Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2020/00517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “***” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн*** сумын 0 тоотод оршин суух, Ж-овогтой Д-ийн Ж-,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***сумын 0 тоотод оршин суух, М-овогтой Б-ийн Б- нарт холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 6.999.718,40 төгрөг, зээлийн хүү 4.333.119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.079 төгрөг, нийт 11.554.916,40 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого, бусад хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** Хадгаламж зээлийн хоршоо нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн *** овогтой ***д № 086 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж 7000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай нотариатаар гэрээг батлуулан олгосон.*** нь 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 327,000 төгрөг мөн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 41,500 төгрөг,2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 327,000 төгрөг тус тус төлсөн. Зээл хугацаа хэтэрсэн өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна.Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 6.999.718,40 төгрөг зээлийн хүү 4.333.119 төгрөг нэмэгдүүлсэн хүү 222.079 төгрөг нийт 11.554.916,40 төгрөг/Арван нэгэн сая таван зуун тавин дөрвөн мянган есөн зуун арван зургаан төгрөг дөчин мөнгө/төлөөгүй тул Д.Ж,Б.Б нарын зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого.бусад хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулах хүсэлтэй байна. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Б.Ж-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 6.999.718,40 төгрөг зээлийн хүү 4.333.119 төгрөг нэмэгдүүлсэн хүү 222.079 төгрөг нийт 11.554.916,40 төгрөг/Арван нэгэн сая таван зуун тавин дөрвөн мянган есөн зуун арван зургаан төгрөг дөчин мөнгө/, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “***” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ гэх/-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

“***” ХЗХ нь хариуцагч Д.Ж, Б.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 6.999.718,40 төгрөг, зээлийн хүү 4.333.119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.079 төгрөг, нийт 11.554.916,40 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого, бусад хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №086/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.000.000 /долоон сая/төгрөгийг өгч, авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 3.1.2-т сарын 5 хувиар хүү, 3.1.3-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д ...барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заажээ.

*** ХЗХ нь хэрэгт гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр олгосон байх тул зээл олгож, зээлийн гэрээний харилцаа үүсгэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг,    мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Зээл, хүүгийн төлбөр 11.554.916,40 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг зээлээр авсан эсэх талаар шүүхэд тайлбар ирүүлээгүй буюу маргаагүй байх ба хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн “***” ХЗХ-ны дансны хуулгаар тогтоогдож байна.

Харин зээлийн гэрээний дагуу үүргийг барьцаа хөрөнгөөр гаргуулах шаардлагын тухайд

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №086/БГ дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг барьцааны гэрээний барьцааны зүйл нь 01762858 гэрчилгээний дугаартай, *** улсын бүртгэлийн дугаартай Toyota land cruiser prado 0 маркийн авто машин байна. Уг машин нь хэний өмчлөл, эзэмшлийн авто машин болох нь гэрээн дээр тодорхойгүй байх ба нэхэмжлэгч талаас хэрэгт гаргасан тухайн авто машины гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар дээр Т-ын Ц-ийн өмчлөлийнх гэж тэмдэглэгдсэн байна. Тодруулбал Д.Ж болон Б.Б нарын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалах тохиолдолд тухайн өмчлөгч этгээдтэй болон түүний итгэмжлэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулах бөгөөд хэрэгт авагдсан баримт болох Т.Ц-ээс Д.Ж-д олгосон итгэмжлэл гэх зүйл нь хар хуулбар хувь байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаарлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эх хувийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ.

Иймд шүүх Д-ийн Ж-ыг Т-ын Ц-ийн өмчлөлийн *** улсын дугаартай, Toyota land cruiser prado 0 маркийн авто машиныг барьцаанд тавих эрхтэй буюу уг барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болох нь эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Жалайр овогтой Д-ийн Ж-д олгосон итгэмжлэлээр шүүхээс нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэлээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг гардан авах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох... зэрэг бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон байна.

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Ж-д 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ болох нь эргэлзээтэй бөгөөд үүнээс гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөхаар байх тул хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцож хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Ж-д 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товийг мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлэхэд тухайн хаягт байхгүй байсан тул ажлын хаягаар нь очиход амралтаа аваад явсан гэсэн ба өөртэй нь утсаар холбогдох би Баянхонгорт явж байна. Хурлаас өмнө очно гэж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Ж овогтой Д-гийн Ж, М овогтой Б-ийн Б нараас зээл, хүүгийн төлбөр 11.554.916,40 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***”ХЗХ-нд олгох үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах шаардлага байсан ба харин шаардлага доторх нэхэмжлэлийн зүйл нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаалбар зэрэг байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ба харин нэхэмжлэлийн зүйлээс барьцааны зүйлээр үүргийг хангуулах боломжгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 200.309 төгрөгийг гаргуулан “Цаст Алтай Капитал”ХЗХ-нд олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, “…шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн хариуцагч Ж овогтой Д-ийн Ж, М овогтой Б-ийн Б нараас зээл, хүүгийн төлбөр 11.554.916,40 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***”ХЗХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 200.309 төгрөгийг гаргуулан “***”ХЗХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ҮЙТҮМЭН