| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 221/2025/0047/З |
| Дугаар | 221/ШШ2026/0009 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/ШШ2026/0009
Н.М, Э.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.М, Э.Н
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гуравдагч этгээд: А.А
Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.М, Э.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Ц.Г
Гуравдагч этгээд А.А
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
Хэргийн индекс: 221/2025/0047/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М, Э.Н нараас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133 дугаар “Захиргааны хэргийг нэгтгэх тухай” захирамжаар Н.М-ын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгч Э.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Иргэн А.А-ын зүгээс Э.Н-т холбогдуулан гомдол гаргаж гомдлыг эс зөвшөөрч бичгээр тайлбар гаргаж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д/03, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗД/12 дугаар зөрчлийн дүгнэлтүүдэд тухайлсан заалт бүрийг үгүйсгэж мэтгэлцэх байдлаар хуралд оролцсон атал маргаан бүхий актад өмгөөлөгч Э.Н-ыг зөвхөн хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай маргасан мэтээр дурдаж хариуцагчийн гаргасан дүгнэлтүүдийг няцаалгүйгээр Өмгөөллийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй юм. Э.Н нь "Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон ба өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж аливаа байдлаар төлбөр авч байгаагүй, А.А нь "Г" ХХК-тай аливаа байдлаар холбоотой эсэх талаар мэдэхгүй, мэдэх ч боломжгүй ба нийтэд илэрхий мэдээлэл болох http://opendata.burtgel.gov.mn-raap орж үзэхэд гомдол гаргагч нь энэ компанитай хамааралгүй, үйлчлүүлэгч Г.Өтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн прокурорын хяналтад байсан эрүүгийн 2017250300848 дугаартай хэрэгт шүүхэд шилжсэн хойно буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, гомдол гаргагч А.А гэдэг хүнийг анх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгөх үед барааг нь харсан, А.А нь өөрөөр аливаа байдлаар харилцаж байгаагүй.
Гомдолд дурдагдсан Г.Ц-тэй холбоотой иргэний хувьд өмгөөлөгч надад холбогдолтой байдлаар дурдаагүй тул энэ тал дээр тайлбар гаргаагүй, А.А-ын нэхэмжлэлтэй Г.Ө-д холбогдох иргэний хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 22-ны шүүх хуралд миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, өмгөөлөгчөөр оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй болно. Харин "Э” ХХК-ийн хувьцааг залилан мэхлэх замаар эзэмшиж байсан гэмт хэргийг өмгөөлөгч Н.М , Э.Н нар зохион байгуулах замаар өөрсдийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн гэж үзэх баримтууд гарч ирсэн юм. Э.Н нь данс дахь бүх мөнгөө авах талаар зөвлөгөө өгч 20 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компанийн данснаас бэлнээр гаргасан авсан хууль бус үйлдлийг хийхийг зохион байгуулсан" гэж шууд гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэлд хүнийг гүтгэсэн агуулгатай гомдлыг гаргасан ч энэ талаар маргаан бүхий актад энэ талаар дүгнээгүй тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдах шаардлагагүй гэж үзсэн болно. А.А ын зүгээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгөх үед анх удаа зүсийг харсан, түүнээс хойш 4 жилийн дараа гомдол гаргасан нь /Маргаан үүсгэх тогтоол 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүссэн/ Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1. Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.7-д “өмгөөлөгч гэж Өмгөөллийн тухай хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хуульчийг хэлнэ" гэж заасны дагуу өмгөөлөгчийнхөө хувьд А.А ын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй тул А.А оос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр мэтгэлцэж хуралд оролцсон боловч Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс дээрх үйл байдлыг хэрхэн няцаасан, үнэлсэн талаар тогтоолд дурдагдаагүй байна... Э.Н ын зүгээс анхнаасаа "Э " ХХК-ийн захирал Г.Ө-тэй гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, Г.Ө нь "Э" ХХК-ийн захирлаар 2013 оноос хойш ажиллаж байгаа, А.А нь иргэнийхээ хувьд "Э " ХХК-тай хамааралгүй атал Өмгөөллийн тухай хууль зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй... Эрүүгийн хэрэгт гомдол гаргагч нь гэрчийн хувиар мэдүүлэг өгдөг ба А.А энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч биш бөгөөд яагаад буруутгаж байгааг ойлгохгүй байхын сацуу дээр дурдсанчлан “Э ” ХХК-ийн захирал Г.Ө-тэй гэрээгээр хэрэг маргаанд оролцдог байсан, түүний эсрэг этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байсан удаагүй бөгөөд "Э " ХХК-ийн захирал гээд бүртгэл дээр байгаа, тамга тэмдэгтэй эрх бүхий этгээдтэй харилцаж байсныг анхаарах нь зүйтэй бөгөөд А.А ын талаар иргэн, эрүү, захиргааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Ш" ХХН болон өмгөөлөгчийн хувиар оролцоогүй, А.А нь "Э " ХХК-тай хамааралгүй бөгөөд урьд ямар нэгэн байдлаар бусад этгээдийг А.А ын өмгөөлөгч байсан гэж үзсэн тохиолдолд намайг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэдгийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, маргааныг хянан шийдвэрлэхдээ бодит байдлыг үнэлээгүй.
Маргаан бүхий захиргааны актын ҮНДЭСЛЭХ хэсэгт Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн атлаа ТОГТООХ хэсэгт Өмгөөллийн тухай хуулийн 6 зүйл зөрчсөн, дээр нь нэмээд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийг зөрчсөн, Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан атал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д/03 зөрчлийн дүгнэлтийн дагуу болсон хуралд тогтоол гарч тодорхой ажиллагаануудыг хийхээр шийдвэрлэсэн, тогтоолд дурдсан ажиллагаа хийгдээгүй атал 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3Д/12 дугаар зөрчлийн дүгнэлт гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т "үйлчлүүлэгч" гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг" тухайн өмгөөлөгчийн үйлчлүүлэгч гэж хэлэхээр заасан, тэгэхээр А.А нь надтай аливаа байдлаар харилцаж байгаагүй, “Э " ХХК-аас өмгөөлөгчид хамаатуулж гомдол гаргасан бол миний зүгээс нотлох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой ба үйлчлүүлэгч гэдэгт А.А эсхүл "Э " ХХК-ийн захирал Г.Ө-г хэлээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байгаа тул Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгуулах” гэв.
3. Нэхэмжлэгч Н.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмнө гаргасан 2025 оны ХТ/2025/16 дугаар тогтоолын биелэлтийг хангуулалгүйгээр хурал явагдсан ба энэ талаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, хэргийн оролцогчдод нэмж цугларсан баримтууд, хийгдсэн ажиллагааг хурал зарлахын өмнө мэдэгдсэн, Зөрчлийн дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар ирүүлсэн боловч гаргагдахгүй, уншигдах боломжгүй байсан учраас өмгөөлөгчийн хувьд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр биечлэн очиж хэргийн баримтуудтай танилцахад тогтоолд заасан “Г” ХХК-ийн захирал бус "Э ” ХХК-ийн захирал тайлбар өгсөн, Г.Ц-ээс тайлбар авах ажиллагаа хийгдээгүй, А.А ын нэхэмжлэлтэй Г.Ө-д холбогдох иргэний хэргийн талаарх ямар нотлох баримт цугларсан нь тодорхой бус байхад хянан шалгагчаас зөрчлийн дүгнэлт үйлдэж тухайн баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулж, нотлох баримт гаргах эсэхийг тодруулалгүйгээр шууд хурал зарлаж байгаа нь учир дутагдалтай болсон төдийгүй өмгөөлөгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Зөрчлийн дүгнэлт нь дээрх тогтоолд заасан шаардлагыг бүрэн бус хэлбэрийн төдий хангасан байдлаар хариуцагч нараар салгаж бичигдсэн гэх боловч өмнөх зөрчлийн дүгнэлттэй адил агуулгатай, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэрхэн ямар байдлаар тодорхойлж бичигдсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байдлаар дахин бичигдсэн байгааг гомдолд тухайлан дурдаж байна. Тогтоолын үндэслэх хэсгийн 4 дэх заалт: өмгөөлөгчийг "К" ХХК, "Э" ХХК-д тус тус өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байснаа мэдсээр байж иргэний хэрэг маргаанд оролцсон нь холбогдох хууль зөрчсөн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “К" ХХК нь 2019 онд төлбөрийн чадваргүй үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр хуулийн этгээдийн хувьд татан буугдсан бөгөөд Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн хувьд эрх зүйн байдал нь өөр, тусдаа субъект буюу Монголбанкнаас томилогдсон албан тушаалтны хувьд эрх зүйн байдал нь тодорхойлогдож байхад татан буугдсан хуулийн этгээд дэх Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “Э " ХХК-д холбогдох иргэний хэрэгт хамаатуулж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд А.А ын зүгээс уг асуудлаар гомдол гаргаагүй, гомдол хэлэлцэх ажиллагаа огт явагдаагүй, тухайн иргэний хэргийн оролцогчид нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд биш ба өмгөөллийн үйл ажиллагааны явцад "Э " ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хангагдсан болно. А.А ын нэхэмжлэлтэй Г.Ө холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-т заасныг зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд хуучнаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэрэгт хэргийн оролцогч бус этгээд болох "Э " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, ямар байдлаар хөндөгдөж байгаа эсэхийг тогтоолд дурдаагүй, тухайлсан хоёр иргэний хооронд үүссэн эд хөрөнгийн нэхэмжлэл буюу иргэний маргаанд гуравдагч этгээдээр ч оролцоогүй хуулийн этгээдийн эрх хөндөгдөх агуулгаар өмгөөлөгчийг буруутгасан нь учир дутагдалтай байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Г.Ө-ийн нэхэмжлэлтэй Г.Ц-д холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч оролцсоноор хуучнаар "Капитал банк" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж өмгөөлөгчийг буруутгах боломжгүй бөгөөд тухайн буруутгалын үндэслэл тогтоолд дүгнэгдээгүй, иргэдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаанд хэргийн оролцогч бус татан буугдсан хуулийн этгээдийн эрх ямар үндэслэлээр зөрчигдөх нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Г.Ө нь хуучнаар "Капитал банк" ХХК-тай эсрэг ашиг сонирхолтой гэдгийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй, тухайн иргэний хэрэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр хуучнаар "Капитал банк” ХХК нь иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцоогүй болно.
Өмгөөлөгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Эрдэнэ зам" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад гэрчийн мэдүүлэг өгсөн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй төдийгүй өмгөөлөгчийн хувьд аливаа байдлаар хууль хяналтын байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөөгүй ба эрүүгийн 201725030848 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөр оролцоогүй болно. Харин хууль хяналтын байгууллагын дуудан ирүүлэх тухай баримтын дагуу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний хувьд гэрчээр мэдүүлэг авсан ба гэрчээс ямар үйл байдлын талаар мэдүүлэг авсан эсэхийг тодруулаагүй, нотлох баримтууд авагдаагүй байхад иргэнийг төрийн бус байгууллагын дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэсэн нь буруу болсон төдийгүй гэрчийн хувьд хууль хяналтын байгууллага, шүүх дуудахад очихгүй байх эрхгүй ба "Э " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг болон тухайн хуулийн этгээдтэй хамааралтай байдлаар гэрчийн мэдүүлэг өгөөгүй байгааг давтан хэлэхийг хүсэж байна.
Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны МТ/2025/18 дугаар тогтоолд гомдол хянан шийдвэрлэх болон ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй талаарх хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхойгүй дүгнэлтийг хийж өмгөөлөгч нарт ёс зүйн хариуцлага тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Тогтоолд дурдсанаар холбогдох хууль тогтоомжид зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх боловч өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсэнтэй холбоотой нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн боловч тогтоолын шийдвэрлэх хэсэгт ямар дүгнэлт хийж шийдвэр гаргаснаа орхигдуулжээ. Гомдолд дурдсан болон маргаан бүхий үйл байдлууд нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байгааг Мэргэжлийн хариуцлагын хороо хүлээн зөвшөөрч байгаа хирнээ Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь дээрх журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд өмгөөлөгчөөс гаргасан гомдлын үндэслэлүүдийг судлан хэлэлцэж Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны МТ/2025/18 дугаар тогтоолыг хүчингүй болгож гомдол гаргагчаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
4. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Өмгөөлөгч Э.Н нь "Ш" ХХН-ийг 2015 онд үүсгэн байгуулсан өмгөөлөгч Н.М тай 2019 оноос нөхөрлөлийн гишүүнээр хамтран ажиллаж байгаа. Өмгөөлөгч Э.Н , Н.М , “Ш" ХХН нь А.А болон түүний хамаарал бүхий хуулийн этгээдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байсан болох нь мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны материалд цугларсан баримтуудаар тогтоогдсон. Үүнд: "Э " ХХК-аас өмгөөлөгч Э.Н ын данс руу шилжүүлсэн мөнгөний баримт, "Э " ХХК-аас "Ш" ХХН-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний баримт, "Ю" ХХК болон "Э " ХХК-ийн захирал Г.Г-ийн хуралдаан дээр өгсөн тайлбар, маргааны материалд авагдсан эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлал "Ш" ХХН нь "Э " ХХК-аас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр авч байсан, “Ю" ХХК, "К" ХХК, "Б" ХХК, “Г" ХХК, "Э " ХХК-д тус тус өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж байсан, өмгөөлөгч Э.Н нь "Э " ХХК-аас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа зүүлсний төлбөр авч байсан, "Г" ХХК, "Э " ХХК-д тус тус өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж байсан, Э.Н нь хуучнаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А.А ын нэхэмжлэлтэй, Г.Ө-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, "Э" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад түүний эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Ө-д хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-т “хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн. Э.Н нь эрүүгийн 201725030848 дугаартай хэрэгт шүүгдэгч Г.Ө-гийн өмгөөлөгчөөр “Э " ХХК-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байснаа мэдсээр байж түүний эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зэрэг нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 4.1 8, 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.3, 15.4 дэх хэсэгт заасан үүргийг зөрчиж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад зааснаар өмгөөлөгч Э.Н т “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх" хариуцлага хүлээлгэсэн хорооны тогтоол үндэслэлтэй.... 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай хянан шалгагчийн тогтоолоор маргаан үүсгэж, хариуцагч өмгөөлөгч нараас хариу тайлбар авах, нотлох баримт гаргуулахаар Эрүүгийн хэргийн төв архив, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архив, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулах, товлогдсон маргаан хянан шийдвэрлэх хуралдааныг гомдол гаргагч, хариуцагч нараас гаргасан хойшлуулах хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулж оролцогчдын хүсэлтийн дагуу баримт гаргаж өгөх эрхээр хангаж ажилласан. Талуудад маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий үе шат, хугацаанд материалтай танилцаж, баримт гаргаж өгөх эрх нээлттэй хийгдэж байсан бөгөөд, зөрчлийн дүгнэлтийг харагдахуйц байдлаар дахин хорооны цахим хаягаар явуулж, ман биеэр ирж танилцсан тул гомдлын дээрх хэсэг үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Н.М нь эрүүгийн 201725030848 дугаартай хэрэгт мөрдөн болон анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч байсан байна. Г. Ө нь "Э " ХХК-ийн 100 хувийн хувьцааг "Б" ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа "Б" ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39,031,244,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байдаг. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Э " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад гэрчийн мэдүүлэг өгсөн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.4-т “өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална" гэж заасныг зөрчсөн байна. Гэтэл өмгөөлөгч Н.М нь өөрийн хууль зүйн туслалцаа үзүүлж буй тухайн хэрэг маргаанд гэрчээр мэдүүлэг өгөхгүй байх эрх нь нээлттэй байхад түүнийгээ хэрэгжүүлээгүй... Өмгөөлөгч Н.М нь "Ш" ХХН-ийг 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд өмгөөлөгч Э.Н тай 2019 оноос хамтран ажиллаж байгаа. 2015 оноос өмгөөлөгч Н.М нь А.А болон түүний хамаарал бүхий компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлж, хөлс авч байсан хирнээ А.А ын эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Өд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг өмгөөллийн “Ш" ХХН-ийн өмгөөлөгч Э.Н тай хамтран үзүүлсэн нь маргааны материалд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Өмгөөлөгч Н.М нь өөрийн хариуцан өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг, маргааны талаарх мэдээллийг "Б" ХХК-ийн ТУЗ-ын дарга "К" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А од 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "Ш" ХХН-ийн албан бичгээр "М" гэх хаяглан ирүүлж байсан "Ш" ХХН-өөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "К" ХХК- ийн гүйцэтгэх захирал А.А од хаягласан албан бичиг /1хх-ху-205/ зэрэг баримтууд авагдсан байдаг. Гомдлын дээрх үндэслэл гомдол гаргагч А.А ын өмгөөлөгч Н.М ад холбогдуулж гаргасан гомдлын гол үндэслэлүүдэд хамаарна... Н.М нь хуучнаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г.Өгийн нэхэмжлэлтэй, Г.Ц-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь /1xx-xy-225-244/ "К" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад А.А ын эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Өд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа зогссон бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө талуудын хооронд хийгдсэн гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсэнтэй холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгээгүй болно. Маргааны материалд авагдсан баримтаар өмгөөлөгч Н.М нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.3, 15.4, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үүргийг зөрчиж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад зааснаар "өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх" хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн хорооны тогтоол үндэслэлтэй. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Н.М ын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу.” гэв.
5. Гуравдагч этгээд А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу "Б" ХХК, түүний охин компаниудтай холбоотой дараах маргаануудад өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч, хөлс төлж байсан. Үүнд: Өмгөөлөгч Н.М тай 1) 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр "Капитал банкны өр авлагыг барагдуулах ажлыг гүйцэтгүүлэхээр "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г байгуулж, төлбөрт 18,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, 2) 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "Б” ХХК-ийн охин компаниуд болох "Ю" ХХК-ийн захирал Г.Г, "Э " ХХК-ийн захирал Г.Ө нар "Ю" ХХК-тай холбоотой иргэний хэргүүд, "Э " ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж, төлбөрт 195,000,000 төгрөгийн үнэ бүхий 2013 онд үйлдвэрлэгдсэн MERSEDES BENZ маркын G-500 загварын автомашиныг өгсөн. "Г" ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч Э.Н нь манай компанийн захирал Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байсан юм. Гэтэл дээрх нэр бүхий өмгөөлөгч нар нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан мэдээ, мэдээлэл, өөрсдийн үзүүлсэн хууль зүйн туслалцаа, өөрсдийн хийсэн гэрээ, хэлцлийг манай компанийн болон хувьцаа эзэмшигч миний эсрэг ашиглаж, эрх ашгийг хохироож, онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйл ажиллагааг явуулсан байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 тоот шийтгэх тогтоолоор "Г.Өг "Э " ХХК-ийн хувьцааг үл маргах журмаар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, бусдыг хуурч 39,031,244,160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Өгийн өмгөөлөгчөөр Э.Н , харин Г.Өгийн ашиг сонирхлын төлөө "Э " ХХК-ийн хууль ёсны өмчлөгч А.А миний эсрэг буюу "Э " ХХК-ийн хууль ёсны өмчлөгч нь Г.Ө байсан мэтээр гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгч Н.М өгч, шүүх хуралдаанд оролцож байсан. Өмгөөлөгч Н.М нь өөрийн хууль зүйн зөвлөгөө өгч хийсэн хэлцэлтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэгч миний эрх ашгийн эсрэг мэдүүлэг өгсөн, өөрийн өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Э.Н ыг Г.Өгийн өмгөөлөгчөөр оролцуулж, үйлчлүүлэгч миний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргалаа...” гэв.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч тал буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр зөв гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Н.М , Э.Н нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.М , Э.Н нараас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.1 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд А.А оос 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өмгөөлөгч Н.М , Э.Н нарт холбогдуулан “...өөрийн хууль зүйн зөвлөгөө өгч хийсэн хэлцэлтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэгч миний эрх ашгийн эсрэг мэдүүлэг өгсөн, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан, автомашиныг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдэлгүй уг автомашиныг авч өөрийн аавын өмчлөлд шилжүүлсэн, ...өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил гаргасан” хэмээн гомдол гаргаснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр МҮ/13 дугаар “Маргаан үүсгэх тогтоол”-оор[1] маргаан үүсгэхээр шийдвэрлэжээ.
2.2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗД/12 дугаар “Зөрчлийн дүгнэлт”-ээр[2] өмгөөлөгч Н.М , Э.Н нарыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.2, 15.2.1, 15.2.3, 15.3, 15.4, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.3, 25.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж тогтоосон байна.
2.3. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Н.М , Э.Н нарт холбогдуулан гаргасан А.А ын гомдлыг хянан хэлэлцээд МТ/2025/18 дугаар тогтоолоор[3] өмгөөлөгч Н.М ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.3, 15.4, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үүргийг зөрчиж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг, өмгөөлөгч Э.Н ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6. 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.3, 15.4 дэх хэсэгт заасан үүргийг зөрчиж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тус тус тогтоож Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх" хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
2.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд,
2.4.1.“К” ХХК-ийн захирал А.А [4] болон өмгөөлөгч Н.М нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ““К” ХХК шүүхийн шийдвэр болон зээлийн барьцааны гэрээний дагуу олгосон итгэмжлэлээр банкны бусдаас авах авлагыг авч барагдуулах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад төлөөлөх ... зээл барьцааны гэрээтэй холбоотойгоор шаардах эрхийг бусдад шилжүүлэх...” агуулга бүхий “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”[5],
2.4.2. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Н.М болон “Ю” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Г.Г, “Э ” ХХК-ийн захирал Г.Ө-тэй байгуулсан ““Ю” ХХК-тай холбоотой иргэний хэргүүд, “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэрэг, захиргааны хэрэгт үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах...” тухай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”[6],
2.4.3. Өмгөөллийн “Ш” ХХН, түүнийг төлөөлж захирал Э.Н болон “Э ” ХХК түүнийг төлөөлж захирал Г.Ө нар “... эрх зүйн тохиолдол бүрд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалах, байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай туслалцаа үзүүлэх ...” тухай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”[7],
2.4.4. Өмгөөллийн “Ш” ХХН-ын захирал Э.Н болон “Э ” ХХК-ийн захирал Г.Ө нар “...гэрээний үлдэгдэл төлбөр 1.280.409.001,61 гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлж хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх... ” тухай 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”[8] -г тус тус байгуулан ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
2.4.5. Эдгээр гэрээнүүдийн дагуу өмгөөлөгч Н.М , Э.Н нар нь өмгөөллийн хөлсийг тухай бүр тохиролцон хүлээн авч өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан нь дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар[9] мөн тогтоогдож байгаа бөгөөд эдгээр үйл баримттай нэхэмжлэгч нар маргадаггүй.
2.4.6. “Ш” ХХН-ийн /үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Н.М / 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр[10] болон 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн[11] “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээр “Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А “-д өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг хүргүүлж байжээ.
2.4.7. Эрүүгийн 201725030848 дугаартай Г.Ө-д холбогдох[12] “...”Э ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг "Б" ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа "Б" ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэрбум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт өмгөөлөгч Н.М нь гэрчийн мэдүүлэг өгсөн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/173 дугаартай магадлалаар,
2.4.8. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А.А ын нэхэмжлэлтэй, Г.Өд холбогдох, 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар 181/ШЗ2020/03231 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж[13], 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/10783 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар[14] өмгөөлөгч Н.М нь хариуцагч Г.Өгийн өмгөөлөгчөөр оролцсон нь тус тус тогтоогдож байна.
2.4.9. Өмгөөлөгч Э.Н нь дээр дурдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А.А ын нэхэмжлэлтэй, Г.Өд холбогдох хэрэгт “Э ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад түүний эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, мөн эрүүгийн 201725030848 дугаартай хэрэгт шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгчөөр оролцжээ.
2.5. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ”, 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, 15 дугаар зүйлийн 15.2-д “Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно”, 15.2.3-д “хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа”, 15.3-т “Өмгөөллийн нэг хуулийн этгээдэд харьяалагддаг, эсхүл ашгаа хуваах байдлаар хамтран ажилладаг өмгөөлөгчид харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад нэгэн зэрэг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.”, 15.4-т “Өмгөөлөгч энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдлын талаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж эхлэхээс өмнө мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, эсхүл түүнийг үзүүлэх явцад олж мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгох үүрэгтэй.”, 25 дугаар зүйлийн 25.4-д “Өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална.”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Ашиг сонирхлын зөрчил гэдэгт дараах тохиолдлын аль нэгийг ойлгоно”, 19.2.2.урьдын үйлчлүүлэгч, бусад үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, эсхүл өмгөөлөгчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болох”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өмгөөлөгч нь энэ дүрмийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлж болохгүй бол түүнтэй нэг өмгөөллийн хуулийн этгээдэд харьяалагддаг бусад өмгөөлөгч тухайн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан, өмгөөлөгч Н.М , Э.Н нар дараах байдлаар өмгөөллийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
2.6. Тодруулбал, өмгөөлөгч Н.М нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А.А ын нэхэмжлэлтэй, Г.Өд холбогдох хэрэгт[15] түүний эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Өгийн өмгөөлөгчөөр оролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг,
Эрүүгийн 201725030848 дугаартай[16] хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн нь Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална.” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Н.М-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага оногдуулсан Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.
2.7. Өмгөөлөгч Э.Н нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А.А ын нэхэмжлэлтэй, Г.Өд холбогдох хэрэгт “Э ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад түүний эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Г.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж оролцсон, дээр дурдсан эрүүгийн 201725030848 дугаартай "Б" ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэрбум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгчөөр мөн оролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байх бөгөөд Э.Н т өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага оногдуулсан Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол мөн үндэслэлтэй байна.
2.8. Дээрхээс дүгнэхэд өмгөөлөгч Н.М , Э.Н нар нь нэг хуулийн этгээд болох “Ш” ХХН-ийн үүсгэн байгуулагч, гишүүн бөгөөд Өмгөөллийн тухай хууль 15 дугаар зүйлийн 15.3-т “Өмгөөллийн нэг хуулийн этгээдэд харьяалагддаг, эсхүл ашгаа хуваах байдлаар хамтран ажилладаг өмгөөлөгчид харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад нэгэн зэрэг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, 2015 оноос А.А той хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн дагуу үйлчилгээ үзүүлж байсан атлаа үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээд буюу Г.Өгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрүү, иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаар тогтоол хуульд нийцжээ.
2.9. Өөрөөр хэлбэл ”Э ” ХХК-ийн хувьцааг шилжүүлээгүйтэй холбоотой эрүүгийн хэрэг маргаан 2017 оноос эхэлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд ийнхүү мэдсээр байж үйлчлүүлэгч А.А ын эсрэг ашиг сонирхол бүхий этгээд болох Г.Ө-тэй мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан нь хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй байх, дуусгавар болгох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2.10. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлын дагуу зохих шалгалтыг хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, Маргаан үүсгэх тогтоолыг үндэслэн өмгөөлөгч Э.Н , Н.М нарт Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
2.11. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй.”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.” гэж заасны дагуу Н.М , Э.Н нарын Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд болох А.А ын нэхэмжлэлтэй, Г.Өд холбогдох иргэний хэрэг, Г.Өд холбогдох эрүүгийн хэрэг нь маргаан үүсгэх 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоос өмнөх 3 жил буюу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хүртэлх хугацаанд үргэлжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн “хариуцагч тал буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээж авсан болохыг тэмдэглэв.
Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.Н , Н.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.3, 15.3, 15.4, 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Н , Н.М нараас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МТ/2025/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
[1] Маргааны материалын 64-67 дугаар хуудас
[2] Маргааны материалын 342-350 дугаар хуудас
[3] Маргааны материалын 379-389 дугаар хуудас
[4] Маргааны материалын 193-197 дугаар хуудас
[5] Маргааны материалын 11 дэх тал, 1 хавтаст хэргийн 45 дахь тал
[6] Маргааны материалын 118 дахь тал, 1 хавтаст хэргийн 47 дахь тал
[7] Маргааны материалын 288-290 хуудас
[8] Маргааны материалын 286-287 хуудас
[9] Маргааны материалын 108-116 дугаар хуудас
[10] Маргааны материалын 207 дахь тал
[11] Маргааны материалын 46 дахь тал
[12] Маргааны материалын 81-105 хуудас
[13] Маргааны материалын 331 дэх тал
[14] Маргааны материалын 338-340 хуудас
[15] Маргааны материалын 338-340 хуудас
[16] Маргааны материалын 81-105 хуудас