Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2018/0204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л ХХК /РД:********/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 519 м.кв газрыг 436 м.кв болгож багасгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй орхигдуулсан 83 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунган гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах 519 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх 0231952 тоот гэрчилгээний хугацаа дууссан тул газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж 436 м.кв болгон өөрчилснийг сунгагдсан гэрчилгээгээ 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардаж авахдаа мэдсэн.

Компанийн зүгээс Нийслэлийн газрын албанаас ямар учир шалтгаанаар манай компанийн эзэмшил газар багассан талаар асууж тодруулсан боловч тоймтой хариуг өгөөгүй ба 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн газрын албанд хүсэлтээ гаргасан.

 

Иймд газрын албанаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн атал Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №04 ттоот хурлын тэмдэглэлээр 83 м.кв талбайг ашиглаагүй тул сунгахыг эс зөвшөөрсөн, эрх дуусгавар болж нийтийн эзэмшилд шилжүүлэх гэж дүгнэсэн.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасны дагуу 83 м.кв талбайтай газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад дараах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргах бөгөөд ийнхүү шийдвэр гаргуулахын тулд Нийслэлийн Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байх, эсхүл шийдвэрлэсэн шийдвэр нь хууль бус байхыг шаарддаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Засаг дарга гаргасан өргөдлийн дагуу уг гомдлыг тухай бүрт шийдвэрлэсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Л ХХК-ийн амьдрал дээрээ авто зогсоолын зориулалтаар ашиглаж буй 83 м.кв газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй бөгөөд газрыг түр гэрээний үндсэн дээр авто зогсоолын зориулалтаар ашиглуулах боломжтой гэсэн дүгнэлтийн дагуу 83 м.кв газарт үйлчилгээний зориулалтаар ашиглах, барилга, байгууламж барих боломжгүй, барилгын норм дүрэм хангагдахгүй, зөвхөн авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй, барилгын норм дүрэм хангагдахгүй, зөвхөн авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжит талбай тул уг 83 м.кв газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмших эрх олгох боломжтой юм.

Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 519 м.кв газрыг 436 м.кв болгож багасгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй орхигдуулсан 83 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунган гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж тодруулж тодорхойлсон болно.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д 519 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Уг газрын эзэмших эрхийн хугацааг зөвхөн сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд сунгахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 тоот захирамжаар Л ХХК-ийн эзэмшил талбайг компанид мэдэгдэлгүйгээр 436 м.кв талбай болгон тодорхойгүй үндэслэлээр багасгасан байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж, хариуцагчаас Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар 83 м.кв талбайг газар дээрээ хоосон, ашиглаагүй тул сунгахыг эс зөвшөөрсөн, эрх дуусгавар болж, нийтийн эзэмшилд шилжүүлэх гэж дүгнэсэн тул газрыг гэрээний үндсэн дээр авто зогсоолын зориулалтаар ашиглуулах боломжтой гэж үзсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар эрх хэмжээний дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэр юм... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Л ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 519 м.кв газрыг 436 м.кв болгож багасгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Л ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар[1] Л ХХК-д 519 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлснийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 тоот захирамжаар[2] нэхэмжлэгчийн газрын хэмжээг 436 м.кв болгон багасган сунгасныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Л ХХК-д мэдэгдэлгүйгээр, газрыг хэмжээг тодорхойгүй үндэслэлээр багасгасан нь хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй гэж, харин энэ хуулийн  35.3.1газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т ...төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.5бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; буюу газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах[3] үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д ...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...-аар зохицуулжээ.

Гэтэл хариуцагчаас тухайн газрыг сунгахдаа талбайг багасган сунгаж, үлдсэн 83 м.кв талбайг сунгаагүй нь ойлгомжгүй бөгөөд захиргааны байгууллагаас хуульд багасган сунгах зохицуулалт байхгүй байхад хүчингүй болгосон, сунгасан талаар аль ч акт гаргаагүй нь тухайн газрыг захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Хариуцагчийн зүгээс ...83 м.кв талбайд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргах боломжгүй, бодит байдал дээр автозогсоолын зориулалтаар ашиглаж байгаа... гэж тайлбарлах боловч Л ХХК-ийн 83 м.кв талбайг ашиглаагүй гэж үзэхээргүй болох нь маргаан бүхий газрын үзлэг, агаарын зургаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох аль ч үндэслэл тогтоогдохгүй байх тул захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шийдвэрлээгүй орхигдуулсан 83 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунган гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д 519 м.кв газар эзэмшүүлэхдээ нэгж талбарын дугаарыг 436 м.кв болон 83 м.кв гэж 2 тусдаа газрыг эзэмшүүлсэн болох нь Нийслэлийн газрын албанаас өгсөн албан бичгийн хариу, маргаан бүхий газрын үзлэг, агаарын зураг болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ...нэгж талбарын дугаар 2 тусдаа гарсан гэдгийг мэдээгүй байсан.. гэх тайлбарыг анх гаргасан бөгөөд мэдмэгцээ Нийслэлийн Засаг даргад хандаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/186 тоот албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна., 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасныг зөрчиж захиргааны байгууллагаас Л ХХК-д 519 м.кв талбайд газар эзэмшүүлэх нэг шийдвэрээр 2 тусдаа нэгж талбар бүхий газрыг анх олгосонд нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй тул 83 м.кв талбай бүхий газрыг олгоогүй, ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайн газрыг үйлчилгээ эрхэлж буй барилгын зогсоолоор ашиглаж эзэмшиж байгаа нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл болохооргүй байх боловч нэгэнт хариуцагчаас авто зогсоолын зориулалтаар эзэмших боломжтой гэж тайлбарлан нэхэмжлэгчээс авто зогсоолоор ашиглахад татгалзах зүйлгүй гэж үзэж байгаа тохиолдолд захиргааны байгууллагаас зориулалтыг өөрчлөн сунгаж, 83 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргах нь хууль зөрчихөөргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрын зориулалтын хувьд маргаагүй бөгөөд автозогсоолын зориулалтаар эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ шүүх хуралдааны үеэр тайлбарласан болно.

Иймд нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 519 м.кв газрыг 436 м.кв болгож багасгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй орхигдуулсан 83 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг сунган гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 519 м.кв газрыг 436 м.кв болгож багасгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй орхигдуулсан 83 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунган гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА