөө цалинг энэ 300, 400 гаруй залуус цалингаа авъя гээд шаардсан чинь эргүүлээд нөгөө залуусыгаа цагдаад өгчихдөг... Одоо 300, 400 залуус байна аа. Эдгээр залуучууд нь бас яг ямар үзэл бодолтой байх юм яг юу гэж харж байх юм... Өө яах вэ ихэнх залуучууд нь тэгээд одоо шантраад цалингаа авч чадахгүй юм байна л гэсэн бодолтой болсон...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 55-70 дугаар тал),

-Гэрч П.Эгаас гаргаж өгсөн 3 ширхэг газрын кадастрын зураг, О.Лтой цахимаар харилцсан “Lundeg ahtai 1400mk gazar gej zuwshultsuud...hort hawdartai huuhde irher dagulj irj suult hiij live hiij suudals n zailulna gj...hvnii amiar toglodg ymr tom alban tushaaltan bee...zurag hurgiig n loozon tawina...muu hulgaichudtai vhetele temtsene...” гэх зурвас (1 дэх хавтаст хэргийн 81 дүгээр тал).

-Гэрч Г.Тбатын “...Би 2021 оны ******ийн сонгуулийн сурталчилгаанд зар тарааж сурталчилгааны ажил хийж оролцсон зүйл бол байхгүй. Харин манай үеэл болох П надад хандаж Хийг дэмжиж байгаа сурталчилгааны бичлэгт тоглоод өгөөч гэж хэлснийх нь дагуу нэг видео бичлэгт нь оролцож, Хийг дэмжиж байна гэж хэлсэн юм... Би цалин мөнгө бол авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103-105 дугаар тал),

-Гэрч Д.О “... О.Л нь манай дүү Оюунбилэгийн охин нь байгаа юм... Та дэмжээрэй гэж надад хэлж байсан. Тэрнийх нь дагуу би Хэд саналаа өгч, мөн хүн амьтантай уулзахдаа Хийг дэмжээрэй гэж хэлж байсан... Би цалин авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 109-110 дугаар тал),

-Гэрч У.Батхүрэлийн “...намайг нэг бичлэгт оруулсан юм... Би ямар нэгэн цалин авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 120-122 дугаар тал),

-Гэрч Б.Болормаагийн “...Би сонгуулийн ажилд бол ажилласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 225-227 дугаар тал),

-Гэрч Б.Пүрэвзолын “...Тухайн үед сонгуулийн ажилд сошиал хариуцсан сурталчилгааны ажил хийнэ гэж хэлж байсан юм. Тэгээд би фэйсбүүк орчинд ах болох Пийн хийсэн ****** Хийн сурталчилгааны пост, бичлэгийг шейр хийж түгээж идэвхижүүлж оролцсон юм... хааяа өдөртөө 40,000-50,000 төгрөгийг бэлнээр, хааяа дансаар авч байсан юм... Манай охин Монгол Улсад мэс ажилбарт орохдоо 1 удаагийн оношилгооны 4 орчим сая төгрөг, хагалгаанд 2 орчим сая төгрөг, мөн эм тарианы мөнгө гээд нийтдээ 1 удаа орохдоо 8,000,000 орчим төгрөгөөр ордог байсан юм. Гадаад улсад бол судалсан зүйл байхгүй, манай эмч Монгол Улсад эмчлэгдэнэ гэж хэлж байсан юм, ...Манай охин 2022 оны 12 дугаар сард Эх нялхаст мэс ажилбарт орсон. Одоо бол эдгэрсэн байгаа, гэхдээ сэдэрч магадгүй гэж хэлж байсан, ...Л, П нар нь манай хүүхдийн эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал орох эсэх талаар асууж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 129-133 дугаар тал),

-2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Пийн Хаан банкны 5019607521 тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн хооронд цалин гэх утгатай мөнгөн дүн гарсан эсэхийг тогтоох зорилгоор... үзлэг хийхэд цалин гэх утгатай мөнгөн дүн гараагүй болох нь тогтоогдож үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 138-141 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Прокуророос шүүгдэгч О.Л, Б.П нарыг бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны баруун хаалга орчимд “******.mn” сайтаар дамжуулан “******ийн зөвлөх С.Л сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй” гэсэн агуулгатай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, Т жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж хуульчилсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусад хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлнэ.

“Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч О.Л өөрөө тухайн үед ******ийн сонгуульд өрсөлдөж байсан одоогийн ****** ******ийг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүний гар утсаар мессэж илгээсэн. Үүний дагуу өөрийг нь дэмжиж байгаа учир С.Л гэж хүнтэй холбож өгсөн байдаг.

Ингээд С.Лтэй холбогдож хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан тохирсон боловч албан ёсоор сонгуулийн сурталчилгааны ажилд ажиллуулж, тодорхой цалин хөлс олгох талаар ярилцаагүй гэдгийг хохирогч С.Л мэдүүлсэн байна. Гэтэл 300-400 гаруй хүнийг ажиллуулсан, эдгээр хүмүүсийн цалинг одоог болтол өгөөгүй гэж цалингаа өг гэж илт худал мэдээллийг олон нийтийн хэвлэлээр О.Л, Б.П нар нь мэдээлэл өгч, С.Л болон угтаа ****** ******, түүний ажлын албаны нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.П, О.Л нарын цахим орчинд “******.mn” сайтаар дамжуулан тараасан мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдал, энэхүү мэдээллийг тараах нь төр, нийгэм, хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулахуйц байж болохыг үл тоомсорлож мэдээллийг олон нийтэд түгээсэн нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Б.П, О.Л нар нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Б.П, О.Л нарыг бүлэглэн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Заналхийлэх гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хохирогч Б.А, С.Л нарыг “Чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, новш минь чи хүүхэдгүй юу, тийм үү, чи харин ингэж болохгүй шүү, Л та хоёроос амь нэхнэ шүү” гэж тодорхой үйлдэл буюу зээл олгуулах шийдвэр гаргуулахаар шаардаж, өөрт нь ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч С.Лийн “...Сонгууль дууссаны дараа 2021 онд Л миний утас руу ярьж надтай уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд Төрийн ордны гадаа гарч уулзсан. Тэгэхэд Л “би ажилд ормоор байна” гэж хэлсэн бөгөөд мэргэжил, төгссөн сургуулийн талаар асуухад “сургуулиа төгсөөгүй байгаа” гэж хэлэхээр нь дээд боловсролгүй хүнийг ажилд авах боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Мөн тэрээр Сонгинохайрхан дүүргээс гарсан ****** даргатай уулзуулж өгөөч, мөн нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байр барих газар бүтээч өгөөч” гэж  хүсэлт тавьсан. ...Тэгээд уг хүсэлтийн дагуу ...****** даргатай уулзсан байсан. Гэтэл ****** дарга “чи намайг ямар хүнтэй уулзуулчихваа. Тэр хүн чинь загнасаар байгаад гарлаа гэж хэлсэн. ...Мөн хэсэг хугацааны дараа дахин холбогдож Баянзүрх дүүргээс газар авч өг” гэж хэлсэн. ...Мөн 2022 оны шинэ жилийн өмнө мөн л уулзсан. ...2023 онд Төрийн ордны гадаа уулзаад ****** болон та нарын зүгээс надад мөнгө зээлээч гэж хэлээд 350,000,000 орчим төгрөг хэлсэн. Энэ мөнгө нь эмчилгээний зардал гэж хэлсэн. ...Тэгээд Атой холбож зээл гарах боломж бий эсэхийг асууж өгсөн. Тэгээд Лтой утсаар холбогдоод барьцаа хөрөнгөгүй зээл гэж тийм юм байхгүй гэсэн чинь А чинь худлаа яриад байна, та нар угаасаа надад худлаа яриад байна гээд над руу бас уурлаад утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-25 дугаар тал),

-Хохирогч Б.Аын “...С.Л над руу 2023 оны 2 дугаар сард 99100933 гэсэн дугаарын утсаараа яриад нэг таньдаг хүн байна, зээл авах гээд байгаа юм, тэгээд таньдаг хүн байвал хэлж яриад туслаад өгөөч гээд тусламж гуйгаад байгаа юм, чи тэр хүнтэй нэг уулзаад боломжтой бол туслаад өгөөч, бүх барьцаа нь хангалттай гэсэн гэхдээ зээлээ бас буцаагаад төлнө гэж хэлсэн, би чиний дугаарыг өгчихье чи нэг холбогдоод уулзаадах гэж надад хэлж байсан юм. Тэгээд би 2023 оны 2 дугаар сарын хэдний өдөр над руу тэр эмэгтэй ярьсныг нь сайн санахгүй байна, Лийг ярьсны маргааш нь Л гэх эмэгтэй миний 99118141 гэсэн дугаарын утас руу 88079536 гэсэн дугаарын утаснаас залгаж надтай уулзахаар болсон юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь Улаанбаатар чуулганы ертөнцийн зүгээр зүүн талын Жифи плазагийн 1 давхарт байрлах “Tom and Toms” кофе шопод 12-13 цагийн хооронд уулзсан. Тэр эмэгтэй анх надтай уулзаад өөрийгөө Л гэж танилцуулсан бөгөөд надаас “500-550 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж хэлэхээр нь би түүнд хандаж “та надад харуулах үзүүлэх материал байна уу” гэж асуухад Л надад хандаж “байхгүй” гэж хэлээд, гар утаснаасаа дансны хуулга харуулсан. Би дансны хуулгыг нь хараад шууд боломжгүй юм байна гэж түүнд хэлсэн. Тэгтэл Л надад “манай нөхөр машин зардаг, би нөхрийнхөө нэр дээр бичиг баримт бүрдүүлээд хүрээд ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Лт хандаж та дахиж ирэхдээ анкет бөглөөд, иргэний үнэмлэхийн хуулбараа аваад, цээж зургаа наагаад ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд Л маргааш нь надтай нөгөө кофе шофод дахин уулзсан бөгөөд надад ганцхан өөрийнхөө болон нөхрийнхөө дансны хуулга болон оршин суугаа газрын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Та анкет бөглөөгүй юм уу гэж Л гэх эмэгтэйгээс асуутал анкет бөглөөгүй гэж хариулсан. Тэгээд би тэр эмэгтэйд “манай зүгээс зээл авах тохиолдолд яг банкнаас тавьдаг шаардлагыг тавьж зээл гаргаж өгдөг юм, танд барьцаа хөрөнгө байна уу” гэж асуухад байхгүй гэж надад хариулсан. Тэгэхээр нь би барьцаа байхгүй бол зээл олгох боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр Л заавал зээл авах ёстой, би заавал зээл авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж за тэгвэл би дансны хуулгыг чинь нягталж үзээд хурлаар орох орохгүйг шийдье гэдэг тайлбарыг өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй уурлаад хараагаад л шууд гараад явсан. Тэгээд маргааш нь Л 88079536 дугаарын утаснаасаа над руу дахин залгахаар нь би түүнд хандаж “та барьцаагаа авчирмаар байна” гэж хэлэхэд манай хадам аавын байр байгаа, өөр юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад байр чинь 500 сая төгрөгийн зээлийн барьцаанд хүрэхгүй, зах зээлийн үнэлгээний 60 хувиар нь манайхаас зээл гаргадаг юм гэж хэлсэн. Тэгтэл Л хамаагүй, надад хамгийн багадаа 500 саяын зээл олго гэж хэлсэн. Би зээлээ аваад гадаад эмчилгээнд явна гэж хэлж байсан шиг санагдаж байна. Дараа нь дахиж уулзсан бөгөөд зээлийнхээ хүүний талаар ярьсан юм. Тэгтэл Л надад хандаж би 5 хувиас дээш хүүтэй зээл бол авч чадахгүй гэж хэлсэн. Би тухайн хүнд таны хүсээд байгаа 500 саяын эргэн төлөлт нь ийм байна гэж тооцооллыг хэлэхэд Л би сар болгон мөнгө төлж чадахгүй гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би таньд зээл авбал зээлээ төлөх өөр ямар боломж байна вэ гэж хэлэхэд Л надад хандаж би 6 сардаа нэг удаа төлөх боломж байгаа гэж хэлсэн. Би тэр хүнд хүү бол 5 хувь яагаад ч боломжгүй, 5 хувиас дээшээ нэмэгдэнэ гэж хэлэхэд Л би наад мөнгийг чинь авч чадахгүй бол хүүхдээ эмчлүүлж чадахгүй гэж хэлсэн. Би чамаас болон Л та 2-оос зээл олгож өгөхгүй бол хүүхдийнхээ амь насыг нэхнэ шүү гэж амаар анх хэлсэн... Би ямар учиртай болоод хүүхдийн чинь амь насанд Л бид 2 өрөнд орчихвоо, Л надаас гуйсан болохоор л би өөртэй чинь уулзаад туслах гэж байна шүү дээ Тэгтэл Л би чамаас ямар нэгэн байдлаар хүүхдийнхээ амь нэхнэ, чи цаг хугацаа аваад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж өөрийнхөө авчирч өгсөн материалаа хар, дансны хуулганаас өөр юм байхгүй байхад яагаад над руу үсчээд байгаа юм бэ, гэж хэлээд би уурлаад гараад явсан. Тэгээд дахиж тэр эмэгтэйтэй уулзаагүй юм. Тэгтэл 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Л дахиж залгаад ярихаар нь би түүнд хандаж та 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл санхүүжилт орж иртэл хүлээж байгаарай, гэхдээ та над руу дансны хуулганаас гадна бусад материалуудаа яаралтай нэмж өгөөрэй, санхүүжилт орж ирэхээр хурлаар авч хэлэлцэнэ гэж хэлсэн юм. Тэгтэл надад гаргаж өгөх материал байхгүй, чи миний зээлийг шийдээрэй, би хэрвээ зээл авч чадахгүй болвол чамаас би хүүхдийнхээ амь насыг нэхэж танай ажлын гадаа суулт хийнэ шүү гэж хэлээд утсаа тасалсан. Би 2023 оны 3 дугаар сарын 06-ны Лын зүгээс материалуудаа авчирч өгөөгүй болохоор хуралд ороогүй юм. Тэр өдөр над руу Л “яасан юу болов оо хө” гэж мессэж бичсэн юм. Би хариуд нь өнөөдрийн хурлаар ороогүй байна, маргаашийн 11-ийн хурлаар орохоор хойшилсон гэж мессэж биччихээд шууд хойноос нь залгаж та материалуудаа, барьцаагаа авчирч өгөөрэй, хүү бол 5, 6 хувь байна гэж ямар ч боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Лын 88079536 дугаарын утаснаас надруу “чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, анхнаасаа барьцаа байхгүй бүтэхгүй бол хэлчихээ, гэхэд чи яагаад жүжиг тавьж байгаад хугацаа алдуулваа, новш минь, чи хүүхэдгүй юу тээ, харин ингэж болохгүй шүү айн, Л та 2-оос амь нэхнэ шүү” гэж мессэж бичсэн байсан ба би шууд түүн рүү залгаад чи юу яриад байгаа юм бэ, өвчтэй юм уу, яасан гэж чи бид нараас амь нэхдэг юм бэ, зээл олгохгүй болохоор амь нэхдэг юм уу, барьцаагүй зээл авна гэж юу байсан юм бэ, ямар ч барьцаагүй хүнд зээл олгоно гэж юу байсан юм бэ, гэж хэлсэн. Тэгтэл хүүхдийнхээ амийг чамаас би нэхнэ шүү, чи эмчилгээний төлбөрийг зээлсэнгүй гэж хэлсэн. Тэгээд утсаа таслаад би тэр хүний утсыг нь блок хийгээд дахиж холбогдоогүй юм. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа Л над руу залгаад нөгөө хүний зээл яасан бэ, энэ хүн чинь надаас ирээд, нөгөө хүн чинь надаа зээл өгсөнгүй, туслаагүй гээд над руу уурлаад байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Лт хандаж наад Лт чинь ямар ч барьцаа байхгүй, эргэн төлөлт хийх ямар ч чадваргүй байна гэж хэлсэн. Тэгтэл Л гар утсаа барьсан чигээрээ цаашаа Лт хандаж чи анх надтай уулзахдаа барьцаа байгаа, зээлээ төлж чадна гэж надад ярьсан биз дээ, яагаад барьцаагүй болчихсон юм бэ, гэж хэлж байсан. Тэгээд утас тасарсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ би Л ахтай өрөөнд нь очиж уулзахдаа дээрх болсон процессийг бүгдийг нь хэлсэн юм. Л ах надад хандаж Л анх уулзахдаа барьцаа хөрөнгө бүгд байгаа асуудалгүй, таньдаг хүндээ хэлээд хурдлуулаад өгөөрэй л гэж надад хэлж байсан, тэрнийх нь дагуу би чамайг туслаад өгөөч л гэж чамтай холбож өгсөн юм гэж надад хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй... Лын зүгээс надад өөрийнхөө болон П гэх хүний дансны хуулгыг оршин суугаа газрын тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн миний мэйл хаяг руу өөрийн болон Пийн овог нэр РД-ыг нь бичиж явуулсан байсан. Өөр материал гаргаж өгөөгүй. Яагаад материалаа өгөхгүй байгааг нь би тухайн үедээ гайхаж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 218-222 дугаар тал),

-Хохирогч Б.Аоос гаргаж өгсөн түүний гар утсанд О.Лын ***** дугаарын утаснаас ирүүлсэн зурвас (1 дэх хавтаст хэргийн 85-86 дугаар тал),

-“Юнител” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******аа П” гэх 05-01/5766 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 01-16 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Прокуророос шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Лын үйлдсэн хэргийн үйл баримтаас харахад хохирогч С.Лээс “ажилд оруулж өг, газар авч өг, хүүхдийн эмчилгээний төлбөр олж өг, зээл гаргаж өг” гэж хэд хэдэн удаа тодорхой үйлдэл хийхийг шаардсан, хохирогч Б.Аоос “зээл бүтээж өг” гэж барьцаа хөрөнгө байхгүй, тодорхой орлогогүй, зээл төлөх чадваргүй атлаа 500 сая төгрөгийн зээл гаргуулж авахаар хэд хэдэн удаа уулзаж, зээл нь гарахгүй болохоор “хүүхдийн амь нэхэж” мессэж бичиж тодорхой үйлдэл хийхийг шаардсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл тухайн хүүхэд нь одоогоор эдгэрсэн болох нь гэрч Б.Пын “...Манай охин Монгол Улсад мэс ажилбарт орохдоо 1 удаагийн оношилгооны 4 орчим сая төгрөг, хагалгаанд 2 орчим сая төгрөг, мөн эм тарианы мөнгө гээд нийтдээ 1 удаа орохдоо 8,000,000 орчим төгрөгөөр ордог байсан юм. Гадаад улсад бол судалсан зүйл байхгүй, манай эмч Монгол Улсад эмчлэгдэнэ гэж хэлж байсан юм. ...Манай охин 2022 оны 12 дугаар сард Эх нялхаст мэс ажилбарт орсон. Одоо бол эдгэрсэн байгаа, гэхдээ сэдэрч магадгүй гэж хэлж байсан, ...Л, П нар нь манай хүүхдийн эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал орох эсэх талаар асууж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 129-133 дугаар тал)-ээр нотлогдоно.

Заналхийлэх гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах гэж гэмт этгээдээс тухайн хүн эсхүл ойр дотны хүнээр нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхийг албадсан хууль бус аливаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Лын зүгээс өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхээр буюу зээлийн шаардлага хангахгүй гэдгээ мэдсээр байж зээл авахыг албадаж, зээл өгөхгүй бол “хүүхдийн амь нэхнэ” гэж шаардсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгуулахаар мэтгэлцсэн боловч энэ нь хэрэгт авагдсан болон яллах дүгнэлтэд дурдагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Л, Б.А нар нь өөрийн нэр төр, алдар хүндэд учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаарх баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.П, О.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л, Б.П нарт тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэж өгнө үү” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Б.П нь бага насны 3 хүүхэдтэй. Сургуулийн 2 хүүхэдтэй. Улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээ нь шүүгдэгч нарын хувийн байдалтай тохирохгүй байна. Машин зардаг хүн. Тухайн гэр бүлд 3 хүүхдийн асуудал яригдана. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгуулах,  О.Лын хувьд 3 хүүхдээ хардаг, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг. Иймд хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Б.П, О.Л нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь тэдний үйлдсэн гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.  

Шүүхээс шүүгдэгч Б.П, О.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан машин зарж орлого олох боломжтой, үр хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх боломж бололцоог харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногуудлахгүйгээр харин шүүгдэгч Б.П, О.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Л нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.П, О.Л нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.П энэ хэрэгт сэжигтнээр 2 хоног баривчлагдсан байх тул баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч О.Л энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П, Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.П, О.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар,

Шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөрөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг хэмжээг  1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Л нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлж ажиллахыг шүүгчийн туслах Б.Жанеркед даалгасугай.

8. Ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН