Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/IШЦТ/195

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батцэрэнгийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2031002290174 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 05-р сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, блокны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхэдтэй, одоогоор тусдаа амьдарч байгаа, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 5-р хэсэг 69 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Батцэрэнгийн Мөнхбаяр, РД:/*******/, Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2020 оны 02-р сарын 08-ны өдрөөс 03-р сарын 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 5-р хэсгийн 68 тоот байшингаас 32 инчийн “LCD” маркийн зурагтыг “нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2020 оны 09-р сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар одоо би санахгүй байна. Ямартай ч цагаан сарын баяр болох гэж байсан бөгөөд надад мөнгөний боломж муу байсан үе юм. Уг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд модны рам дээр ажилласан хэдий ч “цалин мөнгийг нь дараа өгнө” гэсэн юм. Ингээд би Сүхбаатар суманд гэртээ ирсэн байхдаа, гэртээ ганцаараа нэг шил 0,5 литрийн архи уусан. Олон хоног хөдөө ажлаар яваад ирсэн байсан учраас, манай гэрт уух ус байхгүй байсан тул би хажуу айлын эгчээс ус гуйж уухаар хашааны хаалгаар нь ороод хаалгыг нь тогшиход, хаалгаа нээхгүй байхаар нь хажуу талын вакум цонхыг нь тогштол онгойчихсон юм. Цонх нь дотогш онгойж нэг хатуу зүйл цохихоор нь “юм уначих вуу” гэж бодоод гараа оруулаад бариад авсан чинь хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Ингээд би тэр зурагтыг аваад найз Ариунбаатарыг “худалдаж авах юм бол уу” гэж бодоод шууд Ариунбаатарын гэр рүү явж очоод гэрт нь орж цай уучихаад Ариукааг дагуулж гараад түүнд “чи найзынхаа зурагтыг хямдхан авчихаач, Цагаан сарын баяр болох гэж байхад найзад нь мөнгө, төгрөг муу байна” гэсэн чинь тэр “Чи тэгээд хэдэн төгрөгөнд өгөх юм” гэхээр нь би “60.000 төгрөгөнд авчихаач” гэсэн чинь тэр “надад байгаа нь 40.000 төгрөг байна шүү дээ. Чи хөгшөөн өөрөө яваад зурагтаа аваад ирээч” гэж хэлэхээр нь буцаж яваад, хөрш эгчийн байшингийн онгойсон цонхоор гараа оруулж байгаад зурагтыг нь аваад шууд Ариунбаатарын гэрт очиж зурагтыг өгч түүнээс 60.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед гадна хүйтэн байсан учраас би Ариунбаатарт “Гадна хүйтэн байгаа юм чинь байж байгаад зурагтаа асаагаарай” гэж хэлчихээд гараад явсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 49-51-р ху/, 2.Шүүгдэгч Б.Мөнхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн өдрийн орой би Хүдэр сумаас ирсэн юм. Г.Эрдэнэ-Оюун гэдэг айлынхаас ус гуйх гэж орсон юм. Тухайнд үед тэднийд хүн байхгүй гэж мэдээгүй. Цонхыг нь тогшиж үзэхэд цонх нь онгорхой байсан. Гараа явуулж үзтэл гарт зурагт баригдсан юм. Тэгэхээр нь уг зурагтыг авсан. Тэгээд маргааш нь цалин орох ёстой байсан боловч ороогүй. Золголтын мөнгө хэрэгтэй байсан учраас авсан зурагтаа найзындаа авч очоод 40,000 төгрөгөөр зарсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Г.Эрдэнэ-Оюуны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би хүүхдүүдээ аваад Баянхонгор аймаг руу хувийн ажлаар явсан юм. Тэгээд 2020 оны 03-р сарын 09-ний өдөр Сүхбаатар суманд буцаж ирсэн ба гэрт ирэхэд том өрөөний вакум цонх онгорхой байсан. Мөн том өрөөнд байсан 32 инчийн “тошиба” брендийн LCD телевизор алга болсон байсан ба цонхыг гадна талаас нь түлхэж онгойлгосон бололтой түгжээ мултарсан байсан. ...Би зурагтаа 07-р сарын 02-ны өдөр цагдаагаас хүлээж авсан ба хүлээж авах үед зурагт огт асахгүй байсан одоо ч асахгүй байх тул би төлбөрийг гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/, 4.Гэрч С.Мөнхцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын ихээр билүүдээ санахгүй байна. Битүүний өдрийн өмнөх өдөр шиг санаж байна. Манай нөхрийн найз Мөнхбаяр гэх залуу гэрийн гадна ирж Ариунбаатарыг дуудан уулзсан ба удаагүй тэр хоёр хар өнгийн 32 инчийн бололтой зурагт аваад ороод ирсэн. Мөнхбаяр “хямдхан зарах гэж байна худалдаад авчих” гэсээр орж ирсэн юм. 40.000-60.000 мянгаар авахаар болсон байхаа. Гэрт оруулж асааж үзэхэд голоороо цагаан зураас татаад гарахгүй байх шиг байсан. Хаанаас тухайн зурагтыг авсныг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/, 5.Гэрч Ц.Ариунбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын сүүлээр битүүний өдрийн өмнөх өдөр шиг санаж байна. Мөнхбаяр гэх найз маань гэрийн гадна ирж намайг “гараад ир” гэж дуудсан юм. Намайг гараад очиход “найз нь ойрд ажил хийж чадсангүй. Цагаан сар боллоо золголтын мөнгө төгрөг байдаггүй. Тэгээд өөрийнхөө зурагтыг хямд зарах гэсэн юм. Чи хямд авчих” гэсэн юм. Би тухайн үед “чи өөрийнхөө зурагтаа хадмындаа аваачсан гээ биз дээ” гэхэд “үгүй би гэртэй шкафанд хийсэн байсан юм. Одоо очоод аваа ирье” гэж яваад Мөнхбаяр удаагүй хар өнгийн 32 инчийн бололтой зурагт бариад ирсэн. Гэрт оруулж асааж үзэхэд голоороо цагаан зураас татаад асаж байсан юм. Би авгайдаа “40.000 мянгаар авч байна” гэж хэлэн өөрөө нэмж 20.000 мянган төгрөг өгөн 60.000 мянган төгрөгөөр авсан юм. Надад гомдол санал байхгүй, хулгайн эд зүйл байсныг нь мэдсэнгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/, 6.Гэрч Н.Орхонтунгалагийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б.Мөнхбаяр нь хороололд ганцаараа амьдардаг сурагтай байсан. Тэрээр энд тэнд хар бол ажил хийгээд явдаг юм. Хувийн зан байдал нь даруу, төлөв, ажил ч хичээнгүй хүн шиг надад санагддаг. Түүнийг хэрэг, асуудалд ороод яваад байсныг сонсоогүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 30-р ху/, 7.Гэрч Т.Ням-Очирын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б.Мөнхбаяр нь Сүхбаатар сумын 5-р багийн хороолол гэх газарт гэртээ ганцаараа амьдарч байгаа. Эхнэр хүүхэд нь сүүлийн үед тусдаа байгаа сурагтай байсан. Түүний хувийн зан байдал нь даруу, төлөв, мөрөөрөө хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэдэг. Архи уусан үедээ зан харьцаа нь эрүүл байгаа үе шигээ хэвийн байдаг. Хэн нэгэн хүнд агсам, согтуу тавьж байгааг нь харж сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 31-р ху/, 8.Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 07-р сарын 02- ны өдрийн №ТХҮ/518-096 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-37-р ху/, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 04-р ху/, хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хх-ийн 05-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-09-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 11-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 12-13-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зүргийн үзүүлэлт, /хх-ийн 23-26-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32-33-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 34-39-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 40-41-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 45-46-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 52-61-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 62-63-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч 2020 оны 02-р сарын 22-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 5-р хэсгийн 68 тоот байшингаас 32 инчийн “LCD” маркийн зурагтыг “нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох, хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зүргийн үзүүлэлт, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхбаярыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч хулгайлах” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Мөнхбаярын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Эрдэнэ-Оюунд 230.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд төлбөрийг шүүхийн шатанд талж барагдуулсан байна. Шүүгдэгч Б.Мөнхбаярын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэхдээ шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Харин шүүгдэгч Б.Мөнхбаяр нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овогт Батцэрэнгийн Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Батцэрэнгийн Мөнхбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН