Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/483

 

 

 

 

 

                                                       

Г.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

шүүгдэгч Г.Га,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 612 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Гад холбогдох 1905041950031 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Гын Га, 1969 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт чих, хамар, хоолойн эмч ажилтай, ам бүл 5, хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 62 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Г.Га нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 62 дугаар байр, 2 тоот гэртээ 2018 оны 1 дүгээр сарын 15, 2018 оны 3 дугаар сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд хамтран амьдрагч И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон,

            Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 2 тоот гэртээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч иргэн И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь эрүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч И.Б 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр цагдаад худал дуудлага өгсөн, дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч “И.Бт ил харагдах шарх, сорви байхгүй, гэрийнхээ эд зүйлийг эвдсэн зүйл байхгүй байна” гэж тэмдэглэсэн, 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр маргаан болж, хохирогчийг зодсон нь нотлогдохгүй байх тул Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ...” гэж мэтгэлцэж байна.

Прокуророос Г.Гыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь эрүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа уг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давхар зүйлчилж, өөрөөр хэлбэл, 1 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 өөр зүйлээр зүйлчлэн яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчиж байна.

Хохирогч нь “Т.Га намайг 2018 оны 2 дугаар сарын 14, 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тус тус зодсон” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх ба Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Г.Гыг 2018 оны 2 дугаар сарын 12, 3 дугаар сарын 9, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хамтран амьдрагч И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа 2018 оны 2 дугаар сарын 12, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хохирогчийг зодсон эсэхийг нарийн шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектод хүний халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний эрүүл мэнд давхар хамгаалагдахаар хуульчлагдсан. Гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно. Г.Гын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэг удаа ял оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн Г.Га нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 2 тоот гэртээ 2018 оны 1 дүгээр сарын 15, 2018 оны 3 дугаар сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд хамтран амьдрагч И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 2 тоотод гэртээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч иргэн И.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь эрүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж прокуророос дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий болж чадсан гэж үзнэ. Учир нь, хохирогч И.Б нь “...Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө миний ажил хуралтай гээд би өглөө эрт босоод жижиг өрөөнд ажилдаа явах гээд нүүрээ будаж байтал намайг хоол ундны нарийн ногоо авсангүй гэж уурлан харааж орилж хашхирсан. Тэгээд миний толгой руу цохиод байхаар нь болиоч гэж хашхирсан. Тэгтэл хажуу талын хаалга буюу 3 дугаарын айл хаалга нилээд удаан нүдсэн. Тэгтэл Га очоод хаалга онгойлгоход хажуу айлын 3 тоот айлын эмэгтэй “та нар юу болоод байгаа юм бэ, би оръё юу болоод байна” гэхэд чамд хамаагүй гээд хаалга хаасан. Тэгснээ Га над руу “чи юундаа орилж хашхираад байгаа юм” гэж хэлээд миний толгой, гар, зүүн талын гуя руу резинэн ултай углаашаар цохиж зодсон. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зодуулаад өөрийн амьдардаг хорооны хэсгийн байцаагчид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж өгөөд шалгуулсан. Тэгээд Гыг байцаагч Тэнгис баривчлах гэхэд зугтаад Солонгос улс руу явж 3 сар ажиллаад эргээд ирсэн. ...” /хх 49-50/, “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Г.Га нь согтуу гэртээ ирээд, над руу агсам тавиад, үснээс татаж нус цэрээ хаясан. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юмаа. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Г.Га эрүүл байж түрийвч алга болсон гэж маргаан үүсгээд түрийвч нь цүнхэнд байсан. Тэр үед цагаан сар болох гэж байсан учраас цагдаад шалгуулаагүй орхисон. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Г.Га хоол хүнс авсангүй гэж уурлан маргалдсан. Тэгээд намайг цохиж зодоод би өргөдөл гаргаад Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулсан юм. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай барбекю” ресторанд орой нөхөр Г.Га ирээд хүүхэд авч явлаа гэж уурлан орилж, хашхираад нэг удаа цохиод авсан. Тэр үед цагдаад дуудсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст зөрчлийн хэргээр шалгуулж байгаа. Намайг нөхөр Г.Га зодох үед нөхөр бид хоёр л байдаг байсан, өөр хүн байхгүй байсан. ...” /хх-ийн 51 дүгээр хуудас/ мэдүүлгүүд өгсөн бөгөөд түүний өгсөн мэдүүлгийг магадлан шалгахад 2018 оны 1 дүгээр сарын 15, 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрүүдэд зодсон гэх нөхцөл байдлыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь зодуулсан гэх цаг хугацаанд цагдаагийн байгууллагад хандаж байсан болох нь дуудлага мэдээллийн лавлагааны хуудас болон зөрчлийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан материал, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материал зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдоно. Түүний өгсөн мэдүүлгээс дүгнэхэд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Г.Га эрүүл байж түрийвч алга болсон гэж маргаан үүсгээд түрийвч нь цүнхэнд байсан. Тэр үед цагаан сар болох гэж байсан учир цагдаад шалгуулаагүй орхисон юм гэж мэдүүлсэн бөгөөд зодуулсан талаар огт дурдаагүй, уг зодуулсан гэх үйлдэл бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна. Дээрх үйлдлийг шалгаснаар яллагдагчид сонсгосон зүйл ангийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй юм. Шүүх уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэх боломжтой байхад буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 612 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэд хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан. Тэгэхээр нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн давхар зүйлчилсэн. ...” гэв.

            Яллагдагч Г.Га тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би Бийг зодоогүй. Б дүүтэйгээ хамт миний эмчилгээний мөнгийг луйвардаж авсан. Тухайн үед ирсэн цагдаагийн алба хаагч гэрийн эд зүйл эвдэрч гэмтээгүй гэж тэмдэглэсэн байгаа. Мөн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болон 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрүүдэд би Бийг зодоогүй. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, нотлогдоогүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Гад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д тус тус заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч И.Бийн “...Намайг 2015 оноос зодож эхэлсэн. ...Би 2018 оноос эхлэн зодуулсан байдлаа зурагжуулж авч үлддэг болсон. 2018 оны 1 дүгээр сард миний баруун чих рүү зохиж зодон, нус, шүлсээ нулимж байсан. Тухайн үед зодуулсны улмаас хөхөрч, хавдсан зургууд надад байгаа. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр түрийвчтэй мөнгө алга болсон гэх шалтгаанаар намайг зодож, хамаг бие хавдаж, хөхөрч байсан. Тухайн үеийн зургууд надад одоо байгаа. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлаасаа оройтож ирэхээр нь яагаад оройтоод байгаа юм гэхэд орилж, хашхираад хамар руу цохиж, үсдэж зодож байсан зураг байгаа. ...” /хх 10-12/,

“...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Г.Га нь согтуу гэртээ ирээд над руу агсам тавьж, үснээс татаж, нус цэрээ хаясан. ...2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Г.Га эрүүл байж түрийвч алга болсон гэж маргаан үүсгэсэн. Түрийвч нь цүнхэнд байсан. Тэр үед цагаан сар болох гэж байсан учир цагдаад шалгуулаагүй орхисон. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Г.Га хоол хүнс авсангүй гээд уурлаж маргалдан, улмаар намайг цохиж зодсон. ...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай барбекю” ресторанд орой нөхөр Г.Га ирээд “хүүхэд авч явлаа” гэж уурлан, орилж хашхираад нэг удаа цохиод авсан. Тэр үед цагдаа дуудсан ба Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэргээр шалгуулж байгаа. Намайг нөхөр Г.Га зодох үед нөхөр бид хоёр л байдаг байсан өөр хүн байдаггүй байсан. ...” /хх 51/,

гэрч Д.Уянгын “...Манай хажуу 2 тоотын зүс таних эгч “манай нөхөр намайг зоддог шүү, эгчийгээ орилж, чарлаж байгаа асуудал гарвал цагдаа дуудаад өгөөрэй” гэж хэлдэг. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 8 цагийн орчим намайг ажилдаа явах гээд гэртээ сууж байхад манай хажуу айл буюу 2 тоотод эрэгтэй хүн чанга чанга дуугараад эмэгтэй хүн уйлаад орилоод байх чимээ гарсан. Уг айлын хаалгыг нүдсэн хаалгаа тайлахгүй болохоор нь “цагдаа дуудлаа” гэхэд нөхөр нь хаалгаа онгойлгохоор нь “би оръё” гэхэд оруулахгүй гээд хаалгаа хаасан. Удалгүй хажуу айлын эгч орж ирсэн. Тэгээд гэр рүү нь ороход хажуу айлын эгч “сая манай нөхөр намайг энэ углаашаар зодчихоод, загнаж байгаад явлаа” гэж хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 14-ний 00 цагийн орчим 2 тоотын айлд хашхирах чимээ гараад зодоон болоод байх шиг байсан. ...Цагдаа дуудах санаатай чагнаад сууж байхад хаалга саваад 1 хүн гараад явсан. Тэгээд чимээгүй болчихоор нь цагдаа дуудаагүй. ...” /хх 13-14/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Б нь 2018 оноос хойш нөхөртөө зодуулсан, нотлох баримтыг фото зургаар бэхжүүлж авсан талаараа дурдсан атал энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь 3 удаагийн хүчирхийллийн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж хангагдах тул дээрх үйл баримтыг хөдөлбөргүй нотолж, зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн хэргийн үйл баримтыг гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хохирогчид хичнээн удаа хүчирхийлэл үйлдсэн талаар цаг хугацааг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 612 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ